Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 110/2018/0049/З |
Дугаар | 221/МА2019/0095 |
Огноо | 2019-02-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2019/0095
2019 оны 02 сарын 20 өдөр |
Дугаар 221/МА2019/0095 |
Улаанбаатар хот |
Д.Т нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 110/ШШ2018/0069 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т нарын давж заалдах гомдлоор, Д.Т нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Д.Т 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Б.Т ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Улаанхус сумын Газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүсчээ.
Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 110/ШШ2018/0069 дүгээр шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Д.Т ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Улаанхус сумын Газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч Д.Т нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 8 хоног ажил тасалсан сахилгын зөрчлийг шинээр гаргасан гэх тухайд:
1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ... Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/28 дугаар тушаалаар тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан... Нэхэмжлэгчийг зөрчил гаргах хугацаанд мөрдөгдөж байсан 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр баталсан Хөдөлмөрийн дотоод журмаар ажилтанд 3-аас дээш хоногийн чөлөө олгоход эрх бүхий этгээдээс тушаал гарч баталгаажна... гэснийг зөрчсөн” гэж дүгнэжээ.
Дээрх хөдөлмөрийн дотоод журмуудад ажилтан 3-аас дээш хоногийн чөлөө хүссэн тохиолдолд даргын тушаал гарах ёстой гэх боловч уг журмыг ажилтан, албан хаагчдад огт танилцуулж байгаагүй нь шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд тогтоогдсон байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчин ажилтан албан хаагчдад “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг танилцуулж байсан эсэх талаар нотлох баримтыг цуглуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мөн хариуцагч Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан гэж маргаж байгаа хэдий ч түүнийгээ нотолж чадаагүй.
Нэхэмжлэгч Д.Т “М” ХХК-иас зохион байгуулах сургалтад оролцохдоо тухайн компаниас ирсэн удирдамжийг танилцуулж даргаас чөлөө хүссэн, дарга К.Б түүнд чөлөө олгосон болох нь Б.Е мэдүүлэг, сургалтад оролцсон болох нь “М” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байх ба ажилтанд Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүйгээс болж заавал даргаас тушаал гарсан байх ёстой гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
Хөдөлмөрийн дотоод журамд “...албан хаагчийн ажлын цагийн ашиглалт, ирц цахим бүртгэлээр хянагдана. Албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хожимдсон тохиолдолд цагийн тооцоог үндэслэн цалин хасаж тооцно...” гэжээ.
Энэхүү Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтаар Д.Т түүний ажиллаагүй ажлын 8 хоногт ноогдох цалинг 6 дугаар сарын цалингаас хасч тооцсон, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар түүнд арга хэмжээ тооцсон гэж ойлгох ба ажлаас халах сахилгын шийтгэлийг давхар ногдуулж байгаа нь хуульд нийцээгүй.
2.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Сумдын Газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамж гарсан. Ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажиллах болсныг мөн өдөр олон нийтийн радио нэвтрүүлгээр зарласан, ажлын хэсэг Улаанхус суманд очиж ажиллахад 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Д.Т зайлшгүй биечлэн оролцох шаардлагатай байсан...” гэжээ.
Хавтаст хэргийн 49-50 дугаар талд авагдсан “Сумдын Газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх удирдамж”-ийг хэзээ баталсан эсэх нь тодорхойгүй, шүүх хуралдааны явцад хариуцагч уг удирдамжийг хэзээ баталж гаргасныг нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, мөн анхан шатны шүүх хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй.
Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4-т “Албан хаагчийн ажлын цагийн ашиглалт, ирцийн цахим бүртгэлээр хянагдана” гэж тусгагдсан. Хариуцагч шүүх хуралдаанд “...хөдөө сумдын Газрын даамлын бүртгэлийг өдөр бүр өглөө дотоод сүлжээг ашиглан бүртгэлийг би өөрөө хөтөлдөг” гэсэн тайлбараас харахад Д.Т ажил олгогч 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын байрандаа байгаагүй гэдгийг мэдэж байсан нь Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох хэсгээр тогтоогдож байна.
Уг үйл баримтын хүрээнд дүгнэлт хийвэл хариуцагч анхнаасаа нэхэмжлэгчийг ажлаас халах сонирхолтой нь илт байгаа ба энэ нь тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй, эхлээд амаар чөлөө олгосон нь, батлагдсан огноо, дугааргүй хөдөө, сумдад ажиллах удирдамж гаргасан нь, олон нийтийн радио нэвтрүүлгээр түүнийг Улаанбаатар хот явсан хойно Д.Т байхгүй байгааг мэдсээр байж зарласан үйл явдал зохиомол хэлбэрээр, нөхөж үйлдсэн баримтуудаас харагдана.
3.Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч Д.Т ажил тасалсныг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн байх боловч уг зөрчил 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилсэн, 5 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө дуусгавар болоогүй...” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан.
Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 8 дугаар тогтоолын 12-т “Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно” гэжээ.
Үүнээс үзэхэд “үргэлжилсэн” гэх нэр томъёо, сахилгын зөрчил гарснаар тухайн зөрчил нь үргэлжлэх гэх ямар ч утга агуулга бүхий үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн.
Сахилгын шийтгэл хүлээлгэх хуулийн хугацаа өнгөрсөн тухайд:
а/ Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4-т “Албан хаагчийн ажлын цагийн ашиглалт, ирцийн цахим бүртгэлээр хянагдана” гэж заасан. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...хөдөө сумдын Газрын даамлын бүртгэлийг өдөр бүр дотоод сүлжээг ашиглан ирцийн бүртгэлийг би өөрөө хөтөлдөг” гэх тайлбараар Д.Т 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын байрандаа байгаагүй гэдгийг мэдэж байсан.
б/ Д.Т ажил тасалсан гэдгийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн гэх,
в/ Сахилгын шийтгэлийг ногдуулах эсэх асуудлыг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцсэн гэх,
г/ Сахилгын шийтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ногдуулсан гэх,
Нэхэмжлэгч Д.Т хэзээ ажил тасалсныг хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр, ажлын байрандаа байгаагүй гэдгийг биечлэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн байжээ.
Төрийн албаны тухай хуулиар “зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаас үзвэл, хамгийн эхний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, цаад хугацаа 6 дугаар сарын 29-ний өдөр байна. Гэвч шүүхээс уг хугацааг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч ажил тасалсан гэж үзээд “нэхэмжлэгч зөрчлөө үргэлжлүүлж байсан” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалттай нийцээгүй.
Мөн зөрчлийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тоолж, 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв гэж дүгнэсэн.
2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар арга хэмжээ тооцсон гэх боловч сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргаагүй байтал анхан шатны шүүх уг үйл баримтыг буруу тайлбарлаж, 7 дугаар сарын 16-ны өдөр арга хэмжээ тооцохоор болсныг тухайн өдөр тушаал гаргасан мэтээр дүгнэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж, түүний эрхийг хамгаалах байтал зөвхөн нэг талыг баримталсан нь хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
Түүнчлэн “...Д.Т тухайн зөрчил нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилсэн, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил арилсан өдрөөс эхлэн хугацааг тоолох үндэслэлтэй...” гэжээ. Хэрэв тухайн зөрчил 2018 оны 5 дугаар сарын 25, 29-ний өдрөөс эхэлж, магадгүй 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, эсхүл 08, 09 дүгээр сар хүртэл үргэлжилсэн бол нэхэмжлэгчийн зөрчил арилснаар түүнд арга хэмжээ тооцохыг ажил олгогч хүлээнэ гэвэл энэ нь Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, дүрэм журамд нийцэх эсэхийг анхаарч үзээгүй.
Нэг үгээр хэлбэл 1 сарын хугацааг “сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно” гэж тодорхой заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн боловч 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд эрхийн акт гаргаагүй, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь мэдсэн үеэс 1 сарын хугацааг өнгөрүүлсэн гэж үзэх бүрэн боломжтой.
Эцэст нь нэхэмжлэгчийн гаргасан өмнөх зөрчлүүдийн хувьд нэгэнт тогтоогдсон байх ба энэ талаар тухайн үед нэхэмжлэгч маргаагүй. Харин сүүлд шинээр гаргасан зөрчлийн хувьд хэрэв зөрчил гэж үзсэн тохиолдолд зөрчилд хариуцлага хүлээлгэх хуулийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцогдохгүй тул маргаан бүхий актын нэг үндэслэл болох давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Шүүгч гагцхүү хуульд захирагдаж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, бодит байдалд нийцсэн хууль ёсны шийдвэр гаргах ёстой.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй, бодит байдалд тулгуурлан дүгнэлт хийгээгүй байх тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 110/ШШ2018/0069 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулсан, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
“...“М” ХХК-иас Төв аймгийн Баянчандмань суманд зохион байгуулсан сургалтад оролцох зөвшөөрлийг хариуцагч амаар олгосныг Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Е гэрчилнэ…” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй ч, Б.Е шүүхэд гаргасан мэдүүлэгтээ дээрх нөхцөл байдлаас гадна Д.Т “…2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хэлтсийн дарга Ж.Е над руу утсаар ярилаа, хот руу битгий яваарай, Улаанхус руу шалгалтаар очно…” гэснийг өөрт нь хэлсэн болохыг мөн адил гэрчилсэн байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажил тасалсан эсэхэд дүгнэлт өгөхийн тулд дээрх гэрчийн мэдүүлгийг нотлох болон үгүйсгэх бусад баримтад үндэслэх нь зүйтэй.
Тухайлбал анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг ажил тасалсан гэж буруутгасан хариуцагчийн тайлбарыг зөвтгөхдөө түүний “…амаар ч чөлөө олгоогүй…” гэх тайлбарыг бус харин сумдын Газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын удирдамж, орон нутгийн радио телевизээр цацсан “аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын даргаар ахлуулсан мэргэжилтнүүд болон улсын бүртгэлийн байцаагчид энэ сарын 29-ний өдөр Улаанхус сумын төвд ажиллах болсон тул иргэд өргөнөөр үйлчлүүлнэ үү” гэсэн зар, мөн өдөр Улаанхус суманд ажлын хэсэг очсон ч нэхэмжлэгч Д.Тунгат байгаагүйгээс төлөвлөсөн ажил хийгдээгүй бодит нөхцөл байдал, тус сумын Газрын даамлын хувьд газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх уг арга хэмжээнд зайлшгүй оролцох шаардлагатай байхад өөрийнх нь эрхэлж буй үүрэгт ажилд төдийлөн хамааралгүй “М” ХХК-иас зохион байгуулсан сургалтад хамрагдахаар Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө авалгүйгээр Улаанбаатар хот руу явсан зэргийг тус тус харгалзан үзсэнийг буруутгах боломжгүй.
Дээрхээс гадна хэргийн 103 дахь талд авагдсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.А гэрчийн мэдүүлэгт “…өдрийг нь сайн санахгүй байна, би газрын даргад ажил танилцуулахаар өрөөнд нь ороход Д.Т Улаанбаатар хотод байгаль орчны чиглэлээр гэсэн байх сургалтад оролцмоор байна гээд чөлөө хүсч байсан. Тэгэхэд дарга өмнө өгсөн үүрэг, даалгаврын дагуу шалгалтандаа бэлд, сумдын Газрын даамлуудын ажил, үүрэгтэй холбогдуулж хяналт шалгалт хийх удирдамж гарсан, удахгүй ажлын хэсэг очих учраас чөлөө олгох боломжгүй гэж хэлж байсан…” гэсэн нь нэхэмжлэгчийг ажил тасалсны хангалттай нотолгоо болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 5 сарын 7-ныг хүртэл хугацаанд нийтдээ 3 удаа сахилгын арга хэмжээ авагдсан, эдгээрээс хамгийн сүүлд ажлын байранд архи ууж танхайрсан гэсэн үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн А/18 дугаар тушаалаар цалинг 6 сар, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байхад үүнээс нэг сар хүрэхгүй хугацааны дараа буюу сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин ажил тасалсан байх тул маргаан бүхий тушаалаар Д.Т ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Иймд Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч өөрөө сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Тухайн үед ажил тасалсан гэх 6 хоногийн цалинг суутгасан нь Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлд хамаарахгүй тул шийтгэлийг давхардуулж ногдуулсан гэж үзэхгүй.
Давж заалдах гомдолд “…сумдын Газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг хэзээ баталсан эсэх нь тодорхойгүй, үүнийгээ нотлох чадаагүй…” гэх байдлаар хариуцагчийг буруутгах боловч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Е утсаар Д.Т холбогдож “хот руу явж болохгүй, Улаанхус руу шалгалтаар очно” гэж хэлж байхад энэ талаар буюу юун шалгалт, ямар зорилгоор, хэзээ очих гэж буйг тодруулах боломж аймгийн төвд ажлаар очсон нэхэмжлэгчийн хувьд хангалттай байснаас гадна Ж.Е шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ “…хяналт шалгалтаар Улаанхус суманд очих болохыг Д.Т утсаар мэдэгдсэн, над дээр орж ирэхэд нь энэ талаар дахин биечлэн мэдэгдсэн, ажлын хэсэг очих учраас хаашаа ч явж болохыг гэдгийг сануулсан…” болохыг мөн мэдүүлжээ.
Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралд Д.Т албаны өрөөнд архи ууж танхайрсан талаарх Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн албан шаардлагатай холбогдуулан сонсох ажиллагаа явуулахад тэрбээр “…дахин алдаа дутагдал гаргахгүй, нэг удаа харж үзэж уучлаач…” гэж хэлсэн нь; 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралд ажил тасалсан талаар хэлэлцэхэд “...буруугаа хүлээж байна, дахин ийм асуудал гаргахгүй, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өөрийн биеэр ирж ажлаа хүлээлгэн өгье, Улаанхус сумын баяр наадам, иргэдээс авах авлага, өглөг тооцоо байна...” гэсэн нь тус тус хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.
Мөн Д.Т нь 2017 оны 4 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 6-ны өдөр ажлын “хариуцлага алдахгүй, дахин хариуцлага алдвал ажлаас гарахад бэлэн” гэсэн агуулга бүхий хүсэлтийг бичгээр гаргаж байсан төдийгүй маргаан бүхий тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй талаар анхан шатны шүүхээс дүгнэхдээ түүний 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ бичгээр гаргасныг, түүнчлэн хугацааг ажил тасалсан эхний бус эцсийн өдрөөс тооцсон зэргийг буруутгах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 110/ШШ2018/0069 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН