Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00414

 

 

 

 

 

 

 

 

2023 02 27 210/ШЗ2023/00414

 

 

Б.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/03028 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох 437,172.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2022 оны 02 сарын 15-ны өдөр Х ХХК-д 50,000 ам.долларыг 3 сарын хугацаатайгаар гэрээ байгуулан хадгалуулсан ба тухайн үед ам.долларын данснаас бэлэн валют олгох шимтгэл 0.2% байсан. Хадгаламжийн хугацаа дуусч, мөнгөө бэлнээр авах болоход уг шимтгэл 0.5% болж өөрчлөгдсөн. 2022 оны 06 сарын 02-ны өдөр 7,000 ам.доллар, 2022 оны 06 сарын 16-ны өдөр 37,020 ам.доллар тус тус бэлнээр авахад нийт 220.1 ам.долларын шимтгэл төлсөн. Шимтгэлийн хувь хэмжээ өөрчлөгдсөнөөс болж миний хувьд 132.06 ам.доллароор хохирсон тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Харилцагч Б.Г 2022 оны 02 сарын 15-ны өдөр тус банктай Ти Ди Би онлайн үйлчилгээг ашиглаж цахимаар мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулсан. Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 22-ны өдрийн *** тоот Х ны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд өөрчлөлт оруулах тухай тушаалд заасны дагуу хадгаламжийн данснаас бэлэн валют олгох шимтгэлийн хэмжээг 0.5% болгож өөрчилсөн. Энэхүү өөрчлөлтийг 2022 оны 04 сарын 04-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж, банк нь өөрийн цахим хуудаст байршуулсан. Банк өөрийн хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг бие даан тогтоох эрхийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн *** дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 3.1, 4.1-д тус тус зааж өгсөн. Мөн харилцагчтай байгуулсан Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3.2-т ...Банк дараах эрх эдэлнэ. Үүнд гээд 3.2.1-т ...БҮЕН болон ХШЕН-д өөрийн санаачилгаар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж, мөн гэрээний 3.3-т ...Харилцагч дараах үүрэг хүлээнэ. Үүнд гээд 3.3.1-д ...Банкны цахим хуудсанд нэвтэрч БҮЕН болон ХШЕН-д оруулсан нэмэлт, өөрчлөлттэй танилцах гэж тус тус заасны дагуу хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд бие даан өөрчлөлт оруулах эрхтэйг, харилцагч нь банкны өөрчлөлт оруулсан хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлтэй тухай бүр танилцах үүрэгтэйг тус тус тодорхойлсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 454 дүгээр зүйлийн 454.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар 437,172.74 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Г т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,765 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 13,765 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г т олгож шийдвэрлэсэн.

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Х ХХК нь иргэн Б.Г тай 2022 оны 02 сарын 15-ны өдөр Ти Ди Би онлайн үйлчилгээг ашиглаж цахимаар мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулан 50,000 ам.долларыг 3 сарын хугацаагаар хадгалсан. Тус хадгаламжийн хугацаа 2022 оны 05 сарын 14-ний өдөр дуусахад банк нь хадгалуулсан мөнгийг хадгаламжийн гэрээгээр тохиролцсон хүүгийн хамт бэлэн бусаар буцаан олгосон нь нэхэмжлэгч Б.Г ийн дансны хуулгаар нотлогддог. Ийнхүү хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн хугацаатай хадгаламжийн гэрээ дуусгавар болоход харилцагчийн дансыг хугацаагүй хадгаламжийн данс руу шилжүүлсэн. Харин хугацаагүй хадгаламжийн данснаас зарлага гаргах харилцаа нь хадгаламжийн гэрээгээр зохицуулагдах харилцаа бус банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлөөр зохицуулагдах харилцаа юм. Иймд дуусгавар болсон хадгаламжийн гэрээнд данснаас зарлага гаргахад авах шимтгэлийг тодорхой дурдах шаардлагагүй. Шүүх энэ талаар буруу дүгнэсэн.

4.б. Нэхэмжлэлийн шаардлага нь мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаанд үл хамаарч байхад Иргэний хуулийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаанд заасан үүргээ банк хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч Б.Г нь хадгаламжийн хугацаа дууссаны дараа 2022 оны 06 сарын 02-ны өдөр болон 06 сарын 16-ны өдрүүдэд салбар дээр өөрийн биеэр ирж, шимтгэлийн хэмжээ 0.5% болохыг хүлээн зөвшөөрч гүйлгээ хийсэн нь талууд харилцан тохиролцож хэлцэл хийсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Г ийн хүсэл зоригийн илэрхийллийг банк хүлээн авч нийтэд зарласан нөхцөлийн дагуу банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлсэн. Түүнчлэн, энэхүү хэлцлийг нэхэмжлэгчийн зүгээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаагүй ба ямар хуулийн зүйл заалт, шаардах эрхийн дагуу банкнаас шимтгэлийн зөрүүг шаардаж байгаагаа бүрэн тодорхойлоогүй.

4.в. Мөн талуудын хооронд байгуулсан Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ-нд мөн шимтгэлийн хэмжээг 0.2% байх тухай заагаагүй ба тус гэрээний 2.5-д заасны дагуу нийтэд зарласан бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөл, түүний хүү, шимтгэлийг бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөл болон хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд зааснаар ойлгоно гэж тохиролцсон. Гэтэл шүүхээс хадгаламжийн гэрээнээс үүссэн харилцаа эсэх, эсхүл банкны бүтээгдэхүүн. үйлчилгээний ерөнхий нөхцөлийн дагуу үүссэн харилцаа эсэхийг гэдгийг тодорхойлолгүй, үйл баримтыг дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх шимтгэлийн зөрүүг өгөх ёстой гэж дүгнэсэн шаардах эрхийн үндэслэл нь хуулийн аль зохицуулалт болохыг зөв тодорхойлоогүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Би 0.2%-ийн хүүтэй байхад банкнаас мөнгөө бэлнээр авч, буцаан хийж байсан. 0.5%-ийн хүүг хүлээн зөвшөөрсөн болохоор өөрийн мөнгийг авч болохгүй, гаргаж болохгүй зүйл байхгүй гэж ойлгож байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.  Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан хохирол 132.06 ам.доллар буюу 437,172.74 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Г нь шаардлагын үндэслэлээ ...хадгаламж нээлгэх үед бэлэн мөнгө гаргах шимтгэл 0.2% байсан, хадгаламжийн хугацаа дууссаны дараа бэлэн мөнгө авахад банк 0.5%-ийн шимтгэл авсан, үүний улмаас 132.06 ам.доллар буюу 437,172.74 төгрөгөөр хохирсон... гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч Х ХХК нь татгалзлын үндэслэлээ ...Монголбанкнаас баталсан журмын дагуу тус банк нь шимтгэлийн хэмжээг өөрчлөн батлах эрхтэй, бэлэн мөнгө гаргах шимтгэлийн хэмжээг өөрчилсөн талаар цахим хуудсаараа нийтэд ил тод мэдээлсэн... гэсэн агуулгаар тайлбарласан байна. /хх.1, 18, 31-34/

 3.  Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Талууд 2022 оны 02 сарын 15-ны өдөр онлайн үйлчилгээг ашиглаж цахимаар мөнгөн хадгаламжийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, Б.Г нь 50,000,000 ам.долларыг хадгалуулсан;

3.б. Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2022 оны 05 сарын 15-ны өдөр дуусгавар болж, Банк нь гэрээнд заасан хүүг дансанд шилжүүлэн өгсөн; /хх.6/

3.в. Улмаар Б.Г нь хадгаламжийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 06 сарын 02-ны өдөр 7,000 ам.доллар, 2022 оны 06 сарын 16-ны өдөр 37,020 ам.доллар, нийт 44,020 ам.долларын бэлэн зарлагын гүйлгээг тус тус хийж, Банк нь 35 ам.доллар болон 185.10 ам.доллар, нийт 220.10 ам.долларын шимтгэлийн тус тус бэлэн бусаар харилцагчаас суутган авсан.

 

4.  Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоосон боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.а. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02 сарын 15-ны өдрийн мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул тэдгээрийн харилцаа 2018 оны 03 сарын 09-ний өдрийн харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зохицуулагдана. Иймд анхан шатны шүүхийн банк харилцагчаас зээл, хадгаламжийн гэрээнд тусгаагүй шимтгэлийг төлүүлэх эрхгүй гэсэн агуулгатай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

4.б. Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 22-ны өдрийн *** тоот тушаалаар харилцах болон кредит данснаас бэлэн валют олгох шимтгэлийг 0.5% болгон өөрчилсөн нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн *** тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 4.1-д Харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно гэж заасантай нийцжээ./хх.22-23/

Түүнчлэн, өмнө дурдсан харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.2.1-д банк өөрийн санаачилгаар шимтгэлийн ерөнхий нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй гэж, 3.2.2-т банк харилцагчийн данснаас үйлчилгээний шимтгэлийг суутган авах эрхтэй талаар тус тус зохицуулсан байна.

4.в. 2018 оны 03 сарын 09-ний өдрийн харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.3.1-д харилцагч нь банкны цахим хуудсанд нэвтэрч шимтгэлийн нөхцөлд оруулсан өөрчлөлттэй танилцах үүрэгтэй гэж, 3.4.1-д шимтгэлийн нөхцөлд оруулсан өөрчлөлтийг зөвшөөрөхгүй бол банкинд хандан санал, хүсэлт гаргах эрхтэй талаар тус тус зохицуулсан нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн *** тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 3.3-т Банк ... харилцах ... бүтээгдэхүүний ... шимтгэл, хураамжийн нөхцөлдөө өөрчлөлт оруулсан тохиолдолд ажлын 1 өдөрт багтаан цахим хуудас дахь мэдээллээ шинэчилнэ гэж заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, талууд шимтгэлийн нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд хэрхэн мэдэгдэх талаархи журмыг харилцан тохиролцсон байх ба банкны зүгээс нийт харилцагчдад нэг бүрчлэн мэдэгдэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн хийсэн банк нь харилцагчид мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгатай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

4.г. Харилцагчаас шимтгэл авах, шимтгэлийн нөхцөлийг өөрчлөх нь банкны эрх байтал анхан шатны шүүх Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т гэрээгээр тогтоосон үүргээ өөрчлөхтэй холбоотой зохицуулалтыг эрхээ хэрэгжүүлсэн банкны үйлдэлтэй холбон тайлбарлаж харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.2.1-д заасныг хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

5.  Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/03028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан хохирол 437,172.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 13,765 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР