Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1465

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,     

Улсын яллагч М.Эрдэнэзаяа                      

шүүгдэгч Б.Б, Б.П /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж овогт Б.Б, Б овогт Б.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0600 41525 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ж овогт Б.Б, 1993 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, Баянгол дүүргийн Говь цогцолборын хажууд байрлах Кузов засварт ажилладаг, мэргэжилгүй, Баянгол дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 7 дугаар гудамжны 941 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байсан, /РД:…................../,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Б.П, 1994 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “Е март” худалдааны төвд хамгаалагч ажилтай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 22 дугаар гудамжны 543 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байсан, /РД:…................./,     

Шүүгдэгч Б.Б нь Б.П, С.С нартай бүлэглэн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3-1019 тоотод 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр М.Шинэтөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн ганцаараа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3-1019 тоотод 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн  Д.Отгоннямыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.П нь С.С, Б.Б нартай бүлэглэн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3-1019 тоотод 2018 оны 07 дугаар сарын 16-ны М.Шинэтөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”” гэв.

            Хохирогч М.Шинэтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг Алтайгийн хүү гэх хар савхитай залуу шууд нүүр рүү өшиглөөд авсан. Хажуу талаас гэзэгтэй залуу өшиглөөд нэг цохиод ороод ирсэн. Малгай, нүдний шил нийлээд 77.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, нийт 85.000 төгрөг нэхэмжилнэ. Гэрийн гадна хашааны буланд гэзэгтэй залуу араас татаж унагаад нэг жижиг биетэй залуу нар нийлж миний толгой хэсэгт өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хх-12/,    

Хохирогч Д.Отгонням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэрээс гарах гэтэл нэг залуу миний нүүр рүү гараараа маш хүчтэй цохисон. Тонгойгоод нүүрээ дартал миний гэдэс рүү жийгээд хаалгаар гаргасан. Тэгээд би хамрынхаа цусыг тогтоох гээд байж байтал гэр дотор зодолдоод байсан... Тухайн үед гарсан бүх зардал 60.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8957 дугаартай дүгнэлт:

1.М.Шинэтөрийн биед зүүн хацар, нурууны зулгаралт, хамрын хөндийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /xx-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8958 дугаартай дүгнэлт:

1.Д.Отгоннямын биед хөмсөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /xx-25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгч Б.Б нь Б.П, С.С нартай бүлэглэн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3-1019 тоотод 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр М.Шинэтөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч М.Шинэтөрийн: “...намайг Алтайгийн хүү гэх хар савхитай залуу шууд нүүр рүү өшиглөөд авсан. Хажуу талаас гэзэгтэй залуу өшиглөөд нэг цохиод ороод ирсэн, нэг жижиг биетэй залуу бас цохьсон...” гэх мэдүүлэг,

мөн ганцаараа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3-1019 тоотод 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн  Д.Отгоннямыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Отгоннямын: “...Би гэрээс гарах гэтэл нэг залуу миний нүүр рүү гараараа маш хүчтэй цохьсон. Тонгойгоод нүүрээ дартал миний гэдэс рүү жийгээд хаалгаар гаргасан. Тэгээд би хамрынхаа цусыг тогтоох гээд байж байтал гэр дотор зодолдоод байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.П нь С.С, Б.Б нартай бүлэглэн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 3-1019 тоотод 2018 оны 07 дугаар сарын 16-ны М.Шинэтөрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч М.Шинэтөрийн: “...намайг Алтайгийн хүү гэх хар савхитай залуу шууд нүүр рүү өшиглөөд авсан. Хажуу талаас гэзэгтэй залуу өшиглөөд нэг цохиод ороод ирсэн, нэг жижиг биетэй залуу бас цохьсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

            Прокуророос шүүгдэгч Б.Б, Б.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.

            Иймд шүүгдэгч Б.Б, Б.П нарыг бүлэглэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Б.Б, Б.П нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн  байдал зэргийг тус тус харгалзан тэдгээрт торгох ялыг ялгамжтай оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж овогт Б.Б, Б овогт Б.П нарыг бүлэглэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Б-ийг 1.100 (нэг мянга нэг зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ял,  

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.П-ийг 900 (есөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б, Б.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б, Б.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР