Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0122

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0122

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Б.Д нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдлоор, Б.Д нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Д 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 7/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:

“Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1, 2, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 37 дугаар зүйлийн 37.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг баримтлан Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин шинэ акт гартал маргаан бүхий 7/01 дүгээр тогтоолыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинээр захиргааны акт гаргаагүй бол маргаан бүхий Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 7/01 дүгээр тогтоол хүчингүй болохыг дурьдаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Маргаан бүхий тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 37, 43, 44, 46 дугаар зүйлд заасныг баримтлан багийн иргэдийн Нийтийн Хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд хангалттай хүргүүлсэн. Гэвч анхан шатны шүүх 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан.

Өнгөрсөн жилүүдэд Булган сумын төвд 123 малтай өрхийн 3430 мал, 465 гахай байсан бөгөөд Б.Д 87 тооны бод мал тоологдсон.

2015-2017 оны хооронд Булган аймгийн төв Булган суманд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Хавар, намрын улиралд мод тарих өдөр”-ийн хүрээнд нийт 36.363.800 төгрөгний мод бут сөөгийг тарьж, өнөөдрийн байдлаар сумын төвд нийт 17 га газарт ногоон байгууламжийг бий болгож чаджээ.

Мөн Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд төв зам дагуух газруудад 660 ширхэг нарс мод, 14000 м.кв талбайд ногоон зүлэг, 843 м.кв талбайд цэцэг тариалж, 2905 м урттай хамгаалалтын хайсыг шинээр хийж тэдгээрийг хамгаалах ажлыг зохион байгуулан хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд нийт 153.000.000 төгрөгийн зардал гаргасан. Гэвч өнгөрсөн хугацаанд мал бүхий айл өрхүүдийн хайхрамжгүй байдлаас дээрх бүтээн байгуулалтуудыг адуу, үхэр, гахай сүйтгэж одоогийн байдлаар тус бүр нь 80.000 төгрөгийн үнэтэй 86 ширхэг модыг сүйтгэж ургах нөхцөлгүй болгосон тул 2019 оны хаврын мод тариалалтаар дахин тарих шаардлага үүссэн.

Агуйт багийн урд нүүрний 870 м.кв талбай бүхий зүлэг, Жаргалант багийн 13, 14 дүгээр байрнуудын урд хэсэг, Сансар, Төгсөгчдийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудын зүлэг, ногоон байгууламжийг сумын төвийн уяачид, малчдын мал сүрэг талхалсаар байна.

Мал, гахай бүхий айл өрхүүдийг сумын төвөөс гаргах бас нэг шалтгаан нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилсэн малын гоц халдварт шүлхий өвчин дэгдэж аймаг /сум/-ийн төвийг бүхэлд нь хорио цээрийн дэглэмд шилжүүлэн хөл хориог тогтоож байсан нь нутаг орны хүн ардын болон төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг 49 хоног тасалдуулж, хувиараа аж ахуй эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд асар их хэмжээний санхүүгийн хохирол учирсан.

Хорио цээрийн үед аймгийн төвийн нэгдсэн халаалтын зуухнууд гал алдах, бензин шатахууны хомсдол үүсэх, дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ өсөх, сумдын малчид, аймгийн харьяат ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байх, арьс ширний худалдаа эрхлэгчдийн түүхий эдийг гаргаагүйн улмаас 41.000.000 төгрөгийн хохирол учирсан тул төрөөс төлүүлэх нэхэмжлэл гаргасан зэрэг олон хүндрэлүүдийг дурьдаж болно.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын харьяа Мал эмнэлгийн байгууллагын гаргасан судалгаагаар аймгийн төв, түүний ойролцоо хэд хэдэн газарт шүлхий өвчний голомттой нь тогтоогдсон тул энэ өвчин дэгдэж дээрх нөхцөл байдал дахин үүсэх магадлал өндөр байна.

Шүүхийн шийдвэрт “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII/01 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан мал гахай оруулахгүй байх газрын зураглал нь тодорхой бус байна. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2014 оны 68, 2017 оны VII/08 дугаар тогтоолууд нь хоорондоо утга найруулгын зөрүүтэй байгаа нь захиргааны байгууллага болон ард иргэдийн хооронд үл ойлголцол үүсч байна...” гэж дүгнэсэн.

Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн VII/08 дугаар тогтоолоор 2014 оны 68 дугаар тогтоолоор баталсан журмыг хүчингүй болгосон бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулахаар хүргүүлсэн ч “хуулийн үндэслэл нь хангалтгүй тул хянах боломжгүй” гэж түдгэлзүүлсэн тул уг журмыг хэрэгжүүлээгүй байгаа нь үнэн.

Мөн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолын хавсралтаар баталсан мал, гахай оруулахгүй байх газрын зураглал нь бүхэлдээ суурьшлын бүсэд хамаарч байгаа тул мал, гахай оруулахгүй байх бүсийг өөрчлөх боломжгүй. Учир нь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Нууц булаг хороолол буюу хуучин барианы хэсэг, Нарлаг хороолол буюу нисэхийн замын урд дэнжийн хэсгийг шинэ суурьшлын бүс, Домын дэвсэг хэсгийг үйлдвэрлэлийн бүс болгож, Майдарын голын 10 га, Онгоцны буудлын замын урд талын 4.8 га газрыг Шинэ хөдөө төслийн хүрээнд жимс, жимсгэнэ тарих талбай болгон баталсан.

2018 оны жилийн эцсийн мал тооллогоор сумын 1 дүгээр багийн нутаг Малчдын хороо, Байшинт, 6 дугаар багийн нутаг Жаргалантын аманд 55 өрхийн 3434 толгой мал тоолуулсан нь тухайн бүсүүдийн бэлчээрийн даацад асуудал үүсэхгүй нь тодорхой байна.

Б.Д нэхэмжлэлдээ Булган сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулсан хэлэлцүүлэгт орохдоо “...Булган сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах VII/01 дүгээр тогтоолын талаар мэдсэн...” гэж дурьдсан. Тэгвэл Булган сумын Засаг даргын Тамгын газраас VII/01 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх явцад малчид, мал бүхий өрхүүдэд Малчдын хороо, Байшинт, Жаргалантын ам буюу Буриадын хороонд газар олгосон бөгөөд Б.Д Жаргалантын аманд газар заалгасан.

Мөн Засаг даргын Тамгын газар, сум дундын Ойн анги хамтран дээрх газруудад шинээр шилжин суурьшиж байгаа айл өрхүүдэд өвөлжөө, хаваржааны зориулалттай хэрэглээний модны зөвшөөрөл олгоход Б.Д 10 куб.м модны зөвшөөрөл авсан зэрэг нь уг шийдвэрийг мэдсэн төдийгүй хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой байна.

Иймд манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар баталсан мал, гахай оруулахгүй байх газрын бүсийг өөрчлөх боломжгүй тул Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр шийдлийн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Булган аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн VII/01 дүгээр тогтоолоор тус сумын доторх ногоон байгууламж, таримал ургамлыг хамгаалах, хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдалд хор хөнөөл учрах, дахин малын гоц халдварт шүлхий өвчин гарч онц аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн мал, гахайн туслах аж ахуйг сумын төвөөс гаргахаар, мөн мал, гахайн туслах аж ахуйн бэлчээрийн бүсийг тогтоож, сумын нутаг дэвсгэрт мал, гахай оруулахгүй байх газрын зураглалыг баталсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул дахин шинээр захиргааны акт гаргатал маргаан бүхий тогтоолыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт авагдсан судалгаагаар Булган сумын төвд мал, гахайн аж ахуй бүхий нийт 123 иргэдээс “…одоогийн байдлаар 3 айл гарахгүй үлдсэний нэг нь нэхэмжлэгч Д гуайнх…” гэх давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ж.Б, Ж.А нарын “…сумын төвөөс малаа гаргасан…” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд үндсэндээ энэхүү тогтоолын хэрэгжилт 90 гаран хувьтай байна.

Маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгч төдийгүй дээрх мал, гахайн аж ахуй эрхлэгч иргэдэд хамааралтай, зорилго нь нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн, холбогдох хуулийн тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд гарчээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар “сумын Хурал нь …тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар “гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи Засаг даргын мэдээллийг сонсох, тайланг хэлэлцэх, чиглэл өгөх, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар хөтөлбөр, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхтэйгээс гадна Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно.

Мөн сумын төвөөс гаргах мал, гахайн аж ахуйн бэлчээрийн бүсийг Ачуут /1-р/ багийн Малчны хороо, Байшинт хэсэг Булгант /6-р/ багийн Жаргалант хороололд тус тус тогтоож, улмаар шинээр шилжин суурьшиж байгаа айл өрхүүдэд өвөлжөө, хаваржааны зориулалттай хэрэглээний модны зөвшөөрөл олгох зэргээр үүсч болох асуудлыг зохих төвшинд шийдсэн, тухайлбал нэхэмжлэгчийн хувьд Буриадын хороонд мал бүхий иргэдэд олгосон газраас зохих хэмжээний газар авсан болох нь түүний анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Үндсэндээ 2018 онд Булган болон бусад сумын нутагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг авч буй арга хэмжээг эрчимжүүлэхийг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар тогтоолоор нэр бүхий сумдын Засаг дарга нарт; мөн Булган сумын малыг төвөөс гаргах арга хэмжээг яаралтай зохион байгуулахыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг дарга нарт тус тус үүрэг болгосныг хэрэгжүүлэх зорилгоор гарсан энэхүү тогтоолыг түдгэлзүүлэх бодит шаардлага байгаа эсэхэд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Булган сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар сумын төвөөс мал гаргах асуудлыг хэлэлцэхэд нэхэмжлэгч Б.Д оролцсон болох нь тухайн хурлын тэмдэглэлд тусгагдсан, иймд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдал нь малын гоц халдварт шүлхий өвчин гарснаар тогтоогдсон төдийгүй уг хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа дээрх байдлаар хийгджээ.

Харин “…Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан “Сумын мал маллагааны бүсэд баримтлах журам”-аар 2-3 дугаар бүсэд 200-300 толгой мал байхыг зөвшөөрсний дагуу захын хороололд 144 м.кв талбай бүхий үнээний битүү байр, тэжээлийн агуулах барих зэргээр 100 орчим сая төгрөгийн зардал гаргаж суурьшсан…” гэх нэхэмжлэлийн үндэслэлтэй холбогдуулж дүгнэхэд эдгээр бүтээн байгуулалтыг өөр бусад зорилгоор ашиглах, захиран зарцуулах, нэхэмжлэгчийн эрх хөндөгдөхгүй бөгөөд харин тогтоолын улмаас дээрх байдлаар хохирол учирсан гэж үзвэл зохих журмын дагуу нэхэмжлэх эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж байгаа ч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий захиргааны акт болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааны VII/01 дүгээр тогтоол 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан байхад огноог бичээгүй, мөн дугаарыг 7/01 гэж бичиглэлийн хувьд алдаа гаргаж буйг цаашид анхааруулах зорилгоор тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасныг баримтлан Б.Д Булган аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулж гаргасан “тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус VII хуралдааны “Булган сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах тухай” VII/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, хариуцагч Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН