Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00460

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00460

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03458 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э Д.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 329,710,352 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч нар нь Х ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж 150,000,000 төгрөгийг хувьсах хүүтэй жилийн 19,2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээл авсан. Хувьсах хүүгийн хэмжээг банк нь өөрийн санаачилгаар жил бүрийн 06 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн тогтоож болох бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/204 дугаар тушаалаар зээлийн хүүг 18 хувь болгож бууруулсан. Зээлийн барьцаанд Д.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206035568 дугаартай Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 00  байр 00 тоот хаягт байршилтай, 96.28 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 3,727,578,54 төгрөг, хүүгийн төлбөрт 26,119,873,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,610.64 төгрөг нийт 29,862,062 төгрөг төлсөн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээг авч, төлбөрийг төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөрийг төлөөөгүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлдэгч нараас 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 146,272,421 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182,503,043 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 908,387 төгрөг, 329,683,852 төгрөг гаргуулах, нотариатын зардалд 26,500 нийт 329,710,352 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Д.Э-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О ажилтан н.Г нартай уулзаж зээлийн хорооны хурлаар хэлэлцэж баталсан зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү болох 183,411,430 төгрөгийг 100 хувь хөнгөлж чөлөөлж зөвхөн үндсэн зээлийн 150,000,000 төгрөгөөр хаах шийдвэрийг дахин хурлаар оруулж өгөх хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн хариуг хүлээж байна. Учир нь зээл аваад уг зээлийг 2016 оны 01 дүгээр сарыг хүртэл асуудалгүй төлж гэрээний үүргээ гүйцэтгэж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тул нэхэмжлэгч байгууллагад хүүг зогсоох тухай хүсэлт гаргасан боловч хариу арга хэмжээ аваагүй. Мөн 2020 оны 9 сард буюу ковид цар тахлын үеэр дахин хүсэлт гаргасан. Гэтэл 2020 оны 10 сард хурлаар хэлэлцэнэ гэж хэлсэн. 150,000,000 төгрөгийг сар бүрийн 30-ны дотор төлөх тухай хариу ирүүлсэн. Х ХХК-тай харилцан тохиролцсоноор 150,000,000 төгрөгийг төлмөөр байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус зааснаар Х ХХК, Д.Э, Д.Э нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/2791 дугаартай орон сууцны зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Д.Э, Д.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 237, 550,442 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 92,159,908 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх зааснаар хариуцагч Д.Э, Д.Э нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Д.Э-ийн барьцааны гэрээний зүйл болох Д.Э-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 00  байр 00 тоот, 96.28 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай Ү-2206035568 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,876,701,77 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,415,902 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан орон сууц зээлийн гэрээний 5.1.7-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, хэтэрхий нэг талыг барьсан. Нэхэмжлэгч өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлж байсан ба 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзсан тэмдэглэл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, зээл төлөх мэдэгдлүүд гэх баримтуудаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хариуцагч нар биелүүлж хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүйгээс болж хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж зээлдүүлэгчийг буруутгаж зээлдэгчийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх гэрээгээр хүлээсэн үүргээс нь чөлөөлж болохгүй. Банк эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж тус тус заасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 189 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 8-т заасныг баримтлан нэмэгдүүлсэн хүү, хүүг хасаж шийдвэрлэсэн. Банк өөрийн санаачилгаар хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл зогсоосон байгааг зээлийн бүртгэлийн картаас харж болох ба анхан шатны шүүхэд энэ талаар тайлбарласаар байхад хүлээн аваагүй. Зээлдэгч нартай эвлэрлийн асуудлаар удаа дараа уулзаж байсан, энэ талаар талууд маргаагүй, банкнаас үндсэн зээлээ төлвөл хүүг хөнгөлөх талаар тохиролцож хугацаа алдсан байх ба зээлдэгч нар үүргээ биелүүлэгүй байхад шүүх энэ талаар дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гаргаснаас хойш талуудад шийдвэрийг гардуулсан байх ёстой. Уг шийдвэрийг талууд гардаж авснаар 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эсэхийг өөрсдөө шийддэг. Гэвч хариуцагч талд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардуулаагүй, шуудангийн буцаасан баримт ирсэн. Хэрэгт авагдсан хаягаар Д.Э Д.Э нарт шуудангаар хүргүүлсэн байдаг. Гэтэл Д.Э өөр хаягтаа оршин суудаг. Шүүхийн шийдвэрийг гардуулаагүй. Тиймээс хариуцагч нар гомдол гаргах эрх нь хангагдаагүй, шүүхийн шийдвэрт хариуцагч нар гомдол гаргах саналтай байсан. Шүүхэд гаргасан хариу тайлбарт 150,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байсан боловч тогтсон ажилгүй өмгөөлөгчийн үнэ, хөлс өндөр учраас өмгөөлөгч авч чадахгүй, улсын өмгөөлөгч оролцуулж өгөх хүсэлт гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй. Анхан шатны шүүх хуралдаан тэгш эрхийн хүрээнд явагдах ёстой. Гэтэл зөвхөн гомдлын хүрээнд хэлэлцэхээр хариуцагч нарын эрх зөрчигдөж байна. Шүүх хариуцагч нотлох баримтаа гаргаж өгөөгүй нотлох баримт бүрэн цуглуулаагүй гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 03 сарын 15-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Х ХХК-ийн зээлийн хороо хуралдаад хариуцагч нарын зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж 150,000,000 төгрөгийг төлснөөр зээлийн хүүг тэглэе гэж шийдвэрлэсэн. Уг зээлийн хорооны шийдвэрийг баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг ямар байдлаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй, баримтыг шүүхийн журмаар гаргуулах ажиллагаа явуулаагүй. Шүүх зээлийн нэмэгдүүлсэн хүүг нотолсон баримт байхгүй байхад нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйл буюу ковид19 цар тахал хэзээнээс хэдий хүртэл үргэлжилж байсан талаарх баримтыг авах ёстой байсан. Гэтэл шүүх баримтыг гаргуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг зөрчсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.Э Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 146,272,421.46 төгрөг, зээлийн хүү 182,503,043.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 908,387.22 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 26,500 төгрөг, нийт 329,710,352.10 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсанаас хариуцагч 150,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Х ХХК нь Д.Э Д.Э нарт 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 150,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож бичгээр зээлийн гэрээ байгуулсан байна. /хх 10-13/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, Д.Эгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 00 байр, 00 тоот хаягт байршилтай 96.28 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 14-15/

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Д.Э Д.Э нарт зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

5.1. Анхан шатны шүүх шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, 2016 оноос зээлийн гэрээний зөрчил үүссэн, хариуцагч зээлийг төлөх чадваргүй болсон нь баримтаар тогтоогдож байхад гэрээг цуцлаагүй, зээлийг шаардаагүй гэж үзэж, зээлийн хүүгийн 50 хувийг болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй гэж заасан байна. Ийнхүү үүрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх тул нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

5.2. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөжээ. Үүний дагуу зээлдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй байна.

Иймээс хариуцагчаас үндсэн зээл 146,272,421.46 төгрөг, зээлийн хүү 182,503,043.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 908,387.22 төгрөг, нийт 329,683,852 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Нэхэмжлэгч зээлийн үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн БГҮ/2791 тоот барьцааны гэрээгээр хангуулахаар шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 237,550,442 гэснийг 329,710,352 гэж, олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 92,159,908 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг олгосугай гэж өөрчилж,

3 дахь заалтаас 58 дугаар зүйлийн 58.1 гэснийг хасч, 1,415,902 гэснийг 1,876,701.77 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618,749 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ЭЯМБАСҮРЭН