Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2023/00004

 

 

 

 

 

 

 

2023            01            25                                                     223/МА2023/00004      

 

 

 

Ж.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2022/01301 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Н нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюуны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарын агуулга: Ж.Н нь Төв аймгийн Ой аж ахуй, модны үйлдвэрт 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мужаанаар ажилласан.

Гэтэл тухайн үед хариуцан ажиллаж байсан дарга Амаржаргал байгууллагын баримт бичгийг архивт тушаагаагүйн улмаас 1988 оноос хойших хугацааны баримтууд олдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилттэй боловч баталгаажаагүйн улмаас өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна.

Иймд Ж.Н-ийн өгсөн баримт болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтыг үндэслэн Төв аймгийн Ой аж ахуй, модны үйлдвэрт 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Жадамбаагийн Нийг Төв аймгийн Ой аж ахуй, модны үйлдвэрт 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мужаанаар а жиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Нийн давж заалдах гомдол болон тайлбарын агуулга: “...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Үүнд:

1.Ой аж ахуй мод боловсруулах үйлдвэр байх үеийн баримт бичгүүд үрэгдэж үгүй болсон. Тухайн үед дарга байсан н.Амаржаргал нас барсан.

2.Хамт ажиллаж байсан 2 хүнээр ажиллаж байсан байдлаа гэрчлүүлсэн.

3. Мөн 8 дугаар 4 жилийн гавшгайч цол тэмдэгийг 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгосон байримтыг шүүх үнэлсэнгүй. Тухайн үед ажлын норм төлөвлөгөөгөө хугацаанаас нь өмнө буюу 4 жилд биелүүлсэн хүнд олгодог байсантай холбоотой баримт юм.

4.Тухайн үед үйлдвэр хувьчлагдахад хөдөлмөрийн байцаагч нар хөдөлмөрийн дэвтэрт хаалт хийж ажилласан жилийг бодож баталгаажуулсан байсан баримтуудыг шүүх харгалзаж үзээгүйд гомдол гаргасан.

Би сая өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад ажилласан жилтэй холбоотой тушаал шийдвэр олох ёстой гэж хэлсэн. Харин нэмэлт баримт олдохгүй байгаа тул миний гомдол үндэслэлгүй болохыг ойлгосон. Гэхдээ шүүх хэргийг хянаж үзэж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Нийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ч хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байгаа тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт дараах дүгнэлтийг хийж залруулах боломжтой гэж үзлээ

2.Нэхэмжлэгч Ж.Н  нь Ой аж ахуй модны үйлдвэрт 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгч Ж.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж өгсөн баримтаас үзвэл, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 795 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1180 дугаар албан бичгүүд нь түүнийг Ой аж ахуй модны үйлдвэрт 1988 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан эсэхийг нотлох баримт архивт байхгүй гэсэн лавлагаа байна.

 

Мөн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 814 дугаар тогтоолоор олгосон 8 дугаар Таван жилийн гавшгайчийн үнэмлэх нь хавсарсан тушаал шийдвэргүйгээр шууд үнэлэгдэх боломжгүйгээс гадна өмчийн хэлбэр өөрчлөгдөж, улсын байгууллага татан буугдах үед уг шагналыг олгож байсан эсэх, гэрч М.Эрдэнэбаатарын "...би цэргийн албанд 1985 онд яваад 1988 онд ирсэн. Ж.Н 1986 онд модны үйлдвэрт орсон" гэсэн, гэрч Я.Хорлоогийн "...бид 1978 оноос 1981 он хүртэл хамт ажилласан... 1988 онд Ж.Н гавшгайч болсон...үйлдвэр 1990 онд хувьчлагдсан...” гэсэн мэдүүлгүүд үйл баримтаас зөрүүтэй байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

 

Нэхэмжлэгч Ж.Нийн 1983 оны  9 дүгээр сарын 11-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 14 дэх талд 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийг хаасан болохоос ажилласан жил баталгаажаагүй. Мөн дэвтрийн 8 дахь талд 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ой агнуурын аж ахуйд мужаанаар авч ажлуулав гэсэн үйл баримттай холбоотой асуудлыг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00550 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн байна.

 

Түүнчлэн, Ж.Н-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1995 оноос 2000 он хүртэл нөхөн тооцсон тухай 1400000950 дугаар баталгаажилтын хуудас болон Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00550 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч Ж.Нийг Төв аймгийн барилга угсралтын конторт 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал мужаанаар, Ой модны үйлдвэрийн яамны харьяа Төв аймгийн Ой агнуурын аж ахуйд 1986 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд мужаанаар тус тус ажилласан байдлыг тогтоож” шийдвэрлэсэн баримт нь хэрэгт хамааралгүй гэж үнэлэгдэхээр байна.

 

4.Шүүгч онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тохиолдолд хэргийн үйл баримттай холбоотой баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт болон өөрийн санаачилгаар бүрдүүлсэн нь хууль зөрчөөгүй байх ба Төв аймгийн архивын тасгаас ирүүлсэн баримтад: “...1988-1989 оны цалингийн түүврээс нэхэмжлэгч Ж.Н-ийн нэр гараагүй” гэжээ.

Мөн Төв аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар тушаалаар байгаль хамгаалах орон нутгийн байцаагч, идэвхтэн байцаагчийг баталсан. Уг тушаалын 2 дугаар хавсралтад идэвхтэнд үнэмлэх өгсөн жагсаалтын 15-д Ж.Нийн нэр бичигдсэн байгаа ч орон тооны ажилтан бус гэж үзэхээр байна.  

Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн БНМАУ-ын хүн амын тооллого, регистрийн картын 69-т " Төв аймгийн модны үйлдвэрт 1986 онд ажилд орсон" гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах цаг хугацааг тогтоон нотлохгүй байна.

5.Анхан шатны шүүх дээрх нотлох баримтаар хэргийн үйл баримт тогтоогдохгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг бүрэн явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ж.Н-ийн "...хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй" гэсэн агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2022/01301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                      ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

                                                                                   З.ТҮВШИНТӨГС