Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 35

 

Н.Аын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2016/00226 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.Аын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Мд холбогдох

Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагч А.Мгийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч А.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,  нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Мтай гэр бүл болж 2008 оны 11 дүгээр сарын 18-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас охин М.Э 2013.09.12-нд, хүү М.Ж 2009.05.29-нд төрсөн. М нь гэр бүл болсноос хойш байнгын гэр орондоо хэрүүл хэл ам гарган, үр хүүхдүүд болон намайг байнгын зодож дарамталж, гэр бүлийн хүчирхийллийг үйлддэг болсон.

Энэ талаар аймгийн Цагдаагийн газарт хандан өргөдөл, гомдол гаргадаг боловч Мгийн үгээр намайг буруутган бидний дундах асуудлыг шийдвэрлэж чаддаггүй.  Мгийн гаргаж  байгаа  хүчирхийлэл  нь сүүлдээ арай бүр дэндэж, тэвчиж суухын аргагүй байдалд хүргэсэн. Намайг орой ажлаа тараад ирэхээр л үр хүүхдүүддээ хоол унд хийж өгөөгүй байдаг ба намайг барьж авч зодож, хувцас хунар урж тайлж нүцгэлэх, үсдэж чирэх, хамар амнаас цус гартал цохих зэрэг нь маш олон удаагийн үйлдэл болж байна. Сүүлдээ би тус тусдаа байя, салъя гээд М аавындаа, би хүүхдүүдтэйгээ цуг ээжийнхээ хажууд байж байна. Тэгсэн хэдий ч М нь элдэв ямар нэгэн шалтаг шалтгааныг тоочин үр хүүхдүүдтэйгээ уулзана гэж гэрт ирэх үедээ ч тэр, энд тэнд таарахаараа зодож цохиод надад маш их дарамтыг үзүүлж байна.

М нь үр хүүхдүүдээ аав шиг хайрлаж халамжлаад хүний хань шиг байдаггүй. М нь маш их харгис хэрцгий зантай. Хүүхдүүдтэйгээ хойд эцэг шиг харьцдаг. Хүүхдүүдээ маш их зоддог, хүүхдүүд ч маш их айдастай байдаг. Хүүгийнхээ нуруу ууцыг нь хугалах шахам айхавтар зодсон сорви ч бий. Ийм харгис догшин аав авиртай хүнтэй амьдрах ямар ч боломжгүй. Иймээс Мгаас гэрлэлтээ цуцлуулан, 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ. /хх-1/

Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2007 онд Атай танилцан үерхээд 2008.11.18-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2009.05.29-нд хүү, 2013.09.13-нд охин минь мэндэлсэн. Би 2010 онд эхнэр Аын дүү Отгонжаргалтай хамт гэмт хэрэгт холбогдоод би өөрийн болон Отгонжаргалын хэргийг хүлээн 2 жил 6 сар ял эдлээд 2012.05 сард суллагдсан. Суллагдаж ирээд эхнэр хүүгийн хамт баян тансаг биш ч гэсэн сэтгэл дүүрэн жаргалтай сайхан амьдарсан. Бид хоёрын хооронд үл ойлголцол гарч ялимгүй зүйлээс хоорондоо муудалцах хүү үг дуулахгүй болохор алгадаад авахад л А, хадам ээж Нэргүй, Аын дүү нар нь намайг хулгайч, шоронгийн хадаас, ялтан, сэтгэц мэдрэлийн өвчтэй гэх мэтээр байнга доромжлоод байхаар нь би уурлаад би хулгайч ч гэсэн чиний дүүгийн ялыг үүрсэн хүн чанартай хулгайч шүү гээд алгадаад өшиглөөд авахад хамраас нь цус гарсан нь үнэн. 

2016 оны 01 сард бид муудалцаад А гэрээ буулгаж аваад явсан. Би аавындаа ирсэн. Би хэд хэдэн удаа уулзаж уучлалт гуйж 2 хүүхдээ өнчрүүлээд яахав дээ гэхэд миний хүүгийн дэргэд чиний аав чинь хулгайч, шоронгийн хадаас, ялтан, мэдрэл сэтгэцийн өвчтэй, наад тэнэг юмаа аав гэж битгий дууд гэж хэлдэг. Уулзахгүй байхаар утсаар 2 хүүхдэд тийм, ийм юм хэрэгтэй байна, мөнгө олж өг гэдэг, би ээжээсээ 2 хүүхдэд хоол хүнс авах мөнгө байвал өгөөч гэхэд ээж мөнгө байвал харамгүй өгдөг.

 Би өөрөө чихний дунд сувгийн мэдрэлийн өвчний улмаас халамжийн гурппт байдаг. А группийн дэвтрийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 8 сарыг дуустал 450000 төгрөг авсан байсан. Намайг ер нь энэ чинь хүн гэж хардаггүй. Мөн 2016.05.18-ны орой хүү маань ааваа би таньтай хоноё гэсэн. 5 сарын 19-ний өглөө хүүгээ хүргээд очиход А нь хүмүүсээ хараарай, хулгайч ирлээ, сайн хараарай гэж хашгачаад тэр хавийн хүмүүсийн анхаарлыг татсан. А нь өөрийгөө өрөвдүүлж уйлж хашгачаад хүний анхаарал татаад миний нэр төрийг гутаан доромжилж миний эрхийг зөрчдөг.  Амьдралд тохиолддог санаа нийлэхгүй зүйл дээр ам муруйж хүүгээ үг дуулахгүй, сахилгагүйтээд байхаар нь хэд цохиод авахад л бүх зүйлийг хүндээр тусган авч ээжтэйгээ нийлээд намайг муу муухайгаар хэлж байж л санаа нь амардаг.

Гэвч би 2 хүүхдээ бодоод Ааас салахыг хүсэхгүй байна. Сэтгэл дотор минь байнга шаналгаж  байдаг хар муу өдрүүдийн тухай ам нээх бүртээ намайг доромжилдог Ад гомддог ч бидний амьдралын алдаанаас болж 2 хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна гэжээ. /хх 19-21/

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар А.М, Н.А нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү М.Ж, охин М.Э нарыг эх Н.Аын асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 5 сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Ж, 2013 оны 9 сарын 12-ны өдөр төрсөн охин М.Э нарыг 11 нас хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Мгаар тэжээн  тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Аын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мгаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Мгаас улсын тэмдэгтийн хураамжинд 46496 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг гардан авах болон давж заалдах гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ. /хх 50-52/

Хариуцагч А.М давж заалдсан гомдолдоо: Н.Аын нэхэмжлэлтэй А.Мд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тогтоолгох тухай” нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ хэтэрхий нэг талыг барьсан, зохигчийн хувийн байдал, мэтгэлцэх зарчмыг хангах, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах эрхийг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.  А.М би Н.Атай 2008 оноос өдий хүртэл байгаагаараа боломжийн амьдарч хүү М.Ж, охин М.Э нар төрсөн. Н.А нь хамтран амьдарснаас хойш огт ажил хийж байгаагүй бөгөөд би ямар ч хамаагүй ажил хийж энэ айлын амьдралыг авч явж ирсэн бөгөөд миний ээж, эгчийн тусламж дэмжлэгээр өдий зэрэгтэй амьдарч байна.

Миний 2 хүүхдийг манай ээж Нарандэлгэр хар нялхаас нь өсгөж халамжилж хүн болгосон. Гэтэл шүүх хүү М.Жийн аав, ээжийн нь хэний асрамжид байх талаар хуульд заасны дагуу санал, хүсэлтийг асуулгүй, мөн миний хүүгээ өөр дээрээ өсгөх хүсэлтийг ч хүлээн авалгүй эхийн асрамжинд үлдээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хадам аав Батцэнгэл, ээж Ю.Нэргүй нар нь байнга хүндрэлтэй, зодоонтой, мөн архи их хэрэглэдэг хүмүүс, үүнээс гадна Н.А нь 2 хүүхдээ өсгөхөд ямар нэг орлогогүй, өөрөө ч ажил хийдэггүй хүн.

Шүүх бидний гэрлэлтийг цуцлахдаа хуульд заасан “ 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, эвлэрүүлэх арга хэмжээ” авсан бол бид эвлэрэх боломжтой байсан гэж үздэг. Манай эгчтэй Н.А нь уулзаад “би шүүхэд өгсөн өргөдлөө татаж авна, би салахгүй” гэж ярьж байсан.

Манай хүнийг хэн нэгэн хүн муугаар ятгаж бидний хооронд ан цав үүслээ. Түүнээс биш бид амь нас, эрүүл мэнддээ тултал муудалцаж зодолддог хүмүүс биш юм. Үүнийг анхан шатны шүүх анхаарч шийдвэрээ гаргаагүйд гомдолтой байна. А.М би хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын групптэй. 3-р ангийн боловсролтой, унших боловч ойлгоц удаан, бичих боловч утга агуулгыг бүрэн ойлгохгүй ийм хүн. Шүүхэд нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцохдоо хуулийн нарийн утга учрыг ойлгоогүйгээс гадна Н.Аын өмгөөлөгч шүүх хурал дээр намайг чи дуугүй бай гэж загнаад үг яриулаагүй болно. Шүүх эвлэрүүлэн зуучлалаар урьдчилан шийдвэрлүүлэлгүйгээр шууд шийдвэрлэснийг анхаарч шийдвэрлэнэ үү. Бид хамтран амьдарч ханилж суухдаа би 5 ханатай гэр барьсан, үүнийг манай эхнэр надад хэлэлгүйгээр бусдад зарсан байсан, дараа нь хадмын гэрийн мод тавилга, дээвэр бүрээс гаргаж гэр оронтой болсон. бидэнд дундын өмчийн талаар маргаантай асуудал байсан, үүнийг шийдвэрлээгүй. Иймд Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.21-ний өдрийн 136/ШШ2016/00226 дугаар шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-55/

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч А.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү М.Ж, охин М.Э нарыг  эцэг А.Мгаар тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэл гаргаж, харин хариуцагч А.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулахгүй гэж маргажээ.   

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар А.М, Н.А нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40.1.1, 40.1.2  дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Б.Мгаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

 Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч А.М нь “хүү М.Жөөс хэний асрамжид үлдэх талаар саналыг асуулгаагүй, ... шүүх эвлэрүүлэх арга хэмжээ аваагүй, эвлэрүүлэн зуучлалаар урьдчилан шийдвэрлүүлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс нь шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал гэрлэгчдийн хүү  М.Ж нь 2009 оны 05 дугаар сарын 29-нй өдөр төрсөн буюу анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед 7 нас 22 хоногтой байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /хх-07/ тогтоогдсон байхад анхан шатны шүүх хүүхдийг хэний асрамжинд үлдэх талаарх түүний саналыг авалгүй асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт  “ Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзана” гэсэнтэй нийцээгүй ба энэ нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан явуулахгүйгээр гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т тус тус нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ба уг зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул хариуцагч А.Мгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2016/00226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Мгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                  Н.БАТЧИМЭГ