Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2023/00006

 

 

 

 

 

 

2023         01              25                                                    223/МА2023/00006            

 

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2022/01286 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э-д холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 14,699,713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Батжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон өмгөөлөгч Б.Энхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 03-ны өдөр шилжих шөнө 20 цагийн үед Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг, Рашаант 176 тоотод оршин суух иргэн Д.Э-ийнд орсон. Д.Э хадам эгчийнхээ хамт 1 шил архи уугаад дуусч байсан.

Би 1 шил архи авч хамт ууж дуусаад дахин дэлгүүрээс 1 шил архи, 2 лааз пиво авч ирээд уусан.

Д.Э гэнэт миний утас алга байна гээд над руу дайраад байхаар нь машинд ороод үз гэсэн. Гэтэл ногоон Билгээ чи манайд юу хийж байгаа юм гээд өөр хүний нэр хэлээд над руу дайрсан. Намайг унагаад хөл рүү дэвсэж өшиглөхөд нь чи хөл хугалчихлаа гэхэд яахаараа нэг цохиход хугардаг юм гэж хэлээд миний хөлийг нааш цааш нь мушгисан. Тэгээд нөгөө өрөөндөө ороод унтаад өгсөн.

Би үүдний өрөөнд нь босож чадахгүй, нэрээр нь дуудаад өглөө болгосон. Д.Э өглөө босч ирээд юу болсон бэ, уучлаарай гэсэн. Тэгээд эмч дуудаж, гипс тавьж, өвчин намдаах тариа хийгээд, хүргэн дүү Галбадрахынд хүргэж өгсөн.

Тэгээд би Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд хөлний гэмтэл хүнд, хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Эмч нар зөвлөлдөөд 2-3 удаа хагалгаа хийгдэнэ. Эхний 2 хагалгаа төлбөргүй, 1 хагалгаа нь 510,000 төгрөгийн төлбөртэй гэсэн.

Энэ  талаар Д.Э-д хэлэхэд 610,000 төгрөг өгсөн. 100,000 төгрөг нь эрүүл мэндийн даатгалын хураамж байсан. Энэ өдрөөс хойш өдийг хүртэл надтай ярилгүй алга болсон.

Би эмчилгээний зардалд: эмнэлэгт хэвтсэн 5 хоног х 80,000=400,000 төгрөг, өвчин намдаах эм 15 ш х 2,000=30,000 төгрөг, алтангагнуур 12ш х 4,000=48,000 төгрөг, сolclo 50ш х 12,500=62,500 төгрөг, өвчин намдаах тариа 10ш х 3,000=30,000 төгрөг, осталон 7 хоногт 1 удаа уухаар 3 хайрцаг 84,600 төгрөг, экинол адууны тосон түрхлэг 30гр 3 ш х 8,500=25,500 төгрөг, картин 120 гр адууны бэлдмэл 4ш х 32,000=128,000 төгрөг, барагшун 18ш х 1,500=27,000 төгрөг, тамедины уусмал 8,000 төгрөг, самбай бинт 10,000 төгрөг, резинэн бинт 25,000 төгрөг, спирт 1 ш=10,000 төгрөг, ус төрөгчийн хэт ислийн уусмал 1ш=20,000 төгрөг, аспирин 100 =8,500 төгрөг, метропидзол эм 7,000 төгрөг, 2ш суга таяг 68,000 төгрөгөөр авсан.

Бусад зардалд: Дархан-Уул аймагт эмчилгээ хийлгэхдээ гэр хороололд байх хүндрэлтэй байсан учир байр түрээслэсэн түрээсийн төлбөр 7 сар х 200,000=1,400,000 төгрөг, Дархан-Уул аймаг руу машин хөлсөлж явсан хөлсний зардал 250,000 төгрөг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт боолт болон цэвэрлэгээ хийлгэхээр явахдаа машин хөлсөлж эмнэлэг гэр хоёрын хооронд явсан 13 хоног х10,000=130,000 төгрөг,

Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш эмчилгээний болон бусад зардал нэмэгдсэн.

Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, группэд орохын тулд 3 удаа ирж очиж явсан бензин хөлсний зардал гээд хаашаа ч явсан хөлөөрөө чөлөөтэй явж чадахгүй болсон учир тээврийн хэрэгсэл хөлсөлж, бензин хийж явдаг байсан. Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхээр явахдаа 6951УАК приус 30 автомашиныг жолооч Д.Хишигжаргал 99173932 дугаартай тээврийн хэрэгслийг хөлсөлж явж үзүүлдэг байсан.

 Би Төв аймгийн Аргалант суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Хос бэрс” ХХК-д туслах ажилтнаар 1 сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Одоо ажиллаж байсан бол 1, 2, 3 дугаар сарын цалин 3,600,000 төгрөг авах байсан. Мөн 11 сар хүртэл компани үйл ажиллагаагаа явуулдаг тул энэ хугацааны цалингаа авах боломжтой байсан.

Мөн Төв аймгийн Лүн суманд ажлаасаа гадуур хүү Б.Бат-Эрдэнэтэй мал аж ахуй эрхэлж, гахай малладаг байсан. Гахайн махаа зоогийн газруудад зарж ашгаараа дахин гахай авч эргэлдүүлдэг байсан. Нэг сард цэвэр 2,800,000 төгрөгийн ашиг олдог байсан. 1,2,3 дугаар саруудын хугацаанд нийт 8,400,000 төгрөгийн ашигтай байх байсан. Энэ явдлаас хойш ажлаа хийж, мал аж ахуйгаа эрхэлж чадахгүй болсон.

Одоо би Хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан ба 6 дугаар сард дахин хагалгаанд орно. Иймд 1.Эмчилгээний зардалд нийт 2,858,216 төгрөг гарсан нь хавтаст хэргийн 7,9,10,11,67,68,69,70,71, 72 хуудсанд авагдсан баримт болон картанд-430,000 төгрөг, суга таяг 68,000 төгрөгийн баримт,

2.Нааш цааш явсан шатахууны зардалд 1,041,497 төгрөг гарсан нь хавтаст хэргийн 10,11,67,68, 69, 70 хуудсанд авагдсан баримт,

3.Түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг төлсөн баримт хавтаст хэргийн 12 хуудсанд,

4.Ажилгүй байсан хугацааны цалинд 1,200,000x8 cap 9,600,000 төгрөгт холбогдох баримт хавтаст хэргийн 6, 66 хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул нийт 14,699,713 төгрөгийн хохирлыг Д.Э-өөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөгс, өмгөөлөгч Э.Батжаргал нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга“...Дээрх нэхэмжилж буй мөнгө нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд нотлох баримт нь хэрэгт хамааралгүй байна. Дамдинжав гэх айл 7 хүүхэдтэйгээс бага хүүхэд Д.Э нь ковидын нөхцөл байдалд байнгын бэлэн байдалд байсан хүнд архи авч очиж даамжруулсан. Машин барьж архидан согтууралд уриалан дуудаж авч явсан.

Хавтаст хэргийн 146 дугаар хуудаст 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед гахайн хоол тавьж өгч байхдаа хальтирч унаж бэртсэн талаарх баримт байгаа. Хариуцагчийн зүгээс бодит гарсан зардлыг ярилцаад эвлэрэх боломжтой талаар ярилцахад үндэслэлгүй их мөнгө нэхэж байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин гэм бурууд маргахгүй, эмчилгээний бодит гарсан зардал 1,063,098 төгрөгийг зөвшөөрч байна. Бусад цалин, бензин, түрээсийн байрны зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

Шүүхэд эргэлзээгүй баримт үнэлэгдэх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн баримт болох хавтаст хэргийн 7,8-д байгаа баримтын тамга, мэдээлэл зөрж байна.

Өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгон шүүхэд баримт гаргаж өгсөн. Тухайн үед шүүхэд баримтаа андуураад өгсөн гэж байгаа нь худлаа. Хуулийн этгээд баримтад үндэслэн татвар төлдөг учир ийм зүйл байх боломжгүй. Эмчлүүлэгчийн картанд бичсэн 430,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхгүй. Мөн 12 дугаар хуудасны 4, 7 дугаартай и-баримтыг балаар тодруулж бичсэн, 69 дүгээр хуудасны 2,500 төгрөг, 78,000 төгрөгийн и-баримтаар юу авсан нь тодорхойгүй, 71 дүгээр хуудасны 4 дугаартай баримт арилсан, 72 дугаар хуудасны 5 дугаартай баримтаар юу авсан нь мөн тодорхой бус учир үнэлэх боломжгүй.

Мөн түрээсийн төлбөрт нэхэмжилсэн мөнгө нь дансны хуулгатайгаа тохирохгүй, хэрэгт ямар хамааралтай болох нь тодорхойгүй. Түрээсийн харилцаа үүссэн бол талууд түрээсийн гэрээ хийсэн байх ёстой. Гэрээний дагуу төрд төлбөр төлөх үүрэгтэй. Тодорхойгүй баримтыг хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэгч Төв аймгийн Лүн суманд амьдардаг байж яагаад Дархан-Уул аймагт байсан нь тодорхойгүй.

Ажилгүй байсан хугацааны цалинд 9,600,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч, ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөгдөх ёстой.

 “Хос бэрс” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгсөн тодорхойлолтод 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэсэн тодорхойлолт байна. Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа 1999 оноос эхлэн ажилласан гэж мэдүүлж байгаа нь зөрж байна. Тухайн тодорхойлолтоор нэхэмжлэгчийг энэ компанид ажилладаг гэдгийг тодорхойлох боломжгүй. Хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолтыг зөвхөн Бөд зориулж гаргаж өгсөн юм шиг байна. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл нь 0 төгрөг байна. Эрүүгийн хэрэг хянагдаж байхад нэхэмжлэгч мэдүүлэгтээ 800,000 төгрөгөөс 1,200,000 төгрөгийн цалин авдаг гэсэн мэдүүлэг байдаг. Энэ мэт тайлбар нь зөрүүтэй байна. Гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа. Харин бодитой гарсан эмчилгээний зардлыг төлнө” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөлөгч Н.Ваня дүгнэлтдээ “...Нэхэмжлэлийн шаардлага болох 14,699,713 төгрөгийг хариуцагч Д.Эөөс гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Эөөс гэм хорын хохиролд 6,145,753 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бөд олгож, үлдсэн 8,553,960 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч М.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид 113,282 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөгсийн давж заалдах гомдол болон Д.Энхтөгс, өмгөөлөгч Э.Батжаргал нарын тайлбарын агуулга: “ ...Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2022/01286 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчин нотлох баримтыг үнэлсэн учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан, хэрэгт хамааралгүй баримт байхад түүнийг үнэлсэн 610,000 төгрөг төлсөн байхад үүнийг маргаагүй гэдэг үндэслэлээр хасч тооцоогүй, энэхүү төлсөн мөнгийг хасах талаар анхан шатны шүүх хуралдаан дээр маргасан бөгөөд нэхэмжлэгч асуулт асуухад тодорхой хариулж байсан учир хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Шатахууны төлбөрийн тухайд: Нэхэмжлэгчээс хэрэгт бензин авсан талаар баримт гаргаж өгдөг бөгөөд тухайн баримтаа хаанаас, хэрхэн, хаашаа, юунд зарцуулсан болохоо нотлоогүй. Нотлох үүргийн хувьд нэхэмжлэгч өөрөө маршруутаа нотлох үүрэгтэй гэтэл анхан шатны шүүх хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн нь үндэслэлгүй, шүүхэд нотлох баримт эргэлзээгүй байх ёстой.

Хаанаас, хэний баримтыг авч ирсэн болохыг хэрэгт авагдсан баримтаар дүгнэх боломжгүй, хэдийгээр тулгуур эрхтэн гэмтсэн байлаа гэхэд бусад нөхцөл байдлыг шүүх харгалзахгүйгээр шийдвэрлэж 10,714,97 төгрөгийг гаргуулахаар болсныг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Цалингийн тухайд: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлсэн ч шаардлага үндэслэл нь тодорхой, хамааралтай байх ёстой түүнчлэн эхний ээлжинд нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч ажил хийдэг байсан гэж тайлбарлаж байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж түүнийг нь шүүх шийдвэрлэх ёстой. Шийдвэрлэхдээ шаардлагатай баримтад үндэслэх ёстой.

610,000 төгрөгийн тухайд: Энэхүү мөнгийг хариуцагч талаас тухайн үед төлсөн байдаг гэтэл шүүх хасч тооцоогүй нь буруу шийдвэр болсон. Тодруулбал эмчилгээний зардал гэж мөнгө нэхэмжилсэн бөгөөд төлсөн мөнгийг хасаагүй шийдсэн өөр нотлох баримт байхгүй, шүүх хасах ёстой байсан ба 610,000 төгрөг төлсөнтэй маргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн шатахуунд 1,041,497 төгрөг, цалин хөлсний төлбөрт 3,360,000 төгрөг 610,000 төгрөгийг хасаагүй хэсгийг зөвшөөрөх боломжгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч М.Б, өмгөөлөгч Б.Энхтуяа нарын тайлбарын агуулга: ... Хариуцагчаас 610.000 төгрөгийг мэс заслын хагалгаанд орох гээд гуйж байгаад арай хийж мэс заслын төлбөрийг төлсөн. Өөр ямар ч хохирол төлбөр төлөөгүй. 2.970.000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримтад 610.000 төгрөгийн талаар нэхэмжлээгүй. Тиймээс хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөгсийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

2.Нэхэмжлэгч М.Б эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардал 2,858,216 төгрөг, шатахууны зардал 1,041,497 төгрөг, орон сууц хөлсөлсөн төлбөрт 1,200,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 9,600,000 төгрөг, нийт 14,699,713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан

Хариуцагч Д.Э эмчилгээний зардлаас 1,063,098 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

Харин зохигчид гэм буруугийн талаар маргаагүй.

3.Хариуцагч Д.Э гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан.

Хариуцагч Д.Э 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэхэмжлэгч М.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолоор тогтоосон байна.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж зөв тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар 505.2.-т заасны дагуу хариуцагч Д.Э-өөс 6,145,753 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлээс 8,553,960 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

5.Хариуцагч Д.Э бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй ч нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотлох нотолгооны үүрэг хувиарлагдана.

4.Иргэдийн төлөөлөгч Э.Ваня  “...хариуцагч Д.Эөөс эмчилгээний зардал 14,699,713 төгрөг гаргуулж М.Бө--д олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй ч хохирлын мөнгөн дүнг нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт өгөөгүй байна.

5.Хавтаст хэргийн 6-12, 65-72, 179, 183-186 хуудсанд авагдсан баримтаас үнэлбэл, Нэхэмжлэгч М.Б хөлний хагалгаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөгс шүүх хуралдааны шатанд 610,000 төгрөгийг хөлний хагалгаа хийлгэхэд төлсөн гэж тайлбарласан тул уг мөнгийг эмчилгээний зардлаас хасч тооцох үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч М.Б нь “Хос бэрс” ХХК-нд улирлын чанартай ажил хийдэг, сард 1,200,000 төгрөгийн тогтмол цалин, орлоготой гэж байгаа ч Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдоогүй тул сарын орлогыг 1,200,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэн заалтад нийцэхгүй.

Иймд нэхэмжлэгч М.Б-ийг цалин, орлогогүй байсан гэж үзэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухай үед тогтоогдсон 420,000 төгрөгөөр тооцож 8 сар нийт 3,360,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Үүнээс гадна нэхэмжлэгч М.Б-ийн бусдын асаргаагүйгээр өөрөө явах боломжгүй, эмчилгээнд явах болон хуулийн байгууллагын дуудсан цагт очихдоо нийтийн тээврээр зорчих боломжгүй болсон нөхцөл байдал нь хариуцагч Д.Э-ийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой тул баримтаар нотлогдсон тээврийн хэрэгсэлийн шатахууны төлбөр 1,041,497 төгрөгийг зайлшгүй гарах зардалд тооцож үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан шууд болон дамжмал нотлох баримтуудыг эргэлзээгүй, үндэслэл бүхий үнэлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

 

Харин хариуцагч тал эмчилгээний зардалд 1,744,256 төгрөг гаргуулсан, нэхэмжлэгч тал нэхэмжлэлээс 8,553,960 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж маргаагүй тул давж заалдах шатны шүүх диспозитив зарчимд нийцүүлэн маргаангүй үйл баримт гэж дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүх, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичсэн атлаа хэрхэн үзсэн талаарх эрх зүйн дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

 

6.Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөгсийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2022/01286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,134 /ерөн таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС