| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0330/э |
| Дугаар | 2018/ШЦТ/360 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох 1821000280125 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжилтэй, ......................... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн ........ тоотод оршин суух, ял шийтгэл: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, *******. /РД: ................/
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бумбат” хотхоны 74Б байрны 2 дугаар орцны нэг давхарын шатан дээрээс иргэн *******ын хувцаснаас татсаны улмаас ойчуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бумбат” хотхоны 47Б байрны 21 тоотод оршин суух иргэн *******, ******* нарын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Би ******* эгчийг түлхэж, чангаасан зүйл байхгүй. Болсон процессын явцад хохирогчийн хуруунд гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийг төлсөн. Бидний ажлын онцлог бол худалдан авагч бараа бүтээгдэхүүн зээлээр авчихаад мөнгөө өгөхгүй байгаа тохиолдолд гэр орноор нь явж мөнгөө авдаг. Одоо ч гэсэн айлаар явж мөнгө авч байгаа. Гэр рүү нь орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...АПУ ХХК-наас над руу утсаар холбогдож 10 дугаар сарын борлуулалтын мөнгө болох 1168.000 төгрөгийг төл гэсэн. Би ойрын хугацаанд мөнгө олоод төлнө гэж хэлсэн...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ц руу хэд хэдэн удаа залгаж ярих гэхэд түүний утас нь болохгүй байсан. Би түүнтэй яах гэж ярих гэсэн бэ гэвэл надад мөнгө олдохгүй байсан бөгөөд би өөрийн хүү ярихад “төлбөрийнхөө оронд цэвэр ус өгье” гэж хэл гэхэд нь энэ талаар хэлэх гээд залгахад утас нь болохгүй байсан. Ингээд намайг гэртээ байхад 19 цаг өнгөрч байхад хаалга нүдэх чимээ гарсан. Манай нөхөр хаалга тайлж өгч байсан, би гал тогооны өрөөнд байсан. Тэгэхэд хаалганы цаанаас хүн “ гуай байна уу, уулзъя” гэхэд нь манай нөхөр “орой болсон байна, маргааш ажил дээр нь уулзахгүй юу” гээд хаалгаа хаасан байсан. Хаалга хаахад дахин хүчтэй хаалга нүдсэн. Тэгээд нөхөр маань дахин онгойлгоход Ц нь манай нөхрийн хажуу талаар манай гэр рүү дайрч ороод манай өрөөнүүдээр явж “ гуай байна уу, мөнгөө авъя” гээд яваад байсан. Би гал тогооны өрөөнөөс гарч ирэхэд нөхөр маань Ц-г гаргах гэж ноцолдон түүнийг гаргаад хаалга хаахад дахин хаалга нүдээд байсан. Тэгэхээр нь би гадуур хувцсаа өмсөөд гарахад үүдэнд Ц, 2 эмэгтэй хүнтэй зогсож байсан. Ц утсаа барьсан “бичлэг хийж байна шүү” гээд шатан дээр зогсож байсан. Тухайн үед “мөнгөө авъя хүүхдүүдээ дууд” гээд орцоор нил бахираад байсан. Манай хүүхдүүд байхгүй гэж хэлэхэд тэр хоёр эмэгтэй нь “яасан муу ёрын авгай вэ хүүхдүүд байхгүй гэдэг” гээд орилоод байсан...тэгээд тэр хүмүүс орцоор нил орилоод бахиралдаад байхаар нь би гарах гээд коридорт шатаар бууж байхад Ц нь хажуунаас “мөнгөө авъя” гээд миний зүүн мөрөн дээрээс татахад нь би хөл алдаж шат руу унаад баруун гараараа орцны хаалга тулан зүүн гараараа газарт тулан хажуу талаараа унасан юм. Тухайн үед би шатаар бууж байсан бөгөөд шат доороо 2 гишгүүр дутуу, шатны хажуу талын түшлэг бариад явж байхад миний мөрнөөс татаад намайг унагасан. Нөгөө хоёр эмэгтэй нь Ц-н ард талд байсан. Ц миний хажуунаас мөнгөө авъя гээд татсан юм...баруун гар хүчтэй өвдөөд байсан...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг өнгөрч байхад манай хаалгыг нүдээд Ц зөвшөөрөлгүй орж ирсэн. Тэгээд гараад шатны уруу явж байхад Ц нь хажуунаас “мөнгөө авъя” гэж хэлэн зүүн мөрнөөс угз татаж түлхэхэд би шат руу унасан. Шат руу унаснаас болж миний биед гэмтэл учирсан...би гомдолтой байна...манай орон байранд нэвтэрч танхайрч, дэлгүүрийн эд зүйлийг зөвшөөрөлгүй авч явсан, миний биед гэмтэл учруулсан Ц гэдэг хүнд гомдолтой байна...би эрхий хурууныхаа эмчилгээнд ойролцоогоор 100.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэ бол шууд зардал...эцсийн дүнгээр 1205.000 төгрөгийг Ц-с нэхэмжилж байна...Ц манай нөхөрт маань ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, хаалга цоож эвдэн орсон явдал байхгүй. Манай нөхрийг хоёр худалдагч хүүхэнтэй маргаж байх үед хажуугаар нь шургаад орсон гэсэн...намайг хайгаад жижиг өрөө рүү орох гэж байхад нь манай нөхөр чирээд Ц-г гэрээс гаргасан, коридороор дамжаад том өрөө рүү л орсон...” гэжээ. /хх-ийн 43-43, 140 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Марал” дэлгүүрт худалдагч ажилтай...дэлгүүрийн эзэн гуай нэг эрэгтэй хүн, хоёр эмэгтэй хүний хамтаар гаднаас орж ирцгээсэн бөгөөд тэр хүмүүс барааныхаа мөнгийг авна гээд орж ирсэн...2017 оны 11 сард нийт 1 сая гаруй төгрөгийн барааг авсан байсан. Тэгээд тэр мөнгийг өгөөгүй байсан юм байна лээ. эгч өөрөө бараагаа авдаг юм...лангууны араар дайрч орж хүчээр бараа хурааж авч ачсан хүмүүс байхгүй ээ... амаараа лангууны урд талаас наад бараагаа хэрэггүй, наад бараанаасаа өгчих гээд гараараа зааж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 62, 76 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчимд бид хоёрыг гэртээ байж байхад хаалга нүдэхээр нь хаалгаа онгойлгоход 2 эмэгтэй, 1 залуу үүдэнд зогсоод “ гуайтай уулзах гэсэн юм” гээд зогсож байсан. Тэгэхээр нь би “орой үдэш болсон хойно яах гэж байгаа юм, та нар мөнгө төгрөгийн хэрүүл хийх гэж байгаа байлгүй, маргааш ир, яв” гээд хаалгаа хаах гэтэл цаанаас нэг эмэгтэй нь хаалганаас зуураад хаалга хаалгахгүй байсан, би “гэрээр хүйтэн орох гээд байна, хаалгаа хаа, та нарыг оруулахгүй, маргааш гэгээ гэрэлтэй өдөр ирээд наад хэрүүлээ хий” гээд хаалгаа хаах гээд зууралдаад байж байтал цаанаас нэг залуу нь хажуугаар дайраад гэрт яваад орсон. Тэр залуу ороод унтлагын өрөөгөөр шагайж хараад ыг хайгаад байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод “гар, чамайг би ор гэж зөвшөөрөөгүй” гээд түлхэж хаалгаар гаргасан... нь шөнө ирсэн бөгөөд ирээд “намайг эрэгтэй залуу нь шат руу бууж байхад араас түлхээд унагасан, миний нуруу өвдөөд байна, мөн хуруу өвдөөд байна” гээд баруун гарын эрхий хуруу нь бага зэрэг хавдсан байсан. Маргааш нь баруун гарын эрхий хуруу нь хөхрөөд хавдар нь нэмэгдсэн байсан...хажуунаас эрэгтэй залуу нь дайраад гэр рүү орсон. Би түүнийг ор гэж зөвшөөрөөгүй байхад манай гэр рүү дайраад орсон. Тэр залуу унтлагын өрөөгөөр шагайгаад ыг хайгаад байсан. Тэгэхээр нь би түүнийг “чамайг ор гэж зөвшөөрөөгүй байхад яагаад гэрт дайрч ороод байгаа юм” гээд түлхээд хаалгаар гаргасан...Тэрээр той уулзах гэж ирсэн хүмүүс бөгөөд түүнээс мөнгөө авъя гээд үүдэнд чанга, чанга бахираад байсан, нөгөө залуу нь манай гэр рүү дайрч орсон...” гэжээ. /хх-ийн 63-65 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар ын хаалгыг тогшиход нөхөр нь гэх эрэгтэй хүн хаалга тавьсан...нөхөр нь хаалгаа хаах гээд татаад байхаар нь бид нар хаалгыг нь хаалгахгүй гээд хаалганаас нь зуураад хөлөө хавчуулж байсан... гэрээсээ гараад шууд шатаар буугаад буусныхаа дараа орцны хаалгыг гараараа тулж аваад “ёо ёо та нар намайг араас түлхчихлээ” гэж хэлсэн... эгч худалдагчаа “за бараануудаасаа аваад өг” гэж хэлж байсан...худалдагч ах нь гарын үсэг зурсан...” гэжээ. /хх-ийн 66-68 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нөхөр нь бид нарыг эхнэртэйгээ уулзуулахгүй гээд хаалгаа хаах гээд бид нарыг түлхэж байсан. Тэгэхэд бид нар хаалгыг нь хаалгуулахгүй гээд хаалганаас нь барьж байсан боловч нөхөр нь хаалгаа хаачихсан...бид нар хаалгыг дахиж балбаж байгаад тавиулсан... эгч бид нарын урд орж шатаар хамгийн түрүүлж буусан ба араас нь бид нарын хэн нь явж байсныг би санахгүй байна. Намайг доошоо буудаг шатны хэсэг рүү хөлөө тавьж эхлээгүй байхад эгч хамгийн доод талын шатан дээрээс бүдрээд орцны хажуу талын ханыг мөргөж гараараа тулж зогссон... эгчид хандаад “мөнгөнийхөө оронд дэлгүүрийн чинь барааг авъя танайд орлого мөнгө гэж юу байна” гэж хэлсэн. Тэгээд эгч зөвшөөрч бид нар дэлгүүрийн орлого гэж 51.500 төгрөг авсан... шатан дээрээсээ буугаад бүдэрч байхад бид хоёрын урд талд явж байсан...” гэжээ. /хх-ийн 69-71 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот дүгнэлтэд
1. *******ын биед баруун гарын эрхий хурууны 2-р үений суналт гэмтэл тодорхойлогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
3. Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. ******* нь бүсэлхийн 1-5-р нугалмын ясны ургалт, сээрний 11/12-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, бүсэлхийн 1-5-р нугалмуудын жийргэвчийн цүлхийлт, мэдрэлийн язгуурын сувгийн нарийсалт, дарагдалт бүтцийн өөрчлөлт бүхий архаг өвчтэй байна гэжээ. /хх-ийн 82 тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 577 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд
1. 2. ******* нь 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Улсын клиникийн төв эмнэлэгт хийгдсэн Бүсэлхийн нурууны Соронзон Резонанст Томографийн шинжилгээгээр бүсэлхийн нугалмуудад ясны ургалт, сээр, бүсэлхийн нугалмуудын жийргэвчийн цүлхийлт бүхий архаг өөрчлөлттэй байжээ.
3. *******ын хуруунд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь түүний бүсэлхийн нугалмуудын ясны ургалт, сээр, бүсэлхийн нугалмуудын жийргэвчийн цүлхийлт бүхий өвчинтэй шалтгаант холбоогүй байна гэжээ. /хх-ийн 88-90 тал/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31, 33 тал/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36 тал/
- Шинжээч эмч М.Аригуунтөгсийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 91-92 тал/
- Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 96-97 тал/
- Иргэний эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 98-101 тал/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 127-130 тал/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 132 тал/
- Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 141-146 тал/
- *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 104-109, 147-148 тал/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 51-59 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бумбат” хотхоны 47Б байрны 2 дугаар орцны нэг давхарын шатан дээрээс хохирогч *******ын хувцаснаас татсаны улмаас ойчуулан эрүүл мэндэд нь “баруун гарын эрхий хурууны 2-р үений суналт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
- Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бумбат” хотхоны 47Б-21 тоотод оршин суух хохирогч *******, ******* нарын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, *******, *******, , шинжээч эмч М.Аригуунтөгс нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 577 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-ын хүний эрүүл мэндэд “баруун гарын эрхий хурууны 2-р үений суналт” бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан үйлдлүүд нь тус бүртээ дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч *******-ын үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1376.950 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн төлсөн 200.000 төгрөгийг хасч, шүүгдэгчээс 1176.950 /нэг сая нэг зуун далан зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөн хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “DVD” 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-с бусдад учруулсан гэм хорын хохиролд 1176.950 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Бумбатын 47Б-21 тоотод оршин суух Боржигон овогт Цэдэвсүрэнгийн /РД: ШБ53032862/-т олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ын .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “DVD” 3 /гурван/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ