Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 211/МА2023/00036

 

 

 

 

 

 

                           

 

 

                                                                   211/МА2023/00036

 

 

 

                                        Р.Оийн хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2023/00034 дугаартай шийдвэртэй

Р.О-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч Р.Оийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.О, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.О шүүхэд гаргасан хүсэлт болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие О нь 1964 онд төрсөн. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд илгээлтээр очиж 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс саальчнаар ажиллаж эхэлсэн. Тухайн нэгдэлдээ 1986 оныг дуустал тасралтгүй саальчнаар ажилласан. 1987 онд гэр бүл зохиож Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс малчин, саальчнаар ажиллаж эхэлсэн ба 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй малчин, саальчнаар ажилласан. Миний энэ ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй ба архив шүүлгээд гарсан материал овог нь бүгд манай аавын нэрээр овоглож бичсэн байна. Тухайн үед аав маань нас барсан байсан учир миний бичиг баримт нь ээжээрээ овоглож явдаг. Гэтэл тухайн үед нэгдлийн бичиг баримт хөтөлдөг хүмүүс нь намайг ааваар маань овоглож бичсэн учраас одоо миний бие өндөр насны тэтгэвэрт орж чадахгүй нөхцөл үүсээд байна. Нийгмийн даатгалын байгууллага нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн шаардлага тавьсан тул миний бие нь өндөр насны тэтгэвэрт орох зорилготой улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Р.О миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй малчин саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү.

Миний бие анх шүүхэд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагагүй болсон тул энэхүү шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2023/00034 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Р.О-ийн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                   

Хүсэлт гаргагч Р.Оийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багт оршин суух Р.О миний бие Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд болон Өгийнуур сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргасныг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийдвэрээр Р.О миний ажиллаж байсан байдлыг зөвхөн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд ажиллаж байсан эсэхийг тогтоож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие Архангай аймгийн Техник мэргэжлийн сургуулийг 1984 онд төгсөөд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байгаад Өгийнуур сум руу шилжиж ажиллаж байсан. Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажиллаж байсан байдлаа болон Өгийнуур сумын Туяа нэгдэлд ажиллаж байдлаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргасан. Гэвч шүүх хуралдааны үед Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажиллаж байсан байдлыг нотлох баримт байхгүй байна гэхэд нь би учир мэдэхгүй байдлаасаа болоод маш их сандарч тэвдээд тогтоолгохгүй орхиод дараа нь шийдүүлье гэж бодоод Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажиллаж байсан хэсгээсээ татгалзаж шийдүүлсэн. Энэ нь буруу болжээ. Одоо би татгалзлаасаа татгалзаж Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэрэгтэй байна. Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгохгүй бол би тэтгэвэрт орж чадахгүй хохироод байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Мөн миний бие эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Г.Эыг сонгон авсан тул хэргийн материал танилцуулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлттэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 Хүсэлт гаргагч Р.О Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар, Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагагүй болсон гэсэн үндэслэлээр хүсэлтээсээ татгалзсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагч Р.Оийн тайлбараар түүний Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж зөв дүгнэн,  хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч Р.О “…Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан татгалзлаасаа татгалзаж, Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгомоор байна...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хүсэлт гаргагч Р.О  Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан нь хэрэгт авагдсан Р.Оийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 49/, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба нэгэнт тухайн хүсэлтээс татгалзсантай холбогдуулан анхан шатны шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй нь үндэслэлтэй юм.

 

Анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлээгүй шаардлагыг давж заалдах шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул хүсэлт гаргагч Р.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч Р.Оийн давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:                                              

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2023/00034 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Р.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хүсэлт гаргагч Р.О-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

     ШҮҮГЧИД                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                    Н.ЭНХМАА