Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 211/МА2023/00035

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                    211/МА2023/00035

 

                                        

                             

          Ж.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2022/00748 дугаартай шийдвэртэй

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

Ц.М-д холбогдох

2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Ц.М, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ц.Мд холбогдуулан 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 0178 УАО улсын дугаартай Вангор маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гаргасан. Тухайн үед Вангор маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Мтай тохиролцож, түүний эвдрэлийг 5.000.000 төгрөгт тооцож төлсөн ба ийнхүү төлөхдөө машины эвдэрсэн эд анги болох багааж буюу 5 дугаар хаалгыг буцааж авахаар тохирсон юм. Гэтэл Ц.М нь 5.000.000 төгрөг авсан хэрнэ багааж буюу 5 дугаар хаалгыг буцааж өгөхгүй байгаа. Иймд Ц.Маас Вангор машины багаажны үнэ буюу 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Ж.Б нь Ц.М гэх хүнээс 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэл гаргасан гол үндэслэл нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хангай сумаас А.О гэдэг эмэгтэй нь ахынхаа машиныг аваад Улаанбаатар хот руу явсан байдаг. Тухайн машиныг Улаанбаатар хот руу Ж.Б жолоодоод явсан байдаг. Улаанбаатар хот руу явах замдаа буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт хариуцагч болох Ц.Мын Вангор маркийн тээврийн хэрэгслийн араас орж, арын багаажийг нь мөргөсөн осол гарсан. Тэр даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үедээ цаг хугацаа давчуу байсан учраас зохицоод болно гэж үзсэн учраас үнэлгээ гаргуулаагүй.  5.000.000 төгрөгийн хохирол төлөөд эвдэрсэн багажийг Ж.Б авахаар хоорондоо тохиролцсон байсан. Тухайн үед тохиролцооны 5.000.000 төгрөгийг А.О хариуцагч Ц.Мын  данс руу шилжүүлсэн байдаг. Хэсэг хугацааны дараа багажаа солиулсан талаар асуухад багаажаа солиулж чадаагүй, засвар хийлгэсэн гэсэн зүйлийг яриад багаажийг өгөөгүй байдаг. А.О нь Ц.Мтай багажийг буцааж авах талаараа ярьсан байдаг. Ярилцах үедээ Ц.М нь  би 2.500.000 төгрөгийг буцааж өгч чадахгүй, 1.000.000 төгрөгийг буцаагаад өгье гэж хэлсэн байдаг. Талуудын эхний тохиролцоо бол 2.500.000 төгрөгийн үнэ бүхий багаажийг авах байсан. Тухайн тохиролцоондоо хүрээгүй учир 2.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Ц.Маас энэ 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа учир нь осол гарсан үед нэхэмжлэгч, хариуцагч нар цагдаагийн байгууллага дээр байхдаа Ц.М нь 5.000.000 төгрөгийг аваад багаажийг буцаагаад өгөх талаар хүсэлтийг бичиж өгсөн байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан бичлэг дээр энэ талаар ч дурдагдаж байгаа. Өнөөдөр хариуцагч нь энэ мөнгийг төлөхгүй, надад үүнээс илүү зардал гарсан гэж маргаж байгаа хэдий ч үүнийгээ нотолсон нотлох баримтыг шүүхэд өгөөгүй. Хариуцагч нь тайлбартаа би Архангай аймагт 1.800.000 төгрөгөөр засвар хийлгэсэн гэж бичсэн байсан. Үнэхээр Архангай аймагт 1.800.000 төгрөгөөр завсар хийлгэсэн юм бол анхны тохиролцоо болох 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх тохиролцоо хэрэгжих боломжтой гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга:

Ж.Бгийн нэхэмжлэлтэй Ц.Мд холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Ц.М миний бие тус шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр намайг өөрийн эзэмшлийн 05-46 АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод нэгдсэн эмнэлгийн уулзварт явж байхад Ж.Б нь 01-78 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний машины араас хүчтэй мөргөсөн. Түүний улмаас миний машины ард гупер дундуураа хагарч, багаажны хаалга дотор гадаргүй цөмөрч, доод тэнхлэг дотогшоо цөмөрч орсон байсан. Тухайн үед миний дуудлагаар цагдаагийн албан хаагч ирээд хэмжилт хийгээд зураг аваад явсан. Жолооч Ж.Б нь тухайн үед жолоочийн хариуцлагын даатгалгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Үнэлгээний хүмүүс ирсэн чинь охин нь гээд н.О гэдэг хүн бид үнэлгээ гаргуулахгүй, хоорондоо тохиръё гээд гаргуулалгүй явуулсан. Бид хоорондоо ярилцаад хохирлыг 5.000.000 төгрөгөөр тооцсон. Тухайн машины хаалгыг өгнө гэж огт ярилцаагүй. Би машиндаа багаажны шинэ хаалга авч тавиагүй, эхлээд аймгийн төвд засварчнаар янзлуулсан чинь хаалганы гажаа гаргаж чадахгүй, арын рамыг тэгшлэх боломжгүй гээд байхаар нь би Улаанбаатар хот орж төв Гандангийн ар талд байрлах Вьетнам засварын газарт 4.000.000 төгрөгөөр янзлуулсан. Тэгээд өмнөх засварчинд өгсөн мөнгөтэй нийлүүлээд нийт 5.800.000 төгрөгөөр би машинаа янзлуулсан. Энэ мөнгөнд миний ирж, буцах зардал ороогүй. Осол болсны дараа Ж.Бг тархины хавдартай, үзүүлэх гэж явж байна гээд хамт явсан н.О гэдэг эмэгтэй гуйгаад байсан болохоор би нэг их үнэрхэж, гомдолтой гэж яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлох баримт өгч, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх болно.

 

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Маас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ц.Маас 54.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч Ц.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2022/00748 дугаартай шийдвэрээр Ц.Маас 2.500.000 төгрөг гаргуулан Ж.Бд олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ц.М би өөрийн автомашинаа барьж явж байсан. Ж.Бгийн 100 хувь буруу болчихсон байхад шүүх ингэж шийдэж байгаад би гомдолтой байна. Тухайн осол болсон өдөр цагдаа ирээд Ж.Бгийн буруу гэж үзэж, түүнийг машиныг нь журмын хашаанд хийж байсан. Энэ осол Ж.Бгийн буруу байхад надаас 2.500.000 төгрөг гаргуулан Ж.Бд олгохоор шийдвэрлэсэн. Иймд тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан. Мэдээж иргэний хэргийн хувьд талуудын зарчимд тулгуурлаж явагддаг. Нөгөө талаар хариуцагч нь төлөхгүй гээд байгаа үндэслэлээ нотолж чадаагүй. Хуульд зааснаар нотлох үүрэг нь энэ хүнд өөрт нь хамаарна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ц.Мд холбогдуулан 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 0178 УАО улсын дугаартай Вангор маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, осол гаргасан. Тухайн үед Вангор маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Мтай тохиролцож, түүний эвдрэлийг 5.000.000 төгрөгт тооцож төлсөн ба ийнхүү төлөхдөө машины эвдэрсэн эд анги болох багааж буюу 5 дугаар хаалгыг буцааж авахаар тохирсон юм. Гэтэл Ц.М нь 5.000.000 төгрөг авсан хэрнэ багааж буюу 5 дугаар хаалгыг буцааж өгөхгүй байгаа. Иймд Ц.Маас Вангор машины багаажны үнэ буюу 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр намайг өөрийн эзэмшлийн 05-46 АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод нэгдсэн эмнэлгийн уулзварт явж байхад Ж.Б нь 01-78 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний машины араас хүчтэй мөргөсөн. Түүний улмаас миний машины ард гупер дундуураа хагарч, багаажны хаалга дотор гадаргүй цөмөрч, доод тэнхлэг дотогшоо цөмөрч орсон байсан. Тухайн үед миний дуудлагаар цагдаагийн албан хаагч ирээд хэмжилт хийгээд зураг аваад явсан. Жолооч Ж.Б нь тухайн үед жолоочийн хариуцлагын даатгалгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Үнэлгээний хүмүүс ирсэн чинь охин нь гээд н.О гэдэг хүн бид үнэлгээ гаргуулахгүй, хоорондоо тохиръё гээд гаргуулалгүй явуулсан. Бид хоорондоо ярилцаад хохирлыг 5.000.000 төгрөгөөр тооцсон. Тухайн машины хаалгыг өгнө гэж огт ярилцаагүй. Тэгээд өмнөх засварчинд өгсөн мөнгөтэй нийлүүлээд нийт 5.800.000 төгрөгөөр би машинаа янзлуулсан. Энэ мөнгөнд миний ирж буцах зардал ороогүй. Осол болсны дараа Ж.Бг тархины хавдартай, үзүүлэх гэж явж байна гээд хамт явсан н.О гэдэг эмэгтэй гуйгаад байсан болохоор би нэг их үнэрхэж, гомдолтой гэж яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Хавтаст хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А.Оээс Ц.Мд 2.000.000 төгрөг /хх-н 3-р тал/, 3.000.000 төгрөгийг /хх-н 4-р тал/ тус тус шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт, 0546 АРА Vanguard маркийн машины гэрэл зураг /хх-н 5-р тал/, Ц.Мын Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-н 6-р тал/, Ж.Бгийн Архангай аймаг дахь  Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-н 7-р тал/, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1135 дугаар захирамж /хх-н 9-р тал/, гэрч А.Оээс авсан мэдүүлэг /хх-н 86-87-р тал/, А.Оийн эзэмшлийн “Iphone 11 pro” маркийн 94995353 дугаарын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 88-89-р тал, нэг ширхэг сиди /хэргийн ард талд хавсаргасан/ зэрэг баримтууд авагдсан байна.

 

5. Нэхэмжлэгч Ж.Б нь 01-78 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Ц.Мын эзэмшлийн 05-46 АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гарган хохиролд 5.000.000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

 

Харин хариуцагч Ц.М нь “...Бид хоорондоо ярилцаад хохирлыг 5.000.000 төгрөгөөр тооцсон. Тухайн машины хаалгыг өгнө гэж огт ярилцаагүй. Тэгээд өмнөх засварчинд өгсөн мөнгөтэй нийлүүлээд нийт 5.800.000 төгрөгөөр би машинаа янзлуулсан. Энэ мөнгөнд миний ирж буцах зардал ороогүй. Осол болсны дараа Ж.Бг тархины хавдартай, үзүүлэх гэж явж байна гээд хамт явсан н.О гэдэг эмэгтэй гуйгаад байсан болохоор би нэг их үнэрхэж, гомдолтой гэж яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

 

6. Нэхэмжлэгч Ж.Б нь 05-46 АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол болох автомашины ар талын хаалгыг засварлуулахгүйгээр солихоор мөнгийг төлж, улмаар эвдэрсэн  ар талын хаалгыг авахаар анх тохиролцсоны дагуу хариуцагч Ц.М нь эвдэрсэн ар талын хаалгыг буцааж өгөөгүй үйл баримт нь нэхэмжлэгч Ж.Бгийн Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, гэрч А.Оийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт...хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно...гэж хуульчилсан.

 

Гэтэл дээрх хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр анхан шатны шүүх гэм хорын хохиролтой холбоотой хохирол буюу 05-46 АРА улсын дугаартай Вангвоурд маркийн тээврийн хэрэгслийн ар талын хаалганы  үнэ болох 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

8. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагч Ц.Мын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 54.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2022/00748 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч Ц.Мын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамж гаргаж хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                ШҮҮГЧИД                                    Т.ДАВААСҮРЭН

                                                              Н.ЭНХМАА