Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 211/МА2023/00034

 

 

 

 

 

 

                           

 

 

                                                                     211/МА2023/00034

 

 

 

          О.Пгийн нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00712 дугаартай шийдвэртэй

О.П-ийн нэхэмжлэлтэй

Н.Д,

Т.С,

Г.Н нарт холбогдох

О.П, Н.Д нарын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Согийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /онлайнаар/, хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Со /онлайнаар/, хариуцагч Т.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Он шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Сүүж гэх газарт байрлах 50 га газрыг эзэмших эрхийг О.Пд тус сумын Засаг даргын захирамжаар олгосон байсан ба уг газрыг эзэмших эрхийг Н.Д руу шилжүүлсэн. Хариуцагч Н.Д нь О.Пд “би трактор, комбайнтай. Газар дээр чинь тариа тариад газрыг чинь ашиглаад байж байя та хэрэгтэй үедээ газраа аваарай” гэж аман тохиролцоо хийж О.Пгийн газрыг ашиглаж байсан байдаг. Харин О.Пгийн тухайд өөрийн эзэмших эрхтэй газраа Н.Дад шилжүүлэхийг огт хүсээгүй, газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ байгуулаагүй. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр О.П, Н.Д, н.Э нарын хооронд О.Пгийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ үйлдэж тухайн үед нотариатын үүрэг гүйцэтгэж байсан Т.С тус гэрээг гэрчилж, энэ гэрээний үндсэн дээр Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрхийг Н.Дын Мө гэх компани руу шилжүүлчихсэн байдаг. О.П тус гэрээ хийгдсэнийг огт мэдээгүй, гэрээ байгуулаагүй, нотариатчаар гэрчлүүлэх үед өөрийн биеэр огт байлцаагүй. Мөн гэрээнд бичигдсэн газрын эрх шилжүүлсэн үнэ 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгч О.П аваагүй, энэ талаар захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаанд Н.Д 2.000.000 төгрөгийг огт өгөөгүй гэж тайлбарласан байдаг. О.Пд өөрт нь мэдэгдэлгүйгээр эд хөрөнгийг нь бусдад шилжүүлж, Үндсэн хуулиар олгогдсон шударгаар эд хөрөнгө олж авах, эзэмших эрх нь зөрчигдсөн зэргээс шалтгаалан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагатай холбогдуулан Н.Дыг, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тухайн үед нотариатын үйлдэл хийсэн нотариатч Т.С болон одоо нотариатын үйлдэл хийж байгаа Хайрхан сумын Засаг даргын тамгын газрын хуульч Г.Н нарыг тус тус хариуцагчаар татсан юм. Г.Нын тухайд Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн ажилтан, одоогийн нотариатын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хариуцаж байгаа албан тушаал залгамжлан авсан учраас хариуцагчаар оролцуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа байна гэж заасныг үндэслэнэ. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт болох нотариатын үйлдэл хийх зааврын 3.6-д бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан тухайн үеийн нотариатын бүртгэлийн дэвтэрт тухайн үйлдлийг хийсэн гэдгийг нотлох О.Пгийн гарын үсэг зурагдаж үлдсэн зүйл огт байхгүй. Зааврын 5.9-т “Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөх, эзэмших эрх нь хууль ёсоор баталгааждаг эд хөрөнгө /автомашин, кран, чиргүүл, буу, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг/-ийг бусдад шилжүүлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээг үндэслэн эрх шилжүүлэх гэрээ гэрчлэхийг хориглоно” гэж заасан байдаг. О.Пд 50 га газар олгох Засаг даргын захирамж гарсан боловч кадастрын зураг хийгдээгүй, гэрчилгээ олгогдоогүй байсан. Гэтэл Засаг даргын захирамжийг үндэслэн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатч гэрчилсэн нь хууль бус юм. Мөн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхдээ хоёр талыг бичиг баримт, биеийн байцаалттай хамтад нь байлцуулж гэрчилдэг. Гэтэл энэхүү гэрээний ард О.П, Н.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар хийгдээгүй байдаг. Мөн эрх шилжүүлэх гэрээ гэх баримтын эрх шилжүүлэгч гэсний доод талд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч О.Пгийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэж Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 061, 062 тоот дүгнэлтээр тогтоосон байдаг. Энэхүү шинжээчийн дүгнэлт, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн нотариатын бүртгэл зэргээр эрх шилжүүлэх гэрээ хийгдэх үед О.П өөрийн биеэр байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Энэ талаар нэхэмжлэгч О.П газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй, би өөрөө байгаагүй гэж тайлбарладаг. О.П, Н.Д нарын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь Нотариатын үйлдэл хийх зааврын 2.19-д “Нотариатч гэрчилсэн үйлдэл бүрд үйлчлүүлэгчийн гарын үсгийг цахим хэлбэрээр, эсхүл тоон гарын үсгийг ашиглан зуруулна” гэж заасныг, 5.5-д “Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй” гэж, 14.1-д “Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална. “Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилнэ” гэж, 14.5-д “Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг, нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь тус тус зуруулна” гэж, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ” гэж, 44.4-т “Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсгээ зурна” гэж тус тус заасныг зөрчсөн байдаг. Дээрх үндэслэлээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн тухайн үед нотариатчийн үүрэг гүйцэтгэж байсан нотариатчийн үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар хүчингүйд тооцуулах, О.П, Н.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Т.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.С нь 2015 онд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь үнэн. Энэ үед газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч О.П, газар худалдаж авсан Н.Д нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр хийж, нотариатаар батлуулсан. Т.С нь тухайн үед хашиж байсан албан тушаалын дагуу нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна.” гэжээ.

 

Хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Со шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Пгийн нэр дээр гарсан гэрчилгээ гэж байдаггүй. О.П огт мэдээгүй байхад газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ хийгдсэн гэдэг боловч О.П энэ талаар сайн мэдэж байсан. Тухайн үед О.П багийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Засаг даргын Тамгын газраар байнга орж гардаг байсан. О.Пгийн өөрийн гараар бичигдсэн тодорхойлолтыг үндэслэж гэрээг хийсэн байдаг. Нотариатч болон газрын албаны хүмүүстэй бүгдтэй нь уулзаж байсан байдаг. 6, 7 жилийн дараа газар эзэмших эрх шилжүүлээгүй гэж байгааг ойлгохгүй байна. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан 2.000.000 төгрөгийг О.Пд шилжүүлж өгөөгүй юм байна лээ. Н.Д 2.000.000 төгрөгтөө өвс, тэжээл авахаар тохиролцсон байдаг. Өвс, тэжээлээ авах уу та яах вэ гэхээр О.П авдаггүй. 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлсэн үйл баримттай маргах зүйлгүй. 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр О.П, Н.Д нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг өдөр газрын гэрчилгээ Мө компанийн нэр дээр гарсан байдаг ба хариуцагчаар Мө компанийг татах нь зүйтэй санагдаж байна. О.П өөрийнхөө нь гараар газрын албанд тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Уг тодорхойлолтод үндэслэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ анх 2022 оны 05, 06 дугаар сарын үед гаргасан байдаг. 7 жилийн дараа 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00712 дугаартай шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6, 31.3-т зааснаар нэхэмжлэгч О.Пгийн хариуцагч Т.Сид холбогдуулан гаргасан О.П, Н.Д нарын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийн 978 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, энэ шаардлагаас хариуцагч Г.Нод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар О.П, Н.Д нарын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Соос 70.200 төгрөг, хариуцагч Н.Даас 46.950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Пд олгож; Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг шүүхийн Тамгын газарт даалгаж; Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж; Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Согийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00712 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Маргаан бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд түүнийг нотолж нэхэмжлэгч О.П нь өөрийн гараар Хайрхан сумыг суллаж, газрын албанд өргөдөл гаргаж өгсөн бөгөөд энэхүү баримт нь хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, шаардлагатай бол өөрийн санаачилгаар зохих байгууллагаас нотлох баримтыг гаргуулж нэг мөр нягтлан шийдвэрлэсэнгүй. Тус нотлох баримт өргөдөл нь Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх газрын албанд эх хувиараа байгаа шүү.

2. Эрх шилжүүлэх гэрээний эрх хүлээн авагч талын хамтран эзэмшигч Б.Эыг гэрээний тал гэж үзээгүй нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хамтран эзэмшигч Б.Эыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан болно.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: О.П нь газраа Н.Дад шилжүүлснээ огт мэдээгүй гэж  тайлбарласан байдаг. О.П нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр газрын албанд өөрийн гараар өргөдөл гаргаж /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг “Мө” ХХК-ийн захирал Н.Д, Б.Эод миний бие эзэмшлийн 50 га газрыг эзэмшүүлж байгаа нь үнэн болохыг тодорхойлж байна” гэсэн утга бүхий өргөдөл бичсэн байдаг. Мөн тэрээр 7 жилийн хугацаанд огт мэдээгүй байна гэдэг худлаа бөгөөд өөрөө багийн Засаг дарга хийж байсан хүн байнга сумын төв, газрын албаар орон албан ажил, хуралд оролцож, тэр бүү хэл газрын даамал Дэмүүл тус газрын талаар “Мө” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гарсан талаар хэлж ярьж байсан талаар гэрчилсэн байдаг. Үүнээс үзэхэд О.П энэ талаар мэдэж байсан болон мэдэх боломжтой байсан нь харагдаж байгаа юм. Энэ талаар О.Пгээс өөрөөс нь шүүх хуралд дуудаж тодруулах гэсэн боловч ичсэндээ тэрээр ирээгүй, одоо хүргэн хүү болох Ж.Ог төлөөлүүлж байгаа болно. 7 жил өнгөрсний дараа яагаад ингэж маргаан гараад байгаа  цаад шалтгаан нь “Мө” ХХК-ийн тус атар газрыг хагалж, хөрш шороо, чулууг нь цэвэрлэж, хашаа хийж тариа тарих боломжтой болсны дараа буцаан авах санаа хүсэл төрсөн гэж үзэж байна.

4. Тус газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо “Мө” ХХК-ийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ гарсан бөгөөд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь тус компани болно.

5. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэлгүй  шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нь О.П, Н.Д нарын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч О.П, газар худалдаж авсан Н.Д нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр хийж, нотариатаар батлуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Со О.Пгийн нэр дээр гарсан гэрчилгээ гэж байдаггүй, О.Пг огт мэдээгүй байхад газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ хийгдсэн гэдэг боловч О.П энэ талаар сайн мэдэж байсан, 6, 7 жилийн дараа газар эзэмших эрх шилжүүлээгүй гэж байгааг ойлгохгүй байна... 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр О.П, Н.Д нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг өдөр газрын гэрчилгээ Мө компанийн нэр дээр гарсан байдаг ба хариуцагчаар Мө компанийг татах нь зүйтэй санагдаж байна. О.П өөрийнхөө гараар газрын албанд тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Уг тодорхойлолтод үндэслэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. 7 жилийн дараа 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.

 

Анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6, 31.3-т зааснаар нэхэмжлэгч О.Пгийн хариуцагч Т.Сид холбогдуулан гаргасан О.П, Н.Д нарын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийн 978 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, энэ шаардлагаас хариуцагч Г.Нод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар О.П, Н.Д нарын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэргийг шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Со “Маргаан бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд түүнийг нотлох нэхэмжлэгч О.П нь өөрийн гараар Хайрхан сумын газрын албанд өргөдөл гаргаж өгсөн бөгөөд энэхүү баримт нь хэрэгт авагдаагүй, Эрх шилжүүлэх гэрээний эрх хүлээн авагч талын хамтран эзэмшигч Б.Эыг гэрээний тал гэж үзээгүй нь үндэслэлгүй, О.П газар эзэмших эрх шилжсэнийг 7 жилийн хугацаанд огт мэдээгүй байна гэдэг худлаа, тус газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо “Мө” ХХК-ийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ гарсан бөгөөд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь тус компани болно, анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэлгүй  шийдвэр гаргалаа”  гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Т.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй,  хариуцагч Н.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Согийн эрхийг ноцтой зөрчиж, хэргийг шийдвэрлэжээ.  

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 129/ШЗ2022/03760 дугаарын шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товд өөрчлөлт оруулж, шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлосон байх ба хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад /хх-ийн 157/ хариуцагчийн төлөөлөгч С.Пд 11 дүгээр сарын 23-нд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн талаар тэмдэглэсэн байна.

 

Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П үгүйсгэж, хурлын товд өөрчлөлт орж байгаа, товыг жич мэдэгдэнэ гэж утсаар мэдэгдсэн, гэтэл 12 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод Авлигатай тэмцэх газарт хэргийн материалтай танилцах ажилтай явж байхад утасдаж, хурлын тов мэдэгдэхэд нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ явуулах боломжгүй байгаа талаар хэлж, тэмдэглэлд тусгуулсан, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэсэн тайлбар гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 761.2-т “Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэж, 77 дугаар зүйлийн 77.2-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж тус тус заасан байдаг.

 

Гэтэл шүүгчийн туслах Э.Э  шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй,  утсаар тов мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн ч үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П үгүйсгэж байгаа тул шүүх хуралдааны товыг хуульд заасан хэлбэрээр мэдэгдээгүй гэж үзнэ.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Со шүүх хуралдаан дээр захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр байгаа хэргийн материалаас Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх газрын албанд гаргасан О.Пгийн өргөдлийг гаргуулах, Б.Эыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сод хэргийг танилцуулаагүй зохигчийн хуульд заасан эрхийг зөрчжээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Согийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

 

Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Согийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан олгох нь зүйтэй болно.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2022/00712 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Хариуцагч Н.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Согийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                Н.ЭНХМАА