Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00383

 

 

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00383

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02941 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

11,990,022 төгрөг гаргуулах үндсэн, 15,878,985 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. Б ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ-г байгуулан хамтран ажилласан. Дээрх гэрээний дагуу Б ХХК-ийн захиалгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Япон улсаас 4 чингэлэгт ачааг Улаанбаатар хот, Монгол Улсын чиглэлд тээвэрлэн тээвэр зуучийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд захиалагчид барааг бүрэн, бүтэн хүргэж өгсөн. Б ХХК нь ачааг хүлээн авсан боловч тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.2.3-д заасан Зуучийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлс, нэмэлт зардлууд болон зуучлалын хөлсийг хавсралт №2 Үнийн санал-д заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлэлгүй саатуулж, гэрээний үүрэгт нийт 33,191,900.10 төгрөг төлөх ёстойгоос 21,201,877.38 төгрөгийг төлж, нэмэлт зардал болох 4,208 ам.доллар буюу 11,990,022.72 төгрөгийг төлөөгүй.

Тухайлбал, BMOU439803-9/40 дугаар чингэлгийн үнэ 4,700 ам.доллароос 1,600 ам.доллар, SEGU429645-6/40 дугаар чингэлгийн үнэ 4,700 ам.доллароос 1,600 ам.доллар, OOLU842047-6/40 дугаар чингэлгийн үнэ 4,225 ам.доллароос 233 ам.доллар, BMOU508836-2/40 дугаар чингэлгийн үнэ 4,225 ам.доллароос 775 ам.доллар, нийт 4,208 ам.доллар буюу 11,990,022.72 төгрөгийг төлөөгүй.

Иймд тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тээврийн хөлс болох 4,208 ам.доллар буюу 11,990,022.72 төгрөгийг Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

1.2. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Б ХХК-ийн BMOU439803-9/40, SEGU429645-6/40, OOLU842047-6/40, BMOU508836-2/40 дугаартай чингэлгүүд нь Хятад улсын хил дээр гацсан бөгөөд тухайн үед урд хөршид цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ачаа тээвэр, карго үйлчилгээ бүрэн зогссон. Бид ачаа, тээврийн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан чингэлгийг хадгалж буй тээврийн компанид хадгалалтын маш их төлбөр төлсөн бөгөөд тус төлбөрийг Б ХХК-аас нэхэмжлээгүй зөвхөн тээврийн зардлаа нэхэмжилсэн. Мөн талууд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр чингэлгийг авчрах хугацааг тодорхой тохиролцоогүй.

Талуудын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Тээвэр зуучийн гэрээний 3.1.11-д Тээврийн явцад гарсан нэмэлт зардлаас үүдэн тээврийн хөлсийг өөрчлөх шаардлагатай болсон тохиолдолд тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 3 хоногийн дотор бодит шалтгаан нөхцөлийг тодорхойлсон мэдээллийг баримтын хамт үйлчлүүлэгчид бичгээр болон цахим хаягаар дамжуулан өгнө. Ийнхүү баримтаар баталгаажуулсан нэмэлт зардал нь зуучийн гэрээний үндсэн төлбөр дээр нэмэгдэж тооцно гэж тохиролцсоныг тухайн үед үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрсөн буюу талууд санал нэгдсэн тул үйлчлүүлэгчийн захиалгат чингэлэг ирэх үед үйлчлүүлэгч биднээс нэхэмжлэх авч төмөр замд өгөн чингэлгүүдээ хүлээн авсан байдаг. Тухайн үед үйлчлүүлэгч нь төлбөр төлөхөө илэрхийлсэн тул бид нэхэмжлэхийг өгсөн.

Автомашины онцгой албан татвар өөрчлөгдсөн болон банкнаас зээл авсан нь манай байгууллагын үйл ажиллагаатай холбоогүйгээр гарсан зардал байх тул уг зардлыг биднээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. А ХХК-тай 2019 оноос хамтран ажиллаж өөрсдийн чингэлэгт ачааг тээвэрлүүлж ирсэн. 2020 оноос А ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, чингэлэгт ачаа ирэх хугацаа уртсаж, дараалал алдагдах, зуучлалын хөлс нэмэгдэх зэрэг асуудлууд үүсэж эхэлсэн. Тухай бүрт нь А ХХК-г шахаж шаардаж явсаар сүүлийн 2 ООLU842047-6/40, ВМО11508836-2/40 дугаартай чингэлгүүд ирэх ёстой хугацаанаасаа 8 сар хоцорсон. Мөн чингэлэг ирэх үед тус хоёр чингэлгийн тээврийн хөлс тохирсон үнээс тус бүр 775 ам.доллароор (нийт 1550 ам.доллар) нэмэгдсэн.

А ХХК-ийн удирдлагууд тээвэр удаж байгаа шалтгаанаа тайлбарлахын оронд дээрх 2 чингэлгийн нэгнийх нь хөлсийг бүрэн төлсөн тохиолдолд чингэлэг сааталгүй ирнэ гэхэд нь ВМО11508836-2/40 чингэлгийн төлбөрийг бүрэн хийсэн боловч асуудал шийдэгдээгүй. Гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.2. Хугацаа хоцорч ирсэн дээрх 2 чингэлэгт тухайн үеийн ханшаар нийтдээ 77,042,500 төгрөгийн үнийн дүнтэй автомашинууд байсан. Манай компани сарын 2 хувийн хүүтэй банкны зээлээр автомашин татан авалтаа хийдэг. Тиймээс тохирсон хугацаанаас 8 сараар хоцорсон тус 2 чингэлгээс нийтдээ 12,326,800 төгрөгийн зээлийн хүүгийн алдагдал хүлээсэн. Мөн хугацаандаа ирээгүйн улмаас тус чингэлэгт байсан ZVW41-3046546 арлын дугаартай автомашины онцгой татварын албан татварын хугацааны ангилал өөрчлөгдөж 3,350,000 төгрөг илүү төлж манай компани хохирсон. Иймд нийт 15,878,985 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан А ХХК-ийн 11,990,022.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 394 дүгээр зүйлийн 394.4-д заасныг баримтлан Б ХХК-ийн 15,878,985 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,795 төгрөг, хариуцагчаас төлсөн 345,848 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Зуучлуулагч буюу Б ХХК нь гэрээний 3.2.3-д Зуучийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлс, нэмэлт зардлууд болон зуучлалын хөлсийг хавсралт №2 Үнийн санал-д заасан хугацаанд төлөх, 3.2.6-д Үйлчлүүлэгчид ачааны гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж, гаалийн бүрдүүлэлт хийх хугацаанд гарсан хадгаламж, тээврийн хэрэгслийн түрээс болон бусад холбогдох зардлыг хариуцан төлөх үүрэгтэй гэж гэрээгээр тохиролцсоны дагуу үйлчлүүлэгчээс нэмэлт зардал болон зуучлалын хөлсийг нэхэмжилсэн.

Хариуцагч Б ХХК-ийн захиалгаар авчирсан чингэлгүүдийн үндсэн тээврийн төлбөр буюу Cosco shipping lines Co.,Ltd -ийн чингэлэг дугаар бүхий нэхэмжлэх, Сингаг боомтоос Улаанбаатар төмөр зам хүртэлх чингэлгүүдийг тээвэрлэсэн тээврийн төлбөр буюу төмөр замын падааны эх хувь, төлбөрийн даалгавар, цар тахлын үед дамжин өнгөрөх боомтод чингэлэг тус бүрээс хадгалалт, түрээс болон ариутгалын төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэх буюу Инстант транс ХХК-д төлсөн дансны хуулгыг нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргаж өгсөн.

Гэвч анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүйн улмаас нэхэмжлэгч А ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж тодорхойлсон.

Шүүхийн шийдвэрийн 8.2 болон 8.4 нь агуулгын хувьд таарахгүй байгаагаас гадна хэрэгт цугларсан ач холбогдол бүхий баримтуудыг зохих журмаар үнэлээгүй болохыг харуулж байна.

Иймд үйл баримтыг зөв дүгнэсэн боловч нотлох баримтыг дутуу үнэлж , нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй мэтээр дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байгаа тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн шийдвэр болсон. Анхан шатны шүүх А ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй гэж бодит нөхцөл байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, дүгнэлт хийсэн. Ачааг тээвэрлэн ирэх хугацаа удааширч, хоцорч ирсний гол шалтгаан, үндэслэл нь коронавируст халдвар бус нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн харилцдаг БНХАУ-ын тээвэрлэгч Cosco shipping lines Co.,Ltd гэх компанид их хэмжээний буюу 250,000 ам.долларын өртэй байсан бөгөөд Cosco shipping lines Co.,Ltd-аас Б ХХК-ийн удирдлага руу холбогдон А ХХК манай компанид их хэмжээний өртэй тул танай ачаануудыг барьцаалж байна. А ХХК-ийг өр төлбөрөө төлөхийг шаардаад өг хэмээсэн байдаг.

Энэ асуудлын талаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ачаа яагаад хоцорч байгаа бодит шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарласан мэйл ирүүлсэн бөгөөд мэйлд ...Манай компанийн хувьд Хятад дахь харилцагч агенттай олон жилийн хамтын ажиллагаатай үүнээс үүдэн олон чингэлгүүдийн, олон сарын төлбөрүүдийг дээрх нөхцөл байдлаас шалтгаалан компани хооронд их хэмжээний төлбөрийн асуудал хараахан шийдэгдэж дуусаагүй байгаа тул тус агент нь Соsсо шиппин лайнаар дамжуулан Инстант транс ХХК руу ачаа олгохгүй байх зааврыг дамжуулсан гэсэн нь А ХХК хятад компанид их хэмжээний өр төлбөртэйн улмаас хариуцагчийн ачаа барьцаалагдсан, түүний улмаас ачаа ирэх ёстой хугацаанаасаа хоцорсон болох нь нотлогдож байна.

5.2. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь нэг удаагийн бус байнгын харилцааны гэрээ тул гэрээнд ачаа тээвэрлэлт бүрийн хугацааг тодорхой заах боломжгүй байсан. Гэтэл шүүхээс гэрээнд хугацаа тохиролцоогүй байна гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу юм. Маргаан бүхий ВМОU439803-9/40, SEGU429645-6/40, ООLU842047-6/40, ВМОU508836-2/40 дугаартай чингэлэг ачаануудыг 2021 оны 05 дугаар сарын 22, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрүүдэд захиалан ачуулсан. Ачааг захиалга өгч ачуулснаас хойш удлаа гэхэд эхний ВМОU439803-9/40, SEGU429645-6/40 дугаартай 2 ачааг 2021 оны 07 дугаар сард, сүүлийн 2 ачааг 09 дүгээр сард хүлээлгэн өгсөн байсан. Гэтэл удтал байсны эцэст буюу эхний 2 ачааг 5 сарын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монголын гааль дээр ирснийг хүлээн авсан, сүүлийн 2 ачаа мөн л удтал байсны эцэст 4 сарын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Амгалан боомт дээр ирсэн боловч мөн л 2 сар барьцаалагдан 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хэл ам хийж байж хүлээн авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах хоёр үндэслэлээр зөвшөөрөхгүй. Тухайн үед Корона вирус цар тахлаас болж ачаа барааны тээвэрлэлтэд урт дараалал үүсэж байсан. Үүнтэй холбоотой Монгол улсын Засгийн газраас Замын-Үүд боомтод ажиллах ажлын хэсэг байгуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар гэх 3 байгуулаагаас шалгалт хийж ажилласан. Тухайн үед Монгол улсад ачаа бараа тээвэрлэлт, гаалийн асуудал үүсэж байсан учраас зөвхөн нэхэмжлэгч А ХХК нь зуучлалын ажил гүйцэтгээгүй маргаан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй,. Гэтэл талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаагүй, зуучлалын гэрээ байгуулсан. Зуучлалын гэрээний агуулга нь ачаа барааг зөөж, тээвэрлэхгүй зөвхөн техник хэрэгсэлтэй ачаа тээвэрлэлтийн компанитай зуучлуулагчийн өмнөөс харилцан төлбөр мөнгийг төлж, Монгол улсад ачаа барааг зохион байгуулах ажлыг хариуцдаг байсан. Иймээс ачаа тээвэрлэлтийн компаниуд хил, гааль дээр удаж байгаа асуудалд А ХХК-д хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй, тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 11,990,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 15,878,985 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Зохигч 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр А ХХК нь Б ХХК-ийг төлөөлөн ачааг Монгол улс руу тээвэрлэхэд гадаадын тээврийн компанитай холбон зуучлах, ачаа барааг тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, Б ХХК нь тохиролцсон хөлсийг А ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээсэн. Үүнийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

Харин дээрх харилцаа нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцааг давхар үүсгэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Зуучлалын гэрээний хүрээнд үүссэн тээвэрлэлтийн хөлс төлөх, тээвэрлэлтэд хяналт тавих, ачаа барааг хүлээлгэн өгөх харилцааг зуучлалаас тусдаа тээвэрлэлтийн гэрээний харилцаа гэж зааглаж үзэхгүй юм. Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ тээвэрлэлтийн гэрээний зохицуулалт хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3.1. Гэрээний дагуу нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 22, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн захиалгаар BMOU439803-9/40, SEGU429645-6/40, OOLU842047-6/40, BMOU508836-2/40 дугаартай чингэлэг ачааг Япон улсаас тээвэрлүүлэн авчирч хүлээлгэн өгсөн, тус 4 чингэлэг ачааны нийт үнэ 13,100 ам.долларын нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр цахим шуудангаар илгээсний дагуу хариуцагч 13,100 ам.долларыг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлж барагдуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.2. BMOU439803-9/40, SEGU429645-6/40, OOLU842047-6/40, BMOU508836-2/40 дугаартай чингэлэг ачааг тээвэрлэхэд 11,990,022.72 төгрөгийн нэмэлт тээврийн хөлс гарсныг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх, тээвэрлэлтийн хугацаа хоцорсноос учирсан хохирлыг нэхэмжлэгч хариуцах эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

 

4. Талуудын байгуулсан гэрээний 3.2.3-д зуучлуулагч нь зуучлагчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлс, нэмэлт зардлууд болон зуучлалын хөлсийг хавсралт №2 Үнийн саналд заасан хугацаанд төлнө, 3.1.11-д тээврийн хөлс нэмэлт зардлаас үүдэн өөрчлөгдөх тохиолдолд хөлс нэмэгдэх болсон бодит шалтгаан нөхцөлийг тодорхойлсон баримт мэдээллийг А ХХК нь ажлын 3 хоногийн дотор Б ХХК-д бичгээр болон цахим хаягаар хүргүүлж, ийнхүү баримтаар баталгаажуулсан нэмэлт зардал нь зуучлагчийн гэрээний үндсэн төлбөр дээр нэмэгдэж тооцогдох нөхцөлийг зохигч харилцан тохиролцсон байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний явцад үүссэн нэмэлт зардлыг гэрээний дагуу нэхэмжлэх эрхтэй байна. Гэхдээ анхан шатны шүүх BMOU439803-9/40, SEGU429645-6/40, OOLU842047-6/40, BMOU508836-2/40 дугаартай чингэлгийн тээврийн хөлс 11,990,022.72 төгрөгөөр нэмэгдсэн болох нь баримтаар нотлогдоогүй, ийнхүү нотлох үүргээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх ба цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

4.2. Хэрэгт Инстант транс ХХК-ийн түрээсийн төлбөрийн нэхэмжлэх, Sino worlink international logistic компани руу ам.доллар шилжүүлсэн гүйлгээний баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, төмөр замын дагалдах бичиг, төлбөрийн даалгавар, А ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтууд авагдсан байгаа боловч эдгээр баримт нь гэрээгээр тохирсон тээвэрлэлтийн хөлс бодитоор нэмэгдсэн, үүний улмаас нэхэмжлэгч нэмэлт зардал гаргасан гэдгийг нотлоогүй. Тухайлбал, коронавирус цар тахалын нөхцөл байдлаас шалтгаалж чингэлгийн түрээс, шилжүүлэн ачилтын зардал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардал ямар хэмжээгээр нэмэгдсэн, боомт дээрх сул зогсолтын улмаас ямар хугацаанд хэдэн төгрөгийн нэмэлт зардал гаргасан болохоо нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Хариуцагч Б ХХК нь ачаа тээврийн хугацаа хоцорч ирснээс учирсан хохирол буюу автомашины онцгой албан татварт илүү төлсөн 3,350,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 12,528,985 төгрөг, нийт 15,878,985 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан.

 

5.1. Анхан шатны шүүх гэрээний үүрэг биелүүлэхэд хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн гэм буруугаас болсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлт өгсөн нь зөв байх боловч гэрээний зөрчлийн улмаас хохирол шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлаагүйг зөвтгөх нь зүйтэй.

 

5.2. Нэхэмжлэгч нь Cosco shipping lines компанид их хэмжээний өр төлбөртэй байсны улмаас манай компанийн ачаа барьцаалагдаж хохирол учирсан гэх байр сууриа хариуцагч баримтаар нотлоогүй, хариуцагчийн бусад этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний улмаас үүссэн хүүг нэхэмжлэгч хариуцахгүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоод хариуцагчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02941 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 380 дугаар зүйлийн 380.1 гэснийг хасч,

2 дахь заалтын 394 дүгээр зүйлийн 394.4 гэснийг хасч, 222 дугаар зүйлийн 222.2 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,800 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 237,345 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ