Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00435

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00435

 

 

***********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/03498 дугаар шийдвэртэй,

***********ын нэхэмжлэлтэй, ***********д холбогдох,

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: .Мөнхжаргал нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3-р хороо 115А байрны А604 тоот 48,07 м.кв талбай бүхий сууцанд 2017 оноос хойш түрээсийн төлбөр төлөхгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Нэхэмжлэгч нь 2011 оны 11 дүгээр сараас Ялгуусан ХХК-д менежерээр 2021 оны 7 дугаар сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд өөрийн эрдэс нунтаг боловсруулах машиныг компанидаа ашиглуулж харилцан тохиролцож орлогын тодорхой хувийг авч байсан,одоо ч ашиглуулж байна. Энэхүү тохиролцооны үндсэн дээр бий болсон мөнгөөр дээрх байрыг худалдан авхуулж өөрийн нэр дээр хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээ гаргуулсан. Ажлаас өөрийн хүсэлтээр гарсны дараа компанитайгаа тооцоо нийлж өөрийн нэр дээрх байраа суллуулан авахаар тохиролцсон.

Гэвч тус компани миний байранд өөрийн ажилтан ***********ыг ямар ч үнэ төлбөргүй амьдруулж байсан ба *********** нь компанитайгаа 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж байрны төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 19 ны өдрийн дотор 100% төлж барагдуулна эс бөгөөс 2022 оны 03 дугаар сарын 15 ны өдрийн дотор суллаж өгнө хэмээн тохиролцсон. Гэвч *********** нь компанитайгаа нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй, байр суллах шаардлага тавихад өнөөдрийг хүртэл сууцыг нөлөөлж өгөхгүй байх тул албадан чөлөөлж өгнө үү

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч нь Ялгуусан ХХК-д 2016 оны 05 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл захирлын туслах, хүний нөөцийн ажилтан албан тушаалд ажиллаж байсан. Тухайн байгууллагад ажилд орохдоо шөнийн захын байранд сууц түрээслэн амьдарч байсан. Байгууллага цалингаа цаг тухай бүрд нь олгодоггүй байсан учир түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрч, байраа чөлөөлж өгөх болж компанийн захирал Л.Санжаадоржид хэлсэн. Нөхцөл байдлыг захирал ойлгож өнөөдрийн амьдарч байгаа сууцыг Мастер зуурмаг ХХК-аас хайрга чулуу нийлүүлэх бартерын гэрээгээр худалдан авч 2016 оны 10, 11 дүгээр сарын үед нүүж орж өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Нэхэмжлэгч *********** энэ байрны хууль ёсны өмчлөгч хэдий ч тухайн үед Ялгуусан ХХК нь өөрийн хайрга дайргыг борлуулан өмчлөх гэрчилгээг ***********ын нэр дээр гаргуулан авч байсан компани өөрийн худалдан авч байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ажилтны нэр дээр худалдан авдаг.

***********ын нэхэмжлэлд 2021 оны 07 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх үедээ өөрийн нэр дээрх байраа суллуулан авахаар тохиролцсон гэж бичсэн байна. Энэ үед байгууллага надтай 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан байтал яагаад байрыг чөлөөлүүлэхээр нэхэмжилсэн асуудлыг ойлгохгүй байна.

Төлбөр барагдуулах хэлцлийг санал асуулгүй Л.Санжаадорж захирлын хуулийн зөвлөх Р.Сүхбаатар ганцхан жилийн хугацаатай хийж гэрт ирж гарын үсэг зуруулсан.

Тухайн үед хэлцэл дээр Ковид-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан төлж барагдуулна гэж өөрийн гар бичмэлээр тодруулга бичсэн. Гэвч Монгол улс Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хүнд байдалд орж нөхөрт маань ажлын олдоц эрс буурч өдөр тутмын хэрэглээний мөнгөнөөс илүү гарч чадахгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Л.Санжаадорж захирал албан байгууллага дээрээ арга хэмжээ зохион байгуулж, улмаар хариуцагчид бэлгийн дарамт үзүүлэх гэж оролдсон тул ажлаас гарах өргөдлөө өгсөн.

Л.Санжаадорж захиралд сууцны төлбөрийн хугацааг жаахан сунгаж өгөөч гэхэд боломжгүй гэдэг хариу ирүүлсэн.

Энэ сууцыг албадан чөлөөлөхөд манай гэр бүл 4 настай, болон 11 сартай 2 хүүтэйгээ очих газар байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, 6 жил амьдарсан байраа чөлөөлж өгөхгүй. Төлбөр төлөх боломж бидэнд олгож өгөхийг хүсье гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***********ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 115а байрны А604 тоот 48.07 м.кв 2 өрөө орон сууцыг хариуцагч ***********ын эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***********т олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1."Ялгуусан" ХХК нь цалингаа цаг тухай бүр өгдөггүй байсан. Тухайн үед манай компаниас өгөөгүй цалиндаа тооцож дээрх сууцанд нүүлгэж оруулсан.

Тус байрыг бид 91,333,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохирсон байдаг.

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй", 106 дугаар зүйлийн 106.4.Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна" гэж заасан.

Хэдийгээр би төлбөрөө төлөөгүй байгаа боловч төлөхөө илэрхийлж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч *********** нь хариуцагч ***********д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 115а байр, А604 тоот 48,07 м.кв талбайтай 2 өрөө сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /17062, Үйлдвэр гудамж, 115а байр, А604 тоот хаягт байршилтай, 48,07 м.кв хоёр өрөө сууцны өмчлөгч *********** болох нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206057473 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ./хх4/

2.б. Хариуцагч *********** 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ялгуусан ХХК-тай төлбөр барагдуулах хэлцлээр Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 115а байрны А604 тоот 48,07 м.кв 2 өрөө орон сууцыг 91,333,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2022 оны 01 дүгээр сарын 19 ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нөхцөлд орон сууцыг ***********ын өмчлөлд шилжүүлэхээр, төлөөгүй тохиолдолд 2022 оны 03 дугаар сарын 15 ны өдрийн дотор суллаж өгөхөөр тохиролцсон гэрээ авагджээ. /хх9/

2.в. Ялгуусан ХХК нь А604 тоот сууцны өмчлөгч байхдаа дээрх гэрээг байгуулсан боловч хариуцагч *********** нь төлбөр барагдуулах хэлцлийн үндсэн дээр төлбөр төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, улмаар хууль ёсны өмчлөгч Ялгуусан ХХК нь А604 тоот сууцаа захиран зарцуулж ***********т өмчлөх эрхийг гэрээгээр шилжүүлсэн байна.

Маргааны зүйл болох А604 тоот сууцны өмчлөгч байсан Ялгуусан ХХК-тай хариуцагч цалингийн тооцоотой байх нь ***********т хамааралгүй юм.

Иймд нэхэмжлэгч *********** нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

3. Давж заалдах гомдлын талаар:

Хариуцагч нь Ялгуусан ХХК-аас цалингийнхаа тооцоонд А604 тоот сууцыг авсан талаар давж заалдах гомдолдоо дурдсан.

3.а. Төлбөр барагдуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хэлцлээр төлбөр төлөгч нь 100 хувь төлбөрөө төлөөгүй бол 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор байрыг суллуулан авахаар талууд тохиролцсон баримт хэрэгт авагдсан.

Хариуцагч *********** нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тус хэлцэлд заасан 2022 оны 03 дугаар сарын 15 ны өдрийн хугацаа өнгөрснөөр хариуцагчийн эзэмшил хууль бус болсон байна. Хариуцагч ***********ыг тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/03498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД