| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1338 |
| Огноо | 2017-09-25 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Ж.Батхуяг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 1338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
Улсын яллагч Ж.Батхуяг,
Шүүгдэгч Л.Д , түүний өмгөөлөгч С.Дэлгэрнасан,
Шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгчид Б.Батбаяр, Ц.Цэрэнжээ, Д.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Л.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч С.Ан т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 00000 0151 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шуугдэгч нарын биеийн байцаалт
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ инженерээр ажиллаж байсан, ам бүл 2, хүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “ байрны 1104 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Л.Д .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, С А .
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Л.Д нь өөрийн төрсөн дүү Л.Доржнямбуугийн “Эзэлхүүн хүч” ХХК-нд “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Д/2017-338 тоот гэрээний дагуу "ДЦС-4" ТӨХК-аас олгогдсон санхүүжилтээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С А 100.000.000 төгрөгийн хахуулийг түүний эхнэр Б.Насанбатаар дамжуулан өгсөн,
Шүүгдэгч С.А нь “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Эзэлхүүн хүч” ХХК-тай “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай 684.5 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, тус гэрээний дагуу эхний санхүүжилт болох 300.000.000 төгрөгийг олгож, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Д 100.000.000 төгрөгийн хахуулийг эхнэр Б.Насанбатаар дамжуулан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ан мэдүүлэхдээ: “…Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд байцаалт өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би ямар нэгэн мөнгө төгрөг хүнээс нэхэж аваагүй, авах шаардлага ч байгаагүй. Энэ хэргийг хийгээгүй. Хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаас мөрдөгчийн магадлагаа /1хх-62-72/, гэрч Л.Доржнямбуугийн өгсөн мэдүүлэг /1хх-106-108/, “Эзэлхүүн хүч” ХХК-ний ХААН банк дахь 5023103617 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-122/, “Эзэлхүүн хүч” ХХК-ний ХААН банк дахь 5023103617 дугаартай данснаас 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 120.000.000 төгрөг бэлнээр гарган авсан зарлагын гүйлгээний баримтын хуулбар /1хх-124-125/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-129-132/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-135-136/, “ДЦС” ТӨХК болон “Эзэлхүүн хүч” ХХК-ний хооронд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай Д/2017-339 дугаартай гэрээний эх хувь /1хх-137-139/, шүүгдэгч Л.Д ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-150, 161-164/, шүүгдэгч С.Ан ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-200-203/, Татварын албаны мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, татвар төлөлтийн мэдээлэл /2хх-27-47/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх-85-89/, гэрч Б.Насанбатын өгсөн мэдүүлэг /2хх-90-92/, нэгжлэгээр түр хураан авсан баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-145-149/, “ДЦС-4” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 20 тоот “Ажилд томилох, хөлсөөр ажиллах гэрээ” байгуулах тухай тогтоолын баталгаажуулсан хуулбар /5хх-138-147/, албан тушаалтаны 2017 оны хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн баталгаажуулсан хуулбар /5хх-239-250, 6хх-1-45/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1хх-1/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-73-74/, уян дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-75-77/, Авлигалтай тэмцэх газрын албан бичиг /2хх-23/, Сангийн яамны албан бичиг /2хх-24/, орлогын ордер /2хх-86-87/, гэрч П.Бүрэнтөгсийн өгсөн мэдүүлэг /2хх-106-107/, зээлийн гэрээ /2хх-119-120/, гэрч З.Ундраагийн өгсөн мэдүүлэг /2хх-127-128/, Гаалийн ерөнхий газрын албан бичиг, хавсралт /2хх-169-189/, Улсын ерөнхий прокурорын албан бичиг /1хх-43-44/, прокурорын тогтоол /1хх-45/, М-09-2018 дугаартай “Хаалт арматур багц ¹1 өндөр даралтын хаалт нийлүүлэх нийлүүлэлтийн хуваарь /4хх-100/, мөрдөгчийн эрүүгийн хэргийг тусгаарлах тухай санал /6хх-153/, гэрч Д.Энхбүрэнгийн өгсөн мэдүүлэг /3хх-165-166/, гэрч С.Алтанхуягийн өгсөн мэдүүлэг /3хх-167-169, 170-171/, гэрч Л.Пунцагдэлэгийн өгсөн мэдүүлэг /3хх-172-174/, гэрч Ц.Амарбаясгалангийн өгсөн мэдүүлэг /3хх-175-177/, гэрч Л.Ганболдын өгсөн мэдүүлэг /3хх-178-180/, гэрч Ш.Батренчингийн өгсөн мэдүүлэг /3хх-181-183/, тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-184-185/, Дулааны IV цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал /3хх-186-188/, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын “Тендерийн бичиг баримт боловсруулах тухай” гэрээ /3хх-188-189/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Д нь өөрийн төрсөн дүү Л.Доржнямбуугийн “Эзэлхүүн хүч” ХХК-нд “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Д/2017-338 тоот гэрээний дагуу "ДЦС-4" ТӨХК-аас олгогдсон санхүүжилтээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С А 100.000.000 төгрөгийн хахуулийг түүний эхнэр Б.Насанбатаар дамжуулан өгсөн,
Шүүгдэгч С.А нь “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Эзэлхүүн хүч” ХХК-тай “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай 684.5 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, тус гэрээний дагуу эхний санхүүжилт болох 300.000.000 төгрөгийг олгож, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Д 100.000.000 төгрөгийн хахуулийг эхнэр Б.Насанбатаар дамжуулан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн байцаалтад гэрч Л.Доржнямбуугийн өгсөн: “...”Эзэлхүүн хүч” ХХК-ийг анх үүсгэн байгуулахад 50x50 хувиар ах Л.Д бид хоёр үүсгэн байгуулсан. Харин 2011 онд Л.Д ах албан ёсоор компаниас гарч би дангаараа тус компанийг хариуцах болсон. Манай “Эзэлхүүн хүч” ХХК нь гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд ямар нэгэн ажилтай байхгүй, мөн тогтвортой албан тасалгаа байхгүй. “Эзэлхүүн хүч” ХХК-ийн албан ёсны бичиг баримтан дээр захирлаар миний нэр байгаа боловч бүхий л үйл ажиллагааны чиглэл, зааварчилгааг төрсөн ах Л.Д байнга ерөнхийд нь хариуцдаг. Нэг үгээр хэлбэл компанийн дансанд орж ирсэн санхүүжилтийн тендерийн мөнгөний зарцуулалтыг ах Л.Д бүрэн хянадаг буюу орж ирсэн санхүүжилтийн мөнгөнөөс тодорхой мөнгийг надад хэлэн бэлнээр компанийн харилцах данснаас гаргуулж авдаг юм. Харин миний хувьд компанийн дансанд орж ирсэн санхүүжилтийн мөнгөнөөс ахад өгснөөс бусад мөнгийг тодорхой бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад шаардагдах төлбөр, бусад төлбөр тооцоог би хариуцан хийдэг. ”Эзэлхүүн хүч” ХХК нь ХААН банкинд 5023103617 гэсэн төгрөгийн ганцхан данстай бөгөөд өөр ямар нэгэн банкинд харилцах, хадгаламжийн ямар нэгэн данс эзэмшдэггүй, ашигладаггүй юм. Тус дансаар гүйлгээ хийх эрхтэй хүн нь ганцхан миний бие юм. Манай компанийн тус дансны мэдээллийг би ихэвчлэн өөрийн биеэр очиж зохих гүйлгээг хийдэг. Ганц нэг удаа интернет банк ашиглаж дансныхаа үлдэгдлийг хардаг байсан. Гэхдээ бараг ашигладаггүй. Миний мэдэхийн сүүлийн 5-н жилийн хугацаанд “ДЦС-4” ТӨХК-д тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тендерт оролцон шалгарч тус салхилуурын сэлбэг нийлүүлэх тендерээс ашиг гарган өдийг хүртэл ажиллаж байна. Манай компани 2017 оны 6 дугаар сард “ТЭЦ-4” ТӨХК-наас зарласан тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх 600 гаран сая төгрөгийн өртөг бүхий тендерт шалгарч шаардлагатай сэлбэгийг бүрэн нийлүүлсэн. “ТЭЦ-4” дулааны цахилгаан станцаас 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр PGF-н сэлбэг утгаар эхний 300.000.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 15:14 минутанд 120.000.000 төгрөгийг компанийн данснаас ХААН банкнаас гаргуулан авсан. Тус мөнгийг компанийн данснаас гаргаж авах талаар манай ах Л.Дэмбэрэлням надад хэлэхдээ “тус мөнгийг аваад ир” гэсэн. Тэгээд тус мөнгийг Баянзүрх дүүрэг “Баянмонгол” хорооллын зэргэлдээ байдаг “Эмиралд” хотхоны байрных нь дугаарыг мэдэхгүй 11 давхарт 1102 тоот билүү 1104 тоотод байдаг гэрт нь аваачиж өгсөн бөгөөд тус 120.000.000 төгрөгийг 2-3 хэсэг торонд хийж торонд хийсэн мөнгөө бөөнд нь том хэмжээтэй хар цүнхэнд хийж авч очсон бөгөөд цүнхнээсээ тус мөнгийг гаргаж ахад өгөөд цүнхээ өгөлгүй буцааж авч явсан. Манай ах “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С А 120.000.000 төгрөгийг өгнө” гэсэн. Тус мөнгийг манай компанийг тендерт шалгаруулсны төлөө өгч байгаа гэж ойлгосон бөгөөд өөрөөр манай ах Л.Д гүйцэтгэх захирал С А ийм их хэмжээний мөнгө өгөх шаардлага байхгүй байх. Энэ талаар ах өөрөө тайлбарлах байх. Манай компанийн өмнөх “ТЭЦ-4” ТӨХК-тай байгуулсан гэрээнүүдийг ах ерөнхийд нь хариуцдаг байсан бөгөөд миний ярьсан зүйл бүгд үнэн зөв бөгөөд өөрийнхөө “ХААН” банкны 5023103617 тоот дансны 8 хуудас хуулгыг гаргаж өгсөн. Ер нь бол ингэж дарга нарт мөнгө өгч байж тендерт шалгарахгүй бол өөр ямар ч арга байхгүй байдаг. Хэрэв ингэж мөнгө өгөхгүй бол тэр хэмжээгээр компанид ашигтай байж хийх ажил тэр хэмжээгээр чанаржих юм. Гэтэл ингэж мөнгө төгрөг өгч байгаа асуудал нь буруу асуудал гэдгийг хэлмээр байна.”/1хх-106-108/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Цацралын өгсөн: “…Л.Доржнямбуу захирал компанийнхаа бүх санхүүгийн анхан шатны баримтуудыг бүгдийг нь хүлээлгэж өгсөн бөгөөд би тус баримтуудыг нь хүлээж аваад бүгдийг нь үдэж цэгцлээд 2 хавтас материал болгож “Ол дөш хайрхан аудит” ХХК-ийн аудитор Хажидад 2018 оны 2 дугаар сарын эхээр тус компанийн санхүүд аудит хийлгэхээр хүлээлгэж өгсөн байгаа. Хажид аудитын зүгээс “компанийн санхүүд аудит бүрэн хийгдээд дууссан бөгөөд ирж санхүүгийн баримтуудаа ав” гэж хэлж байсан боловч миний бие очиж амжаагүй байгаа. Намайг санхүүгийн тайлан гаргаснаас хойш буюу 2012 оноос хойш одоог хүртэл тус компани нь цахилгаан станцад сэлбэг нийлүүлэх ажил хийдэг. Ингэж сэлбэг худалдан авахдаа ихэвчлэн БНХАУ-аас импортоор оруулж ирдэг. Мөн зарим сэлбэгийг дотоодын зах зээлээс худалдан авч нийлүүлдэг бөгөөд өөр үйл ажиллагаа явуулдаггүй юм.” /1хх-126-127/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Л.Д яллагдагчаар өгсөн. “...С.Ан нь 2016 оны 9 дүгээр сард “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Харин би 2016 оны 10 сар хүртэл худалдан авах ажиллагаанаас газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад зуухан цехийн үнс зайлуулах тоноглолын засварын инженерээр томилогдон ажиллаж байгаа юм. Манай дүү Л.Доржнямбуугийн нэрээр үүсгэн байгуулсан “Эзэлхүүн хүч” ХХК байдаг бөгөөд тус компанийн үйл ажиллагаанд нь болон санхүүд нь тусалдаг байсан бөгөөд манай дүү Л.Доржнямбуу нь миний хэлсэн бүгдийг хийж гүйцэтгэдэг байсан. 2017 оны эхээр 2 сарын үед “ДЦС-4” ТӨКХ-ний гүйцэтгэх захирал С.Ан нь миний гар утсаар холбогдоод “надтай уулзая” гэсэн. Тэгээд холбогдсоныхоо дараа С.Ан тай “Home plaza”-гийн үүдэнд түүний автомашинд нь уулзсан юм. С.Ан ын зүгээс “чиний ажил төрөл чинь өөрчлөгдсөнд янз бүрийн юм санаагүй биз дээ, танай дүүгийн “Эзэлхүүн хүч” ХХК “ДЦС-4” ТӨКХ-д нийлүүлдэг сэлбэг нь хэр ашигтай вэ” гэж сонирхож асуусан. Тэгэхэд нь би “100 орчим сая төгрөгийн ашиг гардаг юм шүү” гэсэн. Тэрнээс өөр зүйл яриагүй салсан. Манай дүүгийн компани болох “Эзэлхүүн хүч” ХХК-нд сэлбэг нийлүүлдэг хятад болох Wan Ben-тэй утсаар холбогдоход надад “С.Ан надтай холбогдож материалын үнийн талаар мэдээлэл авсан” гэсэн. Би Wan Ben-тэй утсаар холбогдсоны дараа нь 2017 оны 3 сарын үед С.Ан тай “Home plaza”-гийн үүдэнд түүний машинд уулзсан. Яагаад би С.Ан тай уулзах болсон гэвэл Wan Benгийн ярианаас С.Ан нь манай дүүгийн “Эзэлхүүн хүч” ХХК-ний нийлүүлдэг тээрмийн салхилуурын тоног төхөөрөмжийг өөрөө нийлүүлэх гэж байна гэж ойлгосон учраас би С.Ан тай уулзсан. С.Ан нь надтай уулзахад би “манай дүүгийн компанийн борлуулт нь чухал байна” гэхэд С.Ан “танайх тендер шалгаруулалтанд ороод нийлүүл, би ямар нэгэн хориг саад тавихгүй” гэсэн юм. Тухайн үед би С.Ан т “манай дүүгийн “Эзэлхүүн хүч” ХХК нь тус тендерт шалгарах юм бол ашиг нь болох 100 орчим сая төгрөг нь чухал биш компанийн борлуулт нь чухал юм” гэдгийг хэлж байсан бөгөөд тэр үед би “Эзэлхүүн хүч” ХХК-ийг тээрмийн салхилуурын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт шалгарах юм бол тухайн тендерын ашгийг нь С.Ан т өгөхөөр болж салсан. 2017 оны 6 сард “Эзэлхүүн хүч” ХХК нь “Тээрмийн салхилуурын тоног төхөөрөмж” нийлүүлэх 684.5 сая төгрөгийн тендерт шалгарсан бөгөөд гэрээг байгуулсаны дараагаар буюу 2017 оны 8 сарын 7-ны өдөр манай дүүгийн “Эзэлхүүн хүч” ХХК-ийн “ХААН” банкны дансанд тоног төхөөрөмжийн мөнгө орж ирсэн юм. Би дүү Л.Доржнямбууд “120.000.000 төгрөгийн төгрөг шаардлагатай байна, маргааш гэхэд аваад ир” гэж хэлсэн юм. Тэгээд манай дүү Л.Доржнямбуу нь компанийхаа данснаас120.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр бэлнээр гаргаж аван миний амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Эмиралд” хотхоны 501-1104 тоот хаягт бэлнээр авч ирж өгсөн юм. Тэгээд би С.А руу 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн орой нь дүүгээсээ мөнгө аваад түүний гар утас руу холбогдоод “нөгөө юм аа ав” гэж хэлэхэд “маргааш хүн явуулчихая” гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр нь С.Анхбаярын эхнэр Б.Насанбат нь миний гар утас руу холбогдож хаана очих талаар асуухад нь би “Эмиралд” хотхоны 501 дүгээр байрны байрлалыг зааж өгсөн. Тэгэхэд Б.Насанбат нь манай гэрийн гадаа ирээд миний гар утас руу холбогдож байрны доор байрлах автогражид орж ирэхэд нь миний бие түүнтэй уулзаж өөрийн эзэмшлийн 55-88 УНО улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер-200 маркын автомашины арын хэсгээс Б.Насанбатын авч ирсэн цүнхэнд 100.000.000 төгрөгийг хийж Б.Насанбатын хамтаар автогражаас гарч хотхоны гадаа байрлуулсан байсан цайвар өнгийн микро шиг автомашинд сууж хотхоноос хамт тус машинтай гарсан.” /1хх-154-157, 161-164/ гэх мэдүүлэг,
-Мөрдөгчийн магадлагаа ¹2, ¹3 /1хх-62-72, 67-73/,
-“Эзэлхүүн хүч” ХХК-ийн ХААН банкин дахь 5023103617 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-122/,
-Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-73-74/,
-Уян дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-75-76/,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-78-105/,
-“Эзэлхүүн хүч” ХХК-ийн ХААН банкин дахь 5023103617 дугаартай данснаас 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 120.000.000 төгрөг бэлнээр гарган авсан зарлагын гүйлгээний баримтын хуулбар /1хх-124-125/,
-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-129-132/,
-Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-135-136, 2хх-85-89/,
-“ДЦС-4” ТӨХК болон “Эзэлхүүн хүч” ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан "Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх" тухай Д/2017-338 дугаартай гэрээний эх хувь /1хх-137-139/,
-Татварын албаны мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, татвар төлөлтийн мэдээлэл /2хх-27-47/,
-Нэгжлэгээр түр хураан авсан баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-145-149/,
-“ДЦС-4” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай “Ажилд томилох”, “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулах тухай тогтоолын баталгаажуулсан хуулбар /5хх-138-147/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Л.Д нь өөрийн төрсөн дүү Л.Доржнямбуугийн “Эзэлхүүн хүч” ХХК-нд “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Д/2017-338 тоот гэрээний дагуу “ДЦС-4” ТӨХК-аас олгогдсон санхүүжилтээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С А 100.000.000 төгрөгийн хахуулийг түүний эхнэр Б.Насанбатаар дамжуулан өгсөн, шүүгдэгч С.А нь “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Эзэлхүүн хүч” ХХК-тай “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай 684.5 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, тус гэрээний дагуу эхний санхүүжилт болох 300.000.000 төгрөгийг олгож, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Дзмбэрэлнямаас 100.000.000 төгрөгийн хахуулийг эхнэр Б.Насанбатаар дамжуулан авсан зэргийг нь гэрч Л.Доржнямбуу ба шүүгдэгч Л.Д яллагдагчаар мэдүүлсэн, гүйцэтгэх ажлын үр дүнд цугласан дуу, дүрсний бичлэг бүхий мөрдөгчийн магадлагаа, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Эзэлхүүн хүч” ХХК-ийн ХААН банкин дахь 5023103617 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, “Эзэлхүүн хүч” ХХК-ийн ХААН банкин дахь 5023103617 дугаартай данснаас 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 120.000.000 төгрөг бэлнээр гарган авсан зарлагын гүйлгээний баримтын хуулбар, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, татварын албаны мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, татвар төлөлтийн мэдээлэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.Ан ын зүгээс “…Би ямар нэгэн мөнгө төгрөг хүнээс нэхэж аваагүй, авах шаардлага ч байгаагүй. Энэ хэргийг хийгээгүй.” гэх тайлбар, түүний өмгөөлөгч нараас ”…гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан, прокурорын зохих зөвшөөрөлгүй, мөрдөгчийн магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн …“ гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Шүүгдэгч С.Ан нь “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Д/2017-338 тоот 684.5 сая төгрөгийн үнэ бүхий гэрээг “Эзэлхүүн хүч” ХХК-тай байгуулж, бусдад эдийн болон эдийн бус ашигтай давуу байдлыг бий болгож үүний хариуд 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Д 100.000.000 төгрөгийн хахуулийг эхнэр Б.Насанбатаар дамжуулан авсан нь түүний гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийг тодорхойлж байна.
Гүйцэтгэх ажил нь нууц арга, хэрэгсэл ашиглан явуулдаг ажиллагаа бөгөөд авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор прокурорын хяналт, зөвшөөрлийн дагуу нэр бүхий шүүгдэгч нарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан, уг ажиллагааг явуулахад хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, урвуулан ашиглаж хууль бусаар иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна гүйцэтгэх ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцож, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгуулсан байх тул гүйцэтгэх ажил хууль зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны журмыг зөрчиж явагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл явдлаа хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн онцлог шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой.
Энэ гэмт хэрэг нь эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар, цөөн тохиолдолд хууль ёсны мэт боловч хахууль өгөгч тал нь өөрөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхолын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхгүй хийлгэж, нийгмийн шудрга ёсыг зөрчсөн байдаг.
Мөн “ДЦС-4” ТӨХК-тай “Алеус” ХХК нь 2009-2017 онуудад нийт 7 удаагийн үйлдлээр тендерт шалгарч 2.981.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь “Эзэлхүүн хүч” ХХК нь 2012-2016 оны хооронд нийт 5 удаагийн тендерт шалгарч 3.987.200.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэний улмаас “ДЦС-4” ТӨХК-д хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч “ДЦС-4” ТӨХК-ний захирал С.Ан нь албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж давуу байдал бий болгосон гэж үндэслэл тогтоогдоогүй тул Л.Д нь С.Ан т хахууль өгсөн гэх хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6-д “мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч яллагдагчийн холбогдсон зарим эрүүгийн хэрэг нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр С.Ан т холбогдох эрүүгийн 1741 00012 0050 дугаартай хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн тогтоол үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч нарын үйлдсэн хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртай.
Шүүгдэгч С.Ан нь өөрийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, албан тушаалын эрх хэмжээнд хамаарахгүй эрх үүргийг дур мэдэн хэрэгжүүлэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Эзэлхүүн хүч” ХХК-тай “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай 684.5 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, тус гэрээний дагуу эхний санхүүжилт болох 300.000.000 төгрөгийг олгож, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Д 100.000.000 төгрөгийн хахуулийг эхнэр Б.Насанбатаар дамжуулан авсан үйлдэл нь “хахууль авах” гэмт хэргийн, шүүгдэгч Л.Д нь өөрийн төрсөн дүү Л.Доржнямбуугийн “Эзэлхүүн хүч” ХХК-нд “Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх” тухай 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Д/2017-338 тоот гэрээний дагуу "ДЦС-4" ТӨХК-аас олгогдсон санхүүжилтээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С А 100.000.000 төгрөгийн хахуулийг түүний эхнэр Б.Насанбатаар дамжуулан өгсөн үйлдэл нь “хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Ан ын хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр их хэмжээний хахууль авсан, шүүгдэгч Л.Д нь хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Л.Д , С.Ан нарт Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Д нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 44 хоног цагдан хоригдсон ба шүүгдэгч С.Ан нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Д , С.Ан нарын яллагдагчаар цагдан хоригдсон нийт хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.
Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Ан аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ДЦС-4” ТӨХК болон "Эзэлхүүн хүч" ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан "Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх" тухай Д/2017-338 дугаартай гэрээний эх хувь 3 хуудас, “Голомт банк”-ны гадаад гуйвуулгын баримт 4 хуудас, “Худалдаа хөгжлийн банк”-ны албан бичиг, орлогын ордер, дотоод шилжүүлгийн маягт, ЧК67031475 регистрийн дугаартай Л.Д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 3 жилийн хугацаатай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай оролцсон тул олгогдсон 2016/АЗ-386 дугаартай гэрчилгээний эх хувь материал, “Хаан” банкнаас “Эзэлхүүн хүч” ХХК нь 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар “Хаан” банкинд зээл болон хүүгийн өр төлбөргүй болохыг тодорхойлсон 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 20180301002 дугаартай тодорхойлолтын эх хувь материал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архиваас “Эзэлхүүн хүч” ХХК нь сүүлийн 3 жилийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй болохыг “ДЦС” ТӨХК-д тодорхойлсон 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2078 дугаартай албан бичгийн эх хувь материал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2/654 дугаартай албан бичгийн эх хувь материал, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хорооллын “Ногоон нуур” гудамж 101-1007 тоотод байрлах Ү-2203035813 улсын бүртгэлийн дугаартай оффисын зориулалттай 92,27 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Магваны Мягмардорж нь Л Д итгэмжилсэн итгэмжлэл эх хувь материал, “ДЦС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.А ЭХХА-01/2017 дугаартай “Цахилгаан шүүлтүүрийн үнс дамжуулах холбоос нийлүүлэх харьцуулалтын тендерт 48.500.000 төгрөгийн үнийн саналаар шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон болохыг "Болор налуу" ХХК-д мэдэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/5148 дугаартай албан бичгийн эх хувь материал, “ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.А УЗХ-37/2016 дугаартай “Токарийн суурь машины программ хангамж шинэчлэх ажлыг нийлүүлэх үнийн битүүмжилсэн санал ирүүлэхийг “Наран үзэмж” ХХК-д урьсан 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 01/4700 дугаартай албан бичгийн эх хувь материал, “ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.А УЗХ-37/2016 дугаартай “Токарийн суурь машины программ хангамж шинэчлэх ажлыг нийлүүлэх үнийн битүүмжилсэн санал ирүүлэхийг “Олеандр” ХХК-д урьсан 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 01/4700 дугаартай албан бичгийн эх хувь материал болон 3 ширхэг бичлэг бүхий сиди зэргийг хэрэгт хадгалах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч Л.Д гэрээс нэгжлэгээр хураагдсан 14 сая төгрөг, юань 4.930, вон 235.000, ватт 760 зэргийг Л.Дэмбэрэлнямд буцаан олгохоор, энэ хэрэгт мөрдөгчийн битүүмжилсэн Л.Д ын эзэмшлийн Ү-2205027614 тоот гэрчилгээтэй үл хөдлөх, С.Ан ын эзэмшлийн Ү-2205016249 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор шүүгдэгч Л.Д нь хүүхэд Д.Тамирын хамт оршин суудаг болохыг тодорхойлсон ба хүү Д.Тамирын асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч С н А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ан ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д , С.Ан нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д ын цагдан хоригдсон 44 хоног, шүүгдэгч С.Ан ын цагдан хоригдсон 75 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ан аас 100.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан бичиг баримтууд болох“ДЦС-4” ТӨХК болон "Эзэлхүүн хүч" ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан "Тээрмийн салхилуурын сэлбэг нийлүүлэх" тухай Д/2017-338 дугаартай гэрээний эх хувь 3 хуудас, “Голомт банк”-ны гадаад гуйвуулгын баримт 4 хуудас, “Худалдаа хөгжлийн банк”-ны албан бичиг, орлогын ордер, дотоод шилжүүлгийн маягт, ЧК67031475 регистрийн дугаартай Л.Д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 3 жилийн хугацаатай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай оролцсон тул олгогдсон 2016/АЗ-386 дугаартай гэрчилгээний эх хувь материал, “Хаан” банкнаас “Эзэлхүүн хүч” ХХК нь 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар “Хаан” банкинд зээл болон хүүгийн өр төлбөргүй болохыг тодорхойлсон 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 20180301002 дугаартай тодорхойлолтын эх хувь материал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архиваас “Эзэлхүүн хүч” ХХК нь сүүлийн 3 жилийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй болохыг “ДЦС” ТӨХК-д тодорхойлсон 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2078 дугаартай албан бичгийн эх хувь материал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2/654 дугаартай албан бичгийн эх хувь материал, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хорооллын “Ногоон нуур” гудамж 101-1007 тоотод байрлах Ү-2203035813 улсын бүртгэлийн дугаартай оффисын зориулалттай 92,27 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Магваны Мягмардорж нь Л Д итгэмжилсэн итгэмжлэл эх хувь материал, “ДЦС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.А ЭХХА-01/2017 дугаартай “Цахилгаан шүүлтүүрийн үнс дамжуулах холбоос нийлүүлэх харьцуулалтын тендерт 48.500.000 төгрөгийн үнийн саналаар шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон болохыг "Болор налуу" ХХК-д мэдэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/5148 дугаартай албан бичгийн эх хувь материал, “ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.А УЗХ-37/2016 дугаартай “Токарийн суурь машины программ хангамж шинэчлэх ажлыг нийлүүлэх үнийн битүүмжилсэн санал ирүүлэхийг “Наран үзэмж” ХХК-д урьсан 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 01/4700 дугаартай албан бичгийн эх хувь материал, “ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.А УЗХ-37/2016 дугаартай “Токарийн суурь машины программ хангамж шинэчлэх ажлыг нийлүүлэх үнийн битүүмжилсэн санал ирүүлэхийг “Олеандр” ХХК-д урьсан 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 01/4700 дугаартай албан бичгийн эх хувь материал болон аудио болон видео бичлэг бүхий 3 ширхэг сиди зэргийг хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 сая төгрөг, юань 4.930, вон 235.000, ватт 760 зэргийг Л.Д д буцаан олгож, мөрдөгчийн битүүмжилсэн Л.Д ын эзэмшлийн Ү-2205027614 тоот гэрчилгээтэй үл хөдлөх, С.Ан ын эзэмшлийн Ү-2205016249 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Д , С.Ан нарт оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Л.Д ын хүүхэд болох Д.Тамирт асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Д , С.Ан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Д , С.Ан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС