| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1363/э |
| Дугаар | 1417 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч А.Сайнбаяр
шүүгдэгч Н.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Н.Ч-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0000 01648 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т овогт Н.Ч, 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны үйлдвэрийн төвийн бүс, Энгелсийн 6-158 тоотод эхнэрийн хамт оршин суух,
-урьд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаас 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ......................... тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16-17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн зүүн хаалганы орчим иргэн Б.Оюуныг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Чшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд нийт 340.000 төгрөгийг шүүхийн 100900005406 тоот Төрийн сангийн дансанд тушаасан” гэв.
Хохирогч Б.Оюун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нойлд байсан хүмүүст энэ авгай байнга 200 төгрөг нэхдэг энээ тэрээ гээд намайг доромжилсон. Тэр залуу нилээн согтуу байсан тэгснээ намайг дуудхаар нь би эргээд харсан чинь нүүр лүү гараа атгаж байгаад 2 удаа цохьсон. Тэгсэн тэнд байсан нэг залуу дагуулаад гараад явчихсан...” гэх мэдүүлэг. /хх-9/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11112 дугаартай дүгнэлт:
1.Б.Оюуны биед духны цох хэсэг, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт., зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-19/, Төрийн сангийн 100900005406 тоот дансан 340.000 төгрөгийг тушаасан баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Чнь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16-17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн зүүн хаалганы орчим иргэн Б.Оюуныг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Чинзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасанхариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохиролд 340.000 төгрөг төлсөн ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Н.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Ч-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 340.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
4. Төрийн сангийн 100900005406 тоот дансанд Н.Ч-ийн тушаасан 340.000 төгрөгийг хохирогч Б.Оюунд олгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Ч-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР