Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
Хэргийн индекс | 128/2016/0855/З |
Дугаар | 88 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 88
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Барилгын политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.З, Н.Т, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч М.З, Н.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б нь багш мэргэжилтэй, мэргэжлээрээ улсад 30 жил үүнээс сүүлийн 20 жилд нь Барилгын Политехникумын багш, тэнхимийн эрхлэгч, декан, захирлын албан тушаалд ажилласан. Ц.Б нь захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтанд тэнцэж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-92 дугаар тушаалаар Улаанбаатар хот дахь Политехник коллежийн захирлын албан тушаалд 5 жилийн хугацаатай томилогджээ.
Улмаар Хөдөлмөрийн сайд Я.С томилогдож ирмэгцээ өөрийн яамны харъяа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хэрэгжүүлж байгаа төслүүдийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор тухайн үед Улаанбаатар хот дахь Политехник коллежид 2 тэрбум төгрөгийн төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байсан захирал Ц.Б ыг Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежид хэрэгжүүлэх ёстой байсан 1,8 тэрбум төгрөгийн төслийг хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгч 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б-06 дугаар тушаалаар Үйлдвэрлэл-Урлалын политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан суралцагчдад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжил олгох, техникийн боловсрол эзэмшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх чиг үүргээ хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бус харин төсвийн ерөнхийлөн захирагч Хөдөлмөрийн сайдтай байгуулсан Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байжээ.
Гэвч Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Хөдөлмөрийн сайдаар С.Ч******* томилогдон ирэнгүүтээ аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр хашиж байсан нийт 57 хүнийг ажлаас халсан байна. Энэ 57 хүний дотор Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б хамрагдсан байх бөгөөд түүнийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар захиргааны актад “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор ...” гэсэн үндэслэл заасан, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь заалт буюу “захирлыг томилж, чөлөөлөх” шийдвэр гаргах эрх хэмжээг яамны сайдад олгосон заалтыг удирдлага болгосон байна.
Нэхэмжлэгч Ц.Б ын хашиж байсан Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирлын албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудалд Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас бууруулах, чөлөөлөх, халах талаарх үндэслэл журмыг тогтоосон хуулийн тодорхой заалтыг баримтлах ёстой байжээ.
Гэвч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтыг баримтлаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх заалтын дагуу Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаартай тушаал нь илт хууль бус акт болсон байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь 2015 оны 8 болон 9 дүгээр саруудад Хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ болон Г.Б******* нарт гомдол гаргаж байснаас гадна Захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахад оролцон ажилдаа эргэн орох хүсэлт гаргаж байсан байна. Гэтэл одоог хүртэл Ц.Б ыг ажлаас хууль бусаар халсан Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаал хүчингүй болоогүй байна.
Нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан үед нь гэр бүлийн хүн нь элэгний хорт хавдар өвчний улмаас Австри улсад эмчилгээ хийлгэж байсан бөгөөд биеийн байдал нь хүндэрч улмаар нас барсан байна. Ар гэрт нь гачигдал зовлон тохиолдож дээр нь хууль бусаар ажлаас халагдсан асуудал нь сэтгэл санааны хувьд хүнд дарамт хямралд оруулсан учир нэхэмжлэгчийн өөрийнх нь эрүүл мэнд муудаж өнөөдрийг хүртэл эмч, эмнэлгийн байгууллагын байнгын хяналтад эмчилгээ сувилгаа хийлгэж байжээ.
Маргаан бүхий захиргааны актаас болж нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “мэргэшлийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг зохих ёсоор үнэлүүлэх, уг үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх,...албан тушаал бууруулах”-аар, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах”-аар, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”-аар хуулиар олгогдсон төрийн албан хаагчийн ажил, албан тушаалын үүргээ гүйцэтгэх баталгаа нь алдагдаж, хуульд заасан үндэслэлээс гадуур төрийн албанаас халагдахгүй байх эрх нь зөрчигдөж амьжиргааны эх үүсвэр нь тасалдсан байна.
Хариуцагч Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн дээр дурдсан зөрчигдсөн эрх нь сэргэж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн томилогдох, улмаар хуулийн үндэслэлгүйгээр ажилгүй байсан бүх хугацаанд авч чадаагүй цалин хөлсийг нөхөн гаргуулах, уг хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн тооцуулах боломжтой болох юм.
Иймд Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Барилгын политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагч болохыг хуулиар тогтоосон.
Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 4 дэх хэсэгт политехник коллежийн захирал нь /ТҮМБ-7/ зэрэглэлд хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарахыг тус тус заасан. Энэ нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахыг заасан зохицуулалтууд юм.
Нэхэмжлэгч Ц.Б ыг анх Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо хууль тогтоомж зөрчиж томилсон байсан юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилж, чөлөөлдөг. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ын 2.4.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол яам, агентлагийн харъяа болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх” гэж заасны дагуу Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тусгайлсан чиг үүргийн хүрээнд эрхлэн явуулдаг. Гэтэл өмнө нь Ц.Б ыг томилохдоо дээрх Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд түр орлон гүйцэтгэгч гэх хууль бус албан тушаалд томилсон байдаг.
Түүнчлэн эзгүй байгаа төрийн үйлчилгээний албан хаагчийн албан үүргийг орлон гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно” гэж заасны хүрээнд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх боломжтой байтал хууль тогтоомж зөрчин гаднаас буюу тухайн байгууллагад ажилладаггүй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Иймээс дээрх хууль бус томилгоог Хөдөлмөрийн сайд эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон шийдвэр гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Захиргааны акт илт хууль бус болох” нөхцлийг заасан бөгөөд Хөдөлмөрийн сайдын Б/46 дугаар тушаал нь дээрх нөхцлийн алинд ч хамаарахгүй юм. Ц.Б ыг томилсон тушаал нь хууль бус захиргааны акт байсан тул сайд эрх хэмжээнийхээ хүрээнд уг тушаалыг хүчингүй болгосон болно.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д “төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолтыг батлах” гэж шийдвэр гаргах эрх хэмжээг сайдад олгосон болно.
Ц.Б нь төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагад ажилладаг Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагч тул нэхэмжлэлд дурьдсан дээрх Төрийн албаны тухай хуулийн заалтыг баримтлах үндэслэлгүй болно.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар “Ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаалыг илт хууль бус болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг улам дордуулах шаардлага гэж үзэж байна. Учир нь Ц.Б ыг Барилгын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаал нь хүчин төгөлдөр байгаа болно.
Нэхэмжлэгч Ц.Б нь Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирлын сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд ямар нэгэн гомдол гаргаагүй зэрэг нь өөрийг нь ажлаас чөлөөлсөн шийдвэрт гомдол, нэхэмжлэл гаргах санаа, зорилгогүй байсныг илтгэж байна, Нэгэнт нэхэмжлэл гаргах хугацаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргаагүй тул тухайн захирлын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын дүнд жинхлэн томилогдсон төрийн албан хаагчдын эрх ашгийг зөрчих тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно.
Нэхэмжлэгн Ц.Б ыг ажлаас чөлөөлсний дараа тэтгэмж хүссэн өргөдлийг өөрөө гаргасан бөгөөд үүний дагуу 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 3.162.000 төгрөгийг олгож байсан. Мөн Ц.Б нь Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирлын сонгон шалгаруулалтад оролцсон нь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн статусаа ойлгож, хүлээн зөвшөөрч байсныг илтгэж байна.
Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг анхнаасаа өөрийг нь томилсон, чөлөөлсөн шийдвэрийн хууль зүйн дагаврыг мэдэж, хүлээн зөвшөөрч, гомдол, нэхэмжлэл гаргах санаа зорилго агуулаагүй байсныг илтгэж байна.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргалгүйгээр зөвхөн “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр өнгөрөөсөн болохыг илтгэж байгаа болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан суралцагчдад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжил олгох, техникийн боловсрол эзэмшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх чиг үүргээ Үр дүнгийн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн сайдтай 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Үр дүнгийн гэрээгээр тогтоогдож байна.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан бөгөөд Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар тогтоосон “Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаал”-ын ТҮМБ-7 -ын ангилал, зэрэглэлд хамаарах бөгөөд Үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг төрийн үйлчилгээний албан тушаалтан байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З******* нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Барилгын политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж ихэсгэн, тодорхойлжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Б ыг ажлаас чөлөөлөх эсэх асуудалд Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг тогтоосон хуулийн тодорхой заалтыг баримтлах ёстой. Мөн Хөдөлмөрийн сайд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалаа хууль бус болсон гэж хүчингүй болгохдоо хууль бусаар шилжүүлэгдэн ажиллаж байсан Ц.Б ыг хуучин албан тушаалд нь эгүүлэн томилж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх ёстой байсан боловч эсрэгээр хуулийн үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтыг баримтлаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар болон 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаал нь илт хууль бус акт болсон...” гэж,
Харин хариуцагч нь “...Ц.Б нь Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсний дараа сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд уг сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон ажлаас чөлөөлсөн шийдвэрт гомдол гаргаагүй, ажлаас чөлөөлөгдсөний дараа тэтгэмж хүсч, 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан зэрэг нь ажлаас чөлөөлсөн шийдвэрт гомдол, нэхэмжлэл гаргах санаа зорилгогүй, хүлээн зөвшөөрч байсныг илтгэж байна. Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалууд нь илт хууль бус захиргааны акт биш, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох нөхцөлийн алинд ч хамаарахгүй...” гэж тус тус маргаж байгаа.
1. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд:
Анх Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-92 дугаар тушаалаар Ц.Б ыг Улаанбаатар хот дахь Политехник коллежийн захирлын албан тушаалд мөн өдрөөс эхлэн томилжээ.
Улмаар Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Ц.Б ыг Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн ажлыг сайжруулах зорилгоор тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мөн өдрөөс томилон ажиллуулсан байна.
Ийнхүү томилогдон ажиллаж байтал Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь заалтуудыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б ыг мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 4 дахь заалтаар Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг мөн өдрөөс хүчингүй болсонд тооцсон шийдвэрийг гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2015 оны 8, 9 дүгээр сард Хөдөлмөрийн яаманд гомдол гаргаж байсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.
Тухайлбал, Ц.Б нь Төрийн албаны зөвлөл болон Хөдөлмөрийн яаманд дээрх актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тухайн үед хуулийн хугацаанд гомдол гаргаж байгаагүй болох нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4/1210 дугаар , 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/59 дүгээр албан бичигт “Хөдөлмөрийн яамны архив, өргөдөл, гомдлын цахим бүртгэлээс шүүж үзэхэд Ц.Б нь 2015 оны 8, 9 дүгээр сард яаманд хандаж өргөдөл гаргаж байгаагүй” гэх, мөн Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дүгээр албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “Архивын эх баримт дотроос бүгдийг нь шүүж үзсэн. Ц.Б ын тэтгэмж хүссэн өргөдөл л гарч ирсэн. Өөр өргөдөл байхгүй байсан” гэх тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөн Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Ц.Б ыг Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсныг эс зөвшөөрч тухайн үед гомдол гаргаагүй бөгөөд уг тушаалыг хүлээн зөвшөөрч биелүүлж ажилласан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Б нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.М*******д хандаж 2015 оны 6 дугаар сарын 29-ний огноо бүхий “...Хөдөлмөрийн сайдын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ...амьдрал хүнд байдалтай байна. Иймд ажлаас чөлөөлөгдсөний 6 сарын цалинтэй тэнцэх тэтгэмж олгож миний амьдралд туслалцаа үзүүлнэ үү ” гэсэн өргөдлийн гаргасан байна.
Улмаар Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга түүний гаргасан хүсэлтийг хүлээн авч 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 3/1975 дугаар албан бичгээр “4 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3,162,000 төгрөгийг олгох боломжтой” гэж хүсэлтийг шийдвэрлэн, Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захиралд шилжүүлсний дагуу тус сургуулийн захирлын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр тушаалаар “нэг удаагийн тэтгэмж 3,162,000 төгрөгийг” олгосон болох нь хэрэгт авагдсан дээрх баримтууд болон Ц.Б ын 2015 оны цалингийн карт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирал нь өөрийн эрх хэмжээний хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.4-д “хууль тогтоомжид заасан бусад тусламж” олгож болно гэж заасны дагуу 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний 3,162,000 төгрөгийн тусламжийг Ц.Б т олгосон гэж үзэхээр байна.
Нэгэнт нэхэмжлэгч Ц.Б нь Хөдөлмөрийн сайд 2015 оны Б/46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөнийг хүлээн зөвшөөрсний улмаас 3 сарын дараа өөрөө бичгээр өргөдөл, хүсэлт гаргаж 3,162,000 төгрөгийн тусламж авсан атлаа одоо Хөдөлмөрийн сайдын 2014 оны Б/06 дугаар, 2015 оны Б/46 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж буй нь хуульд нийцэхгүй байна.
Иймээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд болон эрх бүхий этгээдэд хуулийн хугацаанд гомдол гаргаагүй, мөн 2015 оны 6 дугаар сард зарлагдсан Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирлын сонгон шалгаруулалтад оролцож нэгдсэн дүнгээр 77,9 оноогоор 2 дугаарт орсон зэргээс үзэхэд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Ц.Б ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Хөдөлмөрийн сайдын 2014 оны Б/06 дугаар тушаал хууль бус байсан болох, мөн сайдын 2015 оны Б/46 дугаар тушаал илт хууль бус эсэх тухайд:
Нэхэмжлэгч нь “Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлийг баримтлаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж маргаж буй бөгөөд Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, мөрдөж эхэлсэн байна.
Энэхүү маргаанд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэхгүй бөгөөд маргаж буй актууд гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9 дэх заалтуудад захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх тохиолдлуудыг хуульчилж өгсөн.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байх бөгөөд уг тайлбарын 6-д “...Түүнчлэн тухай харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ” гэж тайлбарлажээ.
Захиргааны акт илт хууль бус болох үндсэн нөхцөл нь захиргааны акт эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь хэн ч харсан илэрхий байвал илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлдог.
Иймээс маргаж буй Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг тус тус үндэслэсэн байх ба хуулиар тусгайлан эрх олгосон албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн актыг гаргасан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9 дэх заалтад заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлууд байхгүй, эрх зүйн илт болон илэрхий алдаа байхгүй байх тул Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/46 дугаар тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн боловч нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тул маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж шийдвэрлэж болох бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаал нь илт хууль бус болох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан “Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, хариуцагч Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалуудыг илт хууль бус болох үндэслэл тогтоогдоогүй, улмаар нэхэмжлэгч Ц.Б ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.4, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б ын гаргасан “Хөдөлмөрийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох, 2015 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугазар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Барилгын политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА