Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1459

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч Ж.Гэрэлчимэг,

шүүгдэгч М.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х овогт М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0672 41633 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв . 

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт М.Г, 1985 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж 606 дугаар байрны 01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

-Урьд Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаас 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтэн нийт 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, СТ85100719 тоот регистрийн дугаартай,

            Шүүгдэгч М.Г нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хотхоны 603 дугаар байрны 31 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ж.Гэрэлчимэгийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч М.Г нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

           Хохирогч Ж.Гэрэлчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр өдөр Галхүүтэй уулзаад нэг нэг пиво уугаад гэртээ харьсан.. Би тэр үед уурандаа цагдаад өргөдөл гаргасан. Одоо бол нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.

            Хохирогч Ж.Гэрэлчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэртээ бид хоёр 01 цаг өнгөрч байхад ирсэн. “...хаалгаар оронгуут намайг боогоод ухаан алдахын наана больсон. Тэгээд миний нүүр рүү нүд рүү цохиод байсан. Миний нуруу руу өшиглөөд байсан. Бараг 02 цагийн орчим зодохоо больсон...хоёр нүд хөхөрч хавдсан. Толгой энд тэнд овойж хавдсан байсан. Баруун гарын эрээн булчин хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг. /хх-14-15/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9886 дугаартай дүгнэлт:

1.Ж.Гэрэлчимэгийн биед баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, хуралт, баруун хөхлөг сэртэнгийн хуйх, тархи доргилт, баруун дал, зүүн бугалга, баруун зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /xx-21/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгч М.Гнь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хотхоны 603 дугаар байрны 31 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ж.Гэрэлчимэгийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

            Прокуророос шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.

            Иймд шүүгдэгч М.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч М.Г-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйболно.

            Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт М.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар М.Г-г 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин тѳгѳлдѳр болох хүртэл М.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР