Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 323

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Тд холбогдох эрүүгийн 1821002550294 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1975 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 5-12 насны 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 сар  29 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан, бие эрүүл гэх, хэрэг хариуцах чадвартай, .................регистрийн дугаартай, Б овогт С.Т.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э, Б.Н нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

  Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би С.Ттай уулзаад Мөнхбат ахаас та нарыг ажиллуулахгүй гээд байгаа нөгөө нөхөр чинь энэ мөн үү? гэхэд Мөнхбат ах мөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Тд очоод чи степ гоулдаа зогсоож чадахгүй байж миний ядарсан ах дүү нарын ажлыг зогсоогоод байдаг хэн юм бэ? гэж хэлснээс болж бид хоёр маргалдаад муудалцсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ орж гутлаа солиод гарч ирэхэд С.Т машинаа асаагаад хүлээж байсан. Тэгээд би гарч ирэхэд С.Т машинд суучих гэрчгүй газар очъё  гэхээр нь би машинд нь суугаад хөдөлсөн, бид хоёр С.Тын машинтай хөдлөөд 50 метр ч яваагүй машин дотроо барьцалдаад зогссон. Бид хоёр машин дотроо цамцныхаа захнаас заамдалцсан, хоёр биенийхээ хоолойг боосон. Тэр үед Мөнхбат ах ирээд салгасан. Тэгсэн С.Т машинаасаа буухдаа лопаток төмөр бариад буухаар нь би машиных нь домкратыг бариад буусан. Тэгээд бид хоёр бие бие рүүгээ ална гээд бахираад муудалцсан. ...Тэгсэн манай эхнэр Наранцацрал гэрээс гарч ирээд С.Тын лопатокийг авах гэж булаацалдаж байгаад гараа гэмтээсэн. ... С.Т намайг зайнаас цохиж чадаагүй, надаас өндөр болохоор заамдалцаад авангуут миний гар хүрэхгүй байсан, тэгээд С.Т заамдаж гараараа тулж байхдаа л нүүр болон нүд рүү гараараа нудраад байсан юм. Дараа нь харахад миний нүд хөхөрч, уруул язарсан байсан. Мөн эхнэрийн баруун эрхий хуруу хавдаад хөхөрсөн байсан. Надад С.Таас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол гээд юу байхав надад уучлалт гуйвал болж байна, өөр хүсэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

  Хохирогч Б.Наранцацрал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өчигдөр 16 цагийн орчим гэртээ орж ирээд 17 цагаас ажилтай байсан учир жаахан амраад хэвтэж байтал манай нөхөр Энхболд “гэрийн үүдэнд Марнаан намайг алахнээ гэсэн” дуу сонсогдсон, тэгэхээр нь би юу болов гэж бодоод гэрээс гарахад манай сумын Марнаан гэх залуу дэлгүүрийн үүдэнд цагаан машины хажууд зогсож байхаар нь би юу болоод байна гээд очсон чинь танай нөхрийг ална гээд зогсож байсан гартаа барьсан төмрийг нь харсан чинь аймаар том үзүүрлэсэн юм шиг иртэй төмөр байхаар нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь танай нөхрийг ална цохино гэхээр нь бас цохичих байх гэж бодсон. Тэгээд Марнаан нөгөө төмрөө урдаа босгоод хоёр гараараа барьсан байсан тэгэхээр нь би очоод төмрийг авах санаатай төмрөөс нь барьсан чинь Марнаан төмрөө дээш өргөж мушгиад төмрөө надаас авсан тэгээд удалгүй хэрүүл хийж байгаад салцгаасан. Тэгээд би ажил дээрээ 17 цагаас хуралтай байсан болохоор ажил дээрээ очсон тэгэхэд миний баруун гар даагдахгүй өвдөөд байхаар нь би эмнэлэгт очиж үзүүлж боолт хийлгэж өвчин намдаах эм тариа хийлгэсэн. ...Миний гараас төмөр салгаж авахдаа л миний гарыг гэмтээсэн өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16/

  Гэрч Ж.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Болдоогийн гэрт орж цай уучаад дэлгүүр ороод юм аа авчихаад суугаад хөдлөх гэж байтал миний машины ар талаар цэнхэр өнгийн портер машин ороод ирсэн. Тэгсэн чинь Болдоо хөөе Батаа ах энэ нөгөө дарамтлаад байсан хулгайч чинь энэ байна гэхээр нь би машин дотроо суугаад энэ өчигдөр ирсэн залуу байна гээд хараад танисан. Би машин дотроо сууж байтал тэр хоёр хоорондоо барьцалдаад авсан. Батаа ахаа энэ таныг дарамталсан хүн чинь энэ байна, чи миний ах дүү нарыг Цагаан-Овоод ганц удаа ирэхэд нь дарамталдаг хэн юм гээд зууралдаж байсан тэгсэн нөгөө залуу чамаас айна гэж байхгүй хоёулаа сумаас гараад үзчихье гээд байсан. Тэр үед Болдоо гэртээ ороод гутал хувцсаа өмсөөд гарч ирээд шууд тэр залуугийн машинд очоод суусан. Тэгсэнээ тэр хоёр машин дотроо барьцалдаад авсан. Тэгэхэд нь би очоод машиных нь түлхүүрийг сугалаад авсан тухайн үед машин нь асаалттай өнхрөөд байсан юм. Тэгээд тэр хоёр машинаас бууж ирээд захиргаа руу орно гээд хоёулаа хэрэлдээд яваад өгсөн хэсэг хугацааны дараа гарч ирсэн. Тэгээд дэлгүүрийн үүдэн дээр ирээд ахиад хоорондоо барьцалдаад авсан. Тэр үед Болдоогийн эхнэр Наранцацрал гарч ирээд та нар боль гээд хориод салгах гээд байсан, тэгснээ гар эвгүй болчихлоо гээд гараа бариад Болдоог аваад гэр рүүгээ орсон, тэгээд би явсан. Машинаасаа бууж ирэхдээ нөгөө залуу лопаток бариад буугаад ирсэн түүгээрээ цохих гээд байхаар нь Болдоо булааж аваад миний машин руу энийг та аваад явчих гээд хийсэн. Сүүлд нь би түлхүүрийг нь өгөөд лопатокийг нь машин руу нь аваачиж хийсэн. Тэр хоёр бие биенийгээ ер нь бол цохихгүй байсан хоорондоо хэрэлдээд зууралдаад байсан бие биенээ нэг ч цохиогүй төмөр барьчихаад л далайгаад, нөгөөдөх нь домкрат барьчихаад хэрэлдээд байсан. Наранцацралыг цохиж зодсон зүйл байхгүй байхаа. Болдоо тэр хоёрыг зууралдаад төмөр булаацалдаж байх хооронд нь голоор нь салгах гэж орохдоо гараа мушгиулсан байх тэрнээс цохиж зодсон зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Гэрч Б.Одмандах мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн орой 19 цагийн орчимд манай сумын С.Т гэх залуу эмнэлэг дээр орж ирсэн. Тэр хүн Энхболдтой уурхай дээр барьж байгаа бензин колонкийн асуудлаас болж гудамжинд муудалцсан гэсэн утгатай зүйл ярьсан. Ингээд С.Тын биеийг үзэхэд биед нь ямар нэг шарх сорви байхгүй байсан, даралт болон амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Би тэгэхээр нь түүнд чамд үзээд байх зүйл байхгүй байна, зүгээр байна ш дээ гэхэд толгой өвдөөд байна, тодорхойлолт авна гэж уурласан. Тэгэхээр нь би биеийнх нь байдлыг анхны үзлэгийн тодорхойлолтоор бичиж өгсөн. ...Харин түүний дараа 20 цаг 45 минутад манай сумын Наранцацрал ганцаараа орж ирсэн. Надад биеэ үзүүлэх гэсэн юм аа гэж хэлсэн. Наранцацралын баруун гарын эрхий хуруу хөхөрч хавдсан, хөдөлгөөнийг нь хязгаарласан байдалтай байсан. Тэгэхээр нь мөн тодорхой эмчилгээ бичиж анхны үзлэгийн тодорхойлолт бичиж өгсөн. Наранцацрал хэлэхдээ С.Тыг төмрөөр цохих гэхэд нь хааж барьж аваад гараа гэмтээсэн гэсэн утгатай зүйл ярьж байсан. ...Харин маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө Энхболд ирээд толгой өвдөөд нүд бүрэлзээд цээжээр өвдөөд байна гэсэн зовиуртай ирж үзүүлсэн. Үзэхэд зүүн нүдний салст улайсан, 2х1 см хөхрөлттэй, уруулын дээд хэсгийн дотор талд язралттай, гаднаас нь харахад бага зэрэг хавдсан, цээжин хэсгийн хэд хэдэн газар арьс нь зулгарч шалбарсан, мөн цээжин хэсгийн зүүн талд 5х8 см хэмжээтэй хөхрөлт хавантай байсан. Тэгэхээр нь би анхны үзлэгийн тодорхойлолтыг бичиж өгсөн. Энхболд болсон зүйлийн талаар надад хэлэхдээ бид хоёр бензин колонкоос болж маргалдсан ядарсан хүмүүсийг дээрэлхээд, Марнаан аймшигтай хүн байна, би аргагүй настай болжээ их л аймшигтай хүн байна гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 273 тоот дүгнэлтэд: “1. Б.Наранцацралын биед баруун сарвууны алга хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3.Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 274 тоот дүгнэлтэд: “1. Д.Энхболдын биед баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт, дээд уруулын дотор салстын хуралт, язрал, цээжний цус хуралт, хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3.Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй“ гэжээ. /хх-ийн 38/  

-Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 34, 39/

-Шүүгдэгч С.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

  Шүүгдэгч С.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Энхболд, Б.Наранцацрал нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэгэхээр нь цохиулахгүйн тулд өөдөөс нь сарвалзаж түлхсэн...Тэр маргаан болоод салахад Наранцацрал нь чамаас болж гараа гэмтээлээ шүү гэж надад хэлж байсан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолж баталсан хохирогч Б.Наранцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний гараас төмөр салгаж авахдаа л миний гарыг гэмтээсэн өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, хохирогч Д.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Т заамдаж гараараа тулж байхдаа л нүүр болон нүд рүү гараараа нудраад байсан юм. Дараа нь харахад миний нүд хөхөрч, уруул язарсан байсан. ...мөн эхнэрийн баруун эрхий хуруу хавдаад хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Ж.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр хоёр бие биенийгээ ер нь бол цохихгүй байсан хоорондоо хэрэлдээд зууралдаад байсан бие биенээ нэг ч цохиогүй төмөр барьчихаад л далайгаад, нөгөөдөх нь домкратыг барьчихаад хэрэлдээд байсан. Наранцацралыг цохиж зодсон зүйл байхгүй, Болдоо тэр хоёрыг зууралдаад төмөр булаацалдаж байх хооронд нь голоор нь салгах гэж орохдоо гараа мушгиулсан байх тэрнээс цохиж зодсон зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 273, 274 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б.Наранцацрал, Д.Энхболд нарт учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч С.Тын санаатай үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Тд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүхээс шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн байх тул хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны үнэн зөв гэж үзсэн ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЛ75120613 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч Бд овогт С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тын цалин,  орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .....................регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР