| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1330/э |
| Дугаар | 1381 |
| Огноо | 2018-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 1381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А овогт Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0700 91640 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн А овогт Э.Э, 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Монголын цахилгаан холбоо ХХК-ийн зүүн бүсийн салбарын ахлах инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 16-53 тоотод оршин суух хаягтай, /РД:......................../,
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ны ажлын байранд иргэн Т.Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “8 дугаар сарын 07-ны өдөр ажил тарах үед хамт олноороо нэг шил архи задлаад бид нар уусан байсан. Тэгээд би 00 орох гэхэд манай нэг ажилтан шинээр орсон ажилтантай маргалдаж байхаар нь болиулах гэхэд Батцэцэг гэж манай ажилтан ирэхээр нь би цааш түлхсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Т.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Эрдэнэбатад хандаж та одоо яагаад ажилтныг дээрэлхээд байгаа юм гээд урдуур нь гараараа алдалтал намайг хойш нь их хүчтэй түлхсэн. Би хойш ухарч хөлний булчин хэсгээр турба төмөрт тээглээд хойшоо толгойны ар дагз хэсгээр хана мөргөөд унахад гаднаас Төмөрбат, Оюунчимэг, Лхагвадорж нар орж ирээд намайг Эрдэнэтуяа эгч намайг босоход туслаад босготол Эрдэнэбат надад хандаж чи миний хайр Болор-Эрдэнийг дарамталдаг гээд миний энгэрээс заамдаж буйдан руу унатал миний үснээс 2 гараараа үснээс зулгааж хаалга хэсэг рүү чирсэн. Би Мөнгөн гүүр эмнэлэгт тархины зураг, шинжилгээ-150000 төгрөгөөр хийлгэсэн, тархины эм 30000 төгрөгөөр авч уусан, бариачид 20000 төгрөг өгч толгойгоо бариулсан. Энэ асуудлаас болж 3 өдөр ажилдаа явж чадаагүй, миний нэг өдрийн цалин 32500 төгрөг байдаг энэ бүхнийг нэхэмжилнэ. Нийт 297500 төгрөг нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг. /хх-17-18/,
Гэрч Л.Батбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нойл ороод буцаж яваад даргын өрөө рүү орох гэж яваад Эрдэнэбат ахтай таараад Шижирээ намайг мөрлөөд байна гэж хэлээд бид 2 Шижирээгийн араас подволийн давхарт байдаг кабельчдын өрөөнд орсон. Батцэцэг, Эрдэнэбат нар маргаж Батцэцэг Эрдэнэбатын цамцнаас бариад автал Эрдэнэбат Батцэцэгийг хойш түлхэхдээ миний хамар луу гараараа цохьсон… ” гэх мэдүүлэг. /хх-25-26/,
Гэрч Т.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Эрдэнэбат Батцэцэгийн нүүрэн хэсэгт нь гараараа түлхэж арын орлуу түлхэж унагаад 2 гараараа үснээс нь зулгаагаад орноос газарт буулгаж чирсэн. Эрдэнэбатын нэг гарт нь Батцэцэгийн зүүж явсан нүдний шил нь байсан болохоор суларсан…” гэх мэдүүлэг. /хх-27-28/,
Гэрч Б.Шижир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэбат гэх хүн согтуу орж ирээд надад чи шинээр ажилд орсон байж яагаад томроод байгаа юм бэ гээд миний цээжин хэсэгт түлхсэн. Би тоолгүй хувцасаа солиод байж байтал Эрдэнэбат намайг цохих гээд далайж байтал Батцэцэг инженер орж ирээд болиулсан. Эрдэнэбат, Батцэцэг хоёр маргалдаж эхэлтэл Эрдэнэбат, Батцэцэг эгчийн үснээс зулгаагаад өрөөн дотор чирсэн…” гэх мэдүүлэг. /хх-29-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9705 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Э.Э нь нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ны ажлын байранд иргэн Т.Батцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Батцэцэг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Э-ыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Энь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Батцэцэгт 297.500 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР