Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 34

 

,

*** банкны нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 136/ШШ2016/00185 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *** банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Э,

Хариуцагч: Ш.Ц нарт холбогдох

2013 оны 13-363 тоот, 2015 оны ЗГ665 тоот зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээлийн төлбөрт нийт 82 920 312,26 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах, зээлдэгчийн барьцаалсан хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны ЗГ665 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг гэрээнээс үүссэн хохирол 8 260 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хы давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х, нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч *** банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Э нь *** банкны Дорноговь салбарын харъяа Төв тооцооны төвөөс 2013.05.17-ны өдөр 13-363 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, ачааны автомашин худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд 2013.05.17-ны өдрийн 13-363 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Дорноговь аймаг, Сайншанд сумын *** тоот хаягт орших 108 мкв талбай бүхий амины орон сууц, 35 мкв граж, 525 мкв газрын хамтаар барьцаалсан. 2015.06.26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 48600000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, Northbenz маркын авто чирэгч, чиргүүлийн хамт худалдан авах зориулалтаар тус тус авсан. Зээлийн барьцаанд 2013.05.17-ны өдрийн 13-363 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Дорноговь аймаг, Сайншанд сумын  ***, *** тоот хаягт орших 108 мкв талбай бүхий амины сууц, 35 мкв барьцааны гэрээгээр барьцаалсан Дорноговь аймаг, Сайншанд  сумын ***, *** тоот үйлчилгээ зориулалттай 30 мкв талбай бүхий халуун усны обьект, 232 мкв газрын хамтаар барьцаалсан. Зээлдэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2013.05.17-ны өдөр 13-363 тоот зээлийн гэрээний төлбөрт буюу үндсэн зээл 43618710,29 төгрөг, зээлийн хүүд 25970050,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45349,81 төгрөг, нийт 69634110,29 төгрөгийг, 

2015.06.26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 810536,47 төгрөг, зээлийн хүүд 590253,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 318,15 төгрөг, нийт 1501107,77 төгрөгийг төлсөн байна. Банк зээлийн гэрээний дагуу 2016.02.04-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

  1. 2013.05.17-ны өдөр 13-363 тоот зээлийн гэрээ болон 2015.06.26-ны өдөр ЗГ665 оот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах,
  2. 2013.05.17-ны өдөр 13-363 тоот зээлийн гэрээ болон 2015.06.26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн гэрээний дагуу дараах төлбөрийг гаргуулах 2013.05.17-ны өдөр 13-363 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 26381289,71 төгрөг, зээлийн хүүд 2933310,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 160010,91 төгрөг, нийт 29474610,92 төгрөг,

2015.06.26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 47789463,53 төгрөг, зээлийн хүүд 5627896,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28341,10 төгрөг, нийт 53445701,34 төгрөг, нийт 82920312,26 төгрөг гаргуулах

            3.  Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2013.05.17-ны өдрийн 13-363 тоот барьцааны гэрээ, 2015.06.26-ны өдрийн БГ665 гэрээнүүдэд дурьдсан барьцаа хөрөнгөөр хангуулах

            4. Монгол Улсын ИХШХШТХуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх /хөдлөх эд хөрөнгө, түүний банк дах мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ. /хх 1-3/   

Хариуцагч А.Э шүүхэд гаргасан тайлбартаа: 2016.02.03-ны өдөр А.Э би өөрийн биеэр *** банкинд очиж шүүхээр явж хүсэлт гаргасан. Учир нь би банк санхүүгийн мэдлэггүйгээсээ энэ машиныг авснаас болж өмнөх дуусах гэж байсан зээлээ төлж чадахгүй хоёр зээлийн алданги 8-9 сая төгрөг болсонд гайхаж шүүхэд хандсан болно. 2013.05.17-нд 3 жилийн хугацаатай *** банкнаас 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг гэр хороололд нийтийн халуун усны газар барих зориулалтаар авсан. 70 сая төгрөгийн зээлнээс төлсөн мөнгөн дүн 69640000 төгрөг. Нэг ч удаа хугацаа хэтрэлгүй төлөөд хэдхэн сарын дараа дуусах шатандаа явж байхад *** банкны захирал Алтанбаатар автомашин худалдан авах зээлийг нь гаргаж өгөх санал тавьсан. Би бодож үзээд авахаар болсон. Учир нь манай найз Мөнх-Эрдэнэ Дундговь аймагт Гөлтгөний уурхай багуулж Сайншандаас 7-8 машин явуулах санал тавьсан учраас энэ машиныг авах тохироо бүрдсэн. *** банкны барьцаанд байсан Ө гэгчийн 7 автомашинаас 1 машиныг авсан. Учир нь Ө зарим машинаа зарахгүй гэсэн учраас 4 машинаас сонголт хийж нэгийг нь авсан. Уг машин нь олон жил уурхайд явсан маш их эвдрэлтэй байсныг бид мэдэхгүй учраас гаднаас нь хараад л авсан. Намайг Замын-Үүдэд явж байхад *** банк зээл тань гарлаа, урьдчилгаа мөнгөө дансанд байршуул гэсэн. Энэ машины засвар их хийгдэж байгаа тул би больдог ч юм билүү гэхэд зээл батлагдсан, боломжгүй гэж хэлсэн. *** банкны орлогч Н, Б нар урьдчилгаа төлбөрийг хүнээс зээлж дансанд байршуулсан.  3 хоногийн дараа хүнээс зээлж өгсөн урьдчилгаа төлбөрөө төл гэж шаардсан. Би Замын-Үүд явж жижиг тэргээ зарж 9 сая төгрөг *** банкны дансанд шилжүүлсэн. Машинаа аваад гадна бүх эвдрэл засварыг гагнуурчин Б ахын хашаанд 1 сарын хугацаанд зассан болно. Чиргүүлийн засвар, дүрс бичлэг, гэрэл зургийг *** банкинд өгсөн. Б, Ц хоёрт 1 сая төгрөгийн хөлс өгөн чиргүүлийн тайралт хийлгэсэн.  Чиргүүлийн файлцийн засвар 400000 төгрөг мөн өгсөн. Энэ машинаа засч дуусаад Дундговь аймгийн Гөлтгөний уурхайд нэг удаа яваад машин эвдэрсэн. Мөн тэр компанийн үйл ажиллагаа зогссон, бид тэр компанийн дотоод асуудлыг мэдэхгүй. Уг уурхайд яваад машины бөгс нь эвдэрсэн тул БНХАУ-ын Эрээнд аваачиж засуулсан. Эрээнд засуулсан зардлыг тайлбарт хавсаргасан болно. Ингээд Эрээнээс-Улаанбаатар хот хүрэх замд машины мотор эвдэрч зогссон. Моторыг засах гэсэн боловч 7-8 сая төгрөг болсон тул засч чадахгүй өдий хүртэл зогсч байна. Энэ машиныг авснаас хойш нийт 1200 км явсан, энэ машин нь эрээн болон бусад боомтоор гарах эрх байхгүй, эвдрэл гэмтэл маш ихтэй олон жил уурхайд яваад авах юмгүй болсон машинаа *** банк давхар зээл гарган надад өгөх болсонд би гомдолтой байна. Сүүлийн зээлээс болоод Э миний бие орон гэрээ алдах дээрээ тулаад байна. Эхнийхээ зээлийг төлж дуусах мөнгөөр энэ машины эвдрэлийг засч янзлаад байна. Иймд би автомашиныг бүрэн янзалж *** банкинд өгөх хүсэлтэй байна. *** банк намайг болон өөрсдийн хийсэн давхар зээлээ ойлгон энэ машинаа буцааж авбал өмнөх зээлээ төлөх боломж надад байна гэжээ. /хх-36/

Хариуцагч А.Э 2016.04.28-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: *** банкнаас надад санал болгосны дагуу 2015.06.26-ны өдөр гэрээ байгуулан уг автомашиныг худалдан авсан ба уг машин нь олон жил уурхайд явсан маш их эвдрэлтэй машин байсан. Би аваад засч янзлахын тулд 19 сая төгрөгийн зардал гаргасан. Одоо хүртэл уг машин миний нэр дээр шилжиж ирээгүй. Машин нь Монгол Улсын аль ч зам дээр явахыг хориглосон жинтэй тул миний хувьд ашиглах боломжгүй байгаа юм. Мөн би 54000000 төгрөгийн зээлийн гэрээнд зааснаар бэлэн мөнгөөр өөртөө авсан бол зах зээлээс ийм машиныг хямдаар авах боломжтой байсан. Би банк санхүүгийн мэдлэг дутмагаас болж энэ зээлийн гэрээг лизингийн гэрээ хийсэн гэж  бодож байсан ба *** банкийг нэхэмжлэл гаргахад нь уг автомашиныг зээлийн гэрээ хийж авсанаа мэдсэн болно. Энэ бүхнээс дүгнээд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул ЗГ665 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тоооцуулж, уг хүчин төгөлдөр бус гэрээнээс үүссэн хохирол 8260000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. /хх-79/      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А.Э, Ш.Ц нар нь эрх зүйн бүрэн чадвар чадамжтай, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн 2015.06.26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 48600000 төгрөгийн хөрөнгө ороуулалтын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, Норд бенз маркын авто чирэгч, чиргүүлийн хамт худалдан авсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч А.Эын өөрийн хүсэлтээр худалдан авсан Норд бенз маркын авто чирэгч, чиргүүлийн хамт Ашид билгүүн ХХК-иар тухайн үеийн зах зээлийн үнэлгээ хийлгэхэд 55,0 саяар үнэлсэн байгаа нь банкны зүгээс зах зээлийн бодит үнэ ханшаар зарсан нь нотлогдож байна. Зээлийн барьцаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын ***, *** тоот үйлчилгээ зориулалттай 30 мкв талбай бүхий халуун усны обьеъкт, 232 мкв газрын хамтаар барьцаалсан. Банкны зүгээс үйл ажиллагаа явуулахад саад учруулаагүй болно гэжээ. /хх 92-93/   

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.Э, Ш.Ц нараас 82920312,26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбарт олгож,

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар 2013 оны 363 тоот гэрээ болон 2015 оны ЗГ665 тоот зээлийн болон барьцаат зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ЗГ665 тоот барьцааны зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сум ***, Мааньзав гудамж 4-29 тоот байрлалтай, үйлчилгээний зориулалттай 30 мкв талбай бүхий халуун усны Ү-***, Д-***дугаар бүхий обьект, 232 мкв талбай бүхий Д-000488976 дугаар бүхий эзэмших эрхээр хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар уг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж,

үлдсэн шаардлага болох 665 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Дорноговь аймаг, Сайншанд сум, ***, Мааньзав гудамж 4-29 тоот хаягт орших 108 мкв талбайтай амины орон сууц, 35 мквв талбайтай грашийг, 525 мкв талбайтай, 19432973840965 нэгж талбарын дугаартай өмчлөх эрхийн Д-***, ***дугаар бүхий газраар хангуулахаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д зааснаар хариуцагч А.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 572551  төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 572551 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг гардан авах болон давж заалдах гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ. /хх 131-133/

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдсан гомдолдоо: ...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны ЗГ665 тот зээлийн гэрээнд үнэлэлт дүгнэлт хийхдээ учир дутагдалтай хандсан гэж үзэж байна. ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж уг маргаан бүхий зээлийн гэрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.  Энэ зээлийн гэрээ нь анхнаасаа ***банкны барьцаанд байсан Норд бенз маркийн машиныг зарж Өын зээлийг төлүүлэх зорилготой байсан байдаг. Энэ талаар хавтаст хэрэг нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогддог. Энэ автомашины эзэн гэх Ө, А.Э нарын хооронд машин худалдах хэлцэл хийгдсэн байх ёстой. Энэ хэлцлийн үр дүнд уг автомашин А.Эын нэр дээр шижих А.Эын эзэмшилд шилжих ёстой. Гэтэл А.Э Ө нарын хооронд худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн, энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл нь Ө нарын хооронд байгуулсан ямар нэгэн бичгийн гэрээ хэлцэл байхгүй, мөн уг машины төлбөрийг бүрэн хийсэн байхад машин эзэмшигчийн нэр худалдан авсан гэх Эт шилжиж ирээгүй байгаагаар тодорхойлогдоно. Энэ хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр уг маргаан бүхий 665 тоот зээлийн гэрээ хийгдсэн байна. Уг 665 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд уг хэргийг дахин хянаж, маргаан бүхий 665 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавар 8260000 төгрөгийн хохирлыг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /хх-136/

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *** банкны Дорноговь салбар нь хариуцагч А.Э, Ш.Ц нарт холбогдуулан 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13-363 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 26381289,71 төгрөг, зээлийн хүү 2933310,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160010,91 төгрөг, нийт 29474610,92 төгрөг, 2015 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ665 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 47789463,53 төгрөг, зээлийн хүү 5627896,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28341,10 төгрөг, нийт 53445701,34 төгрөг, бүгд 82920312,26 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ зээлийн болон барьцааны гэрээнүүдэд үндэслэсэн байна.

Хариуцагч А.Э, Ш.Ц нар нь нэхэмжлэлээс 2015 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ665 тоот зээлийн гэрээний үүрэг болох 53445701,34 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч машины лизингийн зээлээр *** банкны барьцаанд байсан машиныг худалдаж авсан ба машин эвдрэл ихтэй тул буцааж өгнө, энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хохирол 8260000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч А.Э, Ш.Ц нар нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн 2015 оны  06 дугаар сарын 26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан North Benz маркийн авто чирэгч, чиргүүлийн хамт худалдан авсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар 2015 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ665 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х нь “...Ө, Э нарын хооронд байгуулсан ... гэрээ хэлцэл байхгүй, машины төлбөрийг бүрэн хийсэн байхад машин шилжиж ирээгүй тул ... маргаан бүхий 665 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү“ гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй буюу хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь талууд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ665 тоот зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, улмаар хариуцагч нар нь уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөхийн тулд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтад нийцсэн эсэхэд буюу зээлийн гэрээний зорилго, агуулга, зээл олгосон байдал зэрэгт үндэслэх учиртай.

Өөрөөр хэлбэл банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх тухай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох эсэхийг тодорхойлохын тулд шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа банкны зээлийн агуулгад нийцсэн эсэх, банк зээл олгохдоо хууль болон гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, зээлийн гэрээний үндсэн нөхцлүүд хангагдсан эсэхэд хуульд нийцсэн дүгнэлт өгөх шаардлагатай болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ЗГ665 тоот зээлийн гэрээгээр *** банк нь зээлдэгч А.Э, Ш.Ц нарт  48600000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар зээл олгосон байх боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4, 6, 10-д заасан ... гэрээний хувь, эдийн засгийн үр ашгийн тооцоо, санхүүгийн тайлан, зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл зэрэг нь тодорхойгүйгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа нь банкны зээлийн агуулгад нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Тодруулбал хариуцагч А.Э нь банкны барьцаанд байгаа North Benz маркийн ачааны автомашинаас худалдан авах хүсэлт гаргасан /хх-63/, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд /хх-4/ заасан зэргээс үзвэл  банк зээлийг ачааны автомашин худалдан авах зориулалтаар олгосон байх ба уг зээлээр худалдан авсан гэх 5387 ДГО улсын дугаартай North Benz маркийн авто чирэгч, чиргүүл нь 2013 оны 09 дүгээр сарын 05-нд *** банкны Дорноговь салбарын нэр дээр шилжиж /хх-55/ банк өмчлөгчөөр бүртгэгдсэн байх боловч үүнээс хойш буюу 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр уг автомашиныг БГҮ-400 барьцааны гэрээгээр Б.Ө *** банк ХХК-д барьцаалсан /хх106/, улмаар 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 333 дугаар шүүгчийн захирамжаар Б.Өаас төлбөр гаргуулахаар шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн /хх-113/, банкнаас олгосон зээл 48600000 төгрөгийг болон нийт 54000000 төгрөгийг хариуцагч А.Эын данснаас /хх-72/  2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 20:06 цагт зарлагын гүйлгээ хийгдэж Б.Өын дансанд орлого орж,  Б.Өын зээлийн төлбөрт төлөгдсөн /хх-87/ болох нь тогтоогджээ. 

Эндээс дүгнэж үзвэл 5387 ДГО улсын дугаартай North Benz маркийн авто чирэгч, чиргүүлийг хариуцагч А.Э нь Б.Өаас эсхүл банкнаас худалдаж авсан талаарх үйл баримт тодорхойгүй байх ба энэ нь банк автомашин худалдан авах зориулалтаар зээл олгохдоо ямар гэрээг үндэслэсэн нь тодорхойгүй, хэрэв банк барьцаанд байгаа эд хөрөнгийг худалдан борлуулсан бол энэ талаарх Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Иргэний хуулийн 158, 159-д заасан болон гэрээнд заасан журмыг баримталсан эсэх нь тодорхойгүй, 

шинжээчийн дүгнэлтээр /хх-64/ North Benz маркийн авто чирэгч, чиргүүлийн үнийг 55000000 төгрөгөөр тогтоосон, үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй хэдий ч нэхэмжлэгч *** банк болон Б.Ө нарын хооронд байгуулагдсан гэрээнд /хх106/ 5387 ДГО улсын дугаартай North Benz маркийн авто чирэгч, чиргүүлийн үнийг 21600000 төгрөгөөр үнэлж, гэрээний 5.2-т “...Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор Барьцаалагч нь шилжүүлэн авсан барьцаа хөрөнгийг гэрээнд заасан үнээр захиран зарцуулна” гэж заасан  зэргээс үзэхэд банк юуг үндэслэж хариуцагч А.Эт 48600000 төгрөгийн зээл олгосон нь ойлгомжгүй, 

мөн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** банк, *** ХХК-ны хооронд байгуулагдсан ФГ-12/260 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ /хх-59/ уг 5387 ДГО улсын дугаартай North Benz маркийн авто чирэгч, чиргүүл нь *** банкинд барьцаалагдсан байх боловч банкны өмчлөлд эд хөрөнгө бодитоор шилжсэн эсэх нь тодорхойгүй буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон эсэх, мөн хуулийн 235.6-д зааснаар эд хөрөнгийг өмчилж удирдах эрх хэнд үүссэн зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тодорхойгүй байхад анхан шатны шүүх “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн” гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д нийцээгүй гэж үзнэ.

Энэ нь дээр дурдсан хэргийн үйл баримтыг тогтоосноор банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлсэн эсэхийг буюу банкны зээл олгосон үйл ажиллагаа нь Банкны тухай хуулийн 10 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан журмын дагуу явагдсан эсэхээс шалтгаалж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийх боломжтой болох юм.

Түүнчлэн анхан шатны шүүх, шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхдээ сөрөг нэхэмжлэлийг эхэлж хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 107-д нийцээгүй, шийдвэрийн агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд нийцээгүй буюу шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулгыг бичээгүй, тогтоох хэсгийн агуулга бүтэц ойлгомжгүй, хариуцагч болон түүний өмгөөлөгчийг сөрөг нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэх мэт хуульд заагаагүй нэр хэрэглэсэн, эд хөрөнгийг битүүмжлэх буюу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг шийдвэр гаргахдаа авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан уг арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүссэний дараа захирамж гарган авна гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх уг зөрчлийг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Харин  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй буюу хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 136/ШШ2016/00185 дугаар шийдвэрийг хүчингүй  болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.  

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 469250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

Н.БАТЧИМЭГ