Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/0008

 

“С г с” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин,

 аялал жуулчлалын яаманд  тус тус холбогдох

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                  Х.Батсүрэн

                                     М.Батсуурь                             

                                     Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:      Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 434 дугаартай шийдвэр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0511 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 567 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулж,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0511 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай дүгнэлтийг Ажлын хэсгээс дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 434 дугаар шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 434 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 567 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 511 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С г с” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 434 дугаартай шийдвэр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгосугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, 3 дахь заалтыг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Байгаль орчин, аялал жуучлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь “С г с” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтууд болон Өмнөговь аймгийн холбогдох Засаг дарга нарын саналыг үндэслэн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5-д зааснаар Ашигт малтмал газрын тосны газрын тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.

4. Тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас дээрх хуулийн дагуу саналаа ирүүлсэн. Байгаль орчин, аялал жуучлалын яам нь хяналт шалгалтын байгууллага биш бөгөөд байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ...” гэж заасан  ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “... Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, 16.2.4-т “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...”, 16.2.10-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан.

5. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “...Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, 17.2.4-д “...нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...”, 17.2.8-д “...байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтыг шүүгч судалж хараагүй, орон нутгийн удирдлага байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй.

6. Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. Харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг этгээдээс төлөөлөл оролцуулахгүй байгаа нь хууль бус байна. Энэ заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нутгийн захиргааны байгууллага санал, дүгнэлтээ ирүүлсэн. Гол нь нутгийн иргэдийг төлөөлж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субъектүүд албан ёсны байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй юм. Шүүгч яамны дүгнэлтэд л ач холбогдол өгч, харин нутгийн захиргааны байгууллагын саналуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байна. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх болон нотлох баримтыг үнэлэх зарчим зэргийг зөрчиж байна гэжээ.

7. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга /түр орлон гүйцэтгэгч/ Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “...нэхэмжлэгч “С г с” ХХК нь эзэмшил бүхий МҮ-016869, МҮ-020436, МҮ-020451 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад олборлолт, ашиглалтын ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүй болох нь тогтоогдож байх ба ...нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх хортой нөлөөлөл үзүүлж байгаа, зөрчил гаргах боломжтой талаар тогтоосон баримт байхгүй” гэж дүгнэжээ. Энэ  дүгнэлт нь хариуцагчийн гаргасан анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй гэсэн гомдол үндэслэлтэй болохыг нотолсон боловч давж заалдах шатны шүүх уг хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан.

8. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах, байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах” эрхтэй байхаар хуульчилсны дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд орон нутгийн захиргааны байгууллагадаа удаа дараа хандаж ирсэн байдаг бөгөөд нутгийн иргэдийн энэ шаардлагыг үндэслэн тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/3 дугаар тогтоолоор дээрх маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайнуудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг.

9. Мөн тус сум нь 2,9 сая га газар нутагтай энэ багахан талбайд 10 орчим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид нэмэгдвэл байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж дахин нөхөн сэргэх боломжгүй болно гэдгийг олон жил тухайн орон нутагт амьдарсан нутгийн иргэдээс илүү мэдэх хүн байхгүй, тийм ч учраас тухайн нутгийн иргэд удаа дараа төр засагт ханджээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд болон орон нутгийн Засаг даргын албан бичигт дурдсан асуудал болон бусад нотлох баримтыг давж заалдах шатны шүүх сайтар шинжлэн судлалгүйгээр “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан.

10. “С г с” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МҮ-016869, МҮ-020436 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/3 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ давхцалтай болохыг нотолсон нотлох баримтыг үнэлэхгүйгээр давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрлийг цуцлахад тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа”, “байгаль орчныг нөхөн сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй”, эсхүл “байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэдгийг эрх бүхий этгээдээс тогтоосон байхыг шаардаж байна.

13. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсэг нь дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, бодит байдал дээр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа олборлолт, ашиглалтын ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвхөн орон нутгийн удирдлагын байгууллагуудын санал, хүсэлт болох Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг үндэслэн “...тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй ...” гэсэн маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/20 дугаартай дүгнэлт гаргасан нь, мөн уг дүгнэлтийг үндэслэсэн маргаан бүхий акт болох хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 434 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй буюу бодит байдалд нийцээгүй, хууль бус акт бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Мөн маргаан бүхий дүгнэлтэд үндэслэл болгосон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарах”-аар, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”-аар заасан ерөнхий зохицуулалт нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

15. Иймд, “...Байгаль орчин, аялал жуучлалын яам нь хяналт шалгалтын байгууллага биш, ...гол нь нутгийн иргэдийг төлөөлж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субьектүүд албан ёсны байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй..” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

16. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “ ...ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” үүрэгтэй, үүний дагуу уг хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа уг шийдвэрийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд болон орон нутгийн Засаг даргын албан бичигт дурдсан асуудал болон бусад нотлох баримтыг давж заалдах шатны шүүх сайтар шинжлэн судлалгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7, 9-д заасан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /түр орлон гүйцэтгэгчийн/ хяналтын гомдлыг хангах боломжгүй.  

 17. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 434 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэг буюу “байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт”-ийг үндэслэн гарсан тул маргаан бүхий актын үндэслэлд үл хамаарах “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайнуудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байхад холбогдох баримтыг үнэлээгүй” гэх /Тодорхойлох хэсгийн 8, 10/ хариуцагчийн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 

18. Ийнхүү хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий актууд хууль бус болох нь хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх “...хэрэгт авагдсан нотлох баримт зөрүүтэй учир энэ нөхцөл байдлыг цаашид тодруулж үзэх шаардлагатай бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэн маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

19. Тодруулбал, хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичигт “...шинээр уурхай нээгдэхтэй холбоотой аж ахуйн нэгж, иргэдийн дунд үл ойлголцох байдал үүсч зарим нэг зөрчил гарч байгаа..., ...тус аймгийн нутаг дэвсгэр дэх стратегийн 3 ордод явагдаж буй уул уурхайн үйл ажиллагаа нь энэ цаг үед хангалттай, өөр уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхгүй байх талаар аймгийн нийт иргэд санал бодлоо илэрхийлж байгаа, ...үйл ажиллагаа эхлээгүй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг цуцлах...” тухай хүсэлт, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичигт “...шинээр олборлох үйл ажиллагаа эхлүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, нэмж уурхай ажиллуулахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн..., ...нэг сумын нутаг дэвсгэр дээр 20-25 ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр нэгэн зэрэг уул уурхайн олборлолт явуулж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, бэлчээрийн хомсдол бий болж, нутгийн иргэдийг ихээр бухимдуулж байгаа учир ... дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайд ...цаашид шинээр уурхай нээх гэж буй ... ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн хүрээнд судалж, цуцлах шийдвэр гаргах саналыг хүргүүлж байна” гэсэн хүсэлт,  мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/337, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/371, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоотуудад “...маргаан бүхий талбайд ашиглалт явуулах ямар нэгэн хүсэлт ирүүлж байгаагүй, газар хөндөж олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаагүй” гэснээс үзвэл, “эдгээр нотлох баримтууд нь зөрүүтэй, уг нөхцөл байдлыг цаашид тодруулж үзэх шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн” гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт  зөв.

20. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 567 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга /түр орлон гүйцэтгэгч/ Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Ч.ТУНГАЛАГ

        ШҮҮГЧ                                                                             Г.БАНЗРАГЧ