Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У-д холбогдох 10000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 00111111 регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Г-ын У гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 00-00 УНБ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв нутгийн удирдлагын ордны урд талын 4 замын уулзварт замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас 00-00 ГОА улсын дугаартай ливанг-150 маркийн мотоциклийн ар талаас мөргөж  Л--гийн биед хөнгөн, түүний араар сууж явсан Т-н биед нь хүндэвтэр хохирол учруулсан улмаар хэргийн газраас зугатаасан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

  • У нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв нутгийн удирдлагын ордны урд талын 4 замын уулзвар дээр 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 00-00 УНБ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа 00-00 ГОА улсын дугаартай ливанг-150 маркийн мотоциклийн ар талаас мөргөж  Л-ийн биед хөнгөн, түүний араар сууж явсан Т-ийн биед хүндэвтэр хохирол учирч, Л-ийн эзэмшлийн мотоцикльд 276.000 төгрөг, Б-ын эзэмшлийн 00-00 УНБ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд 418.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хэргийн газраас зугатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч У-ны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тэр өглөө найзаасаа машин авчихаад спорт цогцолборын араар дээшээ явж байгаад мотоцикльтой хүн дайрчихаад тэр үедээ юу болсныг ч мэдэхгүй үнэмлэхгүй болохоор айгаад зугтаад, эргэж цагдаа дээр очоод хүлээн зөвөөрсөн. Тэр үедээ үнэмлэхгүй болохоор айгаад зугтаачихсан юм. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй болохоор тэр үед тулгамдаад зугтаасан... Хойд толгойд байдаг хүнээс юм авах гэж явж байсан... Урд өдөр нь үсээ засуулж яваад тааралдаад машин авна гэж яриагүй байж байгаад өглөө очсон. Хохирлоо төлж барагдуулсан. Гомдолгүй гээд мэдүүлэг өгсөн болохоор баримт аваагүй. Хохирлыг бэлнээр өгсөн. Мотоциклийн эзэн Л-д 270.000 төгрөг өгсөн. Машины эзэн Б-д 420.000 төгрөг өгсөн. Мөн торгуулийн 100.000 төгрөг өгсөн. Хохирогч Т-д эмчилгээний зардал, таяг авч өгсөн. Ойролцоогоор 400.000-500.000 төгрөг өгсөн... Надад гэм буруу байгаа. Тэр өдөр эрхийн үнэмлэхгүй байж машин барьж осол гаргасан буруутай... Одоохондоо ийм асуудалтай байгаа болохоор ажил хийгээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Т-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 08 сарын 20-ны өглөө би драгон төвийн урд явж байгаад мотоцикльтой хүн таарахаар нь гараа өргөөд таксинд явах уу гэхэд нөгөө хүн явна гээд Жаргалант баг 8-13 тоот хашааны хажууд очоод тэнд нэг хүнтэй уулзаад буцаад спорт цогцолборын арын засмал замын уулзвар ороод явтал доороос саарал өнгийн приус авто машин ирээд мотоциклийн арын хэсэг рүү мөргөж унагаагаад приус 20 маркийн авто машин зугтаасан...” гэсэн мэдүүлэг/хх 15-16-рт/,

Иргэний нэхэмжлэгч Л-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэр залуу мотоциклийн араар суугаад Жаргалант баг 8-13 тоотод очно гэхээр нь би тэнд очиход нөгөө залуу нэг хүнтэй уулзаад ажил руугаа явна гэхээр нь спорт цогцолборын арын 4 замын уулзвар яваад ороход, дээшээ явж байсан саарал өнгийн приус-20 авто машин нэлээн хурдтай ирээд мотоциклийн аморзитар луу мөргөөд цаашаа явахаар нь би 102 тоот утас руу ярьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 18-рт/,

Иргэний хариуцагч Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө би 06 цаг гээд ажилдаа явахад Ө унтаад үлдсэн. Тэгээд 11 цагийн орчимд манай хүү Ө над руу утсаар яриад У-д машин өгөөд явуулахад хүн дайрсан байна гэж хэлсэн... Миний эзэмшлийн машин байгаа юм. Би төрсөн дүү Б гэдэг хүнээс 2018 оны 03 сард худалдаж авсан. Урд буфер гэмтсэн, зүүн талын толь хугарсан, баруун талын хаалга гэмтсэн. Гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх 20-рт/,

Гэрч Ө-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 08 сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай гэрт У орж ирээд машинаа өгчих би бичиг баримт хөөцөлдөөд ирмээр байна гэхэд би хэнтэй явж байгаа юм гэхэд У ганцаараа явж байна гээд машины түлхүүр аваад гарсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад У манай хашаанд машинтай орж ирээд би мотоцикльтой хүн дайрчихлаа одоо яах вэ? гээд байж байтал цагдаа нар ороод ирсэн...Манай аав Б-ын машин байгаа юм... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 23-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Д.Даваахүүгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №220 “...1.Иргэн  Л-ийн биед гэмтэл учирсан байна.

2.Иргэн Л-ийн биед баруун тохойнд зулгаралт, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх 26-27-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Д.Даваахүүгийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №219 “...1.Иргэн  Т-ийн биед гэмтэл учирсан байна.

2.Иргэн Т-ийн биед зүүн хөлийн сарвууны 2,3-р хурууны хавчаар ясны хугарал, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүснэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх 31-32-рт/,

 

2018 оны 08 сарын 22-ны өдрийн шинжээчийн “...Нэг.45-91 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн авто машиныг жолоодож замын хөдөлөгөөнд оролцсон Г овогтой У /РД:00111111/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. 2.5 а/Тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. 12.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 9. Тээврийн хэрэгсэлийн хурд. 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, дүрмийн 2. Жолоочийн үүрэг: 2.1 а/ Тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх гэсэн заалтуудыг, 50-92 ГОА улсын дугаартай ливанг-150 маркийн мотоциклийн жолооч Л /РД:0022222/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг: 2.1 а/ Тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хоёр. Замын хөдөлгөөнд оролцогч Г овогтой У нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а/, 12.9, 9.1, 9.2, 2.1 а/ дахь заалтыг, мотоциклийн жолооч Жигжиддороовын Л нь замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, заалтыг зөрчсөний улмаас уг осол болсон байх үндэслэлтэй байна.

Гурав. Ослын материалаар өөр шинээр илэрсэн зүйл байхгүй болно...” гэх автын ослын дүгнэлт /хх 36-рт/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх 4-7-рт/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/хх 8-рт/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа/хх37-41-рт/

Үнэлгээний дүгнэлт/хх 46-49-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжигдсэн талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Т-ийн мэдүүлэг/хх15-16-рт/, иргэний нэхэмжлэгч Л-ийн мэдүүлэг/хх 18-рт/, гэрч Ө-ны мэдүүлэг/хх23-рт/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актууд/хх-26-32-рт/, авто ослын шинжээчийн дүгнэлт/хх36-рт/, Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ/хх46-49-рт/, Л, Б нарт хариуцлага тооцсон тухай албан бичиг/хх88-91-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У-ны хүсэлтээр: Хохирогч Т-ийн мэдүүлэг/хх15-16-рт/, иргэний нэхэмжлэгч Л-ийн мэдүүлэг/хх17-18-рт/, иргэний хариуцагч Б-ын мэдүүлэг/хх20-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч У-ыг яллагдагчаар, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч У нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч У-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч У-ны хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн авто ослын шинжээчийн “...00-00 ГОА улсын дугаартай Ливанг-150 маркийн мотоциклийн жолооч Ж овогтой Л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг: 2.1 а/ Тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх гэсэн заалтыг зөрчсөн...” гэх дүгнэлт зэргээр хохирогчийн буруутай үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн  байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн“...Мотоциклийн эзэн Л 270.000 төгрөг өгсөн. Машины эзэн Б-д 420.000 төгрөг өгсөн. Мөн торгуулийн 100.000 төгрөг өгсөн. Хохирогч Т-д эмчилгээний зардал, таяг авч өгсөн. Ойролцоогоор 400.000-500.000 төгрөг өгсөн... Надад гэм буруу байгаа...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л-ийн шүүхийн шатанд ирүүлсэн хүсэлт /хх 124/-ээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчид учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч У нь хохирогч Т-д эмчилгээний мөнгийг, иргэний нэхэмжлэгч Л-нд 276.000 төгрөг, иргэний хариуцагч Б-д 520.000 төгрөг төлсөн, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шд овогт Г-ын У-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Шүүгдэгч У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8/найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 480/дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан ялтан У-д оногдуулсан 480/дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийг 1/нэг/ хоногийн хугацаагаар тооцож жинхэнэ эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар  хасаж, 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан У-д оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан У-д оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, 2/хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хязгаарлалт тогтоосугай.

6. Шүүгдэгч У нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, мөн гэмт хэрэг дахин үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулах болохыг сануулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, У-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА