Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 600

 

                              

Ч.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ц.Жамбалсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар магадлалтай, Ч.О-т холбогдох 1834003680300 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаарын сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 5 сар 1 хоногийн хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт Ч.О нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх” гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, гэрчийг зориу худал мэдүүлэг өгүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял,

Мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2, 2.4, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялтай дүйцүүлэн 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ялыг,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.О-н нийт эдлэх хорих ялыг 7 жил 4 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ч.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх” гэсэн хэсгийг

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар” гэсэн хэсгийг тус тус хасч,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 7 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “7 /долоо/ жил 1 /нэг/ сарын” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ц.Жамбалсүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Ч.О нь Төмөрчөдөрийг цохиж зодох гэсэн биш түүнийг уурлаж босож ирэхэд нь биеэ хамгаалахын тулд түлхсэн байдаг. Ингэж түлхэснийг нь хохирогч н.Т “... нүүр тус газраа цохиход нь баруун нүдээрээ акумлятор дээр унахад баруун нүд гэмтсэн гэж мэдүүлсээр байтал анхан болон давж заалдах шатны шүүх нүд үрүү нь цохьсноос гэмтэл авсан гэж буруу дүгнэлт хийж, болгоомжгүй хэргийг санаатай гэмт хэрэг болгон эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хохирогч н.Т-н нүд рүү нь цохиж гэмтэл учруулсан ямар ч нотолгоо хавтас хэрэгт байхгүй. Харин гэрч Л.Т-н “...Ч.О н.Т-с өр нэхээд л байх шиг байсан. Ч.О н.Т-г гараараа нүүрэнд нь цохих шиг болсон гэсэн атлаа тэр хоёр манай гэрийн баруун урд газар сууж байгаад Ч.О шалдан гараараа н.Т-н нүүрэнд нэг удаа цохьсон. Тухайн үед н.Т ёолоод баруун нүднээс нь цус гараад байсан” гэж илт зөрүүтэй мэдүүлэг өгснийг давж заалдах шүүх анхаарч үзээгүй. Хохирогч гэх н.Т мөрдөн байцаалтын үед нүдэндээ гэмтэл авсан талаар тогтвортой биш олон янзаар мэдүүлсэн төдийгүй анхны мэс засал хийсэн эмч, шүүх эмнэлгийн шинжээч нарт “....Ч.О миний нүд рүүгээ хоёр удаа цохисон гэж худал тайлбар өгсөн, хэдэн жилийн өмнө мотоциклоос унаж, хоёр нүд, тархи толгойдоо гэмтэл авч олон хоног ухаангүй байснаа хэлээгүй байдаг. Иймд мотоциклоос унаж хоёр нүдэндээ гэмтэл авсныг 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр УНТЭмнэлэг нүдэнд нь хагалгаа хийсэн эмчийн үзлэгээр тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх “тийм үйл явдал болоогүй” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Ч.О анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Миний бие Төмөрчөдөрийг зодох гэсэн сэдэлт, зорилго байгаагүй, харин түүнийг уурлаад босож ирэхэд нь миний бие биеэ хамгаалахын тулд түүнийг түлхсэнд урдаа байсан акумлятор дээр баруун нүдээрээ унаж уг гэмтэл авсанд туйлын ихээр харамсаж байгаагаа болон түлхсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие Төмөрчөдөрийн нэхэмжилсэн хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан... ” гэж хэлж мэдүүлсээр байтал Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял шийтгэлийг нь хөнгөрүүлж, 2, 3 жилээс дээшгүй ял ноогдуулж болох байтал 4 жил оногдуулсан нь миний үйлчлүүлэгч Ч.О-ын эрх зүйн байдлыг эрс дордууллаа гэж үзэж байна.

Ч.О нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхээр 3 жил 1 сарын ялаар шийтгэгдэж, уг ял нь тэнсэгдэн 3 жилийн хянан харгалзсаныг анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд заасны дагуу тухайн хүний шинээр үйлдсэн хэргийн ял дээр тэнсэгдсэн буюу эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэхдээ энэ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйл бус, 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэгтгэх ёстой байсан. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тэнсэгдсэн 3 жил 1 сарын ялыг бүгдийг нэмж, хуулийг буруу хэрэглэн Ч.О-ын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн байхад давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүй.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21 -ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Ч.О-т 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнссэнийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулиар бус, өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийн хуулиар нэгтгэх ёстойгоос гадна 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар аль ашигтай хуулийг хэрэглэх учраас 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн хэрэгт өмнөх хуулиар шийтгэгдсэн ялын эдлээгүй буюу үлдсэн ялыг нэмж нэгтгэхдээ өмнөх хуульд дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх тул Ч.О-т шинээр оногдуулсан ял дээр өмнөх хуулийн эдлээгүй үлдсэн ялыг 2017 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэж Ч.О-ын эдлээгүй байсан 3 жил 1 сарын ялыг бүхэлд нь нэмсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаанд тооцогдоно. Ч.О-ын эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хорих ялаас хойш 4 жил шахам хугацаа өнгөрч байхад уг ялыг бүрэн хэмжээгээр нэмсэн нь үндэслэлгүй. Иймд Ч.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж, 2 жилээс дээшгүй ял оногдуулна уу. Мөн Ч.О-ын эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хорих ялыг нэмэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 жилээс дээшгүй хорих ялыг нэмж, Ч.О-т оногдуулсан ялыг хөнгөрүүлнэ үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Гэрч н.Ц, н.Т нар  Ч.О-ыг “хохирогчийн нүүрэн тус газар цохих шиг болсон” гэж мэдүүлдэг болохоос цохиод унагасан талаар мэдүүлдэггүй. Ч.О-ын үйлдэл нь санаатай гэж үзэж байгаа боловч хүнд гэмтэл учруулна гэж мэдэх боломжгүй байсан. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зүйлчилж өгнө үү. Мөн ялыг нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийг журамлаж, зарим хэсгийг нэмж нэгтгэж ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хохирогч н.Т цагдаагийн байгууллагад гомдлоо 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан. Учир нь шүүгдэгч Ч.О нь давтан хэрэг үйлдсэн, шууд шоронд явна гэж гуйгаад байхаар нь тухайн үед цагдаад хандаагүй гэсэн хохирогч эхнэр н.Мягмарсүрэнгийн мэдүүлэг байгаа. н.Т-т нийт 3.000.000 гаруй төгрөгийг өгсөн байдаг. Хохирогч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр улсын нэгдсэн төв эмнэлэгт мэс засалд орсон. Шинжээчийн дүгнэлтээр н.Т-н биед баруун нүдний сохрол гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна гэсэн дүгнэлт гарсан. Уг хэрэгт 4 удаа яллах дүгнэлт үйлдсэн. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан баримтаар хохирогч н.Т-н биед гараараа цохиж нүд сохолсон хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн Ч.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ч.О нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутагт хохирогч Б.Т-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.О-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хохирогч Б.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх” гэмт хэрэгт Ч.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.О-ын өмнө нь ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчин бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрах” гэмт хэрэгт гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тохирч байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан ялын доод хэмжээнд нийцүүлэн хасах үндэслэлтэй юм.

 

Тиймээс шүүгдэгч Ч.О-т Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээ 3 жил 1 сар хорих ял оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнд дүйцүүлэн 1 жил болгож өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхээс биечлэн эдлүүлэхээр өмнө нь тогтоосон ялын хэмжээг шинэ хуулиар багасгасан хэмжээтэй харьцуулж, үүнд нь нийцүүлэн дээрх үндэслэлээр шийдвэрлэснээс бус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг өөрчилж, улмаар шинээр ял оногдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

 

“Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял оногдуулсныг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялтай дүйцүүлэн 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэсэн заалт нэмж,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ч.О-ын өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг энэ тогтоолын тодорхойлох хэсэгт заасны дагуу хэсэгчлэн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

           ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН