| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 182/2022/01197/И |
| Дугаар | 210/МА2023/00406 |
| Огноо | 2023-02-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/00406
А ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2022/03478 дугаар шийдвэртэй,
А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Б ХХК-д холбогдох,
54,324,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанзул, хариуцагчийн төлөөлөгч Б.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах 02/161 тоот гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Б ХХК нь чанарын шаардлага хангасан 1200 ширхэг автобусны зарлан мэдээлэх системийг тус компанийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Б ХХК-ийн нийлүүлсэн төхөөрөмжийг манай компани 2017 оны 11 дүгээр сараас автобус компанийн автобуснуудад суурилуулсан боловч эдгээр төхөөрөмжүүд нь чанарын шаардлага хангаагүй буюу анх суурилуулсан цагаас эхлэн царгих, шуугих, дуугарахгүй байх, зогсоолын нэрийг алдаатай зарлах, алгасах, дутуу зарлах зэргээр доголдох болсон.
Манай компанийн зүгээс тухайн төхөөрөмжийн доголдлыг арилгах, засварлах, шинэ бүтээгдэхүүнээр солиулах зэрэг үүргээ гүйцэтгэх талаар гэрээ байгуулсан Б ХХК-д амаар болон бичгээр мэдэгдсэн хэдий ч арга хэмжээ аваагүй, харин уг төхөөрөмжийн доголдлын шалтгаан нь анхнаасаа алдаатай үйлдвэрлэгдсэн байсан нь тогтоогдсон болно.
Иймд манай компани нийтийн тээврийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн үүднээс Борх констракшн ХХК-иас 1200 ширхэг дуу өсгөгчийг 38,400,000 төгрөгөөр, Эс ти би эс ХХК-аас дууны кабелийн утас 7,800,000 төгрөг, нийт 46,200,000 төгрөгийн зардал гарган буудал зарлан мэдээлэх системийн тоног төхөөрөмжийг засварлаж суурилуулсан.
Доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн Б ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, тухайн байгууллагад төлсөн 141,560,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргахад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02381 тоот шийдвэрээр манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 223 дугаар магадлалд ... гэрээгээр хүлээлгэн өгсөн бүтээгдэхүүн нь бүхэлдээ доголдолтой байна гэж үзэхгүй, мөн гэрээний зүйлийн зарим хэсгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа шаардах эрхийг энэхүү шийдвэр хөндөөгүй болно ... гэж шийдвэрлэсэн байдаг.
Иймд доголдлыг арилгахад зарцуулсан зардал болон нэхэмжлэлийг бүрдүүлэхэд баримтыг шүүхийн архиваас хуулбар авах, нотариатаар гэрчлүүлэхэд төлсөн зардал зэрэг нийт 46,246,400 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Тус 2 компанийн хооронд байгуулсан гэрээний 2.2-т зааснаар худалдагч нь 1200 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үүрэгтэй гэтэл 1132 ширхгийг өгч, 68 ширхгийг дутуу өгсөн байна. Гэрээнд эд зүйлийн нэг бүрийн үнийг 118,000 төгрөг гэж заасан тул 68 ширхэг төхөөрөмжийн үнэ 8,078,400 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компанийг автобусны зарлан мэдээлэх систем бүхий тоног төхөөрөмжийг тоо ёсоор бүрэн шилжүүлж өгснөөр гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзээд нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө 2017 оны 11 дүгээр сард шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн гэж үзэж байгаа бол энэ талаар нотолсон баримтыг гаргаагүй, эд зүйлийг тоо ширхгээр хүлээн авсан акт бичиг баримтгүй байна. Иймд гэрээнд зааснаар эд зүйлийг бүрэн шилжүүлсэн тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй.
Манай байгууллага гэрээнд заасан баталгаат хугацааны дотор эвдрэл гэмтлийг засаж, шинэ бүтээгдэхүүнээр сольж байсан, энэ хугацаанд 181 гаруй дуудлагаар төхөөрөмжийн эд зүйлийг солих, засах, шинээр тавьж өгөх зэргээр гомдлыг тухай бүрд нь барагдуулсан ба энэ талаар баримтыг хэрэгт өгсөн байгаа.
Гэрээнд заасан баталгаат хугацаа дууссан, гэтэл энэ хугацаанаас хойш буюу 2019 оноос хойш сольсон эд зүйлийн үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 38,400,000 төгрөгөөр 1,200 ширхэг дуу өсгөгч худалдан авсан гэж байгаа боловч 1,200 ширхэг дуу өсгөгчийг ямар шалтгаанаар сольсон, үүнийг шинээр худалдан авах ямар шаардлага байсан талаар нотлох баримтгүй буюу энэ шаардлагаа өөрөө нотлоогүй байна. Мөн 38,400,000 төгрөгөөр дуу өсгөгчийг худалдан авсан гэж байгаа боловч тухайн байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулсан талаар баримтгүй байна. Кабелийн утсыг ямар учраас худалдан авсан нь тодорхойгүй байна.
Манай нийлүүлсэн зарлан мэдээлэх төхөөрөмж одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа бөгөөд баталгаат хугацаа болох 1 жилийн хугацаанд автобус баазуудын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нэг дуу өсгөгч төхөөрөмжийг гэмтсэн, шатсан байсныг тухай бүрд нь шинээр сольж өгч байсан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Б ХХК-аас дутуу нийлүүлсэн эд зүйлийн үнэ, доголдлыг арилгахад зарцуулсан зардал, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд нийт 9,852,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,472,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 434.747 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 172,595 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Шүүхийн шийдвэр, магадлалаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэн худалдах, худалдан авах гэрээ-ний хавсралтад заагдсан 1 автобусанд тавигдах 3 төрлийн худалдах эд зүйлийн нийт үнийн дүн болох 118,800 төгрөгөөр тооцон 68 ш автобусаар бодож 8,078,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байж чадсангүй. Манай компани үлдэгдэл 68 ш автобусанд тавигдах зарлан мэдээлэх системийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд 2017 ондоо багтаан суурилуулсан болно.
Нэхэмжлэгчийн 68ш автобусанд зарлан мэдээлэх төхөөрөмж суурилуулаагүй гэдэг нь өөрсдийнх нь Нийслэлийн тээврийн газарт хүргүүлсэн албан бичгүүдээр үгүйсгэгддэг юм. Эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэн няцаасан нотлох баримтыг болон тайлбарыг нэхэмжлэх тал шүүхэд гаргаж өгөөгүй байхад хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт огт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ төхөөрөмжид гарч буй доголдлын шалтгааныг тогтооход төхөөрөмж анхнаасаа үйлдвэрлэлийн гэмтэлтэй, алдаатай үйлдвэрлэгдсэн байсан бөгөөд манай компанид иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас байнгын гомдол ирдэг байсан, манай компани шалгалт хийж тогтоосон гэж маргадаг.
Өсгөгч төхөөрөмж нь өндөр технологийн аргаар үйлдвэрлэгддэг чип юм. Чип нь эвдэрсэн, шатсан тохиолдолд засах нь байтугай, гэмтлийг ч тогтоох боломж байхгүй зөвхөн шинээр сольж тавихаас өөр сонголтгүй. Тиймээс ашиглалтын явцад өсгөгч болон холбох хэрэгслүүд нь шатсан тохиолдолд шинээр сольж тавих нь тодорхой учраас 2 тал баталгаат хугацааг 1 жил байхаар гэрээнд тусгасан болно. Энэ үүргийнхээ дагуу манай компани шинэ өсгөгч төхөөрөмжөөр сольж өгч байсныг хавтаст хэрэгт байгаа баримтууд хангалттай нотолдог.
Анхнаасаа үйлдвэрлэлийн гэмтэлтэй, доголдолтой байсан бол төхөөрөмж тавигдсан үеэс ажиллахгүй. Дан ганц өсгөгч төхөөрөмжөөс шалтгаалаагүй байсныг нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Автобус баазуудын автобуснууд нь ашиглалтын хугацаа дууссан хэт хуучирснаас болсныг 2 тал хүлээн зөвшөөрч акт үйлдсэн байдаг юм.
Автобусны чанга яригч /спикер/ болон холбогч утас нь тухайн автобус бааз буюу компанийн өмч бөгөөд эдгээрийг шинээр сольж өгөх үүргийг манай компани гэрээгээр хүлээгээгүй болно. Өөрөөр хэлбэл манай компанийн хийх ажил биш юм. Хэрэгт авагдсан баримтад автобусны спикр буюу чанга яригч 54 ширхгийг автобусанд суурилуулсан гэх агуулгатай байхад өсгөгч төхөөрөмж гэж андууран 54ш өсгөгч шинээр суурилуулсан гэж үзэн мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсан үйл явдалтай холбоотойгоор хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудын хоорондын хамаарал, хэрэгт ач холбогдолтой байдалд ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь бидэнд ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь 1,200 ширхэг төхөөрөмжийг хүлээлгэж өгөх ёстой байснаас 68 ширхгийг дутуу нийлүүлсэн. 1 ширхгийн үнэ 118,800 төгрөг байсан бөгөөд хариуцагч тал нь гэрээний дагуу төхөөрөмжүүдээ 2017 оны 11 дүгээр сард суурилуулж өгсөн. Тухайн үеэс доголдол үүссэн тул гэрээнд заасны дагуу акт үйлдэж, төхөөрөмжүүдийг хүлээж аваагүй байсан. 2020 онд манай байгууллагаас ажиллагааг шалгасан актыг шүүх үнэлсэн нь үндэслэлтэй.
54 ширхэг тоног төхөөрөмж нь автобусны спикер биш бөгөөд гэрээний хавсралтад өсгөгч гэж заасан байна. Манай байгууллага нь 1,200 ширхэг өсгөгчийг 2019 онд бүтнээр нь сольсон боловч анхан шатны шүүхээс 50 хувийг нь хангаж шийдвэрлэсэн. Уг маргаан нь 2017 онд гэрээ байгуулснаас хойш үргэлжилж байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан дутуу нийлүүлсэн 68 ширхэг төхөөрөмжийн үнэ 8,078,400 төгрөг, доголдол арилгаж шинээр худалдан авсан дуу өсгөгчийн үнэ 38,400,000 төгрөг, кабелийн үнэ 7,800,000 төгрөг, нотариатын зардалд төлсөн 46,400 төгрөг, нийт 54,324,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигчдын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б ХХК нь 1,200 ширхэг автобусны зарлан мэдээлэх систем нийлүүлэн суурилуулах ажлыг гүйцэтгэж, А ХХК нь 142,560,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас кабелийн үнэ 7,800,000 төгрөг, доголдол арилгаж шинээр худалдан авсан дуу өсгөгчийн үнэ 38,400,000 төгрөгөөс 36,672,000 төгрөг, нийт 44,472,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт нийцжээ.
4.Харин хариуцагчаас дутуу нийлүүлсэн 68 ширхэг төхөөрөмжийн үнэ 8,078,400 төгрөг, доголдол арилгаж шинээр худалдан авсан дуу өсгөгчийн үнэ 1,728,000 төгрөг, нийт 9,852,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул зөвтгөх нь зүйтэй.
Дээрх 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,200 ширхэг автобусны зарлан мэдээлэх систем нийлүүлэн суурилуулах ажлыг Б ХХК нь гүйцэтгэж, худалдан авагчид хүлээлгэн өгсөн болох нь А ХХК-аас Нийслэлийн тээврийн газарт 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2/372 тоот албан бичгээр тогтоогдсон байна /2хх 44-45/. Учир нь уг албан бичигт ... гэсэн байна.
4.1. Өмнө нь А ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох гэрээнээс татгалзаж, 141,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/02381 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 223 дугаар магадлалаар хянан шийдвэрлэсэн.
Хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэр, магадлалд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1132 ширхэг төхөөрөмжид гэрээний талууд шалгалт хийж акт үйлдсэн болохыг дүгнэсэн болохоос гэрээнд заасан 1,200 ширхэг тоног төхөөрөмжөөс 68 ширхгийг дутуу нийлүүлсэн гэх үйл баримтыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ. /1хх 12-16, 107-111/.
4.2. Зохигч нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний дагуу суурилуулсан 1,132 ширхэг төхөөрөмжид шалгалт хийж акт үйлдсэний дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр А ХХК-аас Нийслэлийн тээврийн газарт 1,200 ширхэг тээврийн хэрэгсэлд зарлан мэдээлэх систем нийлүүлэн суурилагдсан болохыг мэдэгдсэн байна /1хх 50, 2хх 44-45/. Мөн хариуцагчийг 68 ширхэг тоног төхөөрөмжийг дутуу нийлүүлсэн болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг 68 ширхэг тоног төхөөрөмжийг дутуу нийлүүлсэн гэх үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогоогүй, гэрээний хэрэгжилтийг шалгаж акт үйлдсэнээс хойш гэрээнд заасан 1,200 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн болох нь нотлогдсон зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байна.
Иймд хариуцагч гэрээнд заасан 1,200 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлэх үүргээ биелүүлсэн байх тул дутуу нийлүүлсэн 68 ширхэг төхөөрөмжийн үнэ 8,078,400 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
5. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралтад автобусны зарлан мэдээлэх системийн төхөөрөмж болох өсгөгч, свитч TTS MON тоног төхөөрөмж нь 50W, 12B-24B, TTS B1 гэх техникийн үзүүлэлтийг хангах ёстой болохыг заажээ /1хх 11/.
Уг техникийн үзүүлэлтийг хангасан 1,728,000 төгрөгийн үнэ бүхий 54 ширхэг дуу өсгөгчийг нэхэмжлэгч сольж тавьсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Учир нь Борх констракшн ХХК-аас 1,200 ширхэг дуу өсгөгч авсан нэхэмжлэх гэх баримт хэрэгт авагдсан ч энэ нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заасан техникийн үзүүлэлтийг хангасан тоног төхөөрөмжийг бодитоор сольж тавсан эсэх, гэрээний дагуу суурилуулсан дуу өсгөгч нь доголдолтой байсан эсэхийг нотлохгүй /1хх 52/.
5.1. Мөн хэрэгт авагдсан А ХХК-ийн тоног төхөөрөмжийн хэлтсийн дарга Э.Хулангийн гарын үсэг зурсан нэг талын баримтыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан доголдлыг арилгахаар 54 ширхэг дуу өсгөгчийг шинээр суурилуулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна /1 хх 54/.
Иймд хариуцагчаас доголдол арилгаж шинээр худалдан авсан дуу өсгөгчийн үнэ 1,728,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй. Түүнчлэн гэрээний доголдолтой холбоотой зардал бодитоор гаргасан нь нотлогдохгүй тул гэрээний зөрчлийн улмаас үүссэн зардал 46,400 төгрөг гаргуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429,342 төгрөг улсын орлогод хэвээр үлдэх болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2022/03478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Б ХХК-аас 54,324,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,595 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.БАДРАХ