| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1369/э |
| Дугаар | 1445 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч Д.Бямбаа,
орчуулагч Д.Мөнхзул,
шүүгдэгч Б.Д.М, түүний өмгөөлөгч М.Хандсүрэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Б овогт Д.Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0049 10324 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн B D.M /Б/, 1965 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын Чежу хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, хувиараа Монгол улсад аялал жуулчлалын хөтөч ажил эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Сонжин гранд зочид буудлын 214 тоот өрөөнд амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:......................./,
Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн B D.M /Б/ нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний уулзварын замд Toyota Alphard маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Бямбааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Boo Deog Min /Б/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гарцан дээр хүн шүргэсэн нь миний буруу, хохирогч маань өөрөө залуу хүн байсан бол тийм хөл хугарах хэмжээний хүчтэй мөргөлт биш байсан. Тэгээд бид нар эмнэлэг рүү хамт явж байхад хөл нь хагалгаанд орох хэмжээнд хүрсэн өвчтэй хүн байсан. Хохирогч маань хөлөө эмчлүүлэх тэр мөнгөөрөө надаар гаргуулах гээд байх шиг байна” гэв.
Хохирогч Д.Бямбаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эрүүл мэндийн үзлэгт ороод буцаж явж байгаад зам дээр ногоон гэрлээр гарцаар гараад явж байхад намайг нэг машин шүргээд би унасан. Тэр үед би босч чадахгүй байхад нэг хүн түшиж босгоод машинд суулгаад 2 дугаар эмнэлэг ороод тэнд их хүнтэй байсан учраас Мөнгөн гүүр эмнэлэг ороод эмчид үзүүлсэн. Тэгээд гэртээ очоод орой нь халуураад хөл өвдсөн. Өмнө нь миний баруун талын хөл яс ургалттай байна гэсэн болохоос гэмтэлгүй байсан юм. Би гэмтлийн эмнэлэг ороод зураг авахуулахад хугаралтай бас зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Эмчилгээний зардалд мөнгө хүлээн аваад эмчилгээ хийлгэсэн. Одоо уламжлалт Хятад эмнэлэгт эмчилгээ хийлгээд харьцангуй гайгүй болоод босоод явж байгаа. Одоо би 2.082.000 төгрөгийг нэхэмжилж байна, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэв.
Хохирогч Д.Бямбаа мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Сайд нарын 2 дугаар эмнэлэгт үзүүлэх гээд автобусанд суугаад Бөхийн өргөөний урд талын буудал дээр буугаад зүүн тийшээ жаахан алхаад явган хүний гэрлэн дохио харж байгаад зөвшөөрөгдсөн ногоон гэрэл ассан байхад хэдэн залуучуудын хамт гарцаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чигтэй гарч алхаж явж байгаад гарцын төгсгөл хэсэг хүрч байхад миний баруун талын өвдөг хэсгээр гэнэт түг гээд газарт унагасан, өөрөөр хэлбэл тэр жолооч намайг машинаараа шүргэсэн, би яг машины аль талаар шүргэсэнг хараагүй болно. Ингээд газарт унасан байхад хэлмэрч бололтой хүүхэн гарч ирээд намайг хүний хамт сугадаад босгоод машинд суулгаад эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Эмнэлэгт бол хэвтээгүй тухайн үед Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд баруун хөлийн өвдөгний доод талд хугаралтай, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж эмч хэлж байсан юм. Би явган хүний гарцаар гарахдаа явган хүний ногоон зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор гарч явсан, үүнийгээ би сайн мэдэж харж байгаад гарсан надтай хэд хэдэн залуучууд хамтдаа гарсан юм. Жолоочоос 3.050.340 төгрөгийг өөрийн дансаар эмчилгээний зардлын мөнгийг авсан байгаа, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ биз, бие гайгүй болж байгаа, цаашид эмчилгээ ахиж хийлгэнэ ямар зардал гарахыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-20-21/
Гэрч Э.Лувсандулам мөрдөн шалгах ажилгаанд мэдүүлэхдээ: “урд явж байсан машин хөдлөөд уулзвараар эргээд явахад араас Буг Дог Мин хөдөлсөн, би машины арын суудалд жолоочийн харалдаа суугаад байж байхад гэнэт жолооч талын машины хэсгээр нэг настай эмэгтэй хүн шүргүүлээд хажуу тийшээ унасан байхыг хараад жолооч Солонгос хүнд “хүн шүргэсэн байна” гэж хэлсэн. Тухайн машин хурд авч амжаагүй км-ийг тооцох боломжгүй дөнгөж удаанаар хөдөлж байхад тэр эмэгтэй шүргүүлж байхад нь хараад “хүүе” гэхэд тэр хүн газарт унасан” гэх мэдүүлэг. /хх-43-44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7739 дугаартай дүгнэлт:
1.Д.Бямбаагийн биед баруун шаант ясны далд хугарал, шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-48/,
Замын Цагдаагийн албаны 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №503 дугаартай дүгнэлт:
Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх7/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч фото зураг /хх-8-9/, Эд мөрийн баримт хураан авах тухай, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-19-20/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн №7739 дугаартай дүгнэлт /хх48/, өвчний түүх /хх-31-37/, хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан баримтууд /хх-26-30/, Тээврийн хэрэгслэлийн лавлагаа /хх-139, 141/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-70-77/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-80/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн B D.M /Б/ нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний уулзварын замд Toyota Alphard маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Бямбааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Хохирогч Д.Бямбаагийн: “2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Сайд нарын 2 дугаар эмнэлэгт үзүүлэх гээд автобусанд суугаад Бөхийн өргөөний урд талын буудал дээр буугаад зүүн тийшээ жаахан алхаад явган хүний гэрлэн дохио харж байгаад зөвшөөрөгдсөн ногоон гэрэл ассан байхад хэдэн залуучуудын хамт гарцаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чигтэй гарч алхаж явж байгаад гарцын төгсгөл хэсэг хүрч байхад миний баруун талын өвдөг хэсгээр гэнэт түг гээд газарт унагасан өөрөөр хэлбэл тэр жолооч намайг машинаараа шүргэсэн, би яг машины аль талаар шүргэсэнг хараагүй болно. Ингээд газарт унасан байхад хэлмэрч бололтой хүүхэн гарч ирээд намайг хүний хамт сугадаад босгоод машинд суулгаад эмнэлэгт очиж үзүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн B D.M /Б/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч хохирогч Д.Бямбаад мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 3.050.340 төгрөгийг нөхөн төлсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч эмчилгээнд зарцуулсан гэж 2.082.558 төгрөгийн нотлох баримт бүхий зардал шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч нь нөхөн төлсөн болно.
Мөн хохирогч Д.Бямбаа нь цаашид эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн B D.M /Б/ хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР