| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1308/э |
| Дугаар | 1406 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогч Л.Ичинхорлоо, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,
шүүгдэгч А.М өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцон тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Т овогт А.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0054 80299 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т овогт А.М, 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөг, засал чимэглэл мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь-Эх, 1 дүгээр гудамж, 1117 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/…............/,
Шүүгдэгч А.М нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг, Сансарын тунелийн зүүн талын явган хүний гарцтай замд Д.Атарсайханы эзэмшлийн Хюндай Портер маркийн 30-02 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч /76 настай, эмэгтэй/ Л.Ичинхорлоог мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, миний буруугаас энэ осол гарсан. Би хөгжлийн бэрхшээлтэй дүү, бие муутай ээжийн хамт амьдардаг бөгөөд хүнээс машин зээлээр авч амьдралаа өөд нь татах санаатай ажил хийж яваад ийм байдалд орлоо. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. Хохирогчид эмчилгээний зардал гэж 1 сая төгрөгийг нөхөн төлсөн, даатгалын байгууллагаас 3.336.000 төгрөгийг өгсөн. Эмчилгээний үлдэх 811.579 төгрөгийг би хоёр сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Л.Ичинхорлоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 25-нд би амралтанд явах гээд дэлгүүрээс оо сойз авах гээд гэрийнхээ хойд талын дэлгүүр орох гэж явган хүний гарцаар гарах гээд явж байтал гэнэт нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороод ухаан орон гаран байж байгаад маргааш өглөө нь бүрэн сэргэсэн. Чих маань ослоос болоод юм дуулахдаа муу болсон. Бас намайг мэдрэлийн эмчид үзүүлж байгаарай гэсэн. Миний эмчлгээний зардал нийт 5.147.579 төгрөг болсон. Даатгалын байгууллага 3.336.000 төгрөг, шүүгдэгч 1 сая төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэх зардал 811.579 төгрөг үлдсэн. Шүүгдэгч нь миний үлдсэн хохирлыг 2 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байна. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрсөн. Мөн би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.
Хохирогч Л.Ичинхорлоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 50 минут орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансарын тунелын зүүн талын уулзварын урд талын автобусны буудлын урд талын явган хүний гарцаар зүүнээс баруун тийш гараад замын гол хэсэгт очиж явтал урд талаас хойшоо чиглэлтэй ирж явсан ачааны Портер машин ирээд миний зүүн хажуугаас мөргөсөн. Тэгтэл би газар шидэгдээд баруун талаараа унасан. Тэгээд байж байтал түргэний машин ирээд намайг аваад явсан. Тэгээд маргааш нь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаагаа мэдсэн.” гэх мэдүүлэг. /хх-19-20/,
Гэрч С.Батсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 50 минут орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансарын тунелын зүүн талын уулзварын урд талын автобусны буудлын урд талын явган хүний гарцаар гарах гээд зам дээр иртэл явган гарцан дээр манай орцны оршин суугч Ичинхорлоо Портер машинд мөргүүлчихсэн цагдаа, жолооч 2 хоёр талаас нь өргөөд босгож байсан. Тэгээд очсон чинь манай оршин суугч байсан. Тэр хүний чихнээс цус гараад өөрөө цусаа арчиж байсан. Тэгээд би цагдаад наад хүн чинь манай оршин суугч байна. Би гэрийг нь мэднэ, хэл хүргье гээд яваад байрны гадаах тоглоомын талбай дээрх хүмүүст очиж хэл хүргээд гэрийнхэнд нь хэлүүлсэн.” гэх мэдүүлэг. /хх-24-25/,
Шинжээчийн ¹8000 дугаартай дүгнэлтэд: “Л.Ичинхорлоогийн биед гавлын суурь яс, баруун чамархай ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх цус хуралт, тархи доргилт, зүүн бугалга, баруун тохой, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмарийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” Гэх дүгнэлт. /хх-35/,
Техникийн шинжээчийн №445 дугаар дүгнэлт: “1. Хюндай Портер маркийн 30-02 УБГ улсын дугаартай автомашины жолооч А.Мнь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Л.Ичинхорлоо нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” /хх-45/,
Иргэний хариуцагч Д.Атарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Х.Портер маркийн ачааны 30-02 УБГ дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг. Гэхдээ хуурай дүү А.Мөнхбатад зарсан юм. Нэрээ шилжүүлэх гэсэн чинь торгуультай болохоор торгуулиа би төлж байж нэрээ шилжүүлж өгөх юм. Миний зүгээс уг автомашиныг А.Мөнхбатад зарсан болохоор Мөнхбат хохирогчийн эмчилгээний төлбөрийг төлж барагдуулах байх” гэх мэдүүлэг. /хх-108-109/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-10/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/, Өвчний түүх /хх-49-61, 63-71/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-79/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83/, Хохирогчийн эмчилгээнд зарцуулсан баримтууд /хх-95-107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч А.Мнь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 50 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг, Сансарын тунелийн зүүн талын явган хүний гарцтай замд Д.Атарсайханы эзэмшлийн Хюндай Портер маркийн 30-02 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч /76 настай, эмэгтэй/ Л.Ичинхорлоог мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь
Хохирогч Л.Ичинхорлоогийн: “Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны 13 цаг 50 минут орчим …автобусны буудлын урд талын явган хүний гарцаар зүүнээс баруун тийш гараад замын гол хэсэгт очиж явтал урд талаас хойшоо чиглэлтэй ирж явсан ачааны Портер машин ирээд миний зүүн хажуугаас мөргөсөн” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Батсүхийн: “…автобусны буудлын урд талын явган хүний гарцаар гарах гээд зам дээр иртэл явган гарцан дээр манай орцны оршин суугч Ичинхорлоо Портер машинд мөргүүлчихсэн цагдаа, жолооч 2 хоёр талаас нь өргөөд босгож байсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Л.Ичинхорлоо хавтаст хэрэгт нотлох баримтаар 5.147.579 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 4.336.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн ба үлдэх 811.579 төгрөгийг хоёр сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөн хохирогч Л.Ичинхорлоо нь өөрт учирсан хүнд гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэмэжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.
Шүүх шүүгдэгч А.М-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Мнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.М-с нийт 811.579 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ичинхорлоод олгохоор дурьдсугай.
6.Хэрэгт хураагдан ирсэн А.М-ын №928657 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Тээврийн цагдаагийн албанд шилжүүлсүгэй.
7. Хохирогч Л.Ичинхорлоо нь өөрт учирсан хүнд гэмтлийг цаашид эмчилүүлэхэд гарсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.М-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР