Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 20

 

 

 

Г.Ганхуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                             

            Прокурор Б.Энхтуул,                                        

            Хохирогч М.Билгүүн, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

            Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Улсын яллагч Б.Энхтуулын бичсэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/43 дугаартай эсэргүүцлээр Г.Ганхуягт холбогдох эрүүгийн 2016 2501 1732 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Зурхайч овгийн Гантулгын Ганхуяг, 1995 оны 4 дүгээр сарын 19-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Парис” бааранд бармен ажилтай, ам бүл 5, эх, эмээ, өвөө, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжү гудамжны 49 дүгээр байрны 65б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ95041991/,

 

Г.Ганхуяг нь 2016 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны үүдэнд тус баараар үйлчлүүлээд гарсан иргэн М.Билгүүний эрүүн тус газарт нь цохиж, бие махбодид нь “доод эрүүний зөрөөтэй далд хугарал, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” баарны үүдэнд иргэн Б.Болормаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь “зүүн гарын шуу ясны хугарал, баруун гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Ганхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ганхуягт холбогдох хэргийг хянан хэлэлцээд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Билгүүн нь “намайг хоёр хүн цохисон, мөн миний эрүү хоёр газар цуурсан” гэж мэдүүлж байх тул хохирогчийн мэдүүлгийг дахин нягтлан шалгах шаардлагатай гэж үзлээ. Иймд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5440 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, хохирогчийн эрүүнд хоёр газар хугарсан эсэхийг тодруулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 65 дугаар талд “Парис” баарны ажилчид камерийн бичлэгийн талаарх тодорхойлолтыг ирүүлсэн байх ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд камерийн бичлэгт хуульд заасан журмын дагуу бичлэгийг хийгээгүй тул хэрүүл маргаан нь “Парис” баарны гэрэл цахилгаан унтарсан үед болон гэрэл цахилгаан ирсэн үеийн алинд болсныг тодруулж, тус баарны камерийн бичлэгт үзлэг хийх боломжтой эсэхийг тодруулах.
            Мөн гэрчүүдээс дахин мэдүүлэг авах замаар хохирогч М.Билгүүний эрх чөлөөнд хэдэн хүн халдсаныг шалгаж тодруулах.

Хохирогч М.Билгүүний бие махбодид учирсан гэмтэл буюу эрүү нь зөрүүтэй эдгэрсэн, дахин хагалгаанд орох болсон шалтгааныг эмчилсэн эмч нараас асууж тодруулах зэрэг ажиллагаануудыг хийх шаардлагатай гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Б.Энхтуул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох дараах үндэслэл байна. Үүнд:

Нэг. Хохирогч М.Билгүүн нь мөрдөн байцаалтын шатанд /хх 17-18/ “...хамгаалагч залуу хаалганы бариулаас бариад зогсож байсан учраас Наранболдыг хаалга татахад гар нь Наранболдын таталтад угзрагдсан. Тэгтэл хамгаалагч Наранболд руу уурласан. Энэ үед шатаар уруудаад улаан малгайтай махлаг залуу буугаад ирсэн. Тэр улаан малгайтай залуу Наранболд руу дайрсан. Наранболд нь хаалганы цаад талаас хамгаалагчтай хэрэлдэж байсан. Би улаан малгайтай залуугийн урдуур нь гараад иртэл улаан малгайтай залуу нь намайг заамдаж аваад мөргөсөн. Ингээд баарны хаалга ч нээгдсэн. Миний хамраас цус гараад шатны бариулаас бариад эргэх хооронд нөгөө улаан малгайтай залуу нь миний толгой, дагз хэсэг рүү цохиод байсан. Тэгээд нөгөө улаан малгайтай залуу надаас холдсон. Тэгээд миний нүд бүрэлзэж ухаан балартсан байна лээ. Би 4 дүгээр сарын 24-ний өдөр 1 дүгээр эмнэлэгт хэвтээд хоёр хагалгаа хийлгэж 7 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Эмчийн хэлж байгаагаар миний эрүүний зүүн талын эрүү хугарсан, их хүчтэй цохигдсон учраас эрүүний урд яс хугарсан байна гэж хэлж байсан. Хагалгааны дараа миний эрүү далий болчихсон. Дахиад үзлэг хийлгэхэд дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Дараагийн эрүү тэгшлэх хагалгааг хаана хийлгэхээ шийдээгүй байгаа. Миний бие махбодид учирсан дүгнэлтэд тусгагдсан хүндэвтэр зэргийн гэмтлийг улаан малгайтай залуу гараараа цохиж учруулсан. Эхлээд намайг мөргөөд, би цаашаа эргэж хараад шатны бариулаас зуурч авахад нөгөө улаан малгайтай залуу миний араас зодоод байсан, би толгойгоо хажуу тийшээ эргүүлэхэд миний эрүүний зүүн хэсэг дээр нөгөө улаан малгайтай залуу гараараа хүчтэй цохиж авсан. Энэ цохисон үйлчлэлээр миний эрүү хугарсан...” гэж хэргийн талаар тодорхой мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Билгүүн нь урьд өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ өөрчилж “намайг хоёр хүн цохисон, мөн миний эрүү хоёр газар хугарсан” гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй байна.

Мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “намайг хоёр цохисон, мөн миний эрүү хоёр газраар хугарсан” гэх мэдүүлэг нь үндэслэлгүй болох нь доорх нотлох баримтуудаар нотлогдож байна.

1. Шинжээч эмч Б.Ундармаа /хх 34/ “... доод эрүүний зөрүүтэй далд хугарал, доод эрүүний зүүн хэсгийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр, нэг дор үүссэн гэмтэл байна. Харин духны зулгарал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэж мэдүүлсэн.

2. Гэрч А.Баттулга /хх 19-20/ “... би эхнэрийнхээ хамт араас нь гартал дөнгөж баарнаас гарангуут шатан дээр Түвшинбаяр, Билгүүн нарыг хоёр залуу нь наана цаанаас нь бариад шатны хашлаганд тулгачихсан цохиж байсан. Түвшинбаярыг махлаг залуу барьчихсан, Билгүүнийг улаан малгайтай, махлаг залуу цохиж байсан. ... Энэ үед улаан малгайтай залуу гүйж ирээд Билгүүнийг цохиод унагаачихсан. Билгүүн газарт унаад босч ирэхгүй болохоор нь би эхнэрийнхээ хамтаар Билгүүн дээр гүйж очоод “та нар хүн алчихлаа шүү дээ” гэж хэлэхэд бүгд больсон. ...Билгүүний ам нь тухайн үедээ хөдлөхгүй хамраас нь цус гараад байсан. ...улаан малгайтай залуу нь Билгүүнийг зодсон ...” гэж мэдүүлсэн.

3. Гэрч Д.Түвшинбаяр /хх 21-22/ “... намайг нэг харахад Баттулга зодоон хийгээд байгаа хүмүүсийг болиулах гээд гүйж явсан ба Билгүүн ямар ч байсан газарт уначихсан харагдсан ...” гэж мэдүүлсэн.

4. Гэрч Н.Загарзүсэмийн /хх 86-87/ “.. .гэтэл миний ард тас хийх чимээ гарсан. Эргээд харахад Ганхуяг нэг намхан залууг цохичихсон байж байсан ...” гэж мэдүүлсэн.

5. Гэрч Д.Наранболдын /хх 25-26/ “... нөгөө хоёр залуу бууж ирээд Билгүүнийг улаан малгайтай залуу нь цохиж байгаа харагдсан. Яав гэтэл Билгүүн баарны хаалганы хажуугийн шатны хашлага руу хойшоо налаад савж байгаа харагдсан. Би яаж байнаа гээд очтол намайг нэг залуу цохиод, би шатны уруу эрчээрээ буусан. Гэхдээ тэнцвэр алдаж унаагүй, тэгээд бөөн зодоон болсон ...” гэж мэдүүлсэн.

6. Гэрч П.Чадраабалын /хх 84-85/ “... тэгтэл тэр залуучууд Ганхуяг руу дайраад шатан дээр барьцалдаад авсан. Энэ үед шатанд дээр Ганхуягийн найз Бажуу гарч ирээд Ганхуягийг салгаж авахаар оролдоход нь би ч бас Бажуутай хамжилцаж Ганхуягийг салгаж авах гэхэд Ганхуяг нь нөгөө залуучуудтай зууралдсан чигээрээ шатаар буугаад бүр гадаа гарсан. Нэг харахад Бажуу, Ганхуяг нар тэр залуучуудтай барьцалдаж байсан. Хэн нь хэнийгээ яаж зодож байгаа нь сайн харагдахгүй байсан ...” гэж мэдүүлсэн.

7. Сэжигтэн П.Батзоригийн /хх 53-54/ “... Ганхуяг бид хоёр тэр залуучуудыг намжаах зорилгоор та нар болиоч гээд хэлтэл Ганхуяг бид 2 луу нөгөө залуучууд дайрсан. Ганхуяг нэг залууг тэврээд бариад авсан. Би нэг залууг түлхээд барьцалдаад бужигналдсан. Ганхуяг энэ хооронд хаана юу хийж байсан талаар хараагүй. Ингээд бужигналдаж байтал зодоон дундаас нэг хамгаалагч намайг татаж холдуулсан. Би гэмтэл аваагүй. Хүн ч гэмтээгээгүй. Тийм гэмтэл авах, эсвэл гэмтэл учруулахаар зодоон хийгээгүй. Тэгэж байгаад салцгаасан. Зодоон салсны дараа би шууд гэр лүүгээ харьсан ...” гэж мэдүүлсэн.

8. Сэжигтэн Г.Ганхуягийн /хх 46-48/ “... яг энэ үед Батзориг гараад ирчихсэн миний хажууд байж байгаад тэр залуучуудтай хэрэлдсэн. Тэгээд л миний толгой руу нэг гар орж ирээд цохиод авсан. Тэгэхээр нь би нөгөө барьж байсан залуугаа шатны уруу түлхээд “яах гээд байна аа” гээд залуучуудтай цохилцсон. Тэгээд их хурдан хугацаанд зодоон салсан. Тэгээд яг зодоон дуусахын үед нэг залуугийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж авсан. Тэр залуу газарт унасан. Би өөрөө бол хүнийг тэгэж цохиж чадаагүй. Тийм их сүртэй зодоон ч болоогүй. Их хурдан хугацаанд бужигнаад л салсан. Тэгтэл тэр надаа цохиулдаг залуугийн эрүү нь хугарсан байсныг дараа нь мэдсэн. Би ямар ч байсан эмчилгээний зардлыг төлж хохирогчийг гомдолгүй болгоно ...” гэж мэдүүлсэн.

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5440 тоот үзлэг хийсэн акт /хх 31/ “... 2016 оны 4 дүгээр сарын 20-ны эрүүний рентген зураг “доод эрүүний зүүн булан, сэртэнгийн зөрөөтэй хугаралтай харагдана гэсэн ба дүгнэлтэд 1. М.Билгүүний биед доод эрүүний зөрөөтэй далд хугарал, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх доод эрүүний зөрөөтэй далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт.

10. Шинжээчийн 5440 дугаартай дүгнэлтийг хохирогч М.Билгүүнд танилцуулсан тэмдэглэлд хохирогч М.Билгүүн нь шинжээчийн дүгнэлттэй танилцаад уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд дахиж шалгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Иймд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5440 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, хохирогчийн эрүүнд хоёр газар хугарсан эсэхийг тодруулах ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна.

Хоёр. П.Батзоригийг тухайн хэрэгт сэжигтнээр тооцон холбогдуулан шалгасан боловч П.Батзориг нь уг хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр түүний үйлдэл холбогдлыг прокурорын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 419 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тухайн тогтоолыг хохирогч, холбогдогч нарт танилцуулахад уг тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байна.

Иймээс гэрчүүдээс дахин мэдүүлэг авах замаар хохирогч М.Билгүүний эрх чөлөөнд хэдэн хүн халдсаныг шалгаж тодруулах шаардлагагүй гэж үзлээ.

Гурав. Яллагдагч Г.Ганхуягийн нэг удаагийн цохисон санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Билгүүний биед учирсан доод эрүүний зөрөөтэй далд хугарал гэмтэлд эрүүний хагалгаа хийсний дараах эдгэрэлтийн явц, хагалгаа зөрүүтэй эдгэрсэн, дахин хагалгаанд орох болсон шалтгааныг эмчилсэн эмч нараас асууж тодруулах нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна.

Дөрөв. Яллагдагч Г.Ганхуягийн нэг удаагийн цохисон санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Билгүүний биед доод эрүүний зөрөөтэй далд хугарал, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүссэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байхад гэмт хэрэг баарны гэрэл цахилгаан унтарсан үед эсвэл гэрэл цахилгаан ирсэн үеийн алинд нь болсныг тодруулах шаардлагагүй.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх үед бааранд цахилгааны гэмтэл гарч тог тасарсны улмаас камерийн бичлэг устсан болох талаар тус байгууллагаас “2016 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагаас 03 цагийн хооронд цахилгааны гэмтэл гарч тог тасарсны улмаас камерийн бичлэг устсан болохыг мэдэгдсэн” тухайн тодорхойлолтыг ирүүлсэн нь 65 дугаар талд нотлох баримтаар авагдсан.

Мөн Г.Ганхуяг нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой хүлээн мэдүүлж байгаа ба түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа болно.

Г.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийж гүйцэтгэсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдбол зохих асуудлууд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв. 

 

Хохирогч М.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа П.Батзориг, Г.Ганхуяг нарт хоёуланд нь гомдолтой байсан. Би мөрдөн байцаагч У.Амартүвшинд “Энэ хоёр хүн хоёулаа намайг цохисон. Эхлээд Г.Ганхуяг намайг мөргөөд дараа нь П.Батзориг цохисон” гэж хэлсэн. Гэтэл мөрдөн байцаагч У.Амартүвшин “аль нэг нь л чамайг цохисон байгаа. Яг эрүү чинь хугарах үед хэн цохисон бэ” гэж асуусан. Би “Хоёулаа намайг цохисон. Би сайн мэдэхгүй байна. Эрүү хугарах үед ухаан балартсан байсан” гэж хэлсэн. Эхлээд улаан малгайтай залуу болох Г.Ганхуяг мөргөж, дараа нь П.Батзориг цохиод, тэгээд дахин Г.Ганхуяг цохисон...” гэв.

 

Хохирогч М.Билгүүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт М.Билгүүн нь хоёр хүнд зодуулсан болох нь нотлогддог. М.Билгүүн энэ мэдүүлгийнхээ эх сурвалжаа заасан бөгөөд гэрч Түвшинбаяр, Д.Наранболд нар нь хохирогч М.Билгүүнийг П.Батзориг, Г.Ганхуяг нарыг нийлж зодсон гэж мэдүүлдэг. Энэ хэргийн улмаас хохирогчийн эрүү зүүн талын шанаа ясны хэсэг болон ооч хэсгээрээ хоёр газраа хугарсан. Хохирогчийн эрүүний хоёр өөр газар хугарсан байдал нь түүнийг хоёр хүнд зодуулсан болохыг харуулж байна. Шүүх эмнэлгийн шинжээч эмч хохирогчид учирсан эрүүний гэмтлийг хоёр удаагийн үйлдлээр үүссэн байхыг үгүйсгээгүй. Хохирогч эрүүний хоёр хугарлаас болж хагалгаанд орж, хадуулсан боловч хэвэндээ ороогүй, дахин хагалгаанд орох шаардлага гарсан. Энэ талаар эмчийн тодорхойлолт, оношилгоо, эм эмчилгээний зардлын нэхэмжлэл зэрэг баримт хэрэгт хавсрагдсан байгаа. Тухайн баар эргэн тойрондоо олон камертай байсан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд эдгээр камерт үзлэг хийгээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...”  гэв.

   

                                                    ХЯНАВАЛ:

 

            Г.Ганхуягт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тогтоохын зэрэгцээ, зөвхөн улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянав.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ганхуягт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нэг бүрчлэн зөв тогтоох шаардлагатай гэж үзэж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

             

            Иймд шүүгчийн захирамжид дурдсан бүхий л үндэслэлүүдээр бүрэн гүйцэт шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энхтуулын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Прокуророос Г.Ганхуягт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд шүүхээс түүнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад Г.Ганхуягт авсан таслан сэргийлэх арга хэмжээг буруу бичсэн, шүүгчийн захирамж үг үсгийн алдаа ихтэй байгааг дурдаж байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энхтуулын бичсэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/43 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт очтол Г.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохгүйг дурдсугай.

                      

                       

                        ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                         Д.ОЮУНЧУЛУУН

 

                 ШҮҮГЧИД                                            Д.МӨНХТУУЛ

 

                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ