Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2023/00003

 

 

 

 

 

­

 

2023            01             17                                                 223/МА2023/00003

 

 

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2022/01228 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.О нэхэмжлэлтэй ,

Хариуцагч: О.С-т холбогдох,

 

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 3.085.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О/цахим сүлжээгээр/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай /ҮД:2437/,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч С.О нэхэмжлэл тайлбарын агуулга: “...Би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Toyoto Vanguard маркийн 00-78 ТӨН улсын дугаартай автомашин жолоодон Төв аймгийн Батсүмбэр сум дахь 2 дугаар фермийн ногооны талбайн хажууд явж байхад ард цэнхэр өнгийн “Портер” маркийн 48-05 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан хариуцагч О.С гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа тэвшнээсээ илүү гарсан далиараа шүргэсэн.

Үүний улмаас миний машины зүүн урд дугуй хагарч, урд буфер, зүүн корлан, их биеийн гэрэл копуд, радиатор, агаар шүүгч, тогтоогч зам хагарсан. Тухайн үед Монгол даатгалын төлөөлөгч ажилтан ирсэн боловч О.Сийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул хохирлыг хариуцахгүй гэсэн.

Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр О.Сийн охин С.Г хамт очиж “Виннер Вэй” ХХК-аар хохирлын үнэлгээ хийлгэхэд 5.125.000 төгрөг болсон. Хариуцагч О.С хохирлоос 1.950.000 төгрөг өгсөн. Үлдэх 3.085.000 төгрөгийг өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Би 5.035.000 төгрөгийн зээл авч машинаа засуулсан. Үүнд:

Буфер 1.100.000 төгрөг, дугуй 140.000 төгрөг, цаап 450.000 төгрөг, их гэрэл 950.000 төгрөг, амартизатор 120.000 төгрөг, ажлын хөлс 25.000 төгрөг, зам 50.000 төгрөг, усны хоолой 150.000 төгрөг, оношлогоо 70.000 төгрөг болсон. Иймд О.Сөөс 3.085.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч О.Сийн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн тайлбарын агуулга: “ ...О.С 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Улаан толгойн” баруун талд байдаг ногоон тэжээлийн талбай орох замдаа фермийн Хартолгой гэдэг хүнээс авсан хашааны хаалгаа машиндаа ачаад явах замд цагаан өнгийн машин баруун урд талд явж байсан. Бид хоорондоо нэлээн зайтай байсан. Гэтэл цагаан өнгийн машин өвс өлгөх гэж тавьсан талын баруун хойд үзүүрийг мөргөсөн ба шар хийх шиг чимээ сонсогдсон. Баруун урд талынхаа хамрын хажуугаар мөргөсөн байсан.

 Уг машины дугуй явж байхдаа хагарсан юм билээ. С.О ирээд намайг хүчтэй түлхэн унагаад машины түлхүүрийг булаан авсан.

Би С.Оийг өрөвдөөд 220.000 төгрөг, оношилгооны зардалд 330.000 төгрөг, тэтгэврийн зээл аваад 1.950.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг төлсөн. Одоо өгөх мөнгө байхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Хишигсүрэн “...С гэдэг хүний буруутай үйлдэл боловч нэхэмжлэгч талаас сэлбэгийн болон засварын талаарх баримт муу хийгдсэн санагдлаа. Эвлэрч болохгүй юм болов уу гэсэн” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч О.Сөөс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1.960.000 /нэг сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Сөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр 46.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.От олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдол болон тайлбарын агуулга: “ ...Тухайн үед цагдаа хэргийн газрын үзлэг хийгээгүй, зөрчлийн хэргийн гэм бурууг зөв тогтоогоогүй байдлыг С.О далимдуулан эвдэрсэн машиныхаа эд ангийг өндөрөөр үнэлүүлсэн.

Зохигчид хоорондоо эвлэрч 2.500.000 төгрөг авсан мөртлөө үнэлгээ хийлгэж их хэмжээний мөнгө нэхэж байна.

Шүүх хариуцагч О.Сийн төлсөн 2.500.000 төгрөгийг хохирлоос хасч тооцоогүй ба нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэн гэж гомдол гаргасан.

Харин одоо нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байна. Гэм буруугийн тал дээр маргахгүй. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч С.От олгосон 1.960.000 төгрөгөөс  1.300.000  төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлөх саналтай байна. Хариуцагч нь настай тэтгэвэрийн өвгөн байгааг бодолцож үзнэ үү гэв.

 

Нэхэмжлэгч С.О, өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан тайлбарын агуулга: “...О.С гуай надад машин ачлаганы мөнгө гээд 220.000 төгрөг өгсөн. Охин нь машин оношлогооны төлбөр 240.000 төгрөгийг төлсөн. Үндсэндээ 500.000 төгрөг болсон. О.С тэтгэвэрийн зээл аваад 2,500,000 төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. Харин машины үнэлгээ 5.000.000 төгрөг гэж гарахад өндөр байна гэж маргасан. Тухайн үед ковидоос шалтгаалаад сэлбэгний олдоц муу байсан тул үнэлгээ өндөр гарсан байх.

Бид даатгалын компанид даатгалтай байсан. Гэхдээ даатгалын компаниас мөнгө өгөхгүй гэсэн. Учир нь: Хариуцагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн.

Хариуцагч шүүхийн шийдвэрт заасан 1.960.000 төгрөгийг төлнө гэвэл эвлэрэх боломжтой. Өөрөөр эвлэрэхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2.Нэхэмжлэгч С.О эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 5.125.000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн төлбөрт 3.085.000 төгрөг шаардсныг хариуцагч О.С эс зөвшөөрч маргахдаа машины үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт өндөр тогтоогдсон. Нэхэмжлэгчид 2.500.000 төгрөг төлсөн. Одоо үлдэх төлбөрийг төлөх боломжгүй гэж мэтгэлцжээ.

Харин зохигчид гэм буруугийн талаар маргаагүй байна.

3.Хариуцагч О.С 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сум Ферм 2 дугаар багийн “Улаан толгой” гэх газрын шороон замд “Х.Портер” маркийн 4805 ТӨВ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдлөгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч С.Оийн “Тоёота вангуард” маркийн 0078 ТӨН дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан маргаангүй үйл баримтаар тогтоогдсон/хх-10-26 тал/,

Иргэдийн төлөөлөгч М.Хишигсүрэн “...С гэдэг хүний буруутай үйлдэл...” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргажээ.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч О.Сийг ачаа тээвэлрэх зориулалт бүхий өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа нэхэмжлэгч С.Оийн эд хөрөнгөд 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан гэж маргааны үйл баримтыг тогтоож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            5.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч О.С 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж маргаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

            Нэхэмжлэгч С.О “Виннер Вэй” ХХК-ийн  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг үндэслэн эд хөрөнгөд 5.125.000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа ч анхан шатны шүүх хэрэгт авагдан нотлох баримтад тулгуурлан хохирлыг 1.960.000 төгрөг гэж тогтоохдоо нэхэмжлэгчийн эзэмшил “ХААН” банк дахь 5727020811 дугаар данснаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сэлбэг 2.150.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зам 50.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр засвар вангуард 2.000.000 төгрөг, оношилгоо 70.000 төгрөг, засвар 40.000 төгрөг, нийт 4.310.000 төгрөг гарсан зарлагын гүйлгээнээс хариуцагч О.Сийн төлсөн 1.950.000 төгрөгийг хасч, радиаторын үнэ 400.000 төгрөгийн баримтыг хуулийн шаардлага хангаагүй гэж үнэлсэн, бусад үнийн дүнд холбогдох хэсгийг баримтаар нотлоогүй гэж үзэн 1,125,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцсэн, эргэлзээгүй үндэслэл бүхий дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудад нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичсэн атлаа хэрхэн үзсэн талаарх эрх зүйн дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2022/01228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.310/жаран дөрвөн мянга гурван зуун арван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС