Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2023/00005

 

 

 

 

 

 

 

2023          01             25                                                    223/МА2023/00005

 

 

Т.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01271 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гомбын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гомбо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н-гийн нэхэмжлэлд болон шүүхэд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч Э.Бтай 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1125 бүртгэлийн дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 8513УБЛ улсын дугаартай Мерседес бенз Жи-500 маркийн тээврийн хэрэгслийг 65,000,000 төгрөгөөр худалдсан.

 Э.Б гэрээний 3.2-т заасны дагуу 45,000,000 төгрөгийг  бэлнээр төлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээр төлөхөөр тохиролцсон.

Мөн гэрээний 3.4-т зааснаар төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх ёстой. Гэхдээ Э.Б-д машиныг хүлээлгэн өгсөн. Э.Б машиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 20,000,000 төгрөгийн зээл авсан ч 5,000,000 төгрөг өгсөн.

Би Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгслийг хариуцагч Э.Б-д хүлээлгэн өгсөн. Харин хариуцагч Э.Б төлбөрийн үүргээ шударгаар биелүүлээгүй тул төлбөрөө төлөх хүртэл машиныг авч хадгалсан. Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Э.Б-гийн шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга“...би 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Т.Н-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан, 65,000,000 төгрөгөөр 2002 онд үйлдвэрлэсэн Мерседес бенз Жи-500 авто машин худалдан авахаар тохирсон. Т.Н бүрэн бүтэн эвдрэл доголдолгүй машин хүлээлгэж өгнө гэж тохиролцож, 45,000,000 төгрөгийг урьдчилж авсан.

Харин үлдэгдэл төлбөрийг төлөхөд Т.Н машиныг өөрийн танил хүний ажиллуулдаг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж өгнө гэсэн.

Т.Н уг машины эвдрэл гэмтлийг засуулна гэж хэлээд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл 20 хоног авч явсан. Гэтэл огт засуулаагүй байсан. Мөн Т.Н 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн танил банк бус санхүүгийн байгуулагад зарж буй авто машиныг барьцаалан 20,000,000 төгрөгийн гэрээг миний нэр дээр байгуулсан. Би мөнгөнөөс 5,000,000 төгрөг авсан. 10,000,000 төгрөгөөр машины эвдрэлийг засуулсан. Гэтэл Т.Н уг засварийн мөнгийг төлөхгүй гэсэн.

Иймд уг машиныг худалдан авахаас татгалзсан. Ингэхдээ өгсөн 50,000,000 төгрөг, уг машины засварт гарсан 10,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг эргүүлэн авснаар авто машиныг буцаахаар болсон.

Гэтэл Т.Н засварын газар байсан уг авто машиныг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр худал хэлж авч явсан байсан. Дээрх автомашин одоог хүртэл Т.Н-д байгаа. Харин миний мөнгийг одоо хүртэл өгөөгүй.

Би барьцаанд байгаа машиныг Т.Н авч явсан талаар банк бус санхүүгийн байгууллагад мэдэгдэхэд ярилцана гэж хэлээд өөр хариу өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Э.Бд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай Т.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гомбын давж заалдах гомдолд болон нэхэмжлэгч Т.Н нарын тайлбарын агуулга: “...анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэл муутай буруу дүгнэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.Талууд харилцан тохиролцсон тул сайн дурын үндсэн дээр хариуцагч тал  урьдчилгаа 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.”, 89.3 дахь хэсэгт “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь тээврийн хэрэгслийн шууд эзэмшигч болсон... Хариуцагч нь худалдан авсан тээврийн хэрэгслийг ББСБ-д барьцаалсан өдрөө нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан боловч Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг болон гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлээгүй.

Харин нэхэмжлэгч үүргээ биелүүлж хариуцагчид тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байхад хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан тул гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлж үүргээ биелүүлэх хүртэл буюу гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг хариуцагчаас буцаан авч хадгалсан болно.

2.Талууд шүүх хуралдааны шатанд төлбөр болон барьцааны хөрөнгийн талаар хууль зүйн тайлбар хийж мэтгэлцсэн байхад өмгөөлөгчийн гаргасан тайлбар, дүгнэлтийг шүүх шийдвэртээ огт дурдагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх тэгш байх, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэж үзэж байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах...захирамж гаргана" гэж заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн бодит байдлыг тогтоох, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь тээврийн хэрэгслийг гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн, мөн тээврийн хэрэгслийг барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсаны дараа үлдэгдэл төлбөр орохыг хүлээсэн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй, мөн тээврийн хэрэгслийг худалдан авагч этгээд бус өөр этгээд эзэмшин ашиглаж байсан талаар тайлбар гаргасаар байхад түүнийг хэрхэн үнэлсэн, дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаан болсны дараа “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тээврийн хэрэгслийг надаас хураан авч явсан. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золзаяа, өмгөөлөгч Т.Доржпүрэв нарын тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх хууль зүйн дагуу хуулийн үндэслэлтэй шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь:

Нэхэмжлэгч талын гомдолд бичсэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 89 дүгээр зүйл гэх зэрэг хуулийн заалтууд нь иргэний маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх хуулийн заалтууд биш. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.3 дугаар заалтад төлбөрийг төлж дуусахаас өмнө тээврийн хэрэгслийн бүртгэлийг банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлөх нөхцөлтэй худалдсан бөгөөд худалдан авагч талд өмчлөх эрхээ шилжүүлэхийг урьдчилан зөвшөөрч гэрээг байгуулав гэж бичээд гарын үсэг зурсан байгаа.

Худалдагдсан машиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд шилжүүлээгүй, мөн биед байдлын болон эрхийн доголдолгүй, биет байдлын хөрөнгө худалдах үүрэгтэй байдаг боловч биед байдлын доголдолтой машин худалдсан байна. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж заасан.

Хуулийн энэ зохицуулалт нь машиныг өгөөгүй нөхцөлд төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй гэдгийг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь машины урьдчилгаа төлбөрт 50.000.000 төгрөг авсан атал машинаа шилжүүлж өгөөгүй нь нэхэмжлэгчийн эрх ашиг хохироогүй бөгөөд нэхэмжлэл нь үндэслэлгүй гэдгийг харуулж байна. Давж заалдах гомдолд гэрээг чөлөөтэй байгуулах талаар дурдсан байна. Гэрээг чөлөөтэй байгуулдаг ч гэсэн хуульд нийцсэн байх ёстой. Машиныг худалдаж авахаа болилоо миний мөнгийг буцаагаад өгнө үү гэхээр мөнгийг нь үрчихсэн машинаа зараад өгье гэж машиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад Бгийн нэр дээр хүүтэй мөнгө зээлж авсан байдаг. Үүнээс үзэхэд Б нь хохирч байна. Т.Н нь машиныхаа эвдрэлийг засахгүй байсан тул аргагүй эрхэнд баталгаат засварын газраар орж Банк бус санхүүгийн байгуулгаас зээлсэн мөнгөний 10.000.000 төгрөгөөр машиныг засуулсан. Одоо Банк бус санхүүгийн байгууллагаас алданги тооцчихсон байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гомбын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Н.Б нар 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 8513УБЛ улсын дугаартай, Mercedes Benz маркийн авто машины үнэ 65,000,000 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 20,000,000 төгрөгийг ББСБ-ын зээл авч төлөхөөр тохирсон байгаа ч гэрээний үүрэг биелэгдсэн, эд хөрөнгийн доголдол байсан эсэх талаар маргажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжсэн нотлох баримтыг шүүхэд цуглуулан өгөх, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах, талууд хуульд зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэн мэтгэлцэх эрх, үүргийг зөвхөн талууд эдлэх зарчимтай.

 

Гэхдээ шүүн таслах ажиллагааг гагцхүү шүүх, шүүгч хэрэгжүүлэх тул нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтыг тодруулан тогтоох ажиллагааг хөндлөнгийн байх зарчмыг баримтлан явуулах ёстой.

 

Өөрөөр хэлбэл, шүүгч маргаангүй үйл баримтыг диспозитив зарчимд нийцүүлэн үнэлэх нь хөндлөнгийн байх зарчимд нийцэх ч бусад эрх ашиг хөндөгдөхөөр байгаа тохиолдолд маргаагүй үйл баримтыг тодруулах нь дүрмийн бус зарчимд нийцнэ гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулахад хавсаргасан 8513УБЛ улсын дугаартай, Mercedes Benz маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Э.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, Т.Н-гийн ХААН банкны дансанд 45,000,000 төгрөг шилжин орсон дансны хуулга, авто машинд засвар хийсэн төлбөрийн баримтаас өөр баримт авагдаагүй байна./хх-3-10, 38-39 тал/

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Н-гийн өмчлөлийн 8513УБЛ улсын дугаартай, Mercedes Benz маркийн авто машин хэнийн өмчлөлд шилжсэн, Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд хэн тавьж, зээл авсан, гэрээний үүргийн зөрчил байсан эсэхтэй холбоотой үйл баримт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

4.Анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШЗ/2022/04423 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 65 дугаар зүйлийн 65.1.11-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золзаяагийн гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах хүсэлтийг болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай ..."  гэж шийдвэрлэхдээ "... шинжээч томилох нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ямар нөхцөл байдал тодруулах гэж буй нь тодорхойгүй байна ..." гэсэн үндэслэлийг заажээ.

Шүүгч хариуцагчийн хүсэлтийг дээрх үндэслэлээр шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д "Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно" гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйгээс энэ хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-д заасны дагуу гомдол гаргах зохигчийн эрхийг хязгаарласан байна.

5.Давж заалдах шатны шүүх дээрх алдааг засаж залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гомбын гомдлыг дээрх үндэслэлээр хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгч Т.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШШ2022/01271 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС