Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1440

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгч З.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Н овогт З.Э-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0240 21541 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н овогт З.Э, 1985 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд 5 дугаар баг, Зүүнбаян, катеж гудамж, 86 байрны 2 тоотод оршин суух хаягтай боловч Уланбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай,

-Урьд нь 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялын 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, мөн шүүхээр 2005 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, РД:......................,

 

Шүүгдэгч З.Энь 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 67 тоотоос иргэн Д.Алтаншагайгийн эзэмшлийн цүнхтэй сони маркийн 14 инчийн зөөврийн компьютер, дэвтэр, ном, бэлэн 167.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлан авч 686.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч З.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.Алтаншагай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 8-ний өдрийн 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар бөөний худалдааны төвийн үүдэн дээр Энхбат гэх хүнтэй танилцсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 67 тоотод манай гэр рүү орж хоол идсэн...Хоол идчихээд явлаа гэхээр нь за гэж хэлээд цаад өрөө рүүгээ орсон. Тэгээд 3 дугаар сарын 10-ны өглөө хичээлээ хийх гээд цүнхээ хайхад алга болсон байсан. Миний цүнх коридорын угаалгын машин дээр байсан. Тэгээд тухайн хүнийг хулгайлсан байна гэж бодоод хайж байгаад Улаанхуарангийн дэлгүүрийн урд талаас барьж авсан. Миний цүнхийг хулгайлсан гэдгээ хүлээсэн. Нөүтбүүкийг ломбарданд тавьсан, бичиг баримтыг гэртээ тавьсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /xx-14-15/,

 

Гэрч Х.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр манай ээжийн эгчийн хүүхэд буюу үеэл ах Энхбат нь халамцуу ирж, намайг дуудан гэрийн гадна уулзахад би цэргийн офицер найзынхаа зөөврийн компьютерийн ломбарданд тавих гэсэн юм. “...Тэгээд гуйгаад байхаар нь гэрийн ойролцоо сансарын ломбард хамт орж, миний бичиг баримтаар тэр хар өнгийн цинхтэй сони макрийн бор өнгийн зөөврийн компьютерыг 14 хоногоор 40.000 төгрөгт бодож тавьсан юм...” гэх мэдүүлэг. /xx-19/,

 

Гэрч Н.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сансарт байх Банбан ломбарданд ажиллаж байхад хар өнгийн цүнхтэй бор хүрэн өнгийн сони маркийн 14 инчийн, цэнэглэгчтэй хуучин зөөврийн компьютерийг Энхтөр гэх танихгүй хүн бичиг баримтаа үзүүлэн 40.000 төгрөгт бодож тавьсан юм...” гэх мэдүүлэг. /хх-20/,

 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-36/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-55-62/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

   

Шүүгдэгч З.Энь 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 67 тоотоос иргэн Д.Алтаншагайгийн эзэмшлийн цүнхтэй сони маркийн 14 инчийн зөөврийн компьютер, дэвтэр, ном, бэлэн 167.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлан авч 686.750 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч З.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч З.Энхбатыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Алтаншагай нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч З.Энхбатад эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч З.Энхбатад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Н овогт З.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Э-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Э-ын урьд цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл З.Э-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР