Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00458

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00458

 

 

Х-ийн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03767 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х-ийн ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц- ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 90,314,585 төгрөгийг болон 1,287 ширхэг буюу 100,545,500 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг биет байдлаар гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Талууд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч нийт 2367 ширхэг бараа материалыг хүлээн авсан бөгөөд 1080 ширхэг бараа, материалыг буцаан өгч, үлдэх 1287 ширхэг барааг өнөөдрийг хүртэл буцаан хүлээлгэж өгөөгүй, ашигласаар байна. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж түрээсийн төлбөр 81,543,050 төгрөг, 1428 ширхэг бараа материал дутуу байгааг баталгаажуулсан. Хариуцагч компанийн захирал Б.Ц нь санхүүгийн асуудалтай учраас төлбөр төлөх хугацааг хойшлуулж бараа материалыг цутгалтын ажил дуусахаар хүлээлгэж өгөөд, төлбөр тооцоог дуусгахаар тохирсон боловч 141 ширхэг барааг буцаан өгч, үлдэх 1287 ширхэг барааг буцаан өгөөгүй. Мөн 155 ширхэг бараа материалд хохирол учруулсан. Хохирлын төлбөрийг гэрээний 7.4-т зааснаар тооцоход 2,713,000 төгрөг болсон. 1287 ширхэг бараа, материалын үнэ 100,545,500 төгрөг болно. Иймд хариуцагчаас гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 90,314,585 төгрөг, буцаан хүлээлгэн өгөөгүй байгаа 1287 ширхэг буюу 100,545,500 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг биет байдлаар тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Уг актаар түрээсийн төлбөрт 81,543,050 төгрөгийн үлдэгдэл гарсан боловч бодит байдлыг тохироогүй. Өвөл барилгын ажил зогсдог тул манай компани үйл ажиллагаагаа явуулаагүй тул ажиллаагүй хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж үйл ажиллагаагаа явуулсан. Түүнчлэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд бараа материал ашиглаагүй бөгөөд бараа материал, эд зүйлийг үнэлсэн үнэлгээ хэт өндөр байна. Манай компани зарим бараа материалыг хулгайд алдсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5, 296 дугаар зүйлийн 296.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц- ХХК-иас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 90,314,585 төгрөг болон 1287 ширхэг буюу 100,545,500 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг биет байдлаар нь тус тус гаргуулж нэхэмжлэгч Х-ийн ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х-ийн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,270,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц- ХХК-иас 1,270,201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-ийн ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэхээр заасан. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт шаардлагатай тохиолдолд утсаар мэдэгдэж болохоор заасан боловч утсаар мэдэгдээгүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Х-ийн ХХК нь нэхэмжилж буй түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 90,314,585 төгрөг, буцаан хүлээлгэн өгөөгүй байгаа 1287 ширхэг буюу 100,545,500 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг биет байдлаар гаргуулах шаардлага нь хэт өндөр үнэлгээгээр тооцоолон гаргасан дүн юм. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 81,543,050 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан нь бодит үнийн дүнгээс зөрүүтэй байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх хуульд заасны дагуу хариуцагчтай утсаар холбогдож товыг мэдэгдсэн. Мөн шүүх хуралдааныг товлоход шүүгчийн туслах болон миний бие хамт байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө товлох гэсэн боловч хариуцагч хөдөө явж байна гэсэн учир 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр товлохоор харилцан тохиролцож, шүүх хуралдааныг товлосон. Мөн шүүх хуралдаанаас өмнө эвлэрэх саналтай байгаа эсэхийг асуусан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасан. Мэдэгдсэн болон баримтжуулсан баримт хэрэгт авагдсан. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн болно. Мөн хариуцагч барилгын туслах материал нийлүүлэх гэрээ хэт өндөр үнийн дүнтэй, хавсралт 2 байхгүй гэж тайлбарласан. Тооцоо нийлсэн акт болон гэрээний хавсралтууд авагдсан. Талуудын хооронд үүссэн тооцооны дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан. Мөн хариуцагчийн гарын үсэг зурагдаж тамга, тэмдэг дарагдсан. Хэт өндөр үнээр үнэлснийг хариуцагч тал нотлох үүрэгтэй боловч нотлоогүй. Нотлох баримтыг манай компани хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бөгөөд нотариатаар баталгаажуулж шүүхэд гаргаж өгсөн. Нотариатч гарын үсэг, тамга байхгүй баримтыг батлах боломжгүй. Ийнхүү хуульд заасан арга хэрэгслээр гаргаж өгсөн баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаас 363 ширхэг буюу 23,293,500 төгрөгийн бараа материалаас татгалзаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2. Нэхэмжлэгч Х-ийн ХХК нь хариуцагч Ц- ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 90,314,585 төгрөгийг болон 100,545,500 төгрөгийн үнэ бүхий 1,287 ширхэг бараа материалыг биет байдлаар гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 11 сараас 4 сар хүртэл хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй, бараа материал үнэлсэн үнэлгээ хэт өндөр, зарим бараа материалыг хулгайд алдаж цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Талууд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж ашиглуулах, хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх 8-10/

Түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дууссан боловч 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гэрээний харилцаа үргэлжилсэн талаар талууд маргаагүй. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж буруу тодорхойлжээ. Учир нь гэрээний зүйл барилгын туслах бараа материал байх ба барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд зориулж түрээсэлсэн байна.

Хариуцагч ашиг орлого олох буюу аж ахуй эрхлэх зорилгоор уг гэрээг байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Хэргийн баримтаар нэхэмжлэгчид хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 81,543,050 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 8,771,535 төгрөг, нийт 90,314,585 төгрөгийг төлөөгүй, түрээсэлсэн 1,287 ширхэг барилгын туслах материалыг буцаан өгөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Б.Ц-д мэдэгдсэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 9 дугаартай баримт хэрэгт авагджээ. Иймд шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.2. Хариуцагч нь 11 сараас 4 сар хүртэлх хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар талууд гэрээгэээр тохиролцоогүйгээс гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 81,543,050 төгрөг болсон талаар хоёр тал тооцоо нийлж акт үйлдсэн байна. Иймд энэ талаарх гомдол үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгч 100,545,500 төгрөгийн үнэ бүхий 1,287 ширхэг бараа материалыг биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь бараа материал үнэлсэн үнэлгээ хэт өндөр, зарим бараа материалыг хулгайд алдсан гэж маргажээ. Хариуцагч бараа материалыг үнэлсэн үнэлгээ хэт өндөр гэж маргасан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх ба түрээсэлсэн эд хөрөнгийг хулгайд алдсан нь гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байх чөлөөлөх үндэслэл болохгүй.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь 363 ширхэг бараа материалыг хариуцагчид буцааж өгсөн үндэслэлээр 90,314,585 төгрөгийг болон 76,252,000 төгрөгийн үнэ бүхий 924 ширхэг бараа материалыг биет байдлаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ц- ХХК-аас 90,314,585 төгрөгийг болон 924 ширхэг барилгын туслах материалыг гаргуулан нэхэмжлэгч Х-ийн ХХК-д олгосон өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/03767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц- ХХК-аас 90,314,585 төгрөгийг болон 76,252,000 төгрөгийн үнэ бүхий 924 ширхэг бараа материалыг биет байдлаар тус тус гаргуулж нэхэмжлэгч Х-ийнХХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,112,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БЯМБАСҮРЭН