Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1449

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч О.Багшбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөмөр,

шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Заяахан овогт Доржсүрэнгийн Өлзийзаяад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1825  дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн З овогт Д.Ө, 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Дорноговь аймаг Айраг сум, Цагаан дөрвөлжийн 10-3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

-Урьд 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар,

-2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-2007 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 2 сар 26 хоногийг хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:….................../,

Шүүгдэгч Д.Ө нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн Бэрхитийн амны задгай тоотод байрлах хохирогч Кет Свенсоны зуслангийн чиглэлийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лапатка төмрөөр хөшин нэвтэрч америк стандартын ширэн эмээл 1ш, америк стандартын ширэн эмээл 3ш, байшингийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн лапатка төмрөөр хөшин орж, барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, бугуйл 1 ширхэг, олсон ногт 1 ширхэг, ширэн жолоо 1 ширхэг, хутга, хутганы  хуй, 2 нүдний дуран 1 ширхэг, 1 нүдний дуран 1 ширхэг, олон үйлдэлтэй багаж 1 ширхэг, нум сум 1 ширхэг нийт 27.727.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Кет Свенсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо шар хоолойн Тархитын аманд өвөл зуны зориулалттай байшинтай юм. Уг байшиндаа 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр очиход байшингийн болон чингэлэгний хаалга онгорхой дотор нь байсан эмээлнүүдээс хамгийн үнэтэй, хамгийн сайн манай эхнэрийн гар аргаар хийсэн европ стандартын 4 ширхэг эмээл хулгайд алдагдсан байсан. ...Өлзиймаа гэх хүнийг сэжиглэж байна. Энэ хүн манай малчин Ядмаагийнд хулгай гарахаас 3 сарын өмнө ирж байж байгаад хулгай гарахаас 5 хоногийн өмнө Сэлэнгэ аймаг руу эхнэр лүүгээ явлаа гээд сураггүй явсан... Мөн малчин Ядмаад энэ контейнерийг эвдлээд ороход ядах юм алга гэж хэлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг. /хх-65/,

“...Манай эмээлүүд үйлдвэрийн аргаар бус бүгдийг гар аргаар хийсэн, мөн хэзээ ч дахин давтагдашгүй хийцтэй, уг эмээлийг хийсэн материалууд нь маш өндөр үнэтэй чанартай зүйлээр хийсэн эмээлүүд байгаа юм. Мөн эхэнд алдагдсан эд зүйл дээр нэмэгдэж нум сум болон олон үйлдэлтэй багаж алдагдсан байгаа.     брендийн олон үйлдэлтэй багаж байсан. Уг багаж 30 доллар буюу 50.000 төгрөг болох байх. Нум сум нь ямар нэг бичиггүй бэлгэнд авч байсан, тэр нум сумыг 300 доллар буюу 660.000 төгрөгөөр үнэлж байна...Энэ эмээлүүдийг бид өөрсдөө гар аргаар хийсэн болохоор үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ эмээлүүдийг сайн хэрэглэдэг хүн бол 100 жил хэрэглэх эмээл юм. Эмээл болгон өөр хоорондоо давтагдашгүй хийцтэй эмээл байсан. Амьдрах газаргүй гээд Ядмаагийнд амьдарч байсан. Тэгээд Ядмаагийн гэрт амьдарч байгаад манай эд зүйлийг бүгдийг нь хаана юу байгаа гэдгийг мэдэж байсан. Ядмаа гуайд Өлзийзаяа энэ контейнэрийг эвдээд ороход амархан юм байна гэж хэлж байсан, мөн хэрэг гарахаас 3 хоногийн өмнө Өлзийзаяа би яваад эхнэр хүүхдээ аваад ирье гэж хэлээд явсан. Тэрнээс хойш Ядмаа утсаар ярихаар утсаа авахгүй холбогдохгүй байгаа. Тэгээд Өлзийзаяагийн утас нь холбогдохгүй болохоор нь хэрэг гарснаас хойш 2-3 хоногийн дараа Ядмаа Өлзийзаяагийн эхнэр лүү ярихад над дээр ирээгүй байна гэхдээ Өлзийзаяа их хэмжээний мөнгөтэй болсон юм шиг байна гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг. /хх55-56/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Нүржинтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надтай хамт Дорноговь аймгийн айраг суманд Жоншон дээр ажиллаж байсан Өлзийзаяа гэх хүн 2016 оны зун 6 сарын үед яг хэзээ гэдгээ нь санахгүй байна гадуур хүмүүст эмээл зарна гээд архиар өгөх гээд явж байхаар нь би Өлзийзаяагаас уг эмээлийг нь худалдаж авсан. Би Өлзийзаяад 150.000 төгрөг өгч байгаад уг эмээлийг худалдаж авсан. Хулгайн эмээл гэдгийг мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг. /хх-75/,

Гэрч Н.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна намар гэртээ байж байхад Өлзийзаяа эмээл худалдаж авах уу гэсэн. Тэгээд хэдэн төгрөг юм бэ? гэхэд 500.000-600.000 төгрөг гэж байсан. Манайхаас өмнө нь мал аваад мөнгийг нь өгөөгүй байсан болохоор нь би барьцаанд аваад үлдчихсэн байсан. Хулгайн эмээл гэж мэдээгүй би зүгээр л барьцаанд авчихсан байсан мөнгө төгрөг өгөөгүй...2 эмээл авч ирсэн тэрний нэгийг нь би барьцаанд авчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх80-81/,

Гэрч Ц.Энхмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 06 сард Улаанбаатар хотод Солонгоо гэх хамаатны дүүгийндээ Дарь-Эхийн хуучин эцэст байх гэрт нь очиж хэд хоносон ба тэдний хашаанд гэр түрээсэлж амьдардаг Заяа гэдэг эрэгтэй байсан. Уг Заяа гэх эрэгтэй надад хандан та Айраг сумаас ирсэн гэсэн үү, би Айраг сумын хүүхэд байгаа юм, та надаас эмээл авахгүй юу гээд 1 ширхэг шаргал өнгөтэй, ширээр хийсэн юм шиг том эмээл надад үзүүлсэн ба тухайн үед би авахгүй гэхэд эгчээ манай хүүхэд Айраг суманд байдаг юмаа. Хүүхдийн бие өвдөөд яаралтай мөнгө явуулах хэрэгтэй болоод байна. Би түрүү сард нэг газарт ажил хийгээд цалин мөнгөө өгөхгүй удаад байсан ба сүүлдээ надад цалингийнхаа оронд энэ эмээлийг авчихаа гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч ямар эмээл байгаа юм хэдээр зарах юм гээд асуутал надад ийм 2 эмээл байна та нийлүүлээд 500.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг 2 эмээлийг аваад Айраг суманд байх гэртээ авч ирсэн. Уг эмээлийг айраг суман дээр ирээд хэрэглэх гээд үзтэл Монгол моринд таарахгүй томдоод муухай харагдаад байхаар нь би хэрэглэлгүй гэртээ 2 сар орчим хадгалж байгаад 2016 оны 8 сард хот руу явах ажлын хажуугаар уг 2 эмээлийг Нарантуул захын Мангасын ам гэж нэрлэгддэг арын хэсэгт очоод гадаа ил тавьж байгаад 600.000 төгрөгөөр 2 эмээлээ үл таних хөдөөний байрын хүнд зарсан...”гэх мэдүүлэг. /хх82-84/,

Гэрч Д.Ядмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Урьд өмнө Өлзийзаяа Кет Свинсонд жуулчны морь хөтөлдөг ажил хийдэг байсан. Тэгээд явчихаад буцаж ирсэн. Нум сум нь байшингийн дотор баруун хойд буланд өлгөсөн байсан, дуран нь бас уг байшингийн хаалганы зүүн талд өлгөсөн байсан. Сүүлд ямар ч байсан нум сум, дуран хоёр нь байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг. /хх-77/,

Гэрч Сабинэ Мария Шмидт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд байгаа эмээлийг 2010 онд хийсэн уг эмээлийн дотор талф-г тусгайлсан материалаар хийсэн. Нас гүйцсэн бухын ширийг сайтар боловсруулсан, уг шир нь дэлхий дээр байдаг хамгийн өндөр чанартай шир юм. Уг эмээлийн онцлог нь гэвэл энэ эмээл дээр хийсэн хээ нь дахин давтагдашгүй ямар ч өөр эмээл дээр ийм хээ байхгүй. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд байгаа эмээлийг 2014 онд хийж байсан. Уг эмээлд орсон материал нь дээрхи эмээлтэй ижилхэн материалаар хийгдсэн, гэхдээ загвар нь арай өөр байгаа юм. Манай бүх эмээлийн дөрөө нь чанартай хөнгөн төмрөөр хийдсэн дөрөө хэсэг доороо зөөлөн хаймар тавьсан урд талдаа хамгаалалттай. Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд байгаа эмээл нь 2014 онд хийгдсэн дээрхитэй ижил ширээр хийгдсэн хээний хувьд өөр, мөн уг эмээлийн хувьд бусдаасаа онцгой оломны оронд кабель утас оруулж өгсөн. Уг эмээлэнд илүү их хээ орсон байгаа. Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд байгаа эмээлийг 2007 онд хийгдсэн уг эмээл дээр цагаан уул цэцгийн хээг оруулж өгсөн. Уг эмээлийн гадна талыг бүтэн ширээр хийгдсэн. Уг эмээл нь бусдаасаа онцгой гэвэл дотор тал нь амьтны арьсаар бүрсэн модоор хийгдсэн. Уг эмээлүүдийг өөрийн гараар хийсэн дахин давтагдашгүй болохоор үнэлгээг нь өөрсдөө хийсэн...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-15/, Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-109/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-112-118/, Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-108/ Хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-166-193/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ө нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн Бэрхитийн амны задгай тоотод байрлах хохирогч Кет Свенсоны зуслангийн чиглэлийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лапатка төмрөөр хөшин нэвтэрч америк стандартын ширэн эмээл 1 ширхэг, америк стандартын ширэн эмээл 3 ширхэг, байшингийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн лапатка төмрөөр хөшин орж, барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, бугуйл 1 ширхэг, олсон ногт 1 ширхэг, ширэн жолоо 1 ширхэг, хутга, хутганы  хуй, 2 нүдний дуран 1 ширхэг, 1 нүдний дуран 1 ширхэг, олон үйлдэлтэй багаж 1 ширхэг, нум сум 1 ширхэг нийт 27.727.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Д.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Өг тусгайлан хамгаалсан байр, агуулахад  тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Өд хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Өлзийзаяа нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 27.727.000 төгрөгийн хохирол учруулсан ба дээрх хохирлоос зарим эд зүйлийг биет байдлаар буцаан хохирогчид өгсөн тул хохирлоос хасч, түүнээс нийт 13.405.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З овогт Д.Ө-г тусгайлан хамгаалсан байр, агуулахад  тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Д.Өг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Өгийн урьд цагдан хоригдсон 259 /хоёр зуун тавин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Өгаас нийт 13.405.000 төгрөгийг гаргуулж хохирогч Кет Свенсонд олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР