Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0009

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 02 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0009

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Д.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 128/ШШ2018/0624 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлоор, Д.Б нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Б 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Б холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Д.Б олгосон ........ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 128/ШШ2018/0624 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Б холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “Д.Б олгосон ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүх маргаан бүхий газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Д.Б эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн бүхий л зөрчлүүд нотлох баримтаар хэрэгт авагдсан байхад огт үнэлээгүйгээр барахгүй үл ойлгогдох байдлаар хаацайлсан заалтуудыг шийдвэртээ зааж, хариуцагч болон гуравдагч этгээдэд давуу байдал олгож шийдвэрлэлээ.

Одоогийн байдлаар тухайн хорооны нутаг дэвсгэрт авто болон явган зам, замын гэрэлтүүлэг, замын хамгаалалтын далангийн ажил бодитойгоор хийгдэж бүрэн дуусаагүй байгаа, энэ ажилд маргаантай байгаа газраас хамрагдах хэмжээг харгалзаж үлдэх газрын хэмжээг тодорхой болсны дараа Д.Б миний дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөлд уламжлах цохолтыг хойшлуулахаар цохсон хорооны Засаг даргын цохолт зохих журмын дагуу хийгдсэн тул миний зүгээс бодит байдлыг ойлгож дахин өргөдөл гаргалгүй хүлээж байсныг миний буруу болгож шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн оролцогчдыг ялгаварлахгүй адил тэгш байх зарчимд үндэслэн явагдах хуулийн заалтыг зөрчсөн. Тухайлбал гуравдагч этгээд Д.Б газар эзэмших эрх авахаар бүрдүүлсэн баримт бичгүүдийн дотор зөвхөн түүний иргэний үнэмлэхний хуулбар үнэн, харин бусад бүх баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь хэрэгт байгаа баримтаар батлагдана.

Дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөлдөө оршин суух хаягаа худал бичиж энэ газраа эзэмшиж авах хүсэлт гаргасан, хорооны Засаг даргын цохолтыг цохолт хийх эрхгүй хорооны зохион байгуулагч Д.Г гараараа бичиж, хорооны Засаг даргын гарын үсгийг дуурайлган зурсны дээр хорооны Засаг даргын тамгыг хэний ч зөвшөөрөлгүйгээр дарсан, кадастрын зургийг тухайн газарт байгаа хэмжээнээс илүү талбайтайгаар хийлгэсэн, цохолт хийлгэж эзэмших эрх авсан газарт байрладаггүй өөр хаягт байрладаг газарт кадастрын зураг гаргуулсан зэргээр иргэдийн өргөдөл гомдлыг үнэн зөв гаргах тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн байхад шүүх хууль зөрчсөн үйлдлийг тогтоолгүй түүнд давуу байдал олголоо.

Дүүргийн Газрын албанаас иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгох шийдвэр гаргахад мөрдөх хууль журмуудыг зөрчиж Д.Б газар эзэмшүүлэх эрх олгосон захиргааны акт гаргахдаа дараах хууль журмуудыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Үүнд дүүргийн Газрын алба Д.Б өргөдөл түүнд хавсаргасан баримтууд нь бодит байдалд нийцэж байгаа эсэхийг хянаж шалгасан баримтгүй, эзэмшихээр хүссэн газарт хээрийн судалгаа хийж тухайн газарт улс, нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа ажилд хамаарч байгаа эсэх, нийтийн эзэмшлийн газартай давхцаж байгаа эсэх, кадастрын зурагт заасан хэмжээний газар, тухайн газарт байгаа эсэхийг хянах ажиллагааг огт хийлгүй газар эзэмших гэрчилгээг олгосныг хянаагүй, Д.Б болон дүүргийн Газрын албаны хууль зөрчсөн үйлдлүүдийг тогтоолгүйгээр Газрын албаны үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэж үзсээ.

Ийнхүү шүүхээс Д.Б хууль зөрчсөн ч газар эзэмших эрхтэй үлдэж, захиргааны хууль зөрчсөн шийдвэрийг давхар баталгаажуулсанд гомдолтой байна.

Д.Б Д.Б нэгэн адил газар эзэмших тэгш эрхтэй тул эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хуурамч баримт бичиг бүрдүүлсэн Д.Б дүүргийн Засаг дарга, Газрын албаны ажилтнууд түүнтэй хуйвалдаж хууль бусаар захирамж гаргаж гэрчилгээ олгоогүй байсан бол Д.Б миний зүгээс авто болон явган хүний зам, замын хамгаалалтын бүс, цахилгааны шугам, үерийн хамгаалалтын далан барьсны дараа үлдэх хэмжээний газрыг эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргах боломж бүрдэх байсныг тогтоолгох зорилго бүхий нэхэмжлэл гаргасан билээ.

Шүүхээс хэргийн оролцогчдод аль алинд нь эрх тэгш хандалгүй, захиргаа болон Д.Б надаас илүү давуу эрх эдлүүлэх шийдвэр гаргах эрхийг ямар ч хуулиар олгоогүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахгүй орхих, удаашруулах, дутуу хийх, маргаантай байгаа газарт хийх үзлэгийн баримт тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангалгүй бүрдүүлсэн, үзлэгийн үеэр болсон процессын тэмдэглэлд бүрэн тусгалгүй орхисон, нотлох баримтуудыг үнэлэлгүй орхих, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн хууль зөрчсөн тайлбар, худал мэдүүлгүүдийг үнэн зөв хууль ёсны нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэсэн, захиргааны байгууллагын хууль зөрчсөн ажиллагааг түүний үүрэг бус мэтээр дүгнэсэн, хэргийг шийдвэрлэх ажиллагааг хэт удаашруулсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчлүүд нь хэргийн баримтуудаас тодорхой харагдах болно. Бидний хувьд давж заалдах шатны шүүхээс энэ талаар тодруулах шаардлагатай гэж үзвэл нарийвчлан тайлбарлах хүсэлтэй байгаа.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 128/ШШ2018/0624 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаалгахыг хүссэн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээд Д.Б иргэний үнэмлэх болон Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэнээр тэрбээр Чингэлтэй 16 дугаар хорооны Согоотын ...... дугаар гудамжны .......тоотод оршин суудаг, гэтэл 2016 онд газар эзэмших хүсэлт гаргахдаа тус дүүргийн Согоотын ....... дүгээр гудамжны ....... тоот буюу одоогийн маргаан бүхий байршилд оршин суудаг гэсэн нь ямар учиртай болохыг тодруулах ажиллагаа хийгдээгүй байна.

Гэтэл бодит байдалд нэхэмжлэгч Д.Б дээрхээс өмнө тухайн газрыг ээж Л.Ц одоогийн эзэмшиж буй 700 м.кв газрын хамт нэгтгэн хашаалсан төдийгүй 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулан гаргахад Засаг даргаас “түр хойшлуулав” гэсэн цохолт хийгджээ.

Анхан шатны шүүхээс энэхүү цохолт бүхий өргөдлийн талаар “…Газрын тухай хуульд заасны дагуу дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших хүсэлтэд хамаарахгүй…” гэж дүгнэснийг үгүйсгэх боломжгүй ч одоогийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийг газар эзэмших хүсэл зоригоо огт илэрхийлж байгаагүй гэж үзэх боломжгүй байна.

Учир нь дээрх цохолт зөвхөн нэхэмжлэгч Д.Б тухайд ч бус нэхэмжлэгчийн ээж Л.Ц болон гуравдагч этгээд Д.Б өргөдөлд ч мөн адил, гэхдээ нэхэмжлэгчээс ялгаатай нь тухайн газрыг эзэмшүүлэх боломжтой гэсэн агуулгаар хийгдсэн, хэдийгээр Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргахад зайлшгүй тухайн хорооны Засаг даргын цохолттой буюу дэмжсэн өргөдөл байх шаардлага тавигдаагүй ч бодит байдалд гэр хорооллын, тэр тусмаа хашааны газар олголтод Засаг даргын цохолт хийгдэж буй нь тухайн газрыг эзэмшүүлж болох эсэхийг газар дээр нь шалгах ажиллагааны тодорхой илрэл болж байдаг.

Тухайн үед хорооны Засаг даргаар ажиллаж байсан Ш.Ж нэхэмжлэгчийн өргөдөлд дээрх байдлаар цохолт хийхдээ авто зам барихаар төлөвлөгдсөн, үерийн усны хамгаалалтын далан барих магадлалтай тул эцсийн зураг батлагдахыг хүлээх шаардлагатай гэж тайлбарлаж байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлийг Ш.Жаргалсайхан 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй газартай холбоотой аливаа өргөдөлд Засаг даргын хувьд кадастрын зургийг үндэслэн цохолт хийдэг байсан талаар, мөн Д.Б ...... тоот хаяг нь Д.Б тухайн үед өргөдөлд дурдсан ........ тоот хаягаас байршлын хувьд зэргэлдээ бус, хамааралгүй болох талаар дурдсан байх тул энэхүү хаягжилт анхнаасаа хэрхэн олгогдсон болохыг тодруулах шаардлагатай.

Учир нь гуравдагч этгээд Д.Б тухайн газарт огт амьдарч байгаагүй байхад Согоотын ... дүгээр гудамжны ......... тоот гэсэн хаягыг хэн, хэрхэн олгосон болохыг тогтоосноор түүний газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэхийг тогтооход ач холбогдолтой.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 44 дүгээр албан бичигт Согоотын ...... дүгээр гудамжны ...... тоотын дэргэд Согоотын ......... тоот хаяг байрлаж байгаа нь зохих хууль зөрчсөн талаар дурдсан, мөн хэргийн 95 дахь талд авагдсан байршлын зурагт Согоотын ....... тоот бодит байдалд хаана байрлаж байгааг ч тодорхойлж болохоор байна.

Иймд шүүхийн шийдвэрт дүгнэсэнчилэн хаягжилтыг Газрын алба хариуцан гүйцэтгээгүйн дээр эдгээр хаягжилтын үнэн зөвийг хянах үүрэг хүлээдэггүй боловч нэхэмжлэлийн 1 үндэслэл нь дээрх хаяг олголттой холбогдуулан маргаж байгаа энэ тохиолдолд шүүх холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр дээрх байдлаар дүгнэлт хийх нь хангалтгүй.

Маргаан бүхий газар хийсэн үзлэгийн тэмдэглэлд шүүгчийн гарын үсэг зурагдаагүй, энэ талаарх давж заалдах гомдол ч үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 128/ШШ2018/0624 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН