Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 12

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                Л.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй иргэний

                                                      хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс: 148/2016/00095/И

 

       Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                             Б.Батзориг

                                Шүүгчид                                    С.Оюунцэцэг

                                                                                    Г.Давааренчин

   Оролцогчид:

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч            Н.Эрдэнэцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч           А.Отгонбаяр

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 268 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй Л.Дэлгэрт холбогдох “Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Л.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“…Нэхэмжлэгч миний бие нь өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1317002254 дугаарт бүртгэлтэй 2 дугаар багт байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 40 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 50 м га газрын хамт 2009 оны 04 дүгээр сарын      29-ний өдөр 10.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөө харилцан тохирч Л.Дэлгэрийн гуйлтаар 8.000.000 төгрөгөөр худалдсан юм. 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр бэлнээр 5.000.000 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон юм.

Эхний төлөлт 2009 оны 06 дугаар сарын 10-нд 1.500.000 төгрөг, дараагийн төлөлтийг 2009 оны 08 дугаар сарын 10-нд төлж дуусахаар гэрээнд заагдсан боловч худалдан авагч тал гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа юм. Улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд бэлэглэлийн гэрээ хийж бүртгүүлсэн. Нэг ёсондоо эд хөрөнгөө худалдахдаа Л.Дэлгэр бид хоёрын хооронд 2 төрлийн гэрээ хийгдсэн болно. Худалдах, худалдан авах гэрээний дагуу Л.Дэлгэр нь үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгөхгүй надад маш их чирэгдэл учруулж хохироож байна. Л.Дэлгэрийн араас олон жил хөөцөлдөж байж 800.000 төгрөгийг өнгөрсөн онд авсан. Одоо үлдэгдэл 2.200.000 төгрөгийг өгөхгүй олон жил намайг хохироож байна.

Тиймээс миний бие нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар эд хөрөнгөө буцааж авахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Л.Дэлгэр бид хоёрт төрөл садан, ах дүүгийн харьцаа байхгүй, түүнд би эд хөрөнгөө бэлэглэх асуудал байхгүй, анх худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг Л.Дэлгэр өөрөө хийж надаар гарын үсэг зуруулж нотариатаар батлуулсан.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Л.Дэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“…Л.Төмөрбаатарын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны үлдэгдэл мөнгө өгөхгүй гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Л.Төмөрбаатарын эзэмшлийн 50м2 талбай бүхий 40 м2 үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцож худалдаж авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийг анх надад худалдахдаа байшингийн барилгыг палкаар барьсан гэж хэлж худалдсан боловч байшингийн шавар унан цаад барьсан барилгын материал нь зах банзаар барьсан чанар муутай барилга байсан. Ингэж надад тус барилгаа палк буюу чанартай барилгаар барьсан хэмээн худал хэлсэнд би гомдолтой байдаг. Тус барилгын чанар муу, өвөл ашиглахад маш хэцүү маш хүйтэн байснаас тус барилгыг янзалж ашиглах хөрөнгө мөнгөний боломжгүйгээсээ болоод одоог хүртэл ашиглаагүй хэвээр байгаа. Би хэд хэдэн удаа мөнгөний боломж гарвал үлдэгдэл мөнгийг нь төлөн хохиролгүй болгох санал тавьсан боловч хүлээж аваагүй...” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 268 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Төмөрбаатарын хариуцагч Л.Дэлгэрт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсгийн эхэнд нэхэмжлэгч Л.Төмөрбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Л.Дэлгэр нь үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгөхгүй надад маш их чирэгдэл учруулж байна. Дэлгэрийн араас олон жил хөөцөлдөж байж 800.000 төгрөгийг өнгөрсөн онд авсан. Одоо үлдэгдэл 2.200.000 төгрөгийг өгөхгүй олон жил намайг хохироож байна. Бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж тодорхойлж бичсэн атлаа мөн тэр хэсэгт болон шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэцэцэгийн хэлж яриагүй, мөн шүүх тэмдэглэлд ч тусгагдаагүй зүйл болох “Л.Дэлгэр нь 2009 оны 04 дүгээр сарын 29-нд надад 5 сая төгрөг шилжүүлсэн. Түүний дараагаар 3 сая, мөн 2 жилийн дараа 800.000 төгрөг өгсөн. Одоогоор 2.200.000 төгрөг үлдсэн байгаа” гэж ор үндэсгүй, ойлгомжгүй зүйл бичсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон бодит байдал дээр 8 сая төгрөгөөр худалдахаар тохирч 5 саяыг авсан. Дараа нь 800.000 төгрөг нэмж өгсөн Үлдэгдэл 2.200.000 төгрөг төлөгдөөгүй байгаа нь тодорхой байгаа юм.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар... үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх тул..., нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв...” гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч Л.Төмөрбаатар нь 2014 онд энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, энэ асуудлаар 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1411 тоот шүүгчийн захирамж /хх-12 дугаар тал/ байхад мөн хариуцагч талаас зээлээр эд хөрөнгө худалдах, худалдан авах болон бэлэглэлийн гэрээ хийснээс хойш 2 жилийн дараа 800.000 төгрөг төлсөн хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн өгсөн тайлбар байхад, хөөн хэлэлцэх хугацаа тасарсан, түр зогссон үндэслэл тогтоогдоогүй, хугацаа сэргээх хүсэлт гаргаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Монгол Улсын Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа төлсөн..., тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохоор хуульчлагдсан байна. Мөн Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн заалтыг зөрчиж шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан, хуулийн нэр, зүйл, хэсэг заалтыг тодорхой зааж...” гэснийг баримтлаагүйгээс шүүхийн шийдвэр ойлгомжгүй болсон байна

Худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлж байгаа тохиолдолд эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байхыг шаарддаг. Дээрхи гэрээнд эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн тухай тэмдэг тэмдэглэгээ байхгүй байна. Энэ утгаараа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Нөгөө талаар дээрхи гэрээ нь агуулга, хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд 263, 264 дүгээр зүйлд заасан үр дагавар үүсдэг, өөрөөр хэлбэл худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч гэрээнээс татгалзсанаар авсан өгсөн бүх зүйлээ харилцан буцаах үүрэг, үр дагавар үүсдэг болохыг анхаарах нь зүйтэй байна. Ингэж зээлээр худалдах, худалдан авах хэлцэл хийсний дараа мөн өдөр бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг мөнгөө бүрэн төлөөгүй худалдан авагч тал шилжүүлж авсан байдаг. Бэлэглэлийн гэрээ нь хуульд зааснаар хариу төлбөргүй хийгддэг хэлцлийн төрөл юм. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан “...өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн...” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Л.Дэлгэр манай гэрийн хаалга тогшоод орж ирсэн, би тухайн үед гэртээ жирэмсэн төрөх гээд байж байсан. Тэгээд 8.000.000 /найман сая/ төгрөгөөр худалдан авахаар тохирсон, үүнээсээ 5.000.000 /таван сая/ төгрөгийг өгсөн. Одоо би байраа авч, мөнгийг нь буцааж өгмөөр байна.

Хариуцагчтай байгуулсан гэрээнээсээ татгалзаж байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулмаар байна гэв.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Л.Төмөрбаатар нь  хариуцагч Л.Дэлгэрт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай  нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбараас үзвэл:  Нэхэмжлэгч Л.Төмөрбаатар, хариуцагч Л.Дэлгэр нар нь 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалтай, 40м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 8.000.000 төгрөгөөр  худалдах худалдан авах гэрээг,  тус хөрөнгийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдон бэлэглэлийн гэрээг тус тус  байгуулжээ. 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр  хариуцагч Л.Дэлгэр  нь  үл хөдлөх хөрөнгийн үнэд 5.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн боловч тэрхүү үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”  гэж тодорхойлсон атлаа шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хариуцагч Л.Дэлгэр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг буюу үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл үнэ 2.200.000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, худалдсан хөрөнгөө буцаан гаргуулах гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа  өөрөөр тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болон өөрчилсөн талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь  тодорхойгүй, хоёрдмол утга агуулга бүхий, өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эсхүл  нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаад байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Мөн нэхэмжлэгчийн хариуцагчаас буцаан гаргуулна гэж буй үл хөдлөх хөрөнгө нь зохигчдын хэний өмчлөл, эзэмшилд байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, үл хөдөлөх хөрөнгө нь зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байхад шүүх  зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд  нэхэмжлэгчийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж  дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, мөн  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул   шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2016  оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай. 

 

2. Нэхэмжлэгч Л.Төмөрбаатар нь  давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн  2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1178 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                Г.ДАВААРЕНЧИН