| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0352/э |
| Дугаар | 2018/ШЦТ/361 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 1821005300354 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, усны техникч мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Дорнод аймгийн Халхгол сумын ........ гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******. /РД: ............/
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутгаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 134,76 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохин зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй, прокурорын санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна...гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хяналт шалгалт хийхэд Б гэх айлаас Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс гарч ирсэн байсан. Уг үндсийг хураан авч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид өгсөн байсан. Тухайн үед жинлэж үзэхэд 134,76 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хураан авсан байсан...” гэжээ. /хх-ийн 38-39 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Халхгол сумын 2 дугаар баг, “Буйр нуурын цех” гэх газарт оршин суух, иргэн *******-н хашаанд байгалын ховор ургамал болох Дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс бэлтгэж хатаасан байсныг илрүүлэн Буйрын заставын дарга Э.Энхтүвшин, Цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Ц.Санчир, цагдаа Ц.Жаргал-Эрдэнэ нарыг байлцуулан тухайн айлын хашаан дотор байх эсгий гэрт дэлгэж хатааж байсан Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг нийт 7 ширхэг шуудайнд савлаж жинлэж үзэхэд 123,93 кг болсон, мөн авто гражид 2 шуудайнд үндэс савлаж хатаасныг жинлэж үзэхэд 10,83 кг, нийт 134,76 кг болсон. Уг үндэснүүдийг М гэх эмэгтэй өөрөө бэлтгэн хадгалж байсан. Түүнд Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж бэлтгэх ямар нэг зөвшөөрөл байгаагүй. Дээрх үндэснүүдийг бүгдийг нь 2018 онд бэлтгэж хатаасан үндэс байсан...” гэжээ. /хх-ийн 40-41 тал/
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-17 тал/,
- Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс хураан авах тухай улсын байцаагчийн акт, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21, 26, 28-31 тал/,
- Дорнод аймгийн Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 тал/
- *******-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутгаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 134,76 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс хураан авах тухай улсын байцаагчийн акт, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-г зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүж, бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-г зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүж, бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Иргэний нэхэмжлэгч ******* нь шүүгдэгч *******-д гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62,1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг улсын орлого болгож, шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 12 дугаар байрны 05 тоот хаягтай 18м2 талбай бүхий орон сууцны байрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******-н .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүж, бэлтгэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******-г зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шүүгдэгч *******-н эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 12 дугаар байрны 05 тоот хаягтай 18м2 талбай бүхий орон сууцны байрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62,1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хурааж худалдан борлуулж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ