Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00384

 

 

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00384

 

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04200 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-т холбогдох,

22,240,213 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, А.Цолмон, хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б- нь тус ББСБ-д хандан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 87-** УНН улсын дугаартай, Хаммер эйч 2 /НUMMER Н2/ маркийн хар өнгийн 2007 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашиныг барьцаалан 8,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3,9 хувийн хүүтэйгээр зээл олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон ч Б- зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 12,042,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,010,880 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 9,500 төгрөг буюу 21,132,980 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн автомашиныг тус компанийн нэр шилжүүлснээс хойш авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласан төлбөр мөн торгуулийн төлбөрийг төлөөгүй. Иймд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн 2020, 2021, 2022 оны татвар 590,733 төгрөг, 2020, 2021, 2022 оны агаарын бохирдлын төлбөр 16,500 төгрөг, 2020, 2021, 2022 оны авто зам ашигласан төлбөр 100,000 төгрөг, торгууль 400,000 төгрөг буюу 1,107,233 төгрөгийг гаргуулна.

Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 87-** УНН улсын дугаартай Хаммер эйч 2 /НUMMER Н2/ маркийн, хар өнгийн 2007 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

А ББСБ ХХК-аас 8,000,000 төгрөгийг зээлж авахдаа 87-** УНН улсын дугаартай автомашиныг тус банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Би өөрөө унаж байгаад 2019 оны 09 дүгээр сард иргэн М.Ганболдод түр өгч явуулаад одоог хүртэл олж авч чадаагүй. Энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан. Нэхэмжилж буй хүү, алдангийг хуулийн дагуу шаардаж буй эсэхэд эргэлзэж байна. Автомашин нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа тул автомашинаа өр төлбөртөө тооцуулж өгөх хүсэлтэй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-аас 21,132,980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,107,233 төгрөгт холбогдох хэсгийг болон фидуцийн зүйл 87-** УНН улсын дугаартай, Хаммер эйч 2 0 /HUMMER H2 0/ маркын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,358.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас 263,615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие А ББСБ ХХК-аас 8,000,000 төгрөгийн зээл авч, 87-** УНН улсын дугаартай Hummer H2 маркийн хар өнгийн 2007 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг тус ББСБ-ын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Уг автомашиныг унаж байгаад М.Ганболдод түр өгч явуулаад одоог хүртэл олж авч чадаагүй. Иргэн М.Ганболдыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, хэрэг нээн шалгаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй тул гомдол гаргаж байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Б-ын автомашин нь зээлийн гэрээнээс тусдаа асуудал. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүйг зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 22,240,213 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. А ББСБ ХХК нь Б-тай 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч А ББСБ ХХК нь 8,000,000 төгрөгийг зээлдэгч Б-т шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг 1 сарын 3.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай төлөх үүрэг хүлээжээ /хх 9-10/.

Үүнийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.1. Зээлийн гэрээний 2.1.2, 2.3 дахь хэсэгт зээлийн хүү сарын 3.9 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Мөн уг гэрээний харилцаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, хүү 12,042,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,010,880 төгрөг, нийт 21,053,280 төгрөг байсан байх ба энэ тооцоололд хариуцагч нь нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

 

3.2. Түүнчлэн хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нотариатын зардал 9,500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүхийн зүгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд тооцсон нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн 2020, 2021, 2022 оны татвар 590,733 төгрөг, 2020, 2021, 2022 оны агаарын бохирдлын төлбөр 16,500 төгрөг, 2020, 2021, 2022 оны авто зам ашигласан төлбөр 100,000 төгрөг, торгууль 400,000 төгрөг буюу 1,107,233 төгрөг гаргуулах шаардлага нь баримтаар нотлогдоогүй, А ББСБ ХХК нь Хаммер эйч 2 0 /HUMMER H2 0/ маркийн автомашины хууль ёсны өмчлөгч болоогүй, эзэмшилдээ бодитойгоор шилжүүлж аваагүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

3.3. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, хүү 12,042,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,010,880 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 21,132,980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,107,233 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

 

4. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зохигчид 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хөрөнгө барьцаалах гэрээ-г байгуулж, хариуцагч Б- нь өөрийн өмчлөлийн 87-** УНН улсын дугаартай, Хаммер эйч 2 0 /HUMMER H2 0/ маркийн автомашины өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

4.1. Анхан шатны шүүх фидуцийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг шүүхийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй гэж үзэн Хаммер эйч 2 0 /HUMMER H2 0/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасанд нийцсэн байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авахаар шаардаагүй тул фидуцийн зүйл болох Хаммер эйч 2 0 /HUMMER H2 0/ маркийн автомашин нь бусдын эзэмшил ашиглалтад шилжсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ