Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1466

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Шинэбаяр даргалж

Нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б овогт Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1806 0133 91616 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Б.Б, 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 36-р байр, 30 тоотод албан ёсны оршин суух хаягтай боловч одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 86-6 тоотод оршин суух, эцэг, эх, эхнэр, дүүгийн хамт амьдардаг, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, /РД: .................../,

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах “Өгөөмөр” худалдааны төвийн авто зогсоол руу ордог зам дээр иргэн С.Эрдэнэсүрэнг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...уг машины жолооч бууж ирээд миний машины жолооч талын цонх хагархай байсан, тэрүүгээр гар нь орж ирээд миний зүүн шанаа руу 3-4 удаа цохьсон. “...тэгэхээр нь би машиныхаа нөгөө талын хаалгаар нь буугаад уг залуу дээр яваад очиход урдаас ирээд намайг цохьсон. Мөн цээж рүү нэлээн хэдэн удаа цохьсон...” гэх мэдүүлэг. /хх-20-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2331 дугаартай дүгнэлт:

  1. С.Эрдэнэсүрэнгийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний гадна булангийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна./хх-27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх33-43/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах “Өгөөмөр” худалдааны төвийн авто зогсоол руу ордог зам дээр иргэн С.Эрдэнэсүрэнг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.

            Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Эрдэнэсүрэн нь гэм буруутай этгээдээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

            Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянга төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай агийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Б-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Хохирогч С.Эрдэнэсүрэн нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж зааллдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР