Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00697

 

 

Ю.Баатаржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01727 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 596 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ю.Баатаржавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Навчаа, хамтран хариуцагч П.Заяа нарт холбогдох,

10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, хариуцагч Б.Навчаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтран хариуцагч П.Заяа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Одгал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ю.Баатаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн ах Н.Сандуйжав, түүний хамтран амьдрагч Б.Энхбулаг нар 2010 онд надаас 10 000 000 төгрөг, 6 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг зээлж бололцоотой үедээ хүүтэй нь төлнө гэсэн ч төлж чадаагүй. Ах маань 2012 онд нас барж, түүний орон сууцыг гэрээслэлээр Б.Энхбулаг өвлөсөн боловч 2014 онд нас барсан. Б.Энхбулаг энэхүү 10 000 000 төгрөгийг надад төлж өгнө гэдгээ 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн танил Д.Намсрайжавт бичсэн захиандаа бичсэн байдаг. Б.Энхбулагийн дүү Б.Навчаа нь түүний хууль ёсны өвлөгч гэж уг орон сууцыг өвлөн авсан. Иймд Б.Навчаагийн өмчлөлд өвийн журмаар шилжсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-15-7 тоот хаягаар байрлах Ү-2205016196 дугаараа улсын бүртгэлд бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны үнээс Б.Энхбулаг агсаны надад төлөх ёстой 10 000 000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Навчаа шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Сандуйжав Б.Энхбулаг нар нь Ю.Баатаржаваас мөнгө зээлж байгаагүй. Б.Энхбулаг захиандаа "...байрандаа үхэн хатан сууж бай, байраа сольж болохгүй, зарж болохгүй байр өрийн сүлжээнд орсон байр гэсэн..." гэдгийг бичсэн байдаг. Н.Сандуйжавын байрыг 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Капитрон банкны зээлийн барьцаанд дүү Ю.Дуламжав нь бариулж 14 000 000 төгрөг зээлсэн. Гэтэл нэхэмжлэгчээс 21 000 000 төгрөг зээлсэн гэсэн нь зөрүүтэй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Капитрон банкинд 34 308 847 төгрөг төлөхөөр шийдвэр гарсныг Ю.Дуламжав төлж барагдуулснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байдаг. Захианд дурдсанаар "...төрсөн ганц дүү нь өгсөн. Тэр хүнд би мөнгийг нь буцааж өгнө гэж бодож байгаа..." гэсэн үг үсэг байгаа, хэргээс харахад Ю.Дуламжав зээл авсан гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536.2-т заасан 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах хугацааг, мөн зээлийн гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Б.Энхбулагийн бичсэн захиаг нотлох баримт гэж үзэх боломжгүй. Захианд бичсэнээр зээлийн харилцаа үүссэн гэх байдал харагдахгүй байна. Нөхрийнхөө ярьсан зүйлийг захиа дээр буулгасан. Ю.Дуламжав зээл авсан тул төлөх үүрэгтэй. Тухайн үед зээлийн гэрээгээр үүрэг үүссэн гэж үзсэн бол Б.Энхбулаг захиан дээрээ “шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар нэг эрэгтэй дүү нь төлсөн 10 000 000 төгрөгийг өгнө гэж бодож байгаа” гэсэн байдаг. Ю.Дуламжав зээлд 34 000 000 төгрөгийг төлсөн тул Ю.Баатаржав өрөө төлүүлсэн Ю.Дуламжаваас нэхэмжлэх ёстой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч П.Заяа шүүхэд гаргасан тайлбартаа: Насаараа прокурор, Гадаад явдлын яаманд ажилласан хүмүүс өөрсдөө мөнгөтэй байсан. Уг зээлийг Н.Сандуйжавын дүү Орлёнок хоршоо байгуулах гэж зээлсэн. Өндөр хүүтэй мөнгийг төлж чадахгүй яваад байгаад уг хоршооноос нэрээ салгахын тулд Ю.Дуламжав ахынхаа байрыг барьцаалсан. Н.Сандуйжав ах "...би Б.Энхбулгынхаа нэрийг байрандаа оруулна..." гэж хэлсэн. Ю.Дуламжав өөрийнхөө өрийг төлсөн. Б.Энхбулаг эгчийн захиан дээр "...ээжийг дурдаад энэ эгчдээ бас мөнгө өгнө..." гэсэн байдаг. Уг баримт хэрэгт ороогүй байна. Мөнгө нэхэмжлээд ахынхаа байрыг барьцаалаад банкинд тавьсан өрийг дүү нь төлсөн. Энэ мөнгийг яагаад миний ээж болон би төлөх ёстой гэдгийг ойлгохгүй байна. Энэ байр хууль ёсоор ирсэн. Ах, дүү нарын хоорондын өр авлага бидэнд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ю.Баатаржаваас мөнгө авсан гэдгийг шүүх хуралдааны явцад ойлгосон. Урьд нь бид нар Капитрон банк дээр очиж байсан гэдгийг мэдэж байсан. Эгч маань Ю.Баатаржав манай байрыг чөлөөлж өглөө. Ахынхаа байрыг авч өглөө гэсэн зүйл хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01727 дугаар шийдвэрээр Иргэний Хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Навчаагаас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Баатаржавт олгож, хамтран хариуцагч П.Заяад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Навчаагаас 79 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Баатаржавт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2, 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 102/Ш32016/13226 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 15 дугаар байрны 07 тоот хаягт байрлах Ү-2205016196 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг орон сууцтай холбоотой тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглосонг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 596 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, ИХШХШТХуулийг зөрчиж, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбар нь өөр хоорондоо ямар ч хамааралгүй зүйл нэхэмжилж байна гэж үзэж байна. н.Намсрайжав нь Ю.Дуламжавыг зээл авахад нь итгэмжлэл олгосон байдаг ба итгэмжлэлд итгэмжлэлийн зүйлийг тодорхой тусгасан. Энэхүү итгэмжлэлээс үзэхэд Ю.Дуламжав нь зээл авах, зээлээ өөрөө төлж дуусгах үүрэг хүлээсэн байна. Ю.Дуламжавын авсан зээлийн 10 000 000 төгрөгийг дүү Ю.Баатаржав нь төлсөн байх ба үүнийгээ Б.Навчаа, П.Заяа нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ю.Баатаржав нь хариуцагч Б.Навчаа, П.Заяа нарт холбогдуулан өвлөгчийн хувьд өвлүүлэгчийн үүрэг 10 000 000 төгрөгийн зээлийг хариуцах үндэслэлтэй гэж үзэж, уг мөнгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй,  маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Б.Энхбулаг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нас барснаар өв нээгдсэн, хариуцагч Б.Навчаа нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өвлүүлэгч Б.Энхбулагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 15 дугаар байрны 07 тоот  2 өрөө орон сууцыг хуульд зааснаар өвлөж авсан, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уг сууцыг охин П.Заяагийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хэргийн 63-96 дугаар тал/

 Өвлүүлэгч Б.Энхбулаг нь нэхэмжлэгч Ю.Баатаржавт 10 000 000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй байсан нь Б.Энхбулаг амьд байхдаа буюу 2013 оны 09 дүгээр сарын 14-ний  өдөр бичсэн захиа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон баримтуудаар тогтоогдсон, шүүх нотлох баримтын агуулгыг үндэслэл бүхий тайлбарлаж, өвлөгч Б.Навчаагаас өвлүүлэгчийн үүргийг хангуулж, өвлөгч бус этгээд буюу хариуцагч П.Заяад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 531 дугаар зүйлийн 535.1, 535.2, 536 дугаар зүйлийн 536.1, 536.2-т заасан зохицуултад бүрэн нийцжээ. 

Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. Б.Энхбулаг нь Д.Намсрайжавт бичсэн захидалдаа “...ШШГА-нд төлсөн 10 000 000 төгрөгийг талийгаачийн ганц эрэгтэй дүү нь өгсөн юм. Тэр хүнд би уг мөнгийг бүгдийг нь өгнө гэж бодож байгаа...” гэж дурдсан байх ба талийгаач Н.Сандуйжавын эрэгтэй дүү нь Ю.Баатаржав болохыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс нас барагч Б.Энхбулагийн бичсэн захиаг нотариатаар батлуулан шүүхэд хуулбарыг гарган өгсөн байна. Баримтын хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах, бэрхшээлтэй бол зохигчийн хүсэлтээр түүний хадгалж байгаа газарт нь үзлэг явуулах, шинжлэн судлах  эрхтэй байдаг.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар уг баримтын эх хувьд үзлэг хийж, шүүхэд өгсөн хуулбартай тулгаж, шинжлэн судалсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан, уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь хууль зөрчөөгүй байна. 

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/01727 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 596 дугаар  магадлалыг тус тус  хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА