Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1359

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Ч.Батбаяр,

хохирогч Д.Батбаяр,

шүүгдэгч А.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч овогт А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806011381443 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч овогт А.Н, 1983 оны 11 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ”Вегани” цагаан хоолны газар тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 46 дугаар гудамжны 696-б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............... тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч А.Н нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Ноёд” нэртэй, өөрийн ажиллаж байсан авто засварын газраас автомашин засахад хэрэглэдэг багаж болох пүрш агшаагчийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг 2 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай байгууллага шинэ жил болоод хэд хоног ажил багатай тул амарсан байсан. Ингээд би нэг хувийн ажил гараад ажлаа эргэж харах гээд ажил дээрээ очиход машины пүрш агшаадаг багаж алга байсан. Тэгтэл танай ажлын Нацгаа ах аваад явж байсан гэж хүн надад хэлсэн. Миний тэр багаж бол Солонгос улсад үйлдвэрлэсэн багаж юм. Энд олдоц ховор байдаг тул би тэр багажаа цагдаагаас очиж авсан гэтэл зарим эд анги нь эвдэрсэн байсан. Би Нацагдорж ахаас 1.2 сая төгрөгийг бүгдийг нь нэхэмжлэхгүй, 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нацагдорж ах надад 2 сарын хугацаанд хохирлыг барагдуулах хүсэлтэй байгааг би зөвшөөрч байна.” гэв.

Гэрч С.Буд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын дундуур хоногийн сайн санахгүй байна намайг гадуур түр гараад ирэх хооронд Батбаярын засварын дэргэд будаг засвар хийдэг Баясааг байхад Батбаярын засварчин Нацагдорж гэх залуу машины пүрш агшаагч аваад гарч байхад нь Баясаа уулзаад ямар учиртай талаар нь асуусан чинь машины пүрш солих гэж байгаа юм гээд аваад гарсан байсан. Тухайн үед Батбаярын засвар түр зогсонги байдалтай байсан. Миний хувьд Нацагдоржийг пүрш агшаагч аваад гарч байхыг нь хараагүй харин Баясаа энэ талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-11/,

Хохирогч Д.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Ноёд” нэртэй, авто засварын газар ажиллуулдаг. Манай засвараас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нацагдорж гэх хүн авто сэлбэг хулгай хийсэн байсан. Үүнийг манай засвар дотор сэв замаска ажиллуулдаг Баясаа, Буд нар харсан байсан. Нацагдорж бид хоёр 2013 онд танилцсан. 2017 оны 11 сард манайд засварчинаар ажилд орсон юм. Нацагдоржийг пүрш агшаагч хулгай хийсэн болохыг харсан хүн байгаа. Харин цагдаагийн газар гаргасан өргөдөлд дурьдсан машины хурдны хайрцаг, тасдагч, машины эвэгч зэргийг хулгай хийсэн талаар надад харсан зүйл байхгүй, өөр бас ямар нэг хүн харсан зүйл байхгүй. Би Нацагдорж ахыг л авсан гэж бодож байна. Хэрэв гэрч гарч ирвэл Цагдаагийн байгууллагаар дахин шалгуулна. Би Пүрш агшаагчийн мөнгөө төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-7, 27/,

Гэрч О.Баясаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын дундуур хоногийн сайн санахгүй байна. Батбаяр засварын түрээсээ өгч чадахаа байгаад түр зогсонги байдалтай байхад тэдний ажилтан Нацагдорж нэрийг нь мэдэхгүй сүүлд Батбаяр тэр залуугийн нэрийг нь хэлээд би мэддэг болсон, тэр залуу улаан шаргал өнгийн пүрш агшаагчийг засварын газраас гарч байхад нь би таарсан. Тэгээд наадахаараа яах гэж байгаа юм бэ гээд асуусан чинь дээшээ очиж машины пүрш агшаах гэж байгаа юм гэж хэлээд аваад явсан. Сүүлд Батбаяр машины пүрш агшаагч алга болчихлоо гэхээр нь танай засварчин ах Нацагдорж чинь аваад гарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-12/,

Гэрч Ж.Жанчивдорж  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын дундуур хоногийн сайн санахгүй байна орой 18 цагийн үед “Мөнх-Оргил авто засвар дээр байхад зүс танихгүй халамцуу залуу улаан шаргал өнгйин пүрш агшаагч зарна гээд манай ажил дээр ирсэн.100.000 төгрөгөөр авчаач гээд байхаар нь би 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд пүрш агшаагчийг цааш нь хийгээд хэсэг байж байхад 2 сарын дараа шахам Батбаяр манай засварчин Нацагдорж засварын газраас миний пүрш агшаагчийг танд авчираад зарсан байна гэж хэлээд авий гээд гуйгаад байхаар нь би 150.000 төгрөгөөр буцаагаад Батбаярт зарсан... ” гэх мэдүүлэг. /хх-13/,

Хөрөнгийн Үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн алдагдсан эд зүйлд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх16-17/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Нацагдож нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Ноёд” нэртэй, өөрийн ажиллаж байсан авто засварын газраас автомашин засахад хэрэглэдэг багаж болох пүрш агшаагчийг нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь

шүүгдэгч А.Н-ийн: “Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажиллаж байсан “Их Ноёд” засварын газраас иргэн Батбаярын автомашин засахад хэрэглэдэг пүрш агшаагчийг аваад “Мөнх-Оргил” автозасвар дээр аваачаад эзэн нь гэх хүнд 100.000 мянган төгрөгөөр зарсан. Дээрх хэргийг би ганцаараа үйлдсэн. Одоо хохирлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Н-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Н нь хохирогч Д.Батбаярт 1.200.000 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд хохирогч гэм буруутай этгээдээс 800.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирлыг 2 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн тул төлбөрийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч А.Н-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, бага насны 2 хүүхэдтэй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч овогт А.Н-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар А.Н-д хорих ял оногуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар А.Н-ийг гэмт хэргийн хохирлыг 2 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Ннь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч  Д.Батбаярт олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР