Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1415

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

            нарийн бичгийн дарга Г.Номин,                           

            улсын яллагч Ч.Батбаяр,

            шүүгдэгч Г.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Г.О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0540 91520 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв . 

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт Г.О, 1998 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг Их сургуулийн эрх зүйн ангийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, ах эгч нарын хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, …............. тоот регистрийн дугаартай,

            Шүүгдэгч Г.О нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 47-711 тоотод хохирогч Ж.Ганчимэгийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Г.О нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 100.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.

            Хохирогч Ж.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би багын найз Оюун-Эрдэнэд зээлүүлсэн мөнгө авах гээд гэрт нь очсон юм. Тэгээд мөнгөө нэхээд байж байтал Оюун-Эрдэнийн дүү гаднаас орж ирээд эгчдээ “би таньд хэлдэг биз дээ, ийм арчаагүй хүмүүстэй хамт ажиллаад хэрэггүй гэж хэлээ биз дээ” гэснээ “та нар эгчээр өдөр шөнөгүй ажил хийлгээд мөнгийг нь өгдөггүй биз дээ” гэж хэлээд намайг орон дээр сууж байхад шууд үсдээд доош нь дараад гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Тэр үед нь би тэр дүүг нь зөрүүлээд үсдээд бид хоёр нэг, нэгнийгээ үсдсэн. Хойш ухарч байхад би гишгэгдэл алдаад оёдлын машинд тээглээд газар ойчиход Оюун-Эрдэнийн дүү миний дээр гараад нэг гараараа үсдээд нэг гараараа миний нүүрэн тус газар цохих болон маажсан. Тэгээд Оюун-Эрдэнийн эрэгтэй дүү орж ирээд бид хоёрыг салгасан. Миний эмчилгээний зардал 100.000 төгрөг гарсан. Мөн Оюун-Эрдэнийн надаас зээлсэн 50.000 төгрөгийг нэмээд нийт 150.000 нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх-39--40/,

            Гэрч Г.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш 16 цагийн орчим Ганчимэг согтуу машинтайгаа манайд ирээд найз нь чамаас 50.000 төгрөг авах ёстой юм байна гэхээр нь би ажлын хөлснөөс суутгаагүй юм уу гэж асуухад “үгүй тийм асуудал байхгүй” гэж хэлэхээр нь “надад мөнгө алга нөхөр ирэхээр нь өгье” гэсэн чинь “та нар шиг юмнуудад ямар ч мөнгө байхгүй” гээд биднийг гуйлгачин гэх мэтээр доромжилж байхад нь манай эмэгтэй дүү Оюундэлгэр “та архиа зөв шингээгээч, архи ууж ирчихээд айлд агсам тавиад байх юм” гэсэн чинь “чам шиг тэнэг охин намайг хөөдөг хэн бэ” гээд манай дүү Оюундэлгэрийг үсдээд авсан чинь Оюундэлгэр үсдүүлсэн гарыг нь тавиулах гэж Ганчимэгийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан. Үсдэж дарсан байхад нь Оюундэлгэр зүүн гараараа Ганчимэгийн зүүн хацар луу нь нэг удаа алгадсан... “ гэх мэдүүлэг. /хх-40/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6619 дугаартай дүгнэлт:

1. Ж.Ганчимэгийн биед ураг зулбахын завдалт, хүзүүний зулгаралт, зүүн чихний дотор гадаргуун зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /xx-17/ Хохирогч Ж.Ганчимэг хохирол төлбөр төлсөн, гомдол саналгүй тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгч Г.О нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 47-711 тоотод хохирогч Ж.Ганчимэгийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

            Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

            Прокуророос шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Г.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй тухай хүсэлт болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Х овогт Г.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.О-ийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

            4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР