Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 211/МА2023/00037

 

 

 

 

 

 

                           

 

 

                                                                     211/МА2023/00037

 

 

 

          Б.Аын нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00720 дугаартай шийдвэртэй

Б.А-ын нэхэмжлэлтэй

Ч.Д-д холбогдох

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох 109.829.997 төгрөг, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Ч.Дын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

            

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Б.А хариуцагч Ч.Даас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох,  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 17-98 АРА улсын дугаартай Toyota Harier маркийн тээврийн хэрэгслийн үнэнээс 31.333.333  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дундын хөрөнгө болох 201 толгой малын үнэнээс 37.163.332 төгрөг, 12 завхай мөнгөн тоногтой эмээл, ташуурын үнэнээс 8.000.000 төгрөг, А.М-т зээлсэн мөнгөнөөс 33.333.332 төгрөг болон 4 ш мөнгөн аяга гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч Ч.Д нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдээ өнчрүүлэхгүй, Б.Атай эвлэрч цаашид хамт амьдрах хүсэлтэй гэж хариу тайлбар гаргасан байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ч.Д нарын гэрлэлтийг цуцалж, хүү Д.Т-ыг  эх Б.Аын асрамжид үлдээж, эцэг Ч.Даас хүү Д.Т-т тэтгэлэг тогтоож, гэрлэгчдийн дундын эд хөрөнгийг хувааж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ч.Д “…гэрлэлт цуцалсныг зөвшөөрөхгүй, шүүх эвлэрүүлэх арга хэмжээ аваагүй, гэрлэлт цуцалсан тохиолдолд хүү Д.Т-ыг өөрийн асрамжид авна, дундын хөрөнгө хуваасныг зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Энэ тохиолдолд хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлэх, дундын эд хөрөнгө хуваах асуудлыг шийдвэрлэхийн тулд шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай байхад шүүх үүнийг анхааралгүй, хариуцагч Ч.Дын ёс суртахууны болон хүчирхийлэл үйлдсэн байдлыг харгалзан гэж дүгнэн хүү Д.Т-ыг  эх Б.А-ын  асрамжид үлдээж, хариуцагч 201 толгой малын үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн тайлбараа нотлоогүй, нэхэмжлэгчийн үнэлсэн малын үнэлгээг няцааж чадахгүй байна гэж дүгнэн, дундын эд хөрөнгийг нэхэмжлэгчийн үнэлсэн үнэлгээг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргаж буй хариуцагч Ч.Д боловсрол, хууль эрх зүйн мэдлэг дутмагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргээ гүйцэд ойлгоогүй, өмгөөлөгч авах эрхээ эдлээгүйгээс мэтгэлцээнд тэгш оролцож чадаагүй, гэрлэгчдийн дундын эд хөрөнгийг зөв тодорхойлох шаардлагатай гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Ч.Дын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ч.Дын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2022/00720 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч Ч.Д-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                Н.ЭНХМАА