Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 11

 

Р.Нэмэхбаяр, Б.Сандагдорж
нарт холбогдох хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинтөрийг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 23 дугаар шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч Р.Нэмэхбаяр, Б.Сандагдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
    Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, хувиараа аж ахуй эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Дэлгэр сумын Баянсан багийн Тайгамын 5-2 тоотод оршин суудаг, ДЕ74122515 регистрийн дугаартай, Олхонууд овгийн Равжаагийн Нэмэхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дэлгүүрийн худалдагч Г.Сүнжидмаад намайг дэмжээрээ гэж 10.000 төгрөг өгч сонгууийн тухай хууль зөрчиж сурталчилгаа хийсэн, 
    Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянбуурал багийн засаг дарга ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Дэлгэр сумын Баянсан багийн Хөгжлийн 1-8 тоотод оршин суудаг, ДЕ71110914 регистрийн дугаартай, Буурал овгийн Балжирын Сандагдорж нь нэр дэвшигч Р.Нэмэхбаярын менежерээр ажиллаж байхдаа нүүрс өгнө гэх амлалт өгөх замаар хууль бус сурталчилгаа хийсэн зөрчилд тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15.1 дэх хэсэгт зааснаар бие даан нэр дэвшигч  Олхонууд овгийн Равжаагийн Нэмэхбаяр, түүний менежер Буурал овгийн Балжирийн Сандагдорж нарыг тус бүрийг нь 192.000 /нэг зуун  ерөн хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. 
Зөрчил гаргагч Р.Нэмэхбаяр давж заалдах гомдол тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны 23 дугаар шийтгэвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед сурталчилгаа хийж яваагүй бөгөөд дэлгүүрээс юм авч яваад нутгийн ах дүүс шиг явдаг настай хүний бие мууг сонсоод өчүүхэн ч гэсэн сэтгэлийн дэм болох үүднээс юм авсны хариулт мөнгөө өгсөн. Гэтэл миний сайхан сэтгэлийг сонгуультай холбон ашиглаж улмаар нэр хүндэд халдан сонгуулийн сурталчилгаа хийх эрхийг бүрэн хаагдуулж үүний улмаас миний бие сонгуульд амжилтгүй оролцсон гэжээ. 

Зөрчил гаргагч Б.Сандагдорж давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 23 дугаар шийтгэвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Миний нүүрс амласан гэх Г.Сүнжидмаа нь миний ээжийн эгчийн хүүхэд бөгөөд нагац эгчийнхээ бие мууг сонсоод туслах зорилгоор сонгуулийн дараа 1 тн нүүрс аваарай гэснийг сонгуультай холбож шийтгэл ногдуулсанд гомдолтой байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд хүн бүр хараат бус шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй болохыг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн д-д хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах эрхтэй болохыг, Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэд хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхийг баталгаатай эдэлхээр заажээ.
Түүнчлэн захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зөрчилд холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэхийг  заавал тогтоохыг зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил гаргагч нь зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, зөрчлийн талаар тайлбар өгөх нотлох баримт хүсэлт гаргах эрхтэй болохыг тодорхойлон заасан байна.
Гэтэл Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Р.Нэмэхбаяр, Б.Сандагдорж нарт холбогдох захиргааны зөрчлийг шийдвэрлэхдээ холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдэж, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох эрхээ эдлэх боломжоор хангаагүй байна. 
Тиймээс Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 23 дугаар шийтгэврийг хүчингүй болгож Р.Нэмэхбаяр, Б.Сандагдорж нарт холбогдох захиргааны зөрчлийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, давж заалдах гомдол гаргагч нарын шийтгэврийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэлэлцэлгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг,  31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

           1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож Р.Нэмэхбаяр, Б.Сандагдорж нарт холбогдох захиргааны зөрчлийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
    
2.Магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 
    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЖАРГАЛСАЙХАН          
                               ШҮҮГЧИД                                   Ж.БАТТОГТОХ
                                                                                     Ч.ЭНХТӨР