Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 211/МА2023/00033

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                    211/МА2023/00033

 

                                        

                             

          ХААны

         нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00727 дугаартай шийдвэртэй

ХАА-ны нэхэмжлэлтэй

Г.П-д холбогдох

3.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /онлайнаар/, хариуцагч Г.П, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймгийн  ... сумын иргэн Г.Пд /РД:АК74011714/ нь 5.000.000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхгийг урьдчилгаа 50 хувь болох 2.500.000 төгрөг төлж, үлдэгдэл 50 хувь болох 2.500.000 төгрөгийг 2013 онд 500.000 төгрөг, 2014 онд 500.000 төгрөг, 2015 онд 500.000 төгрөг, 2016 онд 500.000 төгрөг, 2017 онд 500.000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Ар/006 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2.500.000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү гарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож 1.250.000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2.500.000 төгрөг, анз 1.250.000 төгрөг, нийт 3.750.000 төгрөгийг ... сумын иргэн Г.П-ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

 

Хариуцагч тал шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.П Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжилсэн 3.750.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Архангай аймагт нээлттэй өдөрлөг болж гэрээ хийгээд 50 хувийг төрөөс, 50 хувийг хувь хүн өөрөө төлөөд трактор авсан. Би өөрөө 2.500.000 төгрөг төлөөд, төрөөс тал мөнгө болох 2.500.000 төгрөг төлнө гэсэн нөхцөлтэйгөөр авсан. Тиймээс ХААны нэхэмжилсэн 3.750.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч байгууллага нь тухайн үед хөнгөлөлттэй үнээр өгч байгаа гэж хэлээд бид авсан. Тэгээд би хотод явж байсан чинь ирээд трактороо ав гэж хэлсэн. Би хотод Хөдөө аж ахуйг дэмжих газар очиж 2.800.000 төгрөгөө өгөөд авсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээгээ сүүлд уншсан. Гэрээ байгуулахдаа гэрээгээ уншиж гарын үсэг зурсан эсэхээ сайн санахгүй байна. Хөдөө аж ахуйг дэмжих сан зээлийн эргэн төлөлтөө төлөх талаар шаардаж, манай эхнэрийн утсанд төлөх талаар зурвас ирж байсан. Хэдэн онд шаардаж байсныг сайн мэдэхгүй байна. Тийм зурвас ирэхээр нь Хөдөө аж ахуйн яам дээр очоод уулзаж байсан. Тэр үед одоо ингээд болсон гэж хэлж байсан. Хөдөө аж ахуйн яаманд хэнтэй очиж уулзаж байснаа сайн санахгүй байна. Хөдөө аж ахуйн яаманд очоод эхнэр маань уулзаж байсан. Одоо сайн санахгүй байгаа.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00727 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар хариуцагч Г.Пгээс 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож; Нэхэмжлэгч байгууллагын энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Архангай аймгийн ... сумын иргэн Г.П-д холбогдох, ХААны нэхэмжлэлтэй, 3.750.000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж 129/ШШ2022/00727 дугаартай шийдвэр гаргасан байдаг.

Миний бие Н.Б би ХААны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцохдоо Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эрх зүйн байдлын талаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Мөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, холбогдох этгээдийг төрийн өмч завших боломжоор хангасан шийдвэр гаргасан байна. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн  хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлж зохих шийдвэр гаргаагүй буюу хэтэрхий нэг талыг баримтлан үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.  Хариуцагч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, өмнө нь сангаас холбогдож зээлээ төлөх талаар сануулж, уулзаж байсан тухай хариу тайлбартаа дурдсан байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримталсан нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтад Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх залгамжлах тухай ямар нэгэн заалт байхгүй байхад Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хуулийн зүйл, заалтыг зөрүүтэй ашигласан байна гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байх бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ж даргалж хуралдсан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00727 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00727 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч ХАА нь хариуцагч Г.Пд холбогдуулан 3.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Г.П нь бага оврын тракторыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авсан гэсэн үндэслэлээр 3.750.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулагдсан, гэрээ нь хүчин төгөлдөр, хариуцагч Г.Пгийн шүүхэд гаргасан тайлбараар тэрээр гэрээний нөхцөлийг зөвшөөрч, урьдчилгаа төлбөрийг төлж, тракторыг хүлээн авсан болох нь  тогтоогдсон талаар зөв дүгнэжээ.

 

Мөн хариуцагч Г.Пгээс 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Ар/006 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх ХААнд 2017 оны 12 дугаар сарын 31-нд үүсэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эрх зүйн байдлын талаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг, мөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, холбогдох этгээдийг төрийн өмч завших боломжоор хангасан шийдвэр гаргасан, Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн  хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлж зохих шийдвэр гаргаагүй буюу хэтэрхий нэг талыг баримтлан үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Хариуцагч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, өмнө нь сангаас холбогдож зээлээ төлөх талаар сануулж, уулзаж байсан тухай хариу тайлбартаа дурдсан байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримталсан нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтад Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх залгамжлах тухай ямар нэгэн заалт байхгүй байхад Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хуулийн зүйл, заалтыг зөрүүтэй ашигласан” гэсэн  үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн байх ба Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул хариуцагч Г.Пгээс гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, ХААнд уг үүргийг шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд гуравдагч этгээдэд эд хөрөнгө, эрх шилжсэнээр хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах талаар зохицуулагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулагдсан ХАА нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.

 

Мөн нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж гомдол гаргаж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаагүй байх ба энэ талаар ч анхан шатны шүүх зөв дүгнэсэн болно.

 

Зээлдэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээр нэхэмжлэгч талд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэх бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байгаа тул шүүх Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзаж үзэх шаардлагагүй юм.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  гурван жил” гэж, 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 81 дүгээр зүйлийн 81.1-т “Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж, 82 дугаар зүйлийн 82.1-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч ХАА нь төсвийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2022/00727 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                 Н.ЭНХМАА