Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 47

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц.Э ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Гуравдагч этгээд: “БДТТ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын Ц.Э т холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар захирамжийн Ц.Э ийн эзэмшил газраас 3369 м2 газрыг хүчингүй болгосон хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамжийн “БДТТ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээд “БДТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э , өмгөөлөгч Ө.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2005 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хороо 2-р цахилгааны станцын зүүн урд орших маш их хэмжээний хогтой газрыг эзэмших хүсэлтэй тухай өргөдлөө кадастрын зургийн хамт Баянгол дүүргийн Газрын албанд өгсөн билээ. Удаа дараа очиж асуусан боловч гэрчилгээ олгохгүй байсаар 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр захирамжаар ТЭЦ-2 дугаар цахилгаан станцын зүүн урд талд 4669 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарсан юм. Үүний дагуу 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулахад та 2006 онд өргөдөл өгсөн юм байна, манай дансанд 6 жилиин газрын төлбөр төл гэсний дагуу 6 жилийн 6.163.080 төгрөгийг Баянгол дүүргийн Газрын апбаны дансанд төлж, 0364078 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Түүнээс хойш одоог хүртэл 11 жил газрын төлбөрийг тогтмол төлж байгаа болно. 

2011 оны 07 дугаар сард хүнд даацын машины засварын газар нээх зорилготой тус газарт блокоор хашаа барьж, олон жилийн бугшмал хогийг цэвэрлэх, хундаам ухах зэрэг газар шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд асар их хүч, хөдөлмөр, зардал, хөрөнгө гаргасан бөгөөд нийт 130.000.000 төгрөг зарцуулагдсан. 

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Газрын албанаас гэрийн хаягаар таны газрын 1300 м2 нь цэвэр усны хамгаалалтын бүсэд орсон тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолоор хүчингүй болсон гэж таван сарын дараа албан бичгээр бидэнд мэдэгдсэн юм. Үүний дагуу Газрын албаны манай хороог хариуцсан мэргэжилтэн Г.М-тай уулзахад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол гарч танай 4669 м2 газраас 1300 м2 газар нь цэвэр усны хамгаалалтын дотоод мужид орсон гэсэн. Түүнээс хойш шинэчилсэн гэрчилгээгээ авъя гэж удаа дараа очсон боловч гаргаж өгнө гэж хэлж төөрөгдүүлж явуулсаар өдийг хүрсэн. 

Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “БДТТ” ХХК-иас бидэнд газраа хурдан чөлөөл гэсэн албан бичгийг өгсөн. Та нар наад бичгээ нотариатаар баталгаажуулаад ир би шүүхэд хандана гэж тэдгээр хүмүүст хэлэхэд одоо болтол ирж уулзаагүй. “БДТТ” ХХК-ийн албан бичиг дээр бичигдсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сэрын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамжийг гарсан эсэхийг тодруулахад ийм захирамж олдоогүй юм.

Би 2016 оны газрын төлбөрөө төлөх гэтэл энэ газар танай нэр дээр биш “БДТТ” ХХК-ийн нэр дээр байна гэсэн. Үүний дагуу Баянгол дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Г.Мөнхбаатараас манай газар дээр “БДТТ” ХХК-ийн нэр гараад байна ямар учиртай юм бэ гэж асуухад би мэдэхгүй шүүхэд ханд гэсэн. Мөн Газрын Албаны дарга н.Б-той нь уулзахад “Та хэлж болох хүн байвал хэл, хөлөө хүрэх газар яв” гэж хэлсэн. “БДТТ” ХХК-тай Нийслэлийн Газрын албанаас гэрээ байгуулсан газар зохион байгуулагч н.Мягмарсүрэн гэдэг хүнтэй уулзаж учрыг лавлах гэж 3 удаа очсон боловч зугатаад уулзахгүй утсаар нь дуудахаар авахгүй байна. 

Ийм учраас шүүхэд хандахаар “БДТТ” ХХК-ийн албан бичигт бичигдсэн 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 захирамжийг интернетээс хайж үзэхэд энэ захирамж нь Нийслэлийн Засаг даргын захирамж байсан бөгөөд интернетэд зөвхөн хавсралтыг нь тавьсан байсан. Уг хавсралт нь “Газар эзэмших, ашиглах эрх нь шинээр баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт” гэсэн нэртэй байсан бөгөөд уг хавсралтын 8 дахь хүснэгтэнд баталгаажигдах эх үүсвэр бичигдсэн байх ёстой атал уг “БДТТ” ХХК-ийн эх үүсвэр нь бичигдээгүй, мөн эзэмших газар нь ТЭЦ-2-ын зүүн урд байрлах 4669 м2 газар гэжээ. Гэтэл надад цэвэр усны хамгаалалтын бүсэд 1300 м2 орсон учраас хасагдсан гэсэн атлаа Нийслэлийн засаг даргын захирамжинд “БДТТ” ХХК-ийн эзэмших газрыг 4669 м2 газраар нь бичсэн харагдаж байна.

Би 2013 оны 04 дүгээр сард Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/287 дугаар захирамжаар 1300 м2 газар хасагдсан боловч бидний үлдэгдэл газраа эзэмших эрх хэвээр үлдсэн гэж үзэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа болно. Гэтэл Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолоор миний эзэмших эрхтэй 4669 м2 газраас 1300 м2 газар нь цэвэр усны хамгаалалтын дотоод мужид орсон тул газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгажээ. Үүний дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамж гарч миний газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчин газар эзэмших эрх олгогдсон иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгасан нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан заалтуудад нийцэхгүй илт хууль бус шийдвэр болжээ. Би Газрын тухай хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж уг газрыг

эзэмших эрхтэй болсон, эрх бүхий захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байхад хууль зөрчиж тогтоол, захирамж гарган миний эрхийг зөрчсөн тул эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамжаар баталгаажуулан ТЭЦ-2-ын зүүн урд байрлах 4669 м2 газрыг /цэвэр усны хамгаалалтын дотоод мужид хамрагдсан 1300 м2 газрыг хасахгүйгээр/ Баянгол дүүргийн Засаг даргын шийдвэргүй баталгаажих эх үүсвэр нь тодорхойгүй газрыг “БДТТ” ХХК-д баталгаажуулан олгосон мэт харагдаж байгаа хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын Ц.Э т холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар захирамжийн Ц.Э ийн эзэмшил газраас 3369 м2 газрыг хүчингүй болгосон хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамжийн “БДТТ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Э т Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 371 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4669 м2 газар эзэмших эрх олгосон байна.

Тус газар эзэмших эрхийг Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарьш 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамжаар тухайн газрыг “БДТТ” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. “БДТТ” ХХК-д газар эзэмшүүлэхдээ хэн нэгний газар эзэмшилтэй давхцуулаагүй буюу иргэн Ц.Э ийн газар эзэмших эрх нэгэнт дуусгавар болсоны дараа эзэмшүүлсэн нь Ц.Э ийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 371 дугаартай захирамжаар иргэн Ц.Э т 4669 м2 газрыг 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байна. Иргэн Ц.Э т дээрх газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”-г баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.4-д“Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 “газар эзэмших, ашиглах.

өмчлөх эрх олгохыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчин тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр захирамжийн Ц.Э т холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг үндэслэн дүүргийн Засаг даргын 20 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно.

Шүүх хуралдааны явцад харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр захирамжаар Ц.Э т тус дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-2 станцын зүүн урд талд аж ахуйн зориулалтаар 4669 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэр нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан заалтыг ноцтойгоор зөрчин газар эзэмшүүлсэн байна.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 371 тоот захирамжийн иргэн Ц.Э т холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “БДТТ” ХХК-ийн захирал Ц.Дашцэрэн шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь барилга угсралт, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014 онд бетон зуурмагийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж нийслэлийн Өмчийн

харилцааны газарт хандан үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшихийг хүссэн юм. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамж гарч нэгж талбарын ******* дугаар бүхий 4669м2 газрыг 000316766 дугаар бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр хууль ёсны дагуу эзэмших зөвшөөрөл авсан болно.

Бид 2015 оны 9 дүгээр сард 000316766 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ хүлээн аваад тухайн газрыг кадастрын зургийн дагуу очиж үзхэд блокон хашаа баригдсан, том хэмжээний нүх ухсан байдалтай байсан юм. Ямар учиртайг нь манаач бололтой айлаас нь лавлах гэсэн боловч эзэнгүй байдалтай байсан. Манай ажилтнууд удаа дараа тус газар дээр очиж учир байдлыг тодруулах үүднээс ойр хавийн газар эзэмшигч нар болон манаач айлаас лавлаж байгаад тус газрыг эзэмшигч гэх Ц.Э гэж хүний утасны дугаарыг олж аван 2015 оны 10 дугаар сард анх холбоо барьсан. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах үүднээс иргэн Ц.Э тэй удаа дараа утсаар холбогдож уулзахыг эелдэгээр хүссэн боловч тэрээр уулзахыг хүсээгүй.

Тухайн үед манай компани нь төлөвлөснийхөө дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Zoomlion үйлдвэрт хандаж бетон зуурмагийн үйлдвэрийн их бүрэн тоног төхөөрөмжөө захиалан оруулж ирээд байсан юм. Өндөр хэмжээний өртөгтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилгын материалыг хадгалж агуулах газар олдохгүйгээс эхлээд их хэмжээний мөнгөн хөрөнгө удаан хугацаанд хий түгжиж, банкны зээлийн хүү, төлбөрт алдагдал хүлээх зэргээр манай компани хохирч эхэлсэн тул 2016 оны 01 дүгээр сараас эхлэн шаардлагатай газрууд руу эрчимтэй хандаж эхэлсэн юм.

Бид 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 005/16 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны газарт хандан манай газрыг чөлөөлж өгөхийг хүссэн, мөн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 006/16 дугаар албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж учир байдлыг хянан шалгаж өгөхийг хүссэн. Ингээд бид иргэн Ц.Э тэй удаа дараа холбогдож уулзах хүсэлт тавьсаар 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр уулзаж 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 006/16 дугаар албан бичгээ гардуулан өгч 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор газрыг чөлөөлж өгөхийг эелдгээр хүссэн. 

Бид манайд байгаа холбогдох бүх бичиг баримтын хуулбарыг өгч “танай , манайх хоёр давхцчихаад байгаа тул хамтран учрыг нь олъё” гэсэн хүсэлт тавьсан боловч тэрбээр өөрийн материалуудыг үзүүлэх, хуулбарыг өгөхийг хүсээгүй. Иймд бид “та үнэхээр хууль ёсны дагуу эзэмшдэг юм бол хууль хяналтын байгууллагад ханд, бид нар ч энэ учир байдлыг хурдан нэг тийш нь болгомоор байна, манайх үйлдвэрээ яаралтай байгуулахгүй бол асар их хохирол нүүрлээд байна” гэж хэлсэн. 

Дээр дурьдсан албан бичгийн хариуг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ирүүлээгүй боловч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас манай албан бичгийн дагуу дуудаж уулзан тайлбар авсан. Ингээд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн Ц.Э ийн захирамжийг Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон юм байна. Иймд тухайн асуудал манайд хамааралгүй бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргад хандан “энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх буюу газар чөлөөлөлтийг хэрэгжүүлэхийг сануулсан” бичиг явууллаа гэсэн хариу өгсөн. 

Ингээд манай компани нь Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны зүгээс тухайн газрыг чөлөөлж өгөх эсэхийг хүлээсээр өдийг хүрсэн болно. Энэ хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сараас хойш манай компани бетон зуурмагийн үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй, захиалан оруулж ирсэн үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилгын материалаа хадгалж агуулах зардал, банкны зээлийн хүү, төлбөр, энэ хугацаанд олгохоор төлөвлөсөн байсан орлогын алдагдал зэрэг асар их хэмжээний хохирол үзэж байгаа болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын Ц.Э т холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар захирамжийн Ц.Э ийн эзэмшил газраас 3369 м2 газрыг хүчингүй болгосон хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамжийн “БДТТ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулж, тодорхойлсон болно. 

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх тухайд:

Хариуцагч нараас Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирмжийг нэхэмжлэгч мэдэж байсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргах боловч захиргааны байгууллагаас Ц.Э т уг тогтоолыг гардуулсан, танилцуулсан эсхүл мэдэгдсэн гэдгийг нотлох ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй, мэдсэн байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул дээрх захиргааны актуудыг мэдсэн байх 

ёстой гэж дүгнэлт хийх боломжгүй байна. 

Учир нь захиргааны байгууллагаас өөрийнх нь хууль ёсны эрх ашгийг хөндсөн захиргааны актыг нэхэмжлэгч нь “албан ёсоор хүлээн авч” мэдсэнээр гомдол гаргах хугацаа тоологдох юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчаас Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар захирамжийг нотлох баримтаар шүүхэд ирүүлснээр нэхэмжлэгч Ц.Э нь дүүргийн Засаг даргын 2011 оны 371 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгосныг анх мэдэж уг акттай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. 

Дээрх захирамжийг гарсан талаар дүүргийн Газрын албанаас иргэн Д.Э-т мэдэгдэж байгаагүй болох нь тус дүүргийн Газрын албаны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 08/369 дүгээр  албан бичгээр тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч Д.Э нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Анх Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр  захирамжаар Ц.Э т тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар 4669 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн 0364078 дүгээр гэрчилгээ  олгож, мөн өдөр 8022/5214 дугаар газар эзэмшүүлэх гэрээ  байгуулжээ. 

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолоор “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй газрыг хууль бусаар эзэмшүүлсэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй, цэвэр усны хамгаалалтын дотоод мужид орсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсний дагуу Баянгол дүүргийн Засаг дарга нь 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар захирамжаар Ц.Э т газар эзэмшүүлсэн эрх олгосон 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ. 

Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийслэлийн Засаг дарга А/04 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрт 4669 м2 газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай “БДТТ” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

1. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий акт болох 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар  тогтоолын 2 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалтыг тус тус зөрчиж газар эзэмших эрх олгосон” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Э ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт хуулиар олгоогүй эрх хэмжээг эдэлж иргэн Ц.Э ийн газар эзэмших эрхийг хязгаарласан хууль бус захиргааны акт гаргажээ.  

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж тус тус зааснаар үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээний газрын бодлогыг тодорхойлох буюу бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулах, харин дүүргийн Засаг дарга нь Газрын тухайн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн тус тусын чиг үүргүүдийг ялгаатай тогтоож өгсөн байна.  

Гэтэл Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулийн дагуу газар эзэмшиж байгаа этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох эрх холбогдох хуулиар олгогдоогүй байхад өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар 2013 оны 8/02 дугаар тогтоолыг гаргасан нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан, хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:

Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр захирамжаар Ц.Э т тус дүүргийн 20 дугаар хорооны нутагт аж ахуйн зориулалтаар 4669 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн 0364078 дүгээр гэрчилгээ олгож, мөн өдөр 8022/5214 дугаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу эзэмшиж байсан.

Гэтэл хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар  захирамж гарган “маргаан бүхий газар нь тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчсөн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй, цэвэр усны хамгаалалтын дотоод мужид орсон” гэсэн үндэслэлээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 8/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Ц.Э ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр захирамжаар Ц.Э т Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу газар эзэмшүүлсэн бөгөөд энэ тохиолдолд ашиглагдаагүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсний үндсэн дээр газар эзэмших эрхтэй болж байгаа тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг хэрэгжүүлэх” шаардлагагүй юм. 

Нэхэмжлэгч Ц.Э нь тухайн үед хур хогтой газрыг цэвэрлэж, өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсний үндсэн дээр хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргын 2011 оны 371 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд уг захирамжийн үндэслэл болсон Ц.Э ийн газар баталгаажилтын хувийн хэрэг, холбогдох баримтууд дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаагүй, байхгүй болох нь дүүргийн Газрын албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09/10 дугаар албан бичгээр тогтоогдож  байгаа, захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа юм.

Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 287 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Э ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо энэ үндэслэлийг дурьдаагүй байх тул өөрийн хүч хөрөнгөөр хогтой газрыг цэвэрлэсэн талаарх үйл баримтыг нэхэмжлэгч одоо дахин нотлох шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй газрыг эзэмшүүлсэн захиргааны байгууллагын үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй ба хариуцагч нь урьд гаргасан шийдвэрээ хуульд нийцүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргах эрхгүй юм.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгвар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн тусгайлсан зохицуулалттай байхад хариуцагч дүүргийн Засаг дарга нь асуудлыг нягтлан шалгалгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн харилцаа бий болсон үр дагаварыг анхааралгүй, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 8/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.  

3. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А/04 дүгээр захирамжийн тухайд: 

Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар захирамжаар Ц.Э т 4669 м2 газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо “цэвэр усны хамгаалалтын дотоод мужид 1300 м2 газар орсон” гэх үндэслэлийг заасан бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д заасныг баримталсан байгаа нь нэгэнт хуулийн дагуу түрүүнд нь олгогдсон газар эзэмших эрх нь сүүлд батлагдсан хуулийн улмаас хөндөгдөж, газар эзэмшигчийн эрхийг хүчингүй болгох аргаар хуулийн хэрэгжилтийг хангах нь буруу юм.

Нэхэмжлэгч Ц.Э нь “цэвэр усны хамгаалалтын дотоод мужид” орсон 1300 м2 газрыг хүчингүй болгож байгаатай маргаагүй хэдий ч нийт эзэмших эрхтэй 4669 м2 газраас үлдэх 3369 м2 газрыг нь Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа болно. 

Түүнчлэн нийслэлийн Засаг дарга 1 жил 8 сарын дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А/04 дүгээр захирамж гарган Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрт 4669 м2 газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай “БДТТ” ХХК-д эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай бүхэлдээ давхцалтай, нэг газар болох нь нэгж талбарын 18635309559308 дугаартай нэхэмжлэгч Ц.Э ийн  болон гуравдагч этгээд “БДТТ” ХХК-ийн  газрын байршлын кадастрын зургаар нотлогдож байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

Ийнхүү “цэвэр усны хамгаалалтын дотоод мужид 1300 м2 газар орсон” гэх үндэслэлээр Ц.Э ийн 4669 м2 газар эзэмших эрхийг дүүргийн Засаг дарга  хүчингүй болгосон байтал Нийслэлийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А/04 дүгээр захирамжаар маргаан бүхий нэгж талбарын 18635309559308 дугаартай 4669 м2 газрыг “БДТТ” ХХК-д эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д заасантай нийцээгүй шийдвэр болсон байна. 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл, тохиолдол бий болоогүй байхад дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр  захирамжийн Ц.Э т холбогдох хэсгийг хүчингүй болгосноор түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын Ц.Э т холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар захирамжийн Ц.Э ийн эзэмшил газраас 3369 м2 газрыг хүчингүй болгосон хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарйн 09-ний өдрийн А/04 дүгээр захирамжийн “БДТТ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ”Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын Ц.Э т холбогдох хэсэг, дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаар захирамжийн Ц.Э ийн эзэмшил газраас 3369 м2 газрыг хүчингүй болгосон хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамжийн “БДТТ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга нараас тус бүр 23400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ЦЭЦЭГМАА