Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 560

 

Ц.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Ц.Д-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ц-н Д-.

Ц.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дураар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 47-52 ГАА дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаж Л.Х-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Д-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Д-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.Д-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх ...Анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол ... “ хорих ял оногдуулахгүйгээр .... тэнсэж болно” гэж заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хүний амь нам хохирсон байхад гэм хорын хохирлыг хор уршиг арилсан гэж дүгнэх боломжгүй талаар гаргасан хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй гэжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж шүүгдэгч Ц.Д-ид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байдаг.

Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ халтиргаанд орж юм мөргөсний улмаас машины халаагуур болон гэрэл асахаа больсон байх бөгөөд тухайн цаг хугацаа нь өвлийн хүйтэн, тэрээр өөрөөр нимгэн хувцастайгаас гадна машинд нь сууж явсан 2 зорчигч маш ихээр даарч хөлдөх аюулд орсон гарцаагүй байдлын улмаас машины жижиг бүдэг гэрэлдээ найдан хөдөлгөөнөө үргэлжлүүлснээс үүдэн зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон байдаг.

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас харахад осол гарахад нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан. Учир нь амь хохирогч өндөр согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан гэрч, холбогдогч нарын мэдүүлгээр зам дээр түүнийг хэвтэж байсан гэдэг.

Ц.Д- нь хувийн байдлын хувьд эхнэр бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд одоо Говь Алтай аймагт нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаа, /гэмт хэрэгт холбогдох үедээ ажилд орохоор нутаг руугаа явж байсан/ анх удаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогчийн гаргасан хохирлын баримтуудыг шүүхээс үнэлсэн хэмжээгээр хохирлыг төлсөн, цаашид ч үр хүүхдийг нь харж хандана, дахин гарах зардлыг татгалзахгүйгээр төлөхөө илэрхийлсэн юм.

Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс хор уршиг арилаагүй байхад тэнссэн нь буруу гэдэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь харин ч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан заалтыг хүний амь нас хохирсон /жишээлбэл: 10.6, 27.10.3 гэх мэтчилэн/ хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэж болохгүй, хориглосон талаар тусгайлан хуульчлаагүй байхад давж заалдах шатны шүүхээс удаа дараалан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл хэрэглэж болох заалтыг хэрэглэж болохгүй мэтээр тайлбарлан анхан шатны шүүхэд жишиг тогтоож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх ойлголт нь энэ тохиолдолд хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх хуульчлагдсан үг хэллэгээр хэрэглэгдэнэ гэж ойлгож байгаа.

Харин энэ заалтыг анхан шатны шүүхээс хэрэглэхдээ хуульд авагдсан үг хэллэгийг иш татан дурдаж хэрэгт авагдсан нөхцөл байдлыг шийтгэх тогтоолдоо тодорхой дурдан зөв дүгнэн шийдвэрлэсэн билээ.

Иймд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилсан гэж дүгнэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналтай талаараа хэлдэг. Талийгаачийн хувьд Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх нь зөрчигдөж, амь насаа алдсан, 5 дугаар ангийн болон хоёр оюутан хүүхэдтэй бөгөөд хичээл номд нь зөөдөг байсан. Хүний амь нас хохирсон байхад 7,600,000 төгрөг өгөөд хор уршиг арилсан гэж дүгнэх боломжгүй. Ийм учраас давж заалдах гомдол гаргасан ба гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Харин шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байна.

Мөн шүүгдэгч Ц.Д-ийн мэдүүлгээс үзэхэд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Д-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Ц.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дураар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас тухайн зам тээврийн осол гаргаж Л.Х-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Ц.Д-ид холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Д-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэмжээ, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар тогтоогдсон 7,609,700 төгрөгийг хохирогчид бэлнээр төлсөн бичгийн хүсэлтийг үндэслэн хохирол төлөгдсөн гэж дүгнэсэн бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардал болон нотлох баримтын шаардлага хангаагүй үлдэх 1,481,940 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг үндэслэл, журам, түүний зорилго, холбогдох хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар гарсан тохиолдол бүрт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялыг тэнсэх зохицуулалтыг шүүхээс огт хэрэглэх ёсгүй гэж ойлгохоор, өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэр, гэм хорын хэр хэмжээг үл харгалзан шүүх заавал ял шийтгэл оногдуулах үүрэгтэй гэж ойлгогдохоор илт өрөөсгөл дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН