| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0336/Э |
| Дугаар | 349 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Иргэдийн төлөөлөгч *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******
Шинжээч эмч *******
Гэрч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт *******эд холбогдох 1821000000333 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баяндун сумын Наран багт оршин суух үндсэн хаягтай, одоо *******...... газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн группэд байдаг, *******регистрийн дугаартай, О овогт *******.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “” гэх газарт хохирогч -эй маргалдан улмаар хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна” гэв.
Шинжээч эмч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сэтгэлзүйн өөрчлөлттэй хүнд тухайн үеийн нөхцөл байдлын улмаас сэтгэлзүйд нь өөрчлөлт орох боломжтой” гэв.
Гэрч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******* нь энгийн байхдаа ч уурладаг байсан. Сэтгэл мэдрэлийн группт ороод олон жил болж байгаа. Уурласан үедээ юу хийснээ санадаггүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад босоод бид 3 дахиад нэг шил архи хувааж уугаад дуусгасан ба нилээн согтоод зүүн орон дээр сууж байхад ******* над руу ирээд хажуу талд суугаад гэнэт миний гар, хөл, цээж рүү хутгаар хатгасан. Тэгээд ирж салгаад түргэн тусламж дуудсан. ******* бид хоёр ярианаасаа болж маргалдсан. Би *******ийг цохиж зодоогүй. Миний цээжинд 1 удаа, гуянд 3 удаа, гаранд 3 удаа хутгаар ******* хатгасан. Хажууд ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй. ...******* миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 95/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өглөө босоод үлдсэн 1 шил 0.75 граммын Ерөөл архиа бид гурав хувааж уугаад дуусгахад , ******* хоёр хоорондоо маргалдаад гэрээс гарч, орж байгаад гэнэт гэрийн зүүн хэсэгт байрлуулсан орон дээр зодолдоод зууралдахаар нь би очиж салгахад ******* гартаа хутга барьсан хутгаараа хатгасан байсан. Тэгээд би болиулаад түргэн тусламж дуудсан. ...ийн хоёр хөл, гар, цээж орчимд нь нийт 6-7 удаа хутгаар хатгасан байсан. Тухайн үед хажууд нь надаас өөр хүн байгаагүй. Хаана байсан хутгыг авсаныг нь хараагүй, хар бариултай жижиг хутгаар хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 744 тоот дүгнэлтэд: “1. -ийн биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн цусан хураа, зүүн бугалга, сарвуу, гуя, шилбэний хатгагдаж зүсэгдсэн өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар тогтоогдсон цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар тогтоогдсон зүүн бугалга, сарвуу, гуя, шилбэний хатгагдаж зүсэгдсэн өнгөц шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” /хх-ийн 26/ гэжээ.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 62 тоот дүгнэлтэд: “1.*******ийн сэтгэцийн байдал одоогоор хий үзэгдэл, дэмийрэлгүй байна. Сэтгэлийн хөдөлгөөн тогтвортой байгаа. 2. ******* үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3. ******* хэрэг хариуцах чадвартай” /хх-ийн 30/ гэжээ.
- Эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар авсан фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15/
- Хохирогч гийн анхны үзллийн тодорхойлолт /хх-ийн 27/
- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36, 100-101/
- Хохирогч гийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 89/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “” гэх газарт өөрийн гэртээ хохирогч тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хохирогчийг хутгалж биед нь цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн цусан хураа, зүүн бугалга, сарвуу, гуя, шилбэний хатгагдаж зүсэгдсэн өнгөц шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... над руу дайраад та хаанахын хүн бэ?, Дорнодын захын архичин юм уу, ална шүү гэж хэлээд агсам тавиад байхаар нь миний уур хүрээд ширээн дээр тавиатай байсан хар бариултай жижиг хутгыг аваад ийн хоёр хөл болон цээж орчимд нь хутганы үзүүрээр хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, түүнийг давхар нотолсон хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүүн орон дээр сууж байхад ******* над руу ирээд хажуу талд суугаад гэнэт миний гар, хөл, цээж рүү хутгаар хатгасан. ...Миний цээжинд 1 удаа, гуянд 3 удаа, гаранд 3 удаа хутгаар ******* хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрийн зүүн хэсэгт байрлуулсан орон дээр *******, хоёр зодолдоод зууралдахаар нь би очиж салгахад ******* гартаа хутга барьсан хутгаараа хатгасан байсан. Тэгээд би болиулаад түргэн тусламж дуудсан. ...ийн хоёр хөл, гар, цээж орчимд нь нийт 6-7 удаа хутгаар хатгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 744, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 62 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар нь “шүүгдэгч ******* нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж сэтгэл зүйд нь өөрчлөлт орсон учраас ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа учир энэ нөхцөл байдлыг харгалзан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчлөн мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргаж байна.
Эрүүгийн эрх зүйд “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан” гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг ойлгодог.
Гэтэл шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн үйлдэлд дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ өөрийн гэртээ хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж муудалцсаны дараа хохирогчийг орон дээр хэвтэж байхад нь хутга авч түүнийг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр өөрчлөн зүйлчлэх боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дээрх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч гийн эрүүл мэндэд учирсан “цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн цусан хураа, зүүн бугалга, сарвуу, гуя, шилбэний хатгагдаж зүсэгдсэн өнгөц шарх” бүхий хүнд хохирол нь түүнийг хутгаар цээж, хөл, гарны орчимд хутгалсан шүүгдэгч *******ийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байхаас гадна шүүх хуралдаанд шинжлэн судалсан, шүүгдэгчийн гэм бурууг нотолсон бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч *******эд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангийн ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан ял оногдуулбал зохино.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид 600000 төгрөг өгсөн/ тус тус тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай хутга 1 /нэг/ ширхэг, саарал өнгийн цамц, улаан өнгийн футболка, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн ноосон өмд зэргийг устгаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******ийн .................. дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оовогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4. Эрүүгийн 1821000000333 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 600000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай хутга 1 /нэг/ ширхэг, саарал өнгийн цамц, улаан өнгийн футболка, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн ноосон өмд зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******ийн ..................... дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
Д.ГАНЗОРИГ