Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1358

 

 

 

 

 

 

 

                                          

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин                            

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч А.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөн/

Хохирогчийг төлөөлөж Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Гэрэлцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас О овогт А.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0491  31424 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн О овогт А.Н, 1993 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар зочид буудлын кофе шоп-д найруулагч ажилтай, ам бүл 7, нөхөр, 2 хүүхэд, өвөө, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-347 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................ тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч А.Н нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр 71-05 УБЧ улсын дугаартай Тоёото Гранд марк-2 маркийн автомашин дотор өөрийн төрсөн хүүхэд болох 3 сартай, эрэгтэй, Баасанжавын Бадралзаяатай хамт унтаж байхдаа түүнийг ам, хамрыг хөхөөрөө дарсны улмаас амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, би өмгөөлөгч авахгүй. Хуульд заасны дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэв.

Хохирогчийг төлөөлж Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Гэрэлцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгч А.Нямдарь нь бага насны хоёр хүүхэдтэй хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг нь харгалзан үзээд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст ирсэн албан бичгийн дагуу гадны нөлөөтэй нас барсан 3 сартай Б.Бадралзаяагийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна..., Хохирлын баримт байхгүй, юугаа ч нэхэмжлэх билээ...,ээж нь хоёр хүүхэдтэй юм байна, цаашид болгоомжтой байгаарай гэж хүсье. Хуулийн дагуу шийднэ үү...” гэх мэдүүлэг. /хх- 25-26/,

Гэрч Г.Баасанжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Орой 22 цаг өнгөрч байхад найзууд бид нар цуглаж байгаад хүн хүний хоёроос гурван шил лааз пиво уусан. Ингээд бид нар унтацгаахаар болсон бөгөөд би хоёр охиноо аваад майханд хонохоор болсон харин эхнэр машинд хүүтэйгээ унтахаар болсон. Үүрийн 04 цагийн орчим эхнэр хүү амьсгаагүй болчихлоо гээд хүрч ирэхээр нь бид нар бүгдээрээ босоод 103-луу залгахад хурдан дүүргийн эмнэлэг яв гэж хэлсэн. Эмнэлэг дээр орж ирсний дараа нэг эмч хүрч ирээд аль хэзийн бие нь хөрчихсөн нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-30/,

Гэрч Д.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Баасанжав Нямдарь хоёрыг майхандаа хүүхдүүдтэйгээ унтсан гэж бодсон. Тэгээд машиндаа унтаж байхад өглөө Нямдарь машины цонх цохиод миний хүүхэд амьсгалахгүй байна гэж орилоод байхаар нь Машиндаа суулгаад Баасанжав, Нямдарь, Тэмүүлэн бид дөрөв миний машинтай Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирээд Баасанжав, Нямдарь хоёр хүүхдээ аваад эмнэлэгрүү орсон.  Тэгээд хэсэг хугацааны дараа гарч ирээд нас барчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-31/,

Гэрч Д.Санчирмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Өглөө үүрээр 4 цагийн үед Нямдарь машины гадаа хүүхэд амьсгалахгүй байна гээд орилсон. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь Баасанжав, Нямдарь, Тэмүүлэн, Наранбаатар нар талийгаачийг аваад Наранбаатарын машинд суугаад явчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа залгахад шууд дүүргийн эмнэлэг дээр ирчихсэн байна эмчид хүүхдийг үзүүлсэн чинь хүүхэд өнгөрсөн байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг. /хх-33/,

Гэрч М.Энхчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Үүрээр 04 цагийн үед Нямдарь орилоод гадаа гарчихсан Бадралзаяа амьсгалахгүй байна гээд бүгдийг сэрээгээд уйдсан. Тэгээд Баасанжав,Тэмүүлэн, Наранбаатар, Нямдарь нар талийгаач хүү Бадралзаяаг аваад Наранбаатарын машинтай төврүү явсан. Санчирмаа бид 2 машиндаа үлдсэн. Удаагүй 30-40 минутын дараа Баасанжавын 2 охиныг машиндаа суулгаад Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү явсан. Тэгээд тэнд нь Баасанжавт хоёр охиныг нь өгчхөөд Санчирмаа бид 2 Нямдарийн дүүг нь аваад буцаад голын эрэг дээр очиж цагдаа нарт байсан газраа зааж өгсөн…” гэх мэдүүлэг. /хх-33/,

Гэрч Н.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Нямдарь 04 цагийн орчим надад хэлэхдээ хүү амьсгалахгүй болчихлоо эмнэлэгрүү явж байна гээд ярихаар нь би нөхрийн хамтаар эмнэлэг дээр явж очиход нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-34/,

Гэрч Н.Эрдэнэсувд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...06 сарын 01-ний өдөр жижүүртэй байсан бөгөөд 02-нд шилжээд өглөөний 04 цаг 50 минутанд гаднаа хөшсөн, хүүрийн толбо үүссэн хүүхэд гаднаас орж ирсэн. Хүүхэд аль хэдийн нас барсан байдалтай байсан учраас 102 дуудаж цагдаад мэдэгдсэн.Тухайн үед эмчилгээ хийх ямар ч боломжгүй байсан. Эмчилгээ хийгээгүй…” гэх мэдүүлэг. /хх-35/,

 Гэрч Б.Тэмүүлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Шөнө унтаж байхад хүн орилоод цонх тогшихоор нь хаалга нээхэд Нямдарь уйлчихсан орилоод хүрээд ирсэн. Бид нар маш яаралтай Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр ирсэн бөгөөд хойд талд Баасанжав, Нямдарь хоёр хүүхдээ тэврээд л явж байсан. Хүлээн авах дээр хүрч ирээд хүү амьсгалахгүй байна гэхэд үүдэнд бэлэн байсан эмч нь үзсэнээ нас барчихсан гэж хэлсэн…” гэх мэдүүлэг. /хх-36/,

Шүүгдэгч А.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би бага хүү Бадралзаяагийн хамтаар 71-05 УБҮ улсын дугаартай Гранд марк2 машины хойд талын суудал дээр унтсан. Унтахдаа би суудал дээр дээшээ харж унтаад хүүхдээ зүүн гар талдаа өөрийнхөө дээр байрлалтай авч унтсан. Ингээд унтаж байгаад 003 цаг өнгөрч байхад сэрэхэд хүүхдийн бие хүйтэн болчихсон байхаар нь даарчихсан юм болов уу гээд дээшээ өргөсөн чинь амьсгалж байгаа юм шиг сонин дуугарсан. Би гар хөл нь хөхөрчих байхаар нь тухайн үед нас барчихсан байна гэж бодоогүй 103-луу залгаж түргэн дуудахад шууд дүүргийнхээ эмнэлэг рүү яв, хоёр талаас нь сайн үрээрэй гэж хэлэхээр нь нурууг нь илэнгээ дүүргийн эмнэлэгт очиж үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн юм. Би унтахдаа хүүхдээ хөхүүлээд унтсан юм…,Бт хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг. /хх-4-5/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-16/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-21/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Н нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр 71-05 УБЧ улсын дугаартай Тоёото Гранд марк-2 маркийн автомашин дотор өөрийн төрсөн хүүхэд болох 3 сартай, эрэгтэй, Баасанжавын Бадралзаяатай хамт унтаж байхдаа түүнийг ам, хамрыг хөхөөрөө дарсны улмаас амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Н нь хүний амь нас болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчийг төлөөлж Г.Гэрэлцэцэг нь гэм буруутай этгээд А.Нямдарьт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Н-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч А.Н-т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 жилийн хугацаанд хориглох үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О овогт А.Н-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар А.Н-д хорих ял оногуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-т зааснаар А.Н-д согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэхийг 3 /гурав/ жилийн хугацаанд хориглосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР