Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00496

 

 

 

 

 

 

2023               03            06                                      210/МА2023/00496

 

 

П.Ш ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03093 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Ш ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ө д холбогдох автомашины зогсоолын төлбөр 544,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: “2022 оны 04 сарын 28-ны өдөр *** УБО улсын дугаартай *** маркийн машин, *** УБП *** маркийн машиныг П.Ш миний өмчлөлийн хашаанд үл таних хүн авчирч “...3-4 хоногийн хугацаатай тавья, уг машины эзэн хөдөө ажлаар явсан...” гэсэн. П.Ш миний бие “...удаан хугацаагаар машин тавиулдаггүй, төлбөрийг урьдчилан авдаг, удахгүй байрандаа засвар хийлгэх тул машиныг яаралтай авах хэрэгтэй...” гэдгийг анхааруулсан. Үүнээс хойш машинаа ч авдаггүй, гар утсаа ч аваагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагын тусламжтайгаар 2022 оны 04 сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны 28 хоногийн төлбөр 112,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш Э.Ө руу удаа дараа залгахад хариу өгөөгүй тул дахин цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Гэтэл Э.Ө нь 2022 оны 10 сарын 08-ны өдөр 15:58 минутад хашааны хаалга онгойлгон хулгайгаар машинаа авч гарсан нь камерт бичигдсэн. Э.Ө нь зогсоолын төлбөрийг төлөхөөс татгалзаж, хэл амаар доромжлон зугтаахыг оролдоход цагдаа дуудаж Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хүргүүлсэн боловч зогсоолын төлбөрийг төлөөгүй. Машины зогсоолын төлбөр 1 хоногийн 2,000 төгрөг, 2 машины 4,000 төгрөг бөгөөд 136 хоногийн төлбөр нийт 544,000 төгрөгийг хариуцагч Э.Ө гаас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “П.Ш т 5 сараас 7 сар хүртэлх хугацааны 60 хоногийн мөнгө 112,000 төгрөгийг *** дансаар өгсөн. Үлдэгдэл 100 хоног буюу 2022 оны 07 сараас 2022 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацааны 200,000 төгрөгийг өгөх дутуу байгаа. Анх машинаа тавихдаа утсаар задгай зогсоол нэг хоногт 1,000 төгрөг байхаар тохирч, хоёр машиныг 2,000 төгрөгөөр тавьсан. *** УБП улсын дугаартай *** маркийн машин, *** УБО улсын дугаартай *** маркийн 2 машин тавьсан. Анх утсаар ярьж тохирсон мөнгөө өгөхөд бэлэн байна. П.Ш ын ярилцаж тохиролцоогүй илүү нэхэж байгаа 544,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэжээ.

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Ө гаас 544,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ш т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар П.Ш ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ө гаас 16,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ш т олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Би *** УБП улсын дугаартай *** маркийн автомашиныг өмчилдөг. Өөрийн өмчлөлийн автомашины зогсоолын төлбөр болох 272,000 төгрөгийг өгсөн. Харин *** УБО улсын дугаартай *** маркийн автомашин нь иргэн Э.Д ын нэр дээр байдаг, надад ямар ч хамааралгүй тул уг машины зогсоолын төлбөрийг төлөх боломжгүй” гэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Би Э.Д гэж хүнийг огт танихгүй. Э.Ө уг 2 автомашиныг миний машин гэж хэлсэн. Төлбөрөө төлөх болоход худлаа хэлж намайг гүтгэсэн. Эхлээд манай хашаанд нэг танихгүй хүн ирээд машинаа тавина гэхэд нь би үгүй гэсэн. Гэтэл надаас гуйгаад хамар хашааны хүний таньдаг хүмүүс байна гэж хэлсэн. 3 хоног машинаа тавиад авна гэсэн боловч аваагүй 5-6 сар болсон. Энэ хугацаанд миний хийх гэж байсан бүх ажлыг алдагдуулсан” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч П.Ш нь хариуцагч Э.Ө д холбогдуулан 2022 оны 05 сарын 26-ны өдрөөс 2022 оны 10 сарын 07-ны өдрийг хүртэлх 136 хоногийн автомашины зогсоолын төлбөр 544,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Ө нь “...1 автомашиныг өдрийн 1,000 төгрөгөөр зогсоолд тавиулахаар тохиролцсон тул 200,000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг төлөхгүй...” гэсэн агуулгатай тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан бол “...өөрийн өмчлөлийн автомашины зогсоолын төлбөрт 272,000 төгрөгийг төлсөн, харин бусдын өмчлөлийн автомашины төлбөрийг төлөхгүй...” гэсэн агуулгатай тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох мөнгөн дүнг зөв тооцсон боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

4. П.Ш , Э.Ө нар 2022 оны 04 сарын 28-ны өдөр П.Ш ын өмчлөлийн хашаанд *** улсын дугаартай *** маркийн автомашин, *** УБП улсын дугаартай *** маркийн автомашиныг 1 өдрийн 4,000 төгрөгөөр /2 автомашин х 2,000 төгрөг/ тавиулахаар харилцан тохиролцсон, Э.Ө нь 2022 оны 04 сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 сарын 26-ны өдөр хүртэлх 28 хоногийн төлбөрт 112,000 төгрөг төлсөн /2 автомашин х 2,000 төгрөг х 28 хоног/, улмаар 2022 оны 10 сарын 08-ны өдөр 2 ширхэг автомашинаа авч явсан үйл баримт тус тус тогтоогдсон.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэргийн баримт, зохигчдын тайлбарт үндэслэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж тодорхойлсон нь буруу.

Талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Учир нь, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн хашаанд 2 ширхэг автомашиныг хадгалах, хариуцагч нь хадгалалтын хөлс төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

 

6. Иймд нэхэмжлэгч нь 2022 оны 05 сарын 26-ны өдрөөс 2022 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэлх 136 хоногийн хадгалалтын хөлс 544,000 төгрөгийг /2 автомашин х 2,000 төгрөг х 136 хоног/ хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч уг хадгалалтын хөлсийг төлөх үүрэгтэй байна.  

Хариуцагч талын гаргасан “...1 автомашиныг өдрийн 1,000 төгрөгөөр тавихаар тохиролцсон...” гэсэн тайлбар нотлогдохгүй байхаас гадна “...*** улсын дугаартай *** маркийн автомашин нь бусдын өмчлөлийнх...” гэсэн тайлбар нь түүнийг хадгалалтын хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

​​​​​​​1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03093 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1...” гэснийг “...Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Ө гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 16,970 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ     

                          

 

                                ШҮҮГЧИД                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                                                       Д.НЯМБАЗАР