Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1312

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,   

нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгч Х.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас А овогт Х.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0403 81016 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А овогт Х.Ж, 1987 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, бага 0119 дүгээр цэргийн ангийн 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:................../,

Шүүгдэгч Х.Ж нь 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 36 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Лхамдуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн шүүгдэгч Х.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баярболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч А.Лхамдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Жанчив согтоод өмнөх амьдрал яриад хэрүүл хийгээд байсан. Би түүнийг унтчихаач гэсэн чинь миний уруул руу цохисон. “...Намайг өмднийхээ тэлээний төмөртэй хэсгээр толгой, нүүрлүү олон удаа цохиж зодсон. “...Жанчив миний эрүү рүү цохиод хавдаад хөхөрсөн байна. Мөн тэлээгээр ороолгоод хамар хугарсан. Толгой орой дээрээ хагарч язарсан. Нүүр духанд энд тэнд хавдсан. Уруул дотор талдаа язарсан оёдол тавиулсан. “...2017 оны 10 дугаар сарын дундуур тааралдаад хамт нэг газар ажил хийгээд эр эмийн харилцаатай болоод нэг гэрт хамт амьдрах болсон...” гэх мэдүүлэг. /хх-12/,

Хохирогч Б.Баярболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ирсэн хүмүүс рүү Жанчив агсамнаад байхаар нь би болио гэтэл Жанчив надруу агсраад эхэлсэн. Тэгж байснаа гэнэт архины шил хагалаад надруу дайраад баруун гарын шуун дээр, зүүн гарын тохойн дээр, зүүн гарын саврууны доод хэсэгт, зүүн хавирганы доод хэсэгт, зүүн ташаан дээр зүссэн. Өөр бусад хэсэгт өнгөц зүссэн, тэнд байсан Алтанбаяр салгахаар нь би зугтаагаад замын хажуугаар явж такси барих гэтэл цустай хувцастай хүн авахгүй байсан…” гэх мэдүүлэг. /хх-74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5712 дугаартай дүгнэлт:

  1. А.Лхамдуламын биед тархи доргилт, зулайн шарх, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, доод эрүү, баруун шуу, зүүн бугуй, зүүн гарын 3, 4-р хурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь  шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9250 дугаартай дүгнэлт:

1.  Баярболдын биед баруун шууны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн тохой, зүүн савруу, цээж, ташааны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-83/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Х.Ж нь 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 36 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Лхамдуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-мөн шүүгдэгч Х.Ж нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баярболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Ж-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А овогт Х.Ж-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Х.Ж-ыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т Х.Ж-ын урьд цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу нийт 40*15 нэгж=600 нэгж буюу 600.000 төгрөгөөр тооцож, торгуулийн ял эдэлсэнд тооцсугай.

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Ж-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР